Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав эмчтэй хөөрөлдлөө. Л.Жамбалжав эмч Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг анх нэвтрүүлэгчдийн нэг, Монголын анагаах ухаанд эмчилгээний шинэ аргыг нээж, олон хүний амийг аварсан алтан гартай мэс засалч, Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа хүн юм.
-Та аль нутгийн хүн бэ, аав, ээжийнхээ тухай яриач?
-Би Архангай аймгийн Хотонт сумын хүн. Хотонт сумын Өндөрсант багт Цагаан сүмийн голыг тойрч зусч, өвөлждөг малчин айлын хүүхэд байлаа. Миний аав Чойсүрэнгийн Лхамсүрэн 1939 оны байлдаанд оролцож, 1945 он хүртэл цэргийн албыг таван жил есөн сар хаагаад, бүр шархдаж явсан ахмад дайчин хүн байсан. Миний ээж Чойжилын Ханджав гэж их сайхан хүн байсан, олон хүүхэд төрүүлсэн дээ. Тэгээд хөдөө хүүхэд шуухад тогтохгүй, надаас дээш хоёр, доош гурван ч хүүхэд нь эндээд, сүүлдээ эмнэлэг бараадаж төвөөр яваад, тэгээд миний дүү нар төрж байсан. Манайх гурван хүү, гурван охинтой өнөр айл. Одоо бид бүгд энх тунх сайхан амьдарч байна.
-Та хэдэн онд анагаахын оюутан болов, төгсөөд хаана ажилласан бэ?
-Би аймаг, сумандаа бага, дунд сургуульд сурч, Улаанбаатар хотын Анагаахын дээд сургуульд элсэж, 1972 онд төгссөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын туслах эмчээр хуваарилагдсан. Оюутан байхдаа мэс засалд сонирхолтой, нэгдүгээр эмнэлгийн эмч, бидний багш П.Долгор, Б.Гоош, А.Отгондалай нараа дагаад хагалгаа хийдэг байлаа. Дараа нь нэгдүгээр эмнэлэгт мэргэжил эзэмших курст ирж 45 хоног дадлага хийн мэс заслын эмч болсон. 1974 оны хавраас Баруун хараагийн сум дундын эмнэлэгт томилогдлоо. Тэнд ажиллаж байхдаа бүх эмчилгээ, мэс ажилбар бүр кесеров хагалгаа хүртэл хийдэг байсан. Хаврын салхитай өдөр, аймгаас хүн дуудах боломжгүй нөхцөлд, цус алдсан жирэмсэн ээжид эфир үнэртүүлж байгаад хагалгаа хийж, олон эх, хүүхдийг аварч байлаа. Тэр хүүхдүүд одоо 40 гарчихсан энх тунх амьдарцгааж, заримдаа надтай холбогдож ярьдаг, авсан ээжтэйгээ уулзъя гэдэг юм. Залуудаа, хагалгаа хийж эмчилсэн хүмүүсээ тоолдог, бүр овог нэр хаягтай нь тэмдэглэдэг байлаа. Сүүлдээ бүр тоогоо алдаад бичихээ больсон. Ойролцоогоор 15 000 хүнд хагалгаа хийсэн.
-Та цэргийн албанд мордож, госпиталын эмч болсон тухайгаа яриач?
-1974 оны хавар, эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллаж амьдарч үзье гээд залуу насны оргилуун сэтгэлээр цэрэгт явсан. Зүүнбаянгийн 126-р нэгтгэлд цэргийн алба хааж, 1000 цэргийн карантинд орж явлаа. Тэгээд гурван сарын дараа дэслэгч цолоор шагнуулж цэргийн госпиталд туслах эмчээр томилогдсон. Цэргийн госпитал бол 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй эмнэлэг. Тэндээс олон гайхамшигтай мэс засалч төрөн гарсан. Би тэнд хурандаа Б.Дамбийням гэж Монголын анхны их эмч, мэс засалч болон Д.Чойжилжав, Д.Сүхбаяр багшийнхаа гар дээр очсон. Мэргэжилдээ дуртай, залууг ч хэлэх үү өдөр шөнө, хагас бүтэн сайнгүй ажилладаг байлаа. Мэс заслын эмч, өвчтөнөө сэхээн амьдруулахаас гаргаж, амийг нь аварч байж л нэг сайхан амьсгаа авдаг, баярлаж жаргадаг юм шүү дээ. Би цэргийн госпиталд туслах эмчээс эхлээд мэс заслын клиникийн захирал, эмнэлгийн зөвлөх эмч хүртэл 23 жил зургаан сар ажилласан.
