• Эхлэл
  • Стратегийн хүнсээ дотоодоосоо хангах боломжтойг чухалчлав

Стратегийн хүнсээ дотоодоосоо хангах боломжтойг чухалчлав

2017/09/13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өнөөдөр Төрийн ордонд Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Тус чуулганыг угтан өмнө нь “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувуны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай. Дээр дурдсан гурван тоо чуулганд оролцогч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Ургац сайтай жил дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гарч байна. Хэрвээ тариалангийн талбайн хэмжээг 3 хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлээхэн зах зээл хажууд байна.

ОХУ руу 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс экспортложээ. Харин БНХАУ руу 2016 онд л гэхэд 42 100 тонн хивэг, 489,5 тонн өвс, 489,5 тонн рапс гаргасан байна. Монгол гурил, гоймонг авах сонирхол урд хөршид хангалттай хэмжээнд бий. Гагцхүү нийлүүлэлт алга, нийлүүлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Вьетнамын Засгийн газар цагаан будааны тариалалтынхаа 70 хувийг тариачин өрхүүдээс худалдан авч, дотоодын зах зээл дээр болон экспортод гаргах ажлыг төр нь нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгаагаас өрсөлдөх чадвар маш өндөр байна. Гэтэл бидэнд улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ арга ч цагийн эрхээр хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө больж байна. Усалгаатай тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

Махны экспортод ч боломж муугүй байгаа. ОХУ-руу гэхэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийнг мах гаргаж  байсан бол 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус гаргажээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд гэхэд л үхрийн мах 4 тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортложээ. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий. Гагцхүү олон жил зовлон тоочихоос бус шийдэл хийхгүй, дорвитой бодлого гаргахгүй хэрэгжүүлэхгүй явсаар асуудлууд хэт хуримтлагджээ. Малын эрүүл мэндийг яаж стандартад нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар үүнийг хамтарч хэрэгжүүлж болохоор байна гээд гарц хайвал олдож л таарна. Тийм болохоор дорвитой, алсын хараатай асуудлыг энэ чуулганаараа хэлэлцэж, та бүхнээс санал сонсож, шийдлийг Засгийн газраас гаргахыг шаардах болно” гэлээ.  

Үүний дараа Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, Төрөөс  хүнсний үйлдвэрлэлийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол хүний эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал, Хүнсний үйлдвэрийн салбар дахь стандартын хэрэгжилт, Хүнсний аюулгүй байдалд тавих төрийн хяналт, шалгалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, “Төрөөс хүнсний үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлдээ, “Манай улсын хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь 2016 оны байдлаар ДНБ-ий 32.6 хувийг эзэлж байна. Мөн тус салбарт 2000 үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж байгаа ба 135 мянган ажиллах хүчин ажиллаж байна. Ер нь хүнсний хангамж сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Үүн дотроо мах, сүү, хүнсний ногоогоор дотоодын гол хэрэгцээг хангадаг болсон. Харин элсэн чихэр, төрөл бүрийн будаа, жимс жимсгэнэ, буурцагт ургамал, хүнсний тосны хувьд 100 хувь импортын хамааралтай хэвээр байна. Үүнтэй холбоотой хүнсний аюулгүй байдлын тухай асуудал хөндөгддөг. Эл асуудал нь дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбартай ч мөн холбоотой. Өөрөөр хэлбэл, хүнсний хадгалалт, тээвэрлэлт, ажлын байрны эрүүл ахуй, горим, худалдааны орчин зэрэг асуудалд ч давхар анхаарал хандуулах шаардлагатай” гэв.

ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт Д.Энхмаа аюулгүй хүнс гэдгийг Хүн амын эрүүл мэндэд хор нөлөөгүй, өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц шим тэжээлтэй байдлыг хангасан явдал юм хэмээн тодорхойлж байна. Тэрбээр цааш ярихдаа, "Манай улс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хангалттай эрх зүйн баримт бичгийг баталсан. Иймд үйлдвэрлэгчээсээ аваад хэрэглэгчээ хүртэл энэ тал дээр хариуцлагажих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалттай бус байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгээхэн арга зам бол хэрэглэгчийн боловсрол. Тодруулбал, иргэн хүн зах зээл дээрээс хүнсээ зөв сонгодог байх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн Эм,  хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэгийн хувьд манай улс хүнсний дотоодын хэрэглээгээ 100 хувь дотооддоо хангаад зогсохгүй, бүс нутагтаа экспортлох бүрэн бололцоотой улс. Харамсалтай энэ чиглэлд манай улс дорвиотой арга хэмжээ аваагүй. Иймд ирэх 4 жилд асуудлыг шийдэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Тэрбээр экспортын асуудлыг ярихын өмнө манай улс 100 хувь дотоодын хэрэглээгээ эрүүл хүнсээр хангадаг байхыг чухалчилж байна. Үүн дотроо уламжлалт хүнсний хэрэглээгээ дэмжиж явах хэрэгтэй байна. Хүнсний технологийн сургуулийн судлаач багш нарын хийсэн судалгаагаар, “Монгол хүн олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнсээ хэрэглэдэг байх хэрэгтэй. Гадны хоолны соёл нь монгол хүний генд нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хичнээн загас, тахианы мах хэрэглэ хэмээн ярьж байгаа ч монгол хүнд тэр бүр зохистой хүнс биш байна гэж үзсэн. Монгол хоолоо хэрэглэдэг байхад илүүдэл жин, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл гэж байсангүй. Иймээс уламжлалт хоол хүнсний хэрэглээгээ дэмжиж явах нь төрийн зүгээс барьж явах бодлогын нэг хэсэг юм гэж Л.Эрдэнэчимэг зөвлөх ярьлаа.
 
Чуулганы төгсгөлд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын хангахад чиглэсэн зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах, импортын хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах, хүнсний хяналтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлаг байгуулах, үржил шимт газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбоотой Халх голыг газар тариалангийн үүц нутаг болгон хадгалах, шаардлагатай лабораториудын тоог нэмэгдүүлэх, хүнс, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд уян хатан нөхцөлтэй зээл олгох, жирийн малчин тариачнаас худалдааны сүлжээ байгууллагуудад хурдан бөгөөд оновчтой хүргэдэг ложистикийн тогтолцоог бүрдүүлэх, Улаанбаатараас арьс ширний үйлдвэрүүдийг гаргах, сурагчдын “Үдийн цай”-г дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангадаг байх, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хоол хүнсний талаарх хичээл ордог байх зэрэг асуудлыг тусгажээ.  

Чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ агентлаг

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Dkl;
    Хуулийн хэрэгжилт, хяналтыг чангатгах шаардлагатай нь үнэн. Гэх дээ эдгээр ажлыг хувийн ашиг сонирхол, авилга, ашиг, хахууль авах хүсэлтэй, мэргэшсэн бус явуулын байдалтай төрийн түшээдээр хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь асуудал юм. Хүнс, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхөд зах зээлд чөлөөтэй зарагдаж, шаардлага хангасан нэг нь дарамтанаас өндийж зах зээлд гарч чадахгүй байгаа нь ТӨРИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАН ЧАДВАРГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ. Төрийн албыг улс төрийн намаас хамгаалалтгүй болгохгүй бол наад санаа чинь хувийн хэвшлийн шударга хүмүүст дарамт болж ирэхээс өөр юм авчирахгүй ээ.
    2017 оны 10 сарын 28
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН