• Эхлэл
  • Д.Цогтбаатар: Элчин сайдуудын асуудлыг УИХ-д удахгүй оруулна

Д.Цогтбаатар: Элчин сайдуудын асуудлыг УИХ-д удахгүй оруулна

2019/01/25

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Элчин сайдуудыг томилох, гадаад худалдааны төлөөлөгчийн газрын талаар тодрууллаа.

-Япон, БНСУ, Канад улс итгэмжлэх жуух бичгийг нь хүлээж аваагүй гурван Элчин сайдын асуудал өнгөрсөн зунаас хойш яригдсан. Одоо ямар шатанд явна вэ?

-Тэдний нэрийг татаж оронд нь шинэ Элчин сайд томилох асуудал оруулахаар ярьж байгаа. Үүний хажуугаар бүрэн эрх нь дуусгавар болсон ээлжит Элчин сайдуудыг томилох асуудал бас бий. Эдгээрийг нэгтгэж ойрын хугацаанд УИХ-д оруулна.

-Тэр гурван Элчин сайдад шинээр хэн хэнийг томилох тухай ярьж байгаа вэ?

-Шинэ хүмүүсийн нэр дэвшүүлэх учраас одоогоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл очих орон, хуваарь нь солигдох магадлалтай. Тиймээс Гадаад харилцааны яамны түвшинд саналаа боловсруулсан.

-Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон хэдэн Элчин сайд байгаа вэ?

-Ер нь арваад Элчин сайд бий.

-Элчин сайдыг хүлээж аваагүй тул гадаад харилцааны асуудалд ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

-Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Дэлхийн жишигт Элчин сайд томилогдоход тодорхой цаг хугацаа ордог. Энэ хугацаанд хэргийг түр хамаарагч ажиллаж төрийн ажил тасалдахгүй үргэлжилж байдаг юм. Австрали, Тайландад манай улсын Элчин сайд нар бий. Тэднийг эргүүлэн татаагүй байгаа.

-Элчин сайдыг томилохдоо хүмүүсийг албан тушаалаар шагнаж байгаа мэт зүйл өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тийм зүйл байхгүй. Жишээлбэл Авсрали, Тайландад Гадаад хэргийн дэд сайд байсан, манай яаманд олон жил ажилласан хүмүүсийг Элчин сайдаар томилуулахаар нэр оруулж байсан. Одоо Төрийн албаны шинэ хууль үйлчилж эхэлсэн. Иймд ажлын туршлага, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг шинэлэгээр сэтгэж ажиллах ур чадварыг үнэлж дэнсэлж байж сонгодог.

-АНУ-д ажиллах хүч гаргах ажил ямар шатанд явна вэ?

-Одоогоор АНУ-ын холбогдох хуулийн компаниудтай харилцаа тогтоосон. Тэгээд одоо НХХЯ-тай АНУ-д ажиллах талаар бодитой мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадах компанийг Монгол талаас сонгох ёстой ярьж байна.

-Хувийн компани хөдөлмөр эрхлэлт зуучилна гэсэн үг үү?

-Ажиллах хүчний шалгуур, АНУ-ын ажил олгогч нартай холбогдох ажлыг хувийн зуучлагч компани хийнэ. Тэгэхгүй бол тэр олон хүний ажлын байрыг төрөөс очиж яриад шалгаруулаад явах боломжгүй. Хувийн салбарт энэ боломжийг нь олгох ёстой. Төрөөс харин ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх учиртай.

-Тэгвэл Монгол талаас зуучлах компаниа хэрхэн сонгох вэ?

-Ажиллах хүчний асуудал тул үүнийг НХХЯ мэдэх ёстой. Гэхдээ Гадаад харилцааны яамны асуудал биш гээд хойш суухгүй. Бид АНУ-ын мэргэжлийн байгууллагуудтай холбон дэмжиж ажиллах болно.

-Гадаад худалдааны төлөөлөгчийн газар байгуулахаар болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ онд манай гадаад худалдаа нэмэгдсэн. Гадаад харилцааны яамны зүгээс бизнесүүдэд зах зээлийг нь олж өгөх, тодорхой бараа бүтээгдэхүүн борлуулах нөхцөлийг хангах талаар ажиллаж байна. Ийм учраас сүүлийн 30 жил зогссон Гадаад худалдааны төлөөлөгчийн газрыг ажилд оруулж байгаа юм. Одоо гурван улсад ийм газар нээх шийдвэр гарсан, судалгаа хийж байгаа. Тэгэхдээ Элчин сайдын яамны бүрэлдэхүүнд байгуулах юм. Орон тоо байршлын асуудлаа ярьж байна.

-Консулын газар хаана хаана шинээр байгуулах болсон бэ?

-БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар байгуулах шийдвэр гарсан. Нөгөө талаас зөвшөөрөл өгдөг. Энэ зөвшөөрлийг нь саяхан өгсөн. Одоо хүн томилох орон тоог батална.

-Одоо Беларусь улсад Элчин сайдын яам нээн ажиллуулахаар ярьж байгаа. Ийм шаардлага байгаа юм уу?

-Беларусь улс Монгол Улсад Элчин сайдын яамтай. Улаанбаатарт аль болох олон улсын Элчин сайдын яам байх ёстой. Монгол Улсад бодит төлөөлөлтэй байх нь чухал. Учир нь манай улсын хөгжил дэвшил, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлууд үүнд зангилаатай байдаг. Манай улсад Элчин сайдын яам нээчхээд байхад бид зөрүүлээд Элчин сайдын яамаа нээхгүй болохоор Элчин сайдын яамаа хаах тухай асуудал яригдаж байсан. Би Улаанбаатарт нээгдсэн нэг ч Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурьтай байна. Үүнээс гадна Европын холбоотой хийж байгаа бүх худалдаа Брестээр дамждаг. Өөрөөр хэлбэл Европоос импортолж буй бараа Брестээр нэвтэрч ОХУ-аар дамжиж Сүхбаатар боомтоор орж ирж байгаа юм. Иймд тэнд хил гаалийн жаахан хүндрэл гарахад Монголд импортын барааны үнэд шууд нөлөөлдөг. Монголын иргэд, аж ахуйн нэгжийн тэнд үүсч буй асуудлыг төр шийдэж өгөх ёстой. Тийм үүрэгтэй. Тэнд төлөөлөлгүйгээр асуудлыг шийдэх хүндрэлтэй.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Т.ЖАНЦАН


Сэтгэгдэл байхгүй байна