Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.01.18/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан бөгөөд энэ талаар шүүхийн зүгээс албан ёсны мэдээлэл хийх гэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байна. Гэхдээ хоригдож байсан шүүгчдэгч юугаар хоолойгоо зүссэн болон, шүүх хурлын аюулгүй байдал, хамгаалалт ямар байгаа талаар асуудал хөндөгдөж байгаа юм.
Энэхүү хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар албан ёсны тайлбарыг өнөөдөр 18.00 цагт өгсөн байна. Тэдний өгүүлснээр бол шүүгдэгч шүүх хурлын үеэр “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн. Шүүгдэгч 30 орчим настай бөгөөд өмнө нь хоёр удаа ял шийтгэгдсэн ч Өршөөлийн хуулиар суллагдсан аж. Ингээд бусад мэдээллийг хүргэе.
-Хэрэг гарах үед цагдаагийнхан хаана байсан бэ?
-Шүүх хурлын үеэр цагдаагийн албан хаагч дэг сахиулаад шүүгдэгчийн дэргэд нь зогсож байсан. Харин ч албан хаагч гэнэтийн үйлдлийг түргэн шуурхай зогсоосон. Шүүхийн аюулгүй байдал чиг үүргийн хувьд цагдаагийн албанд шилжсэн. Хүн хүчний хүрэлцээгүйгээс шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдалд халдах магадлал өндөр байгааг энэ хэрэг явдал харуулж байна.
-Тахарын алба ажиллаж байхад энэ мэт үйлдлээс сэргийлж чадаж байсан уу. Өчигдөр хуралдааны үед цагдаагийн хэдэн ажилтан байсан бэ?
-Өчигдрийн шүүх хурлын үеэр цагдаагийн нэг ажилтан байсан. Хүн хүч хүрэлцэхгүйгээс цөөн хүн ажиллаж байгаа. Өмнө нь тахарын алба ажиллаж байх үед ийм тохиолдол гарч байгаагүй гэлээ.
Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байжээ. Гэхдээ одоогоор хоолойгоо чухам юугаар зүссэнийг тогтоогоогүй байна. Албан мэдээлэлд бол мөн шүүхийн эд зүйлийг гэмтээсэн гэсэн байгаа юм. Бичлэгээс үзэхэд шүүгдэгч яг камерын доор зогссон учраас нарийн тодорхой харагдахгүй байгаа бөгөөд амиа хорлохоор завдахад нь цагдаа зогсооход ширээ, хаалт гэх мэт зүйлс эвдэрсэн бололтой. Нөгөөтэйгүүр амиа хорлох үйлдлийг тэр дор нь зогсоосон боловч юугаар хоолойгоо зүссэнийг одоогоор тогтоож чадаагүй. Учир нь ямар нэгэн төмөр, ирт зүйл байгаагүй, шүүгдэгч гавгүй байж. Цагдаагийнхан одоогийн байдлаар хумсаараа судсаа ханасан байж магадгүй гэж байгаа ч 6-7 оёдол тавиулсан, цус нь олгойдож байсан гэхийг бодоход бас эргэлзээтэй гэмээр байгаа юм.
Уг нь шүүгдэгчийг нэгжиж шалгасны дараа шүүх танхимд оруулах ёстой. Тухайн өдөр цагдаагийн ажилтан шалтгалт хийсэн эсэх талаар мэдээлээгүй бөгөөд тус шүүхэд цагдаагийн ажилтан хүрэлцээгүй гэж тодотгож байлаа. Тус шүүхийн хамгаалалтад нийт 12 цагдаа ажилладаг бөгөөд хурлын долоон танхимд дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг байна. Энэ удаад шүүгдэгч өөрийгөө гэмтээгээд өнгөрч, хэрвээ шүүгчид рүү халдахаар дайрсан бол ганц цагдаагийн ажилтан аюулгүй байдлыг хангаж чадах эсэх байсан нь бас эргэлзээтэй юм.
Дашрамд сануухад, 2014 онд Тахарын албыг байгуулсан бөгөөд шүүх болон гэрч, хохирогчдын аюулгүй байдлыг хангах цаашилбал шүүхийн шинэтгэлийн суурь хүчин зүйлүүдийн нэг гэгдэж байсан. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ны үймээний хэрэгт холбогдуулан цагдаагийн дарга нарын асуудлыг шүүхээр хэлэлцэх үед тухайн үед одоогийнх шиг шүүхийн хамгаалалтыг хариуцаж байсан цагдаагийнхан эсрэгээрээ цагдаагийн дарга нарыг хамгаалан, шүүгч нарыг шүүх рүү нэвтрүүлэхгүй байсан хэрэг Тахарын албыг байгуулах шаардлагатайг харуулсан нэг жишээ хэмээн яригдаж байсан юм.
Харин уг албыг 2016 оны долдугаар сарын 28-нд буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан анхны хуралдаанаараа татан буулгасан юм.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Сэтгэгдэл байхгүй байна