• Эхлэл
  • А.Буяндэлгэр: Хүн эрүүл, чанартай өтлөхөд бэлдэх ёстой

А.Буяндэлгэр: Хүн эрүүл, чанартай өтлөхөд бэлдэх ёстой

2019/02/12

-Яс булчингийн системийн эмгэгийг эмгүйгээр, мэс засалгүйгээр эмчилнэ-

Орчин үеийн кинезитерапи буюу хөдөлгөөнөөр эмчлэх аргыг үндэслэгч, ОХУ-ын алдарт эмч, анагаах ухааны доктор, профессор Бубновскийн “Хөдөлгөөний эмчилгээний төв” манай улсад гурав дахь жилдээ албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тулгуур эрхтний ихэнх өвчнийг эм тариа хэрэглэхгүй, мэс засал хийхгүйгээр эмчилж, хөдөлмөрийн чадварыг сэргээж, амьдралын чанарыг сайжруулж, бие нь эрүүл, ухаан нь саруул урт удаан наслах аргыг нээсэн Бубновскийн төвийн эмчилгээ дэлхийд хэдийнээ танигдаж, эмэн бус эмчтлгээний салбарт тэргүүлж байгаа билээ. Монгол дахь салбар төвийн Ерөнхий захирал, клиникийн профессор, их эмч А.Буяндэлгэртэй ярилцлаа.

-Доктор Бубновскийн төвийн Монголд нээгээд даруй гурван жилийн хугацаа өнгөрчээ. Нуруу өвдөг нь өвдөж, мэс засалд орохоос өөр аргагүй болсон хүмүүс танай төвд үйлчлүүлээд эрүүл болж, мэс засалд орох шаардлагагүй боллоо гэх мэтээр эерэг мэдээллийг хүмүүсээс олонтаа дуулаад тантай ярилцахаар зорьж ирлээ. Хөдөлгөөнөөр эмчлэх аргын талаарх мэдээллийг хүргэнэ үү?

-Хөдөлгөөний эмчилгээг хүн төрөлхтөн эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ба С.М.Бубновский эмч хөдөлгөөнөөр эмчлэх аргыг онолын хувьд баяжуулж, боловсронгуй болгож, орчин үеийн кинезитерапи буюу хөдөлгөөний эмчилгээний аргын суурийг тавьж, эмчилгээнд нэвтрүүлсэн юм. Хөдөлгөөний эмчилгээний арга нь уламжлалт эмчилгээний арга буюу олон нийтэд өргөн тархсан эмчилгээний аргуудаас онолын хувьд өөр, ялгаатай байдаг.

Бубновский эмчийн хөдөлгөөний эмчилгээний онолын суурь нь булчин гэж юу вэ, булчин хүний бие махбодид ямар үүрэгтэй вэ гэдгээс эхэлнэ. Хүний биед 700 гаруй булчин байдаг гэж үздэг. Эдгээр булчин нь хөдөлгөөнд оролцохоос гадна хүний биеийн эд, эс эрхтэн системүүдийг хооронд нь холбодог, шим тэжээл зөөх үүрэгтэйгээс гадна бодисын солилцооны үр дүнд үүссэн хог хаягдлыг гадагшлуулж, цэвэрлэж байдаг. Аливаа хүний бие мөнхийн хөдөлгөөнд оршиж байж эрүүл байх ёстой. Хүний бие махбодь гэдэг өөрөө өөрийгөө оношилж, нөхөн сэргээдэг, эмчилдэг машин. Кинезитерапийн онолоор хүний биеийн булчинг гурван давхар болгож хуваадаг. Нэгдүгээрт, дээд давхар буюу мөрний үеийг тойрсон ба гарын булчингууд хүзүү, толгойн цусны хангамжийг хариуцаж байдаг. Хэрэв гар, мөрний үеийг ажиллуулахгүй бол хүзүү, толгой өвдөх, нүдний хараа, сонсгол, ой санамж муудах гэх мэт өвчин үүсэх шалтгаан болох нь. Хоёрдугаарт дунд давхар: хэвлийн ба нурууны булчингууд дотор эрхтнүүдийн цусан хангамжийг хариуцаж байдаг. Гуравдугаарт, доод давхар: түнхний үеийг тойрсон өгзөгний ба хөлний булчингууд бага аарцагны эрхтнүүдийн цусан хангамжийг хариуцдаг. Тухайлбал, эмэгтэй хүн хөлний болон аарцагны ёроолын булчинг ажиллуулахгүй бол эмэгтэйчүүдийн саванд миом үүсэх, дотор эрхтэн унжих, давсаг суларч, шээс задгайрах гэх мэт олон төрлийн өвчин бий болдог. Эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайны үрэвсэл, бэлгийн сулрал үүсэх нь хөлний булчингийн үйл ажиллагаатай шууд холбоотой.

-Хүн өвдсөн үедээ эм уух ёстой, бүр болохгүй бол мэс засал, хагалгаанд орох ёстой гэсэн нийтлэг ойлголттой болсон байгаа нь хэр зөв бэ?

-Ер нь бидний өдөр тутмын амьдралд хүмүүс өвчин туссан хойноо л эрүүл мэндийнхээ талаар бодож эхэлдэг нь элбэг тохиолддог. Ихэвчлэн эмчид хандаж эрүүл мэндээ эргүүлж олж авахыг хичээдэг. Эмч нар мэдээж зүрхний шигдээс гэх мэт аюултай өвчний үед амь насыг чинь авардаг. Байнга эм ууж, үе үе эмнэлэгт хэвтэж, хэдэн жил амьдарч болдог. Гэхдээ ийм хүмүүст амьдралын чанар гэж байдаггүй. Амьдралын хэв маягийг өөрчлөхгүйгээр, өвчин үүссэн шалтгааныг арилгахгүйгээр хэн ч эрүүл мэндээ буцааж олж авч чаддаггүй юм шүү дээ. Таны өвдөг, нуруу өвдсөн тохиолдолд эм ууж, физик эмчилгээ хийлгэж, мэс засалд орвол түр зуур өвдөлт л намдана. Харин үүний оронд булчингаа ажиллуулж, таарсан зөв хөдөлгөөний эмчилгээг хийснээр та дахин эргээд өвдөхгүй юм. Хүмүүсийн буруу амьдралын хэв маяг болох-хөдөлгөөний дутагдал, хүчний дасгалын дутагдал болон буруу хооллолтоос болж хүний биед эхлээд бодисын солилцооны хямрал гэж өвчин үүсдэг. Бодисын солилцооны хямрал нь цаашаа даамжрахаар хортой ба хоргүй хавдар, таргалалт, цусны даралт ихсэх өвчин, судасны хана хатуурах өвчин, зүрхний шигдээс, чихрийн шижин, тулай, бамбайны өвчнүүд зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Зөв хүчний дасгал, зөв хооллолтыг хэвшил болгож чадвал эдгээр аюултай өвчнүүдээс 100 хувь урдчилан сэргийлж чадна.

-Хүмүүс бүх төрлийн өвдөлтөд ихэвчлэн юуны өмнө эм уух, тариа хийхийг урьтал болгодог. Танай онолоор хүн өвдсөн тохиолдолд дасгал хөдөлгөөн хийгээд л эрүүл болох боломжтой гэж үү?

-Яг үүн дээр уламжлалт эмчилгээнээс ялгаатай, онол маань зөрөлддөг. Кинезитерапи буюу хөдөлгөөний эмчилгээний онолоор яаралтай тусламжийн үед буюу осолд орох гэх мэт үед л эм, тариа хийхийг хүлээн зөвшөөрдөг. Хүний өвдөг өвдлөө гээд эм уух нь буруу. Яагаад вэ гэвэл эм нь түр зуур өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг. Хүний өвдөг өвдөж эхэлж байна гэдэг чинь таны бие махбодь энд асуудал үүсч байна шүү гэсэн дохиог өгч буй хэрэг. Хүний биеийг автомашинтай зүйрлэж тайлбарлая л даа. Автомашинаа унаад явж байтал дохиоллын хэсэгт “мотороо шалга” гэсэн гэрэл аслаа гэж бодъё. Мотороо өөрөө харж шалгах, эсвэл засварын төв дээр очиж шалгуулах гэх мэтээр засуулах арга бодно. Эсвэл засуулахынхаа оронд тэрхүү асаад байгаа гэрлийг өөрийн нүдэнд харагдахааргүй болгож хааж орхисноор асуудлыг бас шийдэж болно. Өөрөөр хэлбэл, машин чинь болохоо байсныг илтгэсэн дохиог зориудаар харахгүй өнгөрөөчхөж байгаа хэрэг. Тэгвэл нэг өдөр л машин чинь таг зогсоход хүрнэ. Яг үүнтэй адил толгой чинь өвдлөө эм уулаа, өвдөг өвдлөө өвчин намдаах эм уулаа. Өвдөлт байхгүй болсон ч цаад шалтгаан чинь үлдчихээд байна. Түр аргалсан эмчилгээг хийсэн ч цаад шалтгаан арилаагүй байгаа цагт нэг өдөр бүр хүндэрнэ, таг зогсоно. Үнэндээ хүн өвдөхөд эмч эмчилдэггүй, эмч танд зөвлөгөө өгч, харин та өөрөө өөрийгөө эмчилдэг. Манай төвд өнгөрсөн жил сагс тоглодог 40 настай залуу нуруундаа гэмтэл авч, хоёр сар гаруй эмнэлгээр явж, өвдөлт нь намдаагүй, тэргэнцэртэй ирсэн. Дахин хэзээ ч сагс тоглож чадахгүй, нурууны мэс засалд орох хэрэгтэй гэж түүнд эмч нар зөвлөсөн байсан. Тэгтэл манай төвд хоёр сар эмчлүүлээд хагалгаанд орох нь байтугай тэмцээндээ эргэн орж сагсаа тоглох болсон. Энэ тухай бид богино хэмжээний кино хийж сошиал хуудаснаа тавьсан. Ер нь хараад байхад нуруу нь өвдсөн хүн болгонд мэс засал хийнэ, зургаан сар хэвтрийн дэглэм барих тухай зөвлөдөг болжээ. Мэс засалд орох шаардлагагүй байхад ийм зөвлөгөөг өгч байгаа нь үнэхээр харамсалтай. Мэс засал гэдэг өөрөө бас төгс шийдэл ч биш.

-Нэг өвчний цаад учир шалтгааныг эмчлэхэд бусад өвдсөн, өвдөж болзошгүй эрхтэн системийн үйл ажиллагаа давхар хэвийн болно гэсэн үг үү?

-Энэ нь манай эмчилгээний давуу тал бөгөөд бас нэг том ялгаа нь. Орчин үеийн уламжлалт анагаах ухаан маш өндөр түвшинд хүрч хөгжсөн. Нүдний, бөөрний, элэгний гэх мэтээр төрөлжсөн өндөр нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Зүрх нь өвдсөн хүнд зүрхний эмч эм бичиж өгнө. Цусны даралт нь ихдэхэд бас даралтны эм бичиж өгнө. Бөөр, элэг, үе мөчний эмч нар бас тус тусдаа эм бичнэ. Хөл, нуруу, даралт, зүрх гэх мэт олон эрхтэн өвддөг хүн маш олон төрлийн эм уух болох нь. Олон эм уух тохиолдолд эмний харилцан үйлчлэл нь хоорондоо таардаггүй. Хөдөлгөөний эмчилгээнд явж, зөв амьдралын хэв маяг баримталж заншсанаар ууж байгаа эмнүүдийн тоо нь цөөрч яваандаа огт эм уухаа больдог.

Орчин үеийн уламжлалт анагаах ухааны онолоор хүн нэгэнт цусны даралт ихсэх өвчнөөр өвдсөн бол насан туршдаа цусны даралт тогтворжуулах эм уух ёстой гэж үздэг. Хөдөлгөөний эмчилгээний онолоор цусны даралт бол эдгэрдэг өвчин. Хүний биед байгаа 700 булчин бүгдээрээ жижигхэн, жижигхэн зүрх юм. Тэр бүгд ажиллаж цус шахаж байж цусны эргэлт хэвийн, зүрх эрүүл байдаг. 700 булчингийн ажиллагаа муудахад ганцхан зүрх нь ажиллаад байвал нэг өдөр л зүрхний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Зүрх цусыг илүү шахвал цусны даралт нь ихэснэ. Хэрэв дутуу шахвал цусны даралт унана. Цусны даралт ихтэй хүмүүсийг бүх биеийн булчинд хүчний дасгал хийлгэж, зөв амьсгалж сургахад цусны даралт яваандаа тогтворжиж, эм уух шаардлагагүй болдог. Манай төвөөр үйлчлүүлээд эдгэрч буй хүмүүсийг бид харсан, үүнийгээ баталж байгаа. Манай эмнэлэгт зүрхний шигдээс өвчний улмаас зүрхний стент буюу судас тэлэгч тавиулах гэж байсан хүн ирээд гурван сар хүчний дасгалд явж, манай эмчилгээний дүрмийг баримталснаар зүрхний эмгэг нь даамжрахгүйгээр эдгэрсэн жишээ бий. Манай эмнэлэгт ихэвчлэн архаг болон хурц өвдөлттэй, маш олон жил эмчилгээ хийлгээд голдуу найдвар нь тасарсан, аргаа барсан, мэс засалд орсон, эсвэл мэс засалд орох гэж байгаа өвчтөнүүд сүүлчийн горьдлого тээж ирдэг. Манай төвд хэрэглэгддэг дасгал бол хүчний сунгалттай дасгал юм. Эхлээд хүч гаргана, эргүүлээд тавихаар төхөөрөмж өөрийг чинь татна. Өөрөөр хэлбэл, булчинг бүрэн далайцаар нь ажиллуулж чадна. Мэдээж хөдөлгөөний эмчилгээний тоног төхөөрөмжүүд фитнессийн болон бусад тоног төхөөрөмжөөс эмчилгээний зориулалттай гэдгээрээ ялгаатай. Ид шидтэй гэмээр тохиолдол маш олон гарсан байдаг. Тухайлбал, хавдрын хүнд шатандаа байсан хүн хөдөлгөөний эмчилгээнд явснаар эдгэрдэггүй гэх хавдар өвчнөөс бүрэн салсан жишээ Орост байдаг.

-Өвлийн улиралд хүүхдүүд ханиад томуу маш их тусдаг. Тэр болгонд антибиотик гэх мэт эм өгч эдгээхээс өөр аргагүй болдог. Ийм тохиолдолд эмгүйгээр төсөөлөхөд бас бэрх?

-Хүүхэд болгон ханиад хүрэх ёстой байдаг юм аа. Жилд 5-6 удаа ханиад хүрэх нь зүйн хэрэг. Хүүхдийн дархлаа нь ханиадыг дараад явах ёстой. Хэрэв дархлаа сайн буюу хүйтэн усаар биеэ чийрэгжүүлдэг, нүүрс ус багатай, өөх тос ихтэй, илчлэг ихтэй зөв хоолны хэв маягтай, гурил чихэр иддэггүй, суурь булчингуудаа хөгжүүлсэн байгаа бол ханиадыг ер тоохгүй. Ханиадыг эмчилсэн ч бай, үгүй ч бай арав хоногийн дотор л эдгэрэх ёстой. Нэгэнт та хүүхдийн эрүүл мэндтэй холботоотой асуулт тавьсан учраас нэмээд ганц, хоёр зүйл хэлье. Манай эцэг эхчүүд хүүхдээ эрдэм боловсролтой хүн болгох тал дээр илүү их анхаарч, бие махбодийн хөгжил дээр дутмаг хандаж буй нь ажиглагдаж байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Эрүүл биетэй хүн саруул ухаантай байдаг. Гэтэл одооны хүүхдүүд технологийн хөгжлийг дагаад компьютер, утаснаас салахаа больсноос үүдэн булчин шөрмөсний хөгжил дорой, булчингийн хөгжил нь ясны хөгжлөө гүйцэхгүй, нуруу нь бөгтөр, хазайлттай болох тохиолдол элбэг байна. Дунд сргуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг ч үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад хүүхдүүдийг биеийн тамирын хичээлд долоо хоногт 2-3 удаа хамруулдаг.

-Амьдралын зөв хэв маягийг онолын хүрээнд юу гэж тодорхойлж байна вэ?

-Манай кинезитерапи онолоор нэгдүгээрт, зөв хөдөлгөөн, хоёрдугаарт зөв амьсгал, гуравдугаарт хүйтэн усан чийрэгжүүлэлт чухал гэж үздэг. Мэдээж зөв хэв маягт зөв хооллолт багтана. Хүн зөв хоол идэхгүйгээр, хүчний дасгал хийхгүйгээр хүйтэн усанд орохгүйгээр амьдарч чадахгүй болж буйг зөв хэв маяг гэж хэлнэ. Зөв хоолыг товчхондоо тодорхойлоход нүүрс ус багатай, амьтны гаралтай дотроо бэлчээрийн малын өөх тос, ногоо идэх юм. Хориглодог үндсэн хэдхэн зүйл бий. Гурил, чихэр, төмс, цагаан будаа гэх мэт. Гурил, чихэр гэх мэт нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд их хэрэглэхэд хүний биед илүү гарсан глюкозыг гликоген болгож хадгалж байдаг. Энэ нь дархлааг дарангуйлдаг гэдгийг эртэмтэд тогтоосон. Монголд хавдар өвчин их байгаагийн шалтгааны нэг нь гурил. Харин өөхтэй мах гэдэг бол эм. Мах муу гэдэг ойлголт нь монголын бэлчээрийн махыг хэлж байгаа юм биш. Өөхтэй мах муу гэж хэрэв тодорхойлсон байгаа бол тэжээмэл, фермийн махыг хэлж байгаа юм. Бас сэтгэл санааны эрч хүч, итгэл үнэмшил чухал. Хүний бие өчнөөн тэрбум эсээс тогтдог. Өдөр болгон нийт эсийн арав хувь нь үхэж, шинээр арав хувь нь ургаж төлжиж байдаг. Шинээр ургаж байгаа эсэд хорт хавдрын эс гэж заавал байдаг. Тэрхүү хавдрын эсийг бидний биеийг хариуцаж буй есөн сая дархлааны эс ялгаж таниад устгаж байх ёстой. Гэтэл гликоген цагаан эсийн нүдийг хааснаас хавдрын эсийг ялгаж танихаа болиход хорт хавдрын эс амжиж үржин олон болж сүүлдээ дийлдэхээ больдог. Мөн дархлаа муудахаар өөрийн эрүүл эд эс рүүгээ довтолж үе мөчний өвчин үүсгэнэ, хүний биед онцын хоргүй ургамлын тоос зэрэг рүү довтолж харшил үүсгэнэ. Дархлааг зөвхөн хүйтэн усаар сайжруулдаг гэж үздэг. Халуун бүлээн усанд орсны дараа 25-хан секундын туршид хүйтэн усаар (цельсийн нэмэх 5-10 градусын дулаантай) толгойноос эхлээд хөлийн ул хүртлээ шүрших буюу онгоцтой усанд бүх биеэрээ таван секундын хугацаанд булхахад хангалттай. Наад зах нь гар, нүүрээ угаасан ч хүйтэн усаар дуусгаж бай гэж зөвлөдөг. “Яаж эрүүл болох вэ, яаж эрүүл мэндээ удаан хадгалах вэ?”. Энэ бол хүн төрөлхтний мөнхийн асуулт. Гэтэл үүнийг дагаад маш олон төрлийн бизнес цэцэглэн хөгждөг. Тухайлбал, биологийн идэвхит бэлдмэл байна. Химийн аргаар гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүн яавч зөв зүйтэй зүйл биш.

Манай төвийн хамт олон аль болох олон хүнд бие махбодио ойлгож, мэдэрч сурахад нь тусалж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг түгээхийн төлөө чармайн ажиллаж байна. Бубновский эмчийн хэлсэн нэг үг байдаг. Хүн бүх зүйлд зохих төлбөрөө төлдөг. Амьдралын буруу хэв маягтай, буруу хооллолт, хөдөлгөөн хийхгүй байгаад байх юм бол эргээд л төлбөрөө төлнө. Харамсалтай нь манай улсад сүүлийн үед хорт хавдар өвчин улам залуужиж, чихрийн шижин, цус харвалтаар нас барах эрсдэл улам нэмэгдсээр байна. Бидний хувьд бол эмний импортыг багасгаж, эрүүл монгол хүнийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа маань улс нийгэмдээ оруулах хамгийн чухал хувь нэмэр юм даа.

-Ингэхэд Та доктор Бубновскийн төвийг Монголд нээх болсон түүхээсээ хуваалцаач, Бубносвкийн төв нийт хэчнээн салбартай вэ, Үүсгэн байгуулснаас хойш ямар хугацаа өнгөрч байна вэ?

-Би өөрөө нүдний эмч хүн. Миний хобби сагс тоглох. Орост анагаахын дээдэд суралцаж байхдаа сургуулийнхаа сагсны шигшээ багт нь тоглодог байлаа. Нэг өдөр сагс тоглож байгаад өвдгөө гэмтээсэн. Өвдөгний үенд маань цус хурж, хурц өвдөлттэй эмчид үзүүлсэн чинь цусыг нь соруулж авсан нь дээр гэж зөвлөсөн. Тэгээд би өөр эмчилгээний арга байдаг юм болов уу гэж орос хэл дээр өвдөгний гэмтлийн тухай мэдээлэл хайж байгаад С.М.Бубновскийн “Өвдөг өвдвөл яах вэ?” номыг олж уншаад өвдөгний өвдөлтийн үед зайлшгүй хийг 12 дасгалыг туршсан. Надад зориулалтын тоног төхөөрөмж байхгүй байсан учраас паарнаас метр гаруй урттай резин уяж байгаад дасгалаа хийсэн. Зааврын дагуу мөсөн жин тавьсан. Маргааш өглөө нь өвдөгний үенд хуримтлагдсан цус шимэгдэж өвдөлт намдсан байсан. Би ч тухайн үед хэвтэрт орчихсон байсан. Ингээд хэд хоногийн дотор хөл дээрээ босчихсон, улмаар буцаад сагсаа тоглосон. Тэгээд би энэ маш зөв зүйтэй арга юм байна гэдгийг өөр дээрээ мэдрээд нуруун болон зүрх судасны өвдөлтийн үед хэрхэх ёстой вэ гэдгийг сонирхон судлах болсон. Цаашлаад холбоо тогтоож, Монголд франчайзингийн эрхийн дагуу оруулж ирсэн. Монголд дахиад дөрвөн ч төв нээх эрхтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 120 гаруй төв ажиллаж байна. Анх 30 гаруй жилийн өмнө батлагдсан онол.

-Таны аав анагаах ухааны доктор, профессор, хүүхдийн эмч Д.Агваандорж гуайг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Та удам дамжиж эмч мэргэжлийг эзэмшив үү?

-Миний аав, ээж хоёулаа эмч. Аав маань хүүхдийн эмч гэдгээрээ овоглогдсон, Анагаахын их сургуульд багшаар ажиллаж олон шавь бэлдсэн. Аав, ээж хоёр маань эмч учраас нөлөөлсөн ч байж магадгүй, би сонирхлынхоо дагуу эмч болсон.

-Доктор, профессор Бубновскийн өөрийнх нь түүх бас их учир утгатай юм билээ. Тэрээр өөрөө хүнд өвдөж өөрийгөө эмчлэхээс эхэлж энэхүү хөдөлгөөн заслын аргыг нээсэн гэв үү?

-Бубновский 22 насандаа цэргийн алба хааж байхдаа автомашины осолд орж, бүсэлхийнээсээ доош хүнд бэртэл авч, 20 гаруй хоног ухаангүй, клиникийн үхэлд орж байсан гэдэг. Олон жилийн турш суга таягтай явж, олон удаа мэс засалд орж байсан. Тухайн үед, дээд боловсролтой байсан ч гэсэн анагаахын дээд сургуульд суралцаж, эмч мэргэжлийг эзэмшсэн. Тэнд суралцаж байхдаа энэ анагаах ухаан нь хүний амь насыг авардаг, өвдөлтийн шинж тэмдгүүдийг эмээр дардаг, харин эрүүл мэндийг сэргээх тухай хуулиудыг судалдаггүй болохыг мэдэж, үүн дээр ажиллаж эхэлсэн гэдэг. Бас хажуугаар нь бие хамгаалах урлаг, иог, тулааны урлаг гэх мэт бүхнийг судалж, энэхүү аргыг нээж, өөрийгөө эмчилсэн. Хэзээ ч хөл дээрээ явж чадахгүй, гэр бүл зохиож чадахгүй гэсэн эмч нарын үгийг сонсч байсан Бубновский эмч таван хүүхэдтэй болсон бөгөөд нэг хөлийнхөө түнхний үеийг солиулсан ч эрүүл саруул хөл дээрээ явж байна.

-Эмч хүний хувьд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд аюултай, анхаарууштай ямар дохио харагдаж байна гэж хэлэх вэ?

-Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь бодисын солилцооны хямралтай байна. Цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, чихрийн шижин, тулай, таргалалт, харшил гэх мэт өвчин монголын хүн амыг хядаж байна. Хэд алхаад л нуруу, хөл нь өвдсөн хүнтэй таарч байна. Хүн 10-20 кг илүүдэл жинг үүрч явсаар нэг өдөр түүнийгээ дийлэхээ больж нуруу, өвдөг нь өвддөг. Гэтэл илүүдэл тэрхүү 20 кг-ийг авч хаяхын оронд өвдөгний мэс засал хийх аргыг сонгодог. Хүн эрүүл, чанартай өтлөх тухай бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид өтлөх насандаа эрүүл мэндээ бэлтгэх ёстой. Нас гэдэг бол тоо. Гэтэл хөгшрөхөөр заавал нуруу, өвдөг өвдөж хагалгаанд орох ёстой болдог юм биш шүү дээ. Монголд амьдрал ийм л байна. Цаад шалтгаанаа эмчлэхгүй байгаад байна гэдгийг хэлэх байна. Доктор Бубновский нэгэнтээ “Хүн өөрөө өөрийнхөө биеийг ойлгоод, амьдралынхаа хэв маягийг өөрчилж, дасгал хийдэг, зөв хоол иддэг, хүйтэн усанд ордог болчих юм бол тэр хүний ажил нь шууд бүтэж эхэлнэ” гэсэн байдаг. Та эрүүл, чанартай урт насалмаар байна уу гэсэн асуултад бүх хүн “Би эрүүл, урт насалмаар байна” гэдэг. Хүний асрамжинд биш чанартай, эрүүл саруул урт наслах уу, үгүй юу гэдэг таны өөрийн чинь гарт байна. Та бүхэнд эрүүл мэндийг хүсье.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Б.ОДМАА


Сэтгэгдэл байхгүй байна