“Мандуул хаан үхэж маний жаргал эхлэв” гэж Өнөболд ван хэлдэг шиг М.Энхболд спикерийн суудлаасаа бууж, “Шодоргос”-ны төлөө тэмцэгчид “Жаргалын замдаа оров”. УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаанд намар, өвлийн сарууд дамнуулан хийсэн ганц ажил нь энэ. Улсын төсвийг хам хум баталснаас өөрөөр үндсэн ажлаа хийгээгүй гишүүд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн төлөө хэмлэлдсээр намрын чуулганаа өндөрлүүлэх нь. УИХ-ын даргыг огцруулах албан бичгийг нэр бүхий 27 гишүүн өнгөрсөн оны 11-р сарын 19-нд өргөн барьснаас хойш тооцвол яг 70 хоногийн дараа М.Энхболд огцров. Итгэлийг зүтгэлээр хариулна хэмээн популизм хийж байж парламентад үнэмлэхүй олонх буюу 65 суудал авсан МАН-ынхны байж байгаа царай нь, хийж байгаа цараа нь энэ. “Нэг муу микрофон барьсан хөтлөгч”, хурал удирдагч төдий албан тушаалтныг унагах гэж төрийн бүх ажил ийнхүү хоёр, гурван сар цалгардав. Эгэл жирийн иргэн ажлаа нэг өдөр таслахад амьжиргаагаа залгуулдаг талхных нь мөнгө таллагдана. Гэтэл УИХ-ын гишүүд бүгд нийлээд хоёр сар гаруй ажлаа хийхгүй суухад цалин нь бүтэн, хангамж нь бүрэн. Дээр нь бүгдээрээ шахуу ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авчихсан болохоор улс орны эдийн засаг яаж унаж доройтож, ард түмний амьдрал хэрхэн уруудаж, хэцүүдэж байгааг мэдэх ч үгүй, мэдрэх ч үгүй.
Ямар ч байсан УИХ, Засгийн газар нь танхимаараа нийлж ард түмнийхээ хөрөнгийг луйвардсан, өөрөөр хэлбэл эгэл жирийн үйлдвэрлэгчдийнхээ боломжийг булааж өөрсдөө төрийн мөнгийг завшсан ийм увайгүй, ичгүүргүй засаг, төр Монголд байсангүй. Тиймээс нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойших хамгийн адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа” хэмээн халагласан биз ээ.
М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгах гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан батлуулж байж сая нэг юм санасандаа хүрцгээсэн. Одоо гэхдээ бүх юм сайхан болохгүй. Оюуны хоосрол, ёс суртахууны ялзралын туйлд хүрсэн энэ парламентыг үлдсэн жил гаруйхны хугацаанд хэн удирдах вэ. Тэр хүн мэдээж өнөөгийн М.Энхболдын эдэлсэн зовлонг мөн л эдэлж таарна.
Сонгогчдынхоо өмнө амласан амлалтаа биелүүлэх, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хямрал хүндрэлтэй эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг МАН-ын удирдлага, тэмцэгч гишүүдийн нуруун дээр бууж байна. Үүнийг “М.Энхболд огцорсон мөчөөс У.Хүрэлсүхийн зовлон эхэлнэ” гэж манай нэгэн нэртэй нийтлэлч онож хэлсэн.
2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүндхэн үүрэг МАН-ынханд ногдож байгаа. Энэ ачааг үүрэх нэг хүн нь УИХ-ын дараагийн дарга. Байнга популизм хийгээд, сэлэм эргүүлээд сүржигнээд байх юм бол улс орноо улам л уруудуулна. Олон түмний итгэлийг бүрмөсөн алдана. Тэгэхээргүй нуруутай хүн гараасай л гэж хүн бүхэн хүсч байна.
Дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэдэг далд марафон эрх баригч намын дотор нэлээд эртнээс эхэлж, алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг унаагүй байгаа спикерийн суудлыг аль эрт наймаалцаж эхэлсэн сураг бий. Үүнээс М.Энхболдыг огцруулах тэмцлийг оройлон удирдсан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр ил цагаан яригдаж, олон нийтийн сүлжээнд бол бараг л сонгуулийн санал хураалт явуулах шахсан. Тэд өөрсдөө ч УИХ-ын дарга болохоос татгалзахгүй байгаа нь харагдаж буй юм. Мөн М.Энхболд ажлаа өгөхөөс өмнө орныхоо хүнийг МАН-ын даргад санал болгосон ч дэмжлэг аваагүй гэдэг мэдээлэл байна. Мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын хувьд өөрийн хүнээ санал болгосон аж. Хэн хэнийх нь санал дэмжлэг аваагүй тул намынхаа Удирдах зөвлөлд хоёр талаас нэр оруулж, нууц санал хураалтаар шийдэхээр болсон сураг байна.
Олон нийтийн дунд УИХ-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг тааварт уралдаанд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат гээд маш олон нэр хөвөрч байна. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын хувьд 50-иад оныхон. Үеэ өнгөрөөсөн хөгшчүүд гэдэг үүднээс харах хүн олон бий. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнээс эхлээд МАН-ын залуу гишүүд тэднийг дэмжихгүй.
М.Энхболдын талыг баримтлагчид болох Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй. Жендерийн талаас нь бодолцоод Д.Оюунхоролыг зүтгүүлэх магадгүй гэдэг мэдээлэл бий ч энэ бол хамгийн бүтэхгүй хувилбар. Мөн Ц.Мөнх-Оргилыг УИХ-ын даргад санаатай байгаа хүний нэг гэж зарим эх сурвалж хэлж байгаа юм.
УИХ-ын даргад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж томилдог. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимын сайд нар болох Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нартай тусгайлан уулзаж спикерт зүтгүүлнэ гэдгээ хэлсэн гэнэ. УИХ-ын дарга байж болох дараагийн хүнээр Сү.Батболдын нэр сураг төдий цухалзаж байгаа аж. Залуу гишүүдээ дэмжинэ гэвэл Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болж магадгүй. Тал талын дэмжлэг түүнд бий. Тэгж гэмээнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүний оронд Засгийн газрын ХЭГ-ын даргаар очиж мэдэх юм. УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Ямартай ч УИХ, Засгийн газар МАН доторх нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд албан ёсоор шилжих нь тодорхой. УИХ дахь 33-ын бүлэг төр, засгийн эрхийг барих нөхцөл бүрдэв.
2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч олонх болсон МАН-ын доторх эрх мэдэл, албан тушаал, эд мөнгөний төлөөх ашиг сонирхлын бүлэглэлүүдийн улайрсан тэмцэл 2.5 жилийн турш үргэлжилж, хоёр дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж, улмаар хоёр дахь спикерээ тодруулах гэж байна. Энэ бол улс төр, бизнесийн асар том бүлэглэлүүдийн дундах эрх мэдлийн дахин хуваарилалт болохоос биш ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсны төлөөх тэмцэл, өөрчлөлт, цэвэрлэгээ, хувьсгалын аль нь ч биш.
Улс төрийн тогтворгүй байдлын улмаас Ерөнхий сайд нар амархан огцорч, Засгийн газрууд бүрэн эрхээ дуусгалгүй солигддог таагүй жишиг одоо УИХ-д халдварлав. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ баталснаар спикерийг тун амархан унагаад байж болохоор хууль эрх зүйн орчин бүрдэв. Ерөнхий сайдын гэдэс базлахад Ерөнхийлөгч Парламент руу чацга алддаг үзэгдлийг НЕОМАНАН гэнээ.
Албан ёсны гурав дахь МАНАН мэндэллээ гэгдэж байна. М.Энхболдыг огцруулахын тулд баталсан гэж болон энэ хуулийн өөрчлөлт цаашид Монголын парламентыг институцийнх нь хувьд улам хэврэг, сул дорой, ашиг сонирхлын бүлэг хийгээд хийрхэл, популизм, улстөржилтөөс хараат болгож орхилоо. Үүнийг л жоомоо алах гээд байшингаа шатаана гэдэг юм.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Г.УУГАНБАЯР
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Хүүк халааснаасаа Г.Занданшатарын нэрийг сугалж гаргалаа
Сэтгэгдэл байхгүй байна