Намрын чуулган өндөрлөх дөхөж, улс төр “унтах” цаг ойртойж байна. УИХ-ын гишүүдийн хувьд УИХ-ын даргаа огцруулж аваад хаврын “их унталтаа” хийх хүсэлтэй байгаа бололтой. Өнгөрөгч Баасан гаригийн нэгдсэн чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах төсөл) хуулийн төслийг баталсны дараа МАН-ын бүлгийн гишүүдийн өгсөн ярианаас үзвэл цагаан сарын өмнө чуулганаа хаагаад, нэг нэг “Сайн малчин” өвөртөлж аваад тойрог руугаа гарах гэж яарч буй бололтой юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хуралдах хугацааг сунгах талаар саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн нь нааштай хэрэг. УИХ-ын 40 гишүүний гарын үсэг зурсан шаардлагаас болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног (үндсэндээ хоёр сар шахам) саатсаны улмаас хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой өчнөөн асуудал хуримтлагдаад байгаа. Дээр нь Засгийн газрын хоёр сайдыг томилолгүй хоёр сар болж байна.
Ерөнхий сайд өөрөө “албан тушаалаас нь чөлөөллөө” гэж хэлсэн авч орных нь хүнийг томилоогүйгээс Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нар сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэсээр, тушаал шийдвэр гаргаж, гадаад дотоодод Засгийн газрыг төлөөлөн аялсаар, ажилласаар байгаа. Хориод жилийн өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газар зургаан сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр (Томилогдоод гурван сар бололгүй танхимаараа огцорч, Сайдын үүрэг гүйцэтгэгч нэртэй зургаан сар, нийт 11 сар эрх барсан байдаг юм) ажилласан нэг түүх бий. У.Хүрэлсүх сайд тэр жишиг рүү л явуулах гээд байх шиг. Ингэхэд огцорсон сайд нарын гаргасан шийдвэр хууль ёсны байж чадах уу? Ядаж үүрэг гүйцэтгэгчээр ч томилоогүй шүү дээ.
Ерөнхий сайд маань “60 тэрбумыг дарчихаад дараа нь ЖДҮ-тэй тэмцэнэ” гэж амласан. Гэвч хараад байхад тийм сонирхол байхгүй бололтой. Хэрэв тийм байсан бол ядаж ЖДҮ-тэй холбогдсон хоёр дахь сайдынхаа асуудлыг яаравчлах ёстой биз дээ. ЖДҮХС-гийн зээлээр эхнэрийнхээ нэр дээр хувьдаа хүүхдийн эмнэлэг байгуулчихсан нэг сайд энэ Засгийн газарт алба хаасаар л байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцэхээ бүр байг гэхэд.
Гэвч “МАНАН-ын эсрэг тэмцэл”-ийн маапаан дунд мартагдахаа шахаад байсан ЖДҮ-гийн асуудлыг манай хуульчдын бүлэг дахин сөхөж тавьлаа. Өчигдөр “Монгол Ньюс” компанийн мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаар ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгснөө зарлав. Захиргааны шүүх дээр ЖДҮХС-тай холбоотой хоёр ч маргаан үүсгээд явж байгаа юм байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-гаас зээл санхүүжүүлэх тухай ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаас ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий найман компанид (“Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК, “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато Анарваан” ХХК)-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах (цаад эзэд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорсайхан, Г.Солтан, Н.Оюундарь, Б.Батзориг (сайд асан), Н.Учрал, Я.Содбаатар, БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар). Энэ нэхэмжлэлийг нь шүүх хүлээж аваад энэ сарын 16-нд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна