18 жилийн турш олон нийтийг эргэлзүүлж, хүлээлтэнд ороод байсан С.Зоригийн үхэлтэй холбоотой хэрэг анхан удаа шүүхийн шатнаа ирж, өчигдөр буюу 2016.12.14-нд Хорих 461 дүгээр ангид шүүх хурал эхэлсэн боловч, өмгөөлөгчид нь "Зарим гэрчүүдийг байлцуулах шаардлагатай. Мөн хавтас хэрэгтэй танилцах хугацаа шаардлагатай" гэсэн учир долоо хоногоор хойшлуулан хурлыг арванхоёрдугаар сарын 21-нд шүүх хурал зарласан. Гэсэн хэдий ч уг хэрэгт тухайн үедээ 16-17 настай байсан, 2008 онд хүн амины хэрэг хийн 25 жилийн ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр жирийн иргэдийг хилсдүүлэх гэж байгаа юм биш биз гэсэн яриа өрнөсөөр байна. Өнгөрсөн 18 жилийн турш энэ хэргийн талаар олон янзын маргаан, таавар өрнөж байсан. Гэвч шүүхээр нотлогдсон нь үгүй. Харин энэ удаад одоогоос таван жилийн өмнө "Монголын мэдээ" сонинд нийтлэгдсэн нэгэн материалыг хүргэж байна.
С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг
С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдоогүй 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаархи үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хөшөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан . Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Тухайн үед “Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!
Д.Дорж. 2011 он
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.
ЖИЧ:Тухайн үедээ зохиогчийн эрхтэйгээр нийтлэгдэж байсан уг материалыг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр бүрэн эхээр нь хүргэв. Үүнээс гадна Д.Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн үхэлд холбогдуулан Францаас хулгайлан авчирсан тагнуулын байгууллагын ажилтнуудын хэрэг мөн дуулиан тарьж байсан бөгөөд Д.Энхбатыг тухайн үед мансууруулах бодисоор тарьж, машин онгоцоор авчирсан. Хорих хугацаанд эрүүдэн шүүж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэрээр урьдчилан хорихоос суллагдсаныхаа дараахан нас барсан бөгөөд С.Зоригийн үхлийн хэрэгт холбоотой байсан эсэхийг өнөө хэр тогтоогоогүй байгаа юм.
Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу
Шүүх хурал долоо хоногоор хойшиллоо
Ц.Өлзийжаргал:З.Зориг агсны хэрэг “маш нууц”- д хамааралтай
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 14-нд болно
Сэтгэгдэл байхгүй байна