1982 онд Санкт-Петербург хотын Цэргийн хүмүүнлэгийн академийн докторантурт суралцаж, докторын зэрэг хамгааллаа. 1986 онд хошууч цол, ирээд дэд хурандаа цолтой болсон. Армид бол залуухан дэд хурандаа нарын нэг байлаа. Тэгээд госпиталдаа ажиллаж байгаад 1993 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны англи хэлний институтэд суралцахаар явсан. Техас мужийн Сан антонио хотын Агаарын нисэх хүчний баазад хэлний дамжаа дүүргээд, АНУ-ын хуурай замын академид суралцан цэргийн мэс заслын болон нисэх хүчний төв эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын ажилбар хийхийг харж, дагалдан ажилласан.
-Та бол Монголын анагаахын түүхэнд шинэ эмчилгээ арга нэвтрүүлж, том гавьяа байгуулсан хүн. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хэрхэн эхлүүлсэн бэ?
-1950-иад оноос хүний эрхтнийг өөр эрхтнээр орлуулах, шилжүүлэн суулгах арга хөгжиж, мэс заслын дэлхийн түүхэнд том дэвшил гарлаа. Энэ арга Монголын анагаах ухаанд арай эхлээгүй байх үед надад анхлан суралцах боломж гарсан. Тэр үед Ч.Долгор багш бөөр солих туршилт хийж, Б.Дамбийням хурандаа яс нь идээлээд онгорхой үүсчихсэн, гуя нь санжигнасан өвчтөнд тэмээний чөмөгний яс тавьж үзэж байлаа. Би 1970-аад оноос эхлээд хүний эрхтэн шилжүүлэх, ялангуяа бүхэл эрхтэн бөөр шилжүүлэх ажлыг хийе гэж бодож, материал цуглуулж, ном уншиж, нохойн дээр туршилт хийж байгаад 1996 онд анагаах ухааны хүрээлэнгийн бөөр шилжүүлэн суулгах төслийн удирдагч болсон. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт нохойны лаборатори байгуулаад, хагалгаа, туршилт хийж эхэлсэн. Тухайн үед манайхан мэдээлэл муутай, хууль байхгүй, хүний эрхтэн солиход их хөрөнгө хүч шаардана, цэвэр нөхцөлд хийх ёстой гээд асуудал их, эсэргүүцэгчид олон байлаа. Бас удирдлагын систем одоогоос өөр, гадны туршлагыг харна гээд хөдөлдөггүй үе байв. Тийм үед надад хань болж, хамтран ажилласан хүмүүс бол миний шавь Төрийн соёрхолт Д.Нямсүрэн, Төрийн шагналт Ж.Нарантуяа агсан нар юм. Бас бөөрний дутагдалтай өвчтнийг олон жил эмчилсэн Б.Бямбадаш эмч байна. Энэ хэд маань хажууд, ёстой муулуулж сайлуулж хамаг зовлонг хамт туулсан даа. Би 1996 онд АНУ-аас сургуулиа төгсөж ирээд Монгол Улсын түүхэнд анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт, зургаадугаар сарын 29-нд хийсэн. Тэр өдөр манай багийнхан, Б.Гоош багш, Хөдөлмөрийн баатар Г.Нямхүү эмч нарынхаа нөмөр нөөлөг дор, тэр хоёрыгоо шууд хагалгаанд оролцуулж, хамт ажилласан.
Анхны өвчтөн 22 настай “А”-д 26 настай “Д” эгч нь бөөрөө өгсөн. Тэр сайхан эгч нь одоо энх тунх сайхан амьдарч яваа, бидэнтэй холбоотой байдаг. Харин хагалгаа төгс үр дүнд хүрээгүй л дээ. Яагаад гэвэл өвчтөн маш хүнд диализид ч орж чадахгүй болчихсон, зүрх судасны дутагдалтай, цус нь бүлэгнэчихсэн байсан.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Г.ПҮРЭВСҮРЭН
Сэтгэгдэл байхгүй байна