Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Нас барсан иргэд нэг дор, нэг бодисоос хордсон бөгөөд эхний байдлаар архинаас хордсон байж болзошгүй хэмээн ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа талаар өнөөдөр холбогдох албаныхан танилцуулсан байна. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хэрэгтэй холбоотойгоор байгуулагдсан Ажлын хэсгийнхэн шалгалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацадсан. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж байгаа аж.
Тус ажлын хэсгээс 15.00 цагт тус Ажлын хэсгээс дахин мэдээлэл хийж, ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан” болохыг танилцуулав. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр гадны нөлөөллөөс хордсон болохыг тогтоосон гэв. Эцсийн дэлгэрэнгүй дүгнэлт эдийн шинжилгээний үр дүн гарсны дараа тодорхой болно гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд мэдэгдлээ.
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II хороо "Ногоон төгөл" хотхоны 1-р орцонд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн, 2-р орцонд хоёр эрэгтэй хүн нас барсан байжээ. Эдгээр хүмүүс орцны жижүүр, сантехникийн ажилтнууд байсан гэсэн мэдээлэл байгаа. Тэд байрны хонгилд архи уусан байж магадгүй бөгөөд тэр орчмоос “Найрсаг” гэдэг нэртэй архи, “Гайхмаараа” шил арчигч шингэний сав, мөн өөр 3-4 үйлдвэрийн архины шил олдсон учраас архийг шил арчигчтай хольж уусан байж магадгүй гэсэн таамаглал гарч байсан юм.
"Найрсаг" архийг “Мөнхжин-Од” компанид үйлдвэрлэсэн. Уг архийг уусан нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан бөгөөд тухайн үед архийг шинжлэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй аж.
Одоогоор ийн нэгдүгээр сарын 20 хүртэл буюу гурав хоногийн хугацаанд архи согтууруулах ундаа зарахыг хориглоод байгаа бөгөөд цаашид хугацааг сунгах эсэхийг шийдэх бололтой.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү
Нас барсан 5 иргэний асуудлаар мэдээлэл өглөө
Сэтгэгдэл байхгүй байна