-Манай улсад Засгийн газар дунджаар 1.6-1.8 жилийн настай ажиллаж байгаа гэсэн судалгаа бий-
МУИС-ийн Улс төрийн тэнхимийн профессор, Монгол Улсын гавьяат багш, улс төр судлаач Ц.Ганболдтой ярилцлаа.
-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг та судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Засаглалын хямрал болж байна уу, эсвэл эрх баригч нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөөд байна уу?
-Монголд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал болж байна гэж зарим хүн ярьдаг. Энэ чинь нарийндаа тулбал улс төрөөс л болж буй үзэгдэл. Тэгэхээр манай улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн бус улс төрийн хямрал болоод байгаа юм.
Үүнийг засч залруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрийн тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх шаардлага тулгарсан. Хамгийн чухал зүйл бол Монголд хууль хэрэгжихгүй байна. Ард түмэн эрхээ биш хууль сахиж, дагаж мөрддөг. Төр засгийн байгууллагууд хууль хэрэгжүүлэх, хууль дээдлэх тал дээр хангалтгүй байна.
-Тэгвэл улс төрийн намуудын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?
-Манайд улс төрийн намууд төлөвших үйл явц удаан байна. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг бас өөрчлөх шаардлага бий. Хамгийн гол нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод шилэн болгох ёстой. Энэ тал дээр маш их өөрчлөлт хийх цаг нь болсон.
-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэлээ. Тэгвэл энэ хуулийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-1992 оны Үндсэн хууль үнэ цэнэтэй зүйл агуулсан сайн хуулиудын нэг яах аргагүй мөн. Ялангуяа, Монгол оронд ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулийг боловсронгуй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч ирсээр байна. Өнөөгийн нийгмийн амьдрал ард түмний хүсэл зорилго зэрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлага байгааг харуулж байгаа юм. Ийм учраас Монгол Улсын төрийн байгуулалт, түүний институт хоорондын харилцааны асуудлаар бодлогын томоохон судалгаа хийлээ. Энэ судалгааг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх засаглалын байгууллагуудад удахгүй танилцуулна.
-Тэгэхээр манай улсын төрийн тогтолцоо ямар байна вэ?
-Монгол Улсын улс төрийн тогтолцоо парламентын Бүгд Найрамдах улсын хэлбэртэй, бас Ерөнхийлөгчийн засаглалын зарим элементүүдтэй холимог маягийн тогтолцоо бий болсон. Үүнийг аль нэг тийш нь шийдэх хэрэгтэй юм. Тэгвэл улс төр судлаачид парламентын Бүгд Найрамдах засаглалыг бэхжүүлэх хэд хэдэн алхам хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Тэгвэл Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Мөн бүх ард түмнээс санал асуулга авах ёстой. Үүнээс гадна судлаач, эрдэмтдийг оролцуулах учиртай. Ингээд уг нэмэлт өөрчлөлтийг боловсруулж УИХ-аар хэлэлцэж шийдэх боломжтой юм.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хэд хэдэн хуулийн төсөл гарсан. Эдгээр нь хууль ёсонд нийцэж байгаа юу?
-Би дээр хэлсэн. Нийт ард түмнээс асууж хүсэл зоригийг нь сонсох ёстой. Үүнээс гадна мэргэжлийн судлаачдыг татан оролцуулах учиртай юм. Өөрөөр хэлбэл, энэ чинь бас мэргэжлийн ажил. Түүнээс биш хэн нэгэн хүн санаачлаад хийдэг ажил биш. Нөгөө “Мал хариулахыг марксизмаар заалгахгүй” гэдэг шиг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг мэргэжлийн хүмүүс хийх ёстой л доо.
-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх нь богино хугацаанд, хэн дуртай нь хийх ажил биш байх нь ээ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Ийм шаардлага бий. Тэгэхгүй бол төрийн үйл ажиллагаа гацдаг, түгжирдэг, бодлого тогтворгүй байдаг асуудал үргэлжилсээр л байна. Мөн Засгийн газрын, улс төрийн тогтворгүй байдал өөрчлөгдөхгүй. Иймд аль болох хурдан, далайцтай, бүх ард түмний оролцоотой хийх нь зүйтэй.
-Жишээлбэл яг ямар өөрчлөлт оруулах шаардлага байна вэ?
-Аль алинд нь өөрчлөлт хийх ёстой. Тухайлбал, парламентын тухай асуудлууд бий. Мөн Засгийн газрын тогтвортой байдлыг хэрхэн хадгалах талаар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ганц жишээ дурдахад ХБНГУ-д 1949 оноос хойш найман Засгийн газар ажилласан байдаг. Ерөнхий сайдууд нь 12-14 жилийн хугацаанд тогтвортой ажилласан. Тэгвэл манай улсад 1992 оноос хойш 16 Засгийн газар солигдсон юм. Нэг Засгийн газар нь дунджаар 1.6-1.8 жилийн настай ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ нь ард түмнийг сэтгэл дундуур, төрийн бодлого тогтворгүй, нийгмийн тогтворгүй байдал руу чирч аваачиж байгаа юм. Эдгээрээс гадна Шүүх засаглал, шүүхийн хараат бус байдлын талаар бас өөрчлөлт оруулах ёстой. Онцолж хэлэхэд Үндсэн хууль болон бусад хуулийг ард нийтээр, дээр дооргүй чанд сахиж биелүүлэх асуудал хамгийн чухал.
-Та судлаач хүний хувьд манай улсын парламентын ажиллах хугацаа хэдэн жил байвал зохистой гэж харж байна вэ?
-Парламентын ажиллах хугацаа 1992 оны Үндсэн хуульд зааснаар байхаас өөр аргагүй. Үндсэн хуульд дөрвөн жил гэж заасан. Энэ нь олон улс оронд тогтсон байдаг хугацаа. Уг нь Засгийн газар тогтвортой ажиллавал бас л дөрвөн жил байх ёстой. Парламентад олонхи болсон нам өөрчлөгдөхгүй бол найман жил хүртэл ажиллах бололцоотой. Гэтэл манай улсад Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүй. Энэ тогтворгүй байдал нь улс орны хөгжил, ард түмний амьдралд маш их хортой юм. Бодлого өөрчлөгддөг, хүний нөөц талаас ч ард иргэдийн сэтгэл санаа ч түүнийг дагаад савладаг.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН
Сэтгэгдэл байхгүй байна