С.Эрдэнэболдын ширээн дээрх монгол бичгээр тэрлэсэн тэмдэглэлийг ном юм болов уу гэж андуурах шахав. “НАМЗХ-гийн ерөнхийлөгч Г.Тэмүүлэнг халз мэтгэлцээнд дуудсан юм. Ямар шалтгаанаар мэтгэлцээнд дуудсанаа бичсэн” гэж тэмдэглэлийн эзэн тайлбарласан юм. Засаглалын хямрал, үнэт зүйлийн доройтол, манлайллын хомсдолд орсон энэ үед улс төрийн асар буруу жишгийг залуус нь харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж таарахгүй. Бид маш том шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Манлайллын хомсдол гэдэг зарчмаа барьж ажиллах тухай ойлголт. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл гэдэг зах сэжүүр нь. Иргэдэд очих байсан боломжийг мэдээлэлд ойрхон, эрх мэдэлтэй хүмүүс дээрэмдэж байгааг бид зарчимгүй явдал гээд байгаа юм.
Хууль бус үйлдлийг залуучуудын байгууллага зүгээр хараад сууж болохгүй. Тэмцэх, өөрчлөх ёстой. Тулга тойрсон хов живийн чанартай зүйл ярихаасаа бодлогын гарц, гаргалгаануудыг залуус ярих шаардлагатай байна хэмээн С.Эрдэнэболд тайлбарлав. Тэрбээр Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлэх болсоноосоо хойш хийсэн эхний алхам нь философио, алсын хараагаа тодорхойлох байсан гэнэ. “Нэн шаардлагатай зүйл үзэл баримтлалаа тодорхой болгох” гэсэн л дээ. “Ардчилсан залуучуудын холбоог шинэчлэх нь Ардчилсан намыг шинэчлэх нэг алхам, ардчилсан үзэл санааг хамгаалах нэг гарц юм байна. Нам яагаад шинэчлэгдэх ёстой юм бэ. Монгол Улс парламентын засаглалтай. Ийм улс оронд улс төрийн намууд нь төлөвшиж, бодлого суурьтай шийдэл гаргадаг байж, эрүүл шийдвэр гарна. Шинэчлэл зөв зарчмаар явах нь Монголын улс төрд шинэ соёлыг авчирна.
АЗХ ардчилсан манлайлагчдыг бэлтгэх хүний нөөц, манлайллын банк байхаар зорьсон” хэмээн энэ залуу ярьсан.
Ардчилсан залуучуудын холбооны бүх дарга нарын 50 хувь нь эмэгтэйчүүд болжээ.
-Канадын Ерөнхий сайд Жастин Трудогоос 2016 онд “Та янз бүрийн шашны хүмүүсийг кабинетдаа авчихлаа. 32 сайдын тал нь эмэгтэй болсон. Яагаад ингэв” гэхэд “Энэ бол 2016 он” гэж хариулсан юм. Зөвхөн Канад, Шведэд л жендерийн асуудлыг авч үздэг. Монгол бол Азийн орон гэж бодож болохгүй. Тийм болохоор бид жендерээр болон бусад хэлбэрээр ялгаварлахыг үл тэвчнэ. Бид ийм энгийн байдлаар концепцио тодорхойлсон гэлээ.
С.Эрдэнэболд мөн Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. “Шинэчилсэн үзэл баримтлалын төслөө АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж, сайшаагдсан. “Монголоо сонсъё” аян, бүсүүдийн чуулганаар энэ асуудлыг танилцууллаа. АН-ын үзэл баримтлал их хурлаараа батлагдана. “Морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг хаашаа явах нь тодорхойгүй, хэн нэгний дохио зангаагаар, аль нэг фракцийн ивээлээр явдаг цаг өнгөрсөн. Залуучууд өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйл зарчмаар явах ёстой. Тэр болгон олны өмнө гарч шуугиан тариад, барилдаж зодолдоод байхгүй ч бид урт хугацаандаа яаж явах мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон” хэмээн өгүүлсэн.
“Олон түмний санхүүжилтээр сонгуулийн зардлаа босгоно гэдэг улстөрчийн шандас сорьсон ажил”
Намын санхүүжилтийг шилэн болгож, шинэчлэл хийгдэж байгаа эсэхийг лавлахад:
-АН намын шинэчлэл таван тулгууртай. Үзэл баримтлалын шинэчлэл, үндсэн дүрмийн шинэчлэл, оролцоо, санхүүгийн хувьд шилэн нам, гишүүддээ нээлттэй гэсэн таван зарчим барьсан. 2016 оны сонгуулийн ялагдлын дараа залуучууд нэгдээд, “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн” байгуулж, тухайн үеийн намын удирдлагад шахалт үзүүлсэн. Бидний шаардлагууд намын дүрэмд хэрэгжээд явж байгаа. Жишээлбэл, Бүх шатны албан тушаалтнууд анхан шатнаасаа сонгогддог байх. Өнөөдөр АН-ын орлого тодорхой болсон” гэлээ. “Мөнгөний босго үйлчлээд байгаа юм биш үү” гэсэн асуултанд хариулахдаа өөрийнхөө жишээг татлаа.
-АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихдээ 120 сая төгрөг босгох даалгавар авсан. 21 аймаг, есөн дүүрэгт сонгууль явуулах зардлыг нэр дэвшигчид тэнцүү хувааж гаргах ёстой. Бид “Элит” төвд мөнгө босгох үйл ажиллагаа явуулсан. 480-аад хүн ирсэн. Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, мөнгө босгох ажиллагааг нээлттэй явуулсан, болчихсон. Германы жишээг харсан юм. Герман парламентын засаглалтай. Бундестагт 600 гаруй хүн бий. Нэг хүн нэр дэвшин өрсөлдөхдөө 80 мянган евро гаргадаг. Үүний тодорхой хэсэг нь нам руу очно. Нам нэгдсэн пи ар, хэвлэлийн мэдээлэл, дизайн, мөрийн хөтөлбөр хэвлүүлэхэд нэр дэвшигчдээс мөнгө татдаг. 5-7 хэлбэрээр намууд санхүүждэг. Манайх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Бүтэн парламентын засаглалтай үед пропорциналь системээр сонгууль явдаг. Энэ системээр явахад намууд ялалт байгуулсан хувиараа төсвөөс санхүүждэг. Хэн нэг хүний халааснаас санхүүжих шаардлагагүй болчихож байгаа юм.
Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг парламент 2015-2016 онд хэлэлцэж чадаагүй.
Одоо нэн түрүүнд хэлэлцэх ёстой зүйл бол улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож, Улс төрийн намын тухай хуулийг бий болгох учиртай. Өнөөдөр хүсвэл нэг тэрбумтан халаасны нам байгуулж, популист алхмууд хийж болж байна. 2015 онд Бундестагийг оросууд хакердсан гэж германчууд мэдэгдэл хийсэн. 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар оросууд хакердсан гэж Холбооны мөрдөх товчоо мэдээлсэн. Аливаа орны дотоод хэрэгт оролцохын тулд улс төрийн орчинд нь нөлөөлөх замаар нам байгуулж, өөр улсын хөрөнгө оруулалтаар дэмжих магадлалтай болсон. Тийм учраас намын санхүүжилт ил тод байх учиртай. Зөвхөн Монголдоо л хэдэн нөхөд үзэлцээд байгаа юм биш. Монгол байгалийн асар их баялагтай. Үүнийг түүхийгээр нь гадагшаа зөөх сонирхолтой олон улсууд бий. Улс төрийн тогтворгүй байдал тэдгээр хүчнүүдэд ашигтай. Улс төрийн намуудыг олноор нь байгуулж, дотор нь саармагжуулах, бүтэлгүйтүүлэх оролдлогууд бий. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг эрхбаригчид яагаад ярихгүй байгаа юм бэ? Одоогийн энэ 76 жижиг ванлиг ханлиг тогтолцоо тэдэнд ашигтай, худалдаж авах боломжтой учраас л оролдохгүй байна шүү дээ. Өөрийгөө бус ирээдүйгээ бодож бодлого шийдвэр гаргах улстөрчид шаардлагатай байна.
Иргэдийнхээ итгэлийг хурааж, мөнгө босгох арга зам нээлттэй. Үүнийг зайлшгүй болгож хуульчлах ёстой юм байна. Хөтөлбөрөө танилцуулаад, мөнгө босгох замаар санхүүжих боломжтой. Америкт, Скандинавийн орнуудад ч ийм замаар мөнгө босгож байгаа хэмээн С.Эрдэнэболд онцлов.
”Хөтөлбөрөө танилцуул. Хүмүүс танд итгэж байгаа бол мөнгө өгнө. Олон түмний санхүүжилтээр сонгуулийн зардлаа босгоно гэдэг улстөрчийн шандас сорьсон ажил” хэмээн манай баатар тодорхойлсон шүү.
Хүүхдүүддээ “Нууц товчоо” цээжлүүлдэг
С.Эрдэнэболд өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч орой авдаг ажилтай. Гурван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн.
Хүүхдүүддээ “Нууц товчоо” цээжлүүлдэг гэнэ. “Тоглонгоо цээжлүүлчихдэг” ажээ. “Хүүхдэдээ байнга үлгэр, түүх ярьж өгч, эх хэлтэй нь ойр байлгах гэж хичээдэг” гэж тэр тайлбарласан.
“Эзэнт гүрний туульс” номын зохиогч тэрбээр Чингис хааны байлдан дагуулалт өрнөсөн олон газраар эрдэм шинжилгээний экспедицэд явсан. “Цаас хараад биччихсэн биш. Түүхэн судалгаа хийсэн” гэнэ. “Жак Уэтерфорд” сангийн тэргүүнээр ажилладаг энэ залуу 20-30 хамтарсан болон бие даасан номууд гаргасан. “Эх оронч байна гэдэг эх түүхээ мэдэхээс эхэлдэг. Түүх гэдэг улирсан баларсан өнгөрсөнийг судлах тухай асуудал бус хүн төрлөхтөний хийгээд өөрийн үндэстний хэрхэн замнаж ирсэн алдаа, оноог танин мэдэх тухай ойлголт. Өөрийн орны түүхийг мэдэхгүй байж дэлхийн хөгжил боловсрол яриад хол явахгүй юм байна” гэж С.Эрдэнэболд ухаарчээ.
Тэрбээр аравдугаар анги төгстөлөө зуны амралтаараа эмээ, өвөөгийндөө Төв аймгийн Бүрэн суманд очиж амардаг байжээ. Долоо, наймдугаар анги хүртлээ хонинд явж, ахлах ангидаа адуунд мордсон хөдөөний соёлтой хүүхэд. “Монгол эр хүн догшин үрээний чих мушгиж, хамрыг нь цоровдож байгаад эмээл тохоод мордчих хэмжээний байх ёстой” гэсэн.
Хотын настануудад ч энэ залуу таалагдах шалтгаан бий. 2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөх үеэр Сүхбаатар хэмээх овог, хоёрдугаар сарын 2-нд төрсөн нь хэрэг болжээ. “Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр төрсөн хүүхэд байна. Овог нь ч Сүхбаатар юм байна, хүүгээ дэмжнэ ээ” гэж олон хүн олзуурхсан гэнэ лээ. “Хүн бага багаар, аажим аажмаар суралцаж, чамбайрч байх ёстой шиг байгаа юм” гэж энэ залуу туршлага хуваалцав. Хороондоо гурван хэсэгт газар чөлөөлүүлжээ. “Нийслэлээс газар чөлөөлөх аян өрнөж байгаа. Замын цагдаагийн хажууд 60, 61 дүгээр байшин бий. Тэр байшинд 700 орчим өрх амьдарч байна. Маш хавчигдмал орчинтой, явган хүний зам байхгүй. Машины замаар явдаг байсан. Нэг талд нь монгол эзэнтэй авто угаалгын газар чөлөөлүүллээ. Нөгөө талд нь сингапур эзэнтэй компанитай нэлээд хэлэлцэж ярилцаж байж ашгүй нөгөө хэд маань зөвшөөрөөд, явган хүний зам тавьчихсан” гэж хуучиллаа.
Олон нийтийн сүлжээний давуу тал бий. Оршин суугчдын группэд мань төлөөлөгч байдаг.
-Эхэндээ бол “Манай гэрт жоом гүйж байна” гэсэн гомдол ирж, жоом устгалд хүртэл анхаарсан. “Хийж байгаа бүх юмаа мэдээл” гэсэн зарчим барьдаг. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны сонгогчдод байнга тайлангаа тавьдаг. Фэйсбүүк группуудэд ажлаа тайлагнадаг. Сонгогчдын маань 80 хувь нь цахим орчинд байдаг гэлээ.
Хорооны хуралд дугуйтай очдог түүнийг иргэд нь “Манай дугуйтай төлөөлөгч явж байна” гэх болжээ.
С.Эрдэнэболд өдөр тутмын тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг. 1991 онд нэгдүгээр ангид ороход нь А үсгийг монгол бичгээр заажээ. 1995 оныг дуустал бүх хичээл нь монгол бичгээр явсан гэнэ шүү. “Аз таарсан” гэж өөрөө үздэг юм билээ. Монгол бичгээр бичих нь эрхэмсэг, хүндэтгэлтэй санагддаг гэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа гадаадын өндөр албан тушаалтнуудын ганцаарчилсан уулзалтын үеэр монгол бичгээр мөртлөө англиар тэмдэглэл хөтөлдөг байжээ. Давхар “цоожтой” учраас монгол бичиг бас англи хэл мэддэг хүн л унших боломжтой. “Гадаадад явж байхдаа гадны хүний дэргэд англиар тэмдэглэл хөтлөөд байж болдоггүй. Юу бичиж, ямар санаа өлгөж авч байгааг анзаарчихна” гэсэн л дээ.
Эх түүхээ мэддэг, ирээдүйд юу хийхээ төлөвлөсөн энэ залуу шинэ, зарчимтай улс төрийн соёлыг түүчээлж буй.
ЭХ СУРВАЛЖ:АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН
Сэтгэгдэл байхгүй байна