Агаарын бохирдлыг бууруулахад төрөөс яг ямар ажилд хэдэн тэрбум төгрөг зарцуулж, ямар үр дүн гарсан талаарх тодорхой мэдээлэл байдаггүй. Үе үеийн Засгийн газрын сайд нар утаагүй зуух, сайжруулсан түлш нэрийдлээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг салхинд хийсгэснээр өнөөдрийн нөхцөлд хүргэсэн. Төсөл хөтөлбөр боловсруулж, хөрөнгө мөнгө гаргаад байхад л жилээс жилд утаа өтгөрч, хүрээгээ тэлсээр. Эцэстээ утааны сэдэв улиг болж, хуучирсан түүх шиг л сонсогдох боллоо. Энэ зуурт монголчууд үхлийн тунгаар хордсон хэвээр л.
Дарга нараас “Хэзээ утаа арилах вэ” гэсэн асуулт тавихад “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж байна. Шуудхан үр дүн гарахгүй. Утаа нэг өдрийн дотор арилахгүй” гэж биеэ өмөөрсөн, бөөрөнхийлсөн хариулт өгдөг.
Лав сүүлийн 10 жилд дарга нар утаатай тэмцэж байгаа. Харамсалтай нь, утаагаар бизнес хийдэг эрх мэдэлтнүүдэд утааг “Угаартуулах” сонирхол алга байна. Баримт дурдахад, Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд утаатай тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тухайлбал, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97,7, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөгийг утааг буруулахад зарцуулсан байна. Дээр нь гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмэгдэнэ. Өчигдөр л гэхэд Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын төсөвт дэмжлэг болгох үүднээс 130 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ. Энэ мэтчилэн бага хүүтэй, буцалтгүй гадаадын олон тусламж, хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байна.
Хөрөнгө мөнгө нь байна. Гарц шийдэл нь тодорхой. Үндэсний хөтөлбөр хүртэл баталчихсан байдаг. Гэтэл яагаад утаа буурахгүй, арилахгүй байна вэ? Энэ сэдвийг тойрсон олон асуудал хөндөгдөх ч энэ удаад зөвхөн албаныхан утааг бууруулахад 2018 онд юу хийв, 2019 онд юу хийх вэ гэсэн асуулт тойрлоо. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн буюу сүүлийн үед сошиалаар цацагдаад буй утаа сорогч яндангийн төслийг санаачлагч залуугийн танилцуулж буй гарц, шийдлийг сонирхов.
Ч.Гантулга: 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөсөн
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дарга Ч.Гантулгад дараах асуултыг тавилаа.
-Агаарын бохирдлыг бууруулахад 2018 онд үндэсний хорооноос яг хэдэн төгрөгийг ямар ажилд зарцуулсан бэ. Үндсэндээ 2018 оны ажлыг дүгнэвэл?
-Би энэ ажилд шинээр томилогдоод долоо хонож байна. 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаас харвал, 2018 онд нийт 16.8 тэрбум төгрөгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад улсаас төсөвлөсөн. Үүнээс талыг нь буюу 109 мянган айл өрхийг шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамруулахад 8.2 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн дөрвөн тэрбумыг нь сайжруулсан түлш түгээхэд, хоёр тэрбумыг хөрсний бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан.
Түүнчлэн нам даралтын 680 зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлэхэд 800 орчим сая төгрөг төсөвлөсөн байсан. Нэг тэрбум төгрөгийг агаарын бохирдол ихтай долоон аймагт төсөвлөж, нэг аймаг нь агаар, орчныг бууруулах дэд хөтөлбөртэй болсон.
Үндэсний хорооны хурал энэ сарын 24-нд болсон. Хурлаар төсвийн гүйцэтгэл 70 орчим хувьтай гарсан тухай мэдээлсэн. Үлдсэн 30 хувийн тухайд зарим ажлын тендер зохион байгуулах явцад маргаан гарч, цуцлагдсан асуудал үүссэн. Тухайлбал, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан халаагуураар солих ажлын тендер шалгаруулалт явагдсан боловч маргаан үүссэн. Мөн хөрсний бохирдлыг бууруулах тендерийг хоёр удаа зохион байгуулсан боловч техникийн шаардлага хангасан аж, ахуйн нэгж тендерт оролцоогүй гэх мэт шалтгаанаар төсвийн гүйцэтгэл 100 хувьд хүрээгүй.
-2019 онд улсаас танай хороонд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Төсвийн мөнгийг юунд зарцуулах гэж байна?
-Манай хороонд улсын төсвөөс 2019 онд нийт 75.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд ирэх өвөл иргэдийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажлыг хийж байна. Сайжруулсан түлшний компаниудад төрөөс тонн тутамд нь 50 мянган төгрөгийн татаас олгох бол эргээд түлшээ тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр иргэдэд борлуулахаар төлөвлөсөн. Таван толгой компанийн сайжруулсан түлшний хоёр үйлдвэр ашиглалтад орсон. Тус компаниас 450-600 мянган тонн түлш нөөцөлж авахаар болсон. Тус үйлдвэр сайжруулсан түлшний 80 орчим хувийг дангаар үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 1100 гаруй уурын зууханд шүүлтүүр тавина. Хөрсний бохирдлыг хэмжих багаж, төхөөрөмж нийлүүлэх гэх мэт томоохон ажилд 75.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.
-Монгол инженерүүд утаа сордог цамхаг барих төсөл боловсруулсан байна лээ. Энэ талаарх мэдээлэл танд байна уу?
-Утаа сордог цамхаг барих тухай мэдээлэл одоогоор надад ирээгүй байна. Гэхдээ ийм цамхаг барьж, утааг арилгах боломжгүй. Дэлхийн хаана ч ийм жишээ байхгүй.
Д.Дорждагва: “Smoke tower” цамхаг утааг сороод, үлээж гаргах горимтой
Монгол инженерүүд утаа сорогч төхөөрөмж буюу “Smoke tower” цамхаг байгуулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна гэж үзэж буй. Энэ талаар төсөл санаачлагч “Экологи бус” үйлдвэрийн инженер Д.Дорждагваас тодрууллаа.
-Утаа сордог “Smoke tower” цамхаг ямар горимоор ажиллах вэ. Төслийнхөө судалгааны талаар мэдээлэл өгнө үү. Ямар туршилт дээр үндэслэсэн бэ?
-“Smoke tower” цамхаг нь ойролцоогоор 80-100 орчим метрийн өндөртэй, 20 метр радиустай, эргэн тойрондоо 20 орчим сэнс байрлуулж, даралтын зөрүүгээр, сэнсний хүчээр гэр хорооллын 10 км радиус утааг сорж, буцаагаад үлээж гаргах горимтой. Хамгийн их утаатай хэсэг буюу Баянбүрд, 32-ын тойрог, Баянхошуу, Толгойт, Зурагт гэсэн долоон цэгт байршуулахаар төлөвлөсөн. Төхөөрөмж зөвхөн өвлийн нөхцөлд ажиллаад зун нь ажиллахгүй гэх зүйл байхгүй. Зуны улиралд дээд талаасаа сэрүүн хүйтэн агаар сорж, байгууламжийн доод хэсгийн усан бассейн руу үлээлгэж, сэрүүн чийглэг агаар гаргана. Ингэснээр Улаанбаатар хотын утаа гэлтгүй тоосжилт багасах сайн талтай.
-Санхүүжилтээ яаж шийдвэрлэх вэ. Утаа хэдэн хувиар буурна гэж үзэж байна?
-Одоогоор төрийн байгууллага болон Японы мэргэжилтнүүдэд хандсан байгаа. Тодорхой хариу ирээгүй байна. Санхүүжилт бүтвэл цамхгаа барихад бэлэн. Улаанбаатар хотын утааг 80 орчим хувиар буруулна гэж үзэж байгаа.
-ОББҮХ-ны дарга Ч.Гантулга дарга энэ санааг бүтэхгүй гэж хэлсэн. “Smoke tower” утаа сорох байгууламж өөр улсад байдаг уу.?
-Эрчим хүч гаргадаг “Solar tower”, цөлжилтийг багасгах зориулалттай Texas хотод барьж байгаа төхөөрөмж, одоо Хятадад баригдаж байгаа утаа цэвэршүүлдэг “Tower” гэх мэт олон төхөөрөмжийн ажиллагааг судалж “Утааг сорох” байгууламжийг бодож олсон. Олон улсад туршигдсан учир энэ санаа бүтнэ.
Г.Даваажаргал: Энэ онд гэр хорооллоос ялгарах утааг 60 хувиар бууруулна
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргал:
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас энэ өвөл ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулагдсан. “Эрдэнэс Таван толгой” компанийн охин компани болох “Таван толгой түлш” ТӨҮГ үйлдвэрээ байгуулсан. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хороололд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэсэн зорилт тавьсан. Энэхүү 80 мянган тонн түлшийг нийлүүлэх гэр хорооллын хэсгийг сонгосон. Үүнд Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX, XI, XXIV, XXV, XXVI, XXVIII гэсэн найман хороонд сайжруулсан түлшийг тараана. Эдгээр найман хороонд 26 мянга орчим айл өрх бий. Үүнээс 5000 гаруй нь зорилтот бүлгийн айл өрх. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр 1000 тонноос доошгүй багтаамжтай сайжруулсан түлшний түгээх, нөөцлөх, борлуулах зориулалтын агуулах барихаар төлөвлөсөн. Энэ жил гурван агуулахыг барихаар ажиллаж байна. Эдгээр агуулахыг барих газрын асуудлыг Нийслэлийн газрын албатай хамтран шийдсэн.
-Ингэснээр утааны хэчнээн хувийг бууруулах вэ. Түүхий нүүрсний хэрэглээг яаж хянах вэ?
-Сайжруулсан түлш агаарт хаяж байгаа тоосонцрын хэмжээг 60 хүртэл хувиар бууруулах боломжтой нь тогтоогдсон. Уг түлшний түүхий эд нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Ухаа худгийн угааж баяжуулсан нүүрс. Гэр хорооллын айл өрхүүд нийт утааны 80 хувийг ялгаруулдаг. Хэрэв уг 80 хувийг 100 хувь гэж бодвол нийт гэр хорооллоос ялгарч байгаа утааг 60 хувиар бууруулна. Хяналтын тухайд тухайн дүүрэг, хорооны Засаг дарга, түлээ нүүрс борлуулагчдад урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн. Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Нийслэлийн цагдаагийн байгууллагууд Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавина.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд дэд бүтцийн ажлууд хийж байгаа гэлээ. Үүнийг тодруулбал...?
-Гэр хороололд инженерийн дэд бүтцийн төвийг байгуулахаар болсон. 2020 он хүртэл 50 байршилд дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлнэ. Энэ онд Сэлбэ, Баянхошууны дэд төвийн төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Инженерийн дэд төв нь тухайн орчныхоо айл өрхүүдийг дулаанаар хангах, цэвэр, бохир усны системд холбох зэрэг давуу талтай. Дэд төвд холбогдсон айлууд тухайн төвөөсөө халаалтаа авна гэсэн үг. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхүүдэд цахилгаан халаагуурын хэрэглээг нэвтрүүлэх ажлуудыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төвийн зургаан дүүргийн 40 мянган айл өрхөд 2.5 кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашдаа энэ хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Б.Бямбасүрэн
Сэтгэгдэл байхгүй байна