• Эхлэл
  • Бэлгийн харилцаа бол хоёр хүн уулзахаараа л хийдэг ажил биш

Бэлгийн харилцаа бол хоёр хүн уулзахаараа л хийдэг ажил биш

2019/02/27

“Бундан зүрх” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Ш.Булгантай ярилцлаа.

-Та эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Би 2000 онд төгссөнөөсөө хойш тасралтгүй эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөө орон нутаг, улсын эмнэлэгт ажиллалаа. Хувийн салбарт шилжээд гурван жил болоод байна.

-Танай эмнэлэг дан эмэгтэйчүүдэд чиглэдэггүй гэсэн үг үү?

-Манай анагаах ухаанд нэг алдаатай зүйл байдаг. Эмэгтэйчүүдийн эмч гээд тусдаа, давсаг бөөрний, шулуун гэдэс үздэг гээд салангид ажилладаг. Гэтэл энэ эрхтнүүд бүгдээрээ бага аарцгийн хөндийд байрладаг. Хавсарсан эмчилгээ хийх ёстой байтал тийшээ оч, ийшээ оч гээд нэг талаар эмчлүүлэгчийг чирэгдүүлэх болдог.

-Тиймээс гэр бүлд буюу хосуудад чиглэсэн байдлаар ажиллаж байна уу?

-Миний хэрэгжүүлье гэж боддог зүйлүүдийн маань нэг нь энэ. Яагаад гэвэл охид анх жирэмсэн болоод нөхөртэйгөө ирдэг. Харин нөхөр нь хувцсыг нь бариад гадаа хүлээгээд сууж байдаг үйлчилгээг манайхан үзүүлсээр ирсэн. Харин ч энэ хоёр хүн хамт суугаад зөвлөгөөгөө авах ёстой. Зарим өвчинд нөхөртэйгөө хамт уугаарай гээд эм бичээд байдаг. Гэтэл тэд хамтдаа сонсоод асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Жишээ нь жирэмсэн эмэгтэйн зөвлөгөөг нөхөртэй нь хамт суулгаж байгаад өгөх ёстой. Жирэмсэн эхнэртээ нөхөр нь яаж туслахаа мэдэхгүй байх нь олон. Мөн ганцаараа асууж мэдээд ч нөгөө хүн нь итгэхгүй, нөлөөлөхгүй байх асуултууд байдаг. Жишээ нь жирэмсэн болохоор бэлгийн харьцаа хийж болох юм уу, үгүй юм уу гээд асуулт гардагт хамтад нь хариулна.

-Энэ асуултыг их асуудаг гэсэн. Та юу гэж зөвлөдөг вэ?

-Зулбах аюултай шинж тэмдэг илэрвэл гэх зэргээр эмчийн заалтаар хийж болохгүй хугацаа байна. Тийм биш бол жирэмсний хугацаанд хосуудад бэлгийн харьцаанд орж болохгүй гэсэн заалт байхгүй. Төрсний дараа гэхэд л эмч нар “болохгүй, болохгүй” гээд нэг их урт хугацаа заачихдаг. Тэгвэл хүмүүсийн амьдралд ойрхон, хэрэгжиж болох зөвлөгөө өгөхийг хичээдэг. Хүний бие махбод цаанаасаа зохилдолгоотой. Түүнийх нь эсрэг тэгж ингэж болохгүй гээд хориглох нь харин ч сөрөг үр дагаварт хүргэнэ.

-Танд ханддаг хүмүүст хамгийн их тулгардаг асуудал нь юу байна вэ?

-Уг нь эмэгтэйчүүдийн эмч болгон охидод үнэгүй зөвлөгөө өгч байх учиртай. Охид мэдлэг мэдээлэл муутайгаас болоод хүсээгүй жирэмслэх тохиолдлууд байдаг. Зарим нь бараг хүчиндүүлснээ ч ойлгоогүй явж байх жишээтэй. Зарим нь бэлгийн харьцаанд орж мэдэхгүй хэрнээ янз бүрийн халдвар авчихдаг. Энэ болгонд жигшүүлэх биш эмчлээд дахин алдаж эндэхээс нь хамгаалах гэдэг дээр л ажиллана.

Дараагийн асуудал бол эмэгтэйчүүдийн “Шийдээгүй жирэмслэлт”. Надад үзүүлж байгаа хүмүүсийн тал хувь нь “Би төрье” гэсэн шийдвэрээ гаргаагүй жирэмсэлсэн гэж хэлж болно. “Энэ хүүхдийг гаргах уу, болих уу?” гэдэг шийдвэрээ эцэслэхээр эмчид хандаж байна гэсэн үг л дээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн эргэлзээд байгаа шалтгаан нь юу байдаг вэ?

-Оюутан, саяхан ажилд орсон, орон байргүй, ажилгүй байгаа гэх мэт цаашлаад амьжиргааны түвшинтэй л холбоотой. Гэтэл эдгээр эмэгтэйчүүд маань эрүүл саруул бие махбодьтой, яг сайхан хүүхэд төрүүлэх насны бүсгүйчүүд байдаг. Харин хүсч жирэмсэн болоод ирж байгаа эмэгтэйчүүдэд тулгараад буй асуудал нь ураг тогтохгүй, зулбах гэх зэрэг аюул бий.

Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байна. Агаарын бохирдол мэдээж маш ихээр нөлөөлнө. Эргэн тойрны цахим сүлжээний нөлөөлөл, дуу чимээ гээд эрүүл бус орчин тэр чигтээ л нөлөөлж байгаа нь мэдээж. Өвлийн утаа л зөвхөн жирэмсэн эмэгтэйд нөлөөлөөд байгаа юм биш. Үнэндээ зун ч гэсэн агаарын бохирдолтой орчинд бид амьдарч байна.

-Та жирэмсэн үед бэлгийн харьцааг зөвшөөрдөг талаар ярьсан. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Бэлгийн харьцаа бол жирэмсэллээ гээд хоригдох зүйл биш. Харин ч хийснээрээ зулбалтын эсрэг нөлөөтэй байж болно. Яагаад гэвэл эрэгтэй хүний үрийн шингэнд уураг болон бусад элементүүд агуулагддаг. Энэ бодисууд нь умайг тайвшруулах үйлчилгээтэй. Эмэгтэйн умайн тайван биш, чангаралтай байх үед эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Хосууд эмч нараас үүнийг асууж чаддаггүй. Өмнө нь болохгүй гэсэн үзэл бодол сууснаас болдог байх. Үүнийг хосууд мэдрэмжээрээ шийдэж чадна. Мэдээж зулбах эрсдэлтэй, цочролтой үед харьцааг тодорхой хугацаагаар хорино. Бусад тохиолдолд чөлөөтэй. Хоёулаа хамт ийм мэдээллийг сонсож байх хэрэгтэй.

-Хувийн эмнэлгүүд мөнгөний төлөө үр хөндөлтийг маш ихээр хийдэг гэсэн яриа байдаг. Ямар тохиолдолд үр хөндөлтийг зөвшөөрдөг вэ?

-Эрүүл мэндийн тухай хуульд нас биед хүрсэн хүн жирэмслэлтээ өөрөө шийдэхээр заасан байдаг. Үр хөндөлтийг 12 долоо хоногоос дээш хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн эмнэлгийн заалтаар 12 долоо хоногоос дээш онцгой тохиолдолд ургийг тасалж болдог. Эмч нарыг буруутгахаасаа илүү хуульдаа хүн өөрөө шийднэ гээд заачихсан улс бол манайх. Эмэгтэйчүүдийн эмч нарын ажил үүргийнх нь хүрээнд энэ мэс