Ардчилсан намын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, дипломатч Ц.Сүхбаатартай ярилцлаа. Ц.Сүхбаатар гуай Гадаад харилцааны яаманд атташе, зөвлөх, НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, манай улсаас гадаад улсад төлөөлөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар хэдэнтээ сонгогдон ажиллаж байсан ба гадаад харилцааны салбарт тасралтгүй олон жил ажилласан туршлагатай, шилдэг дипломатчдын нэг билээ. Бидний энэ удаагийн ярилцлага дэлхийн улс орнуудад улс төрийн намууд ямар чиг баримжааг баримталж байна, манай улс үүний хаана нь явна вэ гэх сэдвийг түлхүү хөндсөн юм.
-Дэлхийн улс орнуудад янз бүрийн чиглэлийн улс төрийн намууд үйл ажиллагаа явуулдаг. Хэт барууны фашист намаас авахуулаад хэт зүүний коммунист нам, социалист, либериал, төвийн үзэлтэй, эсвэл ногоонтны, шашинтны, үндэсэрхэг үзэлтэй гэх зэргийн маш олон нам байна. Тэгвэл АН дэлхийн улс төрийн намуудын энэ их эрээн мяраан ертөнцийн альхан талд нь явна вэ. Өөрөөр хэлбэл АН улс төрийн энэ олон үзэл баримтлалын аль чиглэлийг нь баримталдаг юм бэ?
-Дэлхийн аливаа улс орныг ямар нэг хэлбэрээр аль нэг улс төрийн нам нь өөрийн сонгон авсан үзэл баримтлалынхаа дагуу удирдаж байна. Мэдээж цэвэр үе уламжилсан хаант засаглалтай, эсвэл цөөнхийн дарангуйлал тогтсон нийгэмд иймэрхүү зүйл яригдахгүй байх л даа. Гэхдээ дэлхийн дийлэнх оронд ямар нэг хэмжээгээр сонгууль болж, шударга ардчилсан эсэхийг үл хамааран, түүний үр дүнгээр засгийн газраа байгуулан улс орноо удирддаг нь нэгэнт нийтлэг зарчим болон хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн аж үйлдвэр өндөр хөгжсөн, ардчилсан тогтолцоогоор олон зуун жил хөгжиж байгаа “G 7”-гийн бүлэгт хамрагддаг тэргүүлэх орнуудын жишгээр авч үзвэл ерөнхийдөө хоёр чиглэлийн урсгалыг баримталж буй намууд давамгайлж байна. Тухайлбал, баруун төвийн болон зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Дэлхийн II дайнаас хойших сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд ээлжлэн засгийн эрхийг барьж аж үйлдвэржсэн орнуудын хөгжлийг тодорхойлж, ардчилсан тогтолцооны давуу талыг амьдралд нотолсоор ирсэн. Хоорондоо үзэл баримтлалаараа ижил төстэй намууд нэгдэж олон улсын байгууллага байгуулах нь түгээмэл байдаг. Дэлхийд томд ордог улс төрийн намуудын нэгдэл гэвэл Социалист интернэйшнл (100 гаруй жилийн түүхтэй), Либериал интернэйшнл, Европын Ардын намуудын холбоо, Азийн улс төрийн намуудын бага хурал зэрэг байгууллагуудыг дурдаж болно. Харин баруун төвийн үзэл баримтлалтай намууд нэлээд сүүлд буюу 1983 онд АНУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Английн Ерөнхий сайд асан Маргарэт Тетчер, Германы Христосын Ардчилсан Холбоо намын тэргүүн, канцлер асан Гельмут Коль, Японы Либериал Ардчилсан намын дарга бөгөөд Ерөнхий сайд асан Накасонэ нарын санаачилга дэмжлэгтэйгээр Олон улсын Ардчилсан Холбоо (IDU – International Democrat Union) хэмээх байгууллагыг анх байгуулсан юм. Энэхүү байгууллага өнөөдөр дэлхийн 80 гаруй орны улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг байгууллага болон өргөжөөд байгаа. Манай нам анх 1993 онд МҮАН гэсэн нэрээрээ ОУАХ-ны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд удалгүй бүрэн эрхт гишүүнээр жинхэлсэн юм. Энэхүү байгууллагад гишүүнээр элсүүлэхэд тэр үеийн манай намын нэртэй улстөрчид болох С.Зориг, Ц. Элбэгдорж, Э.Бат Үүл, Да.Ганболд, Ц.Энхтүвшин, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Ш. Түвдэндорж, Лу.Болд, Х.Хулан нарын журмын нөхөд маань чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.
-Тэгэхээр АН баруун төвийн үзэл баримтлалтай намуудын нэгдэл болох ОУАХ-ны гишүүн юм байна. “Баруун төвийн үзэл баримтлал” гэдэг маань чухам юуг эрхэмлэдэг, бусад үзэл баримтлалаас юугаараа ялгаатай юм бэ. Ямар, ямар нам энэ байгууллагад гишүүнээр байдаг юм. Танай АН-тай яаж хамтарч ажилладаг юм, тусалж дэмждэг юм уу?
-Энгийнээр тайлбарлавал баруун төвийн үзэлтэй намууд баялгийг бий болгох замаар нийгмээ хөгжүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бодлогыг баримталдаг. Үүний тулд тэдгээр намууд дотоод эдийн засгийн бодлогодоо засгийн газрын оролцоо, зарлагыг дээд зэргээр хязгаарлаж, татварыг доод хэмжээнд байлгахын сацуу хувийн санаачилга, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, бүх хүн, хуулийн этгээдэд тэгш боломж олгохыг эрхэмлэдэг. Нийгмийн салбарт төрийн халамжийн тогтолцооноос татгалзаж хувийн хэвшилд түшиглэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог хөгжүүлэх чиглэлийг баримтална. Хүний эрхийг дээд зэргээр хамгаалах, хувь хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар хангаж, халдашгүй байдлыг нь бүрдүүлэх, эрх зүйт төрийг (rule of law) төлөвшүүлэхийн төлөө тэмцдэг юм.
Өнгөрсөн түүхээс харахад барууны өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг уналтад орсон, амьдрал хүндэрсэн үед баруун төвийн намууд засгийн эрхэнд гарч эдийн засгаа сэргээх, нийгмийн асар их баялгийг бүтээх бодлогыг хэрэгжүүлдэг байна. Нэгэнт их хэмжээний баялаг хуримтлагдаж, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудад өмчгүй буюу бага орлоготой хэсгийнхэн баялгийг дахин хуваарилах шаардлага нэмэгдсэнээр нийгмийн чиг баримжаа бүхий зүүний болон зүүн төвийн социалист, социал демократ намууд засгийн эрхэнд гарч ирдэг нь ажиглагддаг. Нөгөөтэйгүүр хэт нийгмийн баримжаа бүхий бодлогыг удаан баримталснаар аливаа улс орон эдийн засгийн хүндрэлд зайлшгүй ордог байна. Иймэрхүү байдлаар баруун болон зүүний намууд ээлжлэн төрийн эрхийг барьж ирсэн нь барууны өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харагдаж байгаа биз ээ. Үүнд л дээрх хоёр гол үзэл баримтлалын ялгаа байгаа болов уу. Харин гадаад бодлогын хувьд баруун болон зүүн төвийн намууд ижил төстэй байр суурь буюу аливаа дарангуйлагч нийгмийн эсрэг, хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрхийг хамгаалахын төлөө, ардчиллын үндсэн зарчмыг дэлхий даяар хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг.
Өнөөдөр ОУАХ-ны гэр бүлд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Английн Консерватив Нам, Германы Христосын Ардчилсан Холбоо Нам, Христосын Нийгмийн Холбоо Нам, Шведийн Модерат Нам, Испанийн Ардын Нам, Канадын Консерватив Нам, Европын Ардын Намуудын Холбоо, Австралийн Либериал Ардчилсан Нам болон ардчиллыг шинээр, эсвэл сэргээн тогтоосон Төв болон Зүүн Европын орнууд, Ази-Номхон Далай, Африк болон Өмнөд Америкийн баруун төвийн үзэл баримтлалтай 80 гаруй нам гишүүнээр ажиллаж байна.
“Энгийнээр тайлбарлавал баруун төвийн үзэлтэй намууд баялгийг бий болгох замаар нийгмээ хөгжүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бодлогыг баримталдаг. Үүний тулд тэдгээр намууд дотоод эдийн засгийн бодлогодоо засгийн газрын оролцоо, зарлагыг дээд зэргээр хязгаарлаж, татварыг доод хэмжээнд байлгахын сацуу хувийн санаачлага, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, бүх хүн, хуулийн этгээдэд тэгш боломж олгохыг эрхэмлэдэг. Нийгмийн салбарт төрийн халамжийн тогтолцооноос татгалзаж хувийн хэвшилд түшиглэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог хөгжүүлэх чиглэлийг баримтална”
-Та өнгөрсөн хугацаан дахь хамтын ажиллагааны талаар яривал...?
-1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилсан шинэчлэлтийн замыг сонгоод байсан эхний үед АНУ-ын БНН-ын угшилтай Бүгд Найрамдахчуудын хүрээлэн, Германы Христосын Ардчилсан Намын чиг баримжааг дэмждэг Конрад Аденаурын Сан төлөөлөгчийн газраа Монголд нээн ажиллуулж АН болон Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан институцыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсныг энд зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй. 2000 оны сонгуулиар манай нам үнэмлэхүй ялагдал хүлээж, ардчиллын төлөөх таван нам дөнгөж нэгдээд байсан хүнд үед би намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм аа. Тэр үед Английн Консерватив Намын дэмжлэгтэйгээр Ардчиллыг дэмжих Вестминстерийн Сан болон Шведийн Модерат Намын чиг баримжаа бүхий Ёол Ёолмерсений Сангаас тусламж үзүүлж АН-ыг бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, сонгуулийн арга технологи эзэмшихэд ихээхэн дэмжлэг үзүүлж байв.
-Өнөөдөр АН дахин үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэлт хийж байна. Энэ нь ОУАХ-ны үйл ажиллагаанд оролцох оролцоонд нөлөөлөх үү. Танай намын гадаад бодлого ОУАХ-ны намуудынхтай заавал ижил байх ёстой юу. Эсвэл Монголын онцлог гэж байна уу?
-Нэгдүгээрт, АН-ын гадаад бодлого гэж байхгүй, МАН-ын ч юм уу, ИЗН-ын гадаад бодлого гэж тусдаа байх ёсгүй. Монгол Улсын газар зүйн байршлын онцлогоос шалтгаалан манай Үндсэн Хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалд зааснаар манай улс төрийн хүчнүүд гадаад бодлогын үндсэн асуудлаар нэгдмэл байр суурьтай байх ёстой. Энэ нь манай Монгол Улсын онцлог юм. Харин намуудын гадаад харилцаа гэж байна. Аливаа улс төрийн нам өөрийн үзэл баримтлалын хувьд ижил төстэй намуудтай гадаад харилцаагаа хөгжүүлэх нь тухайн намын эрхийн асуудал юм. Хоёрдугаарт, манай нам гадаад харилцаагаа хөгжүүлэхдээ өөрийн улсын түүх, соёл, ёс заншил, уламжлалыг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн бодлогыг баримталдаг. Жишээ нь, манай нам ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос”, сөрөг хүчин болох “Барууны хүчний холбоо”(ОУАХ-ны гишүүн нам )-той хоёулантай харилцаагаа хөгжүүлэхийг эрхэмлэхийн зэрэгцээ Хятадын Коммунист Намтай маш өргөн, идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Тэр ч бүү хэл БНАСАУ-ын эрх баригч СХН-тай байнгын харилцаатай байдаг. Саяхан манай намын дарга тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Манай энэхүү онцлог байр суурийг ОУАХ-ны гишүүн бусад нам ойлгон хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг юм.
-Танай намын ОУАХ дахь оролцоо хэр идэвхтэй байна вэ?
-Өнгөрсөн онд С.Эрдэнэ намын дарга болж, намын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр манай намын ОУАХ дахь оролцоо эрс идэвхижиж ирлээ. Энэ оны эхээр Испанийн Саламанка хотод хуралдсан ОУАХ-ны Тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Лос Анжелес хотноо болсон ОУАХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлуудад намын дарга болон УИХ-ын гишүүд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцов. Үүний үр дүнд миний бие ОУАХ-ны дэд даргаар (Ази-Номхон далайн бүсийг төлөөлөн), УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОУАХ-ны салбар Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн ОУАХ-ны дэргэдэх Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны үйл ажиллагаанд манай АЗХ маш идэвхтэй оролцож байна. Энэ дашрамд С.Эрдэнэболд тэргүүтэй манай АЗХ-ны залуучууд баруун төвийн үзэлд суурилсан АН-ын шинэ үзэл баримтлалыг боловсруулахад маш идэвхтэй оролцож, жинтэй хувь нэмрээ оруулсныг зориуд онцлон тэмдэглэмээр байна. Ийнхүү манай шинэ үеийн залуучууд хувийн ашиг сонирхолд суурилсан явцуу бүлгүүдийн эрхшээлээс ангид, тодорхой бөгөөд тэргүүний үзэл баримтлалд суурилсан намыг төлөвшүүлэх их үйлсэд түүчээлэн оролцож байгаа нь нэн талархууштай.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН
Б.САНАА
Сэтгэгдэл байхгүй байна