• Эхлэл
  • Нийгэм
  • Эцэг эхчүүд Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүллээ

Эцэг эхчүүд Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүллээ

2016.12.26

Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын утааны эсрэг нэгдсэн эцэг эхчүүд жагсаж байна.

Үр хүүхдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эрүүл саруул орчимд амьдруулахын төлөө тэмцэж буй тэд хотын удирдлагууд болон эрх баригчдаас онц байдал зарлахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Мөн Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлыг Баянхошуунд зохион байгуулах шаардлагыг жагсагчид Засгийн газарт хүргүүллээ.

Тус холбооноос "Хүндэт эцэг, эхчүүдээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсъя. 2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10:00 цагт Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү?

Тиймээс "Утааны Эсрэг Ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх "Утааны Эсрэг Ээжүүд" группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай.

Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо.

Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол?

Эдгээр зовлонг тойрч гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе” хэмээн уриалж байна. 

ЖАГСАГЧИД ХОТЫН ЗАХИРГААНД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЭВ

- Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, бодитой арга хэмжээ авах. Зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах.

- Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа Баянхошуунд зохион байгуулж, нөхцөл байдлыг нүдээр үзэх.

- Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах.

- Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувиар бууруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах.

- Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторийн үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилан, долоо хоног бүр олон нийтэд мэдээлэх.

- 2017 оны нэгдүгээр сарын 10 гэхэд нэг ч монгол хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах.

- Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах.

- Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх.

- Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулах арга хэмжээ авах.

- Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх.

- Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах.

- Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах.

- Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах.

- Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгох.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Болор

 


Сэтгэгдэл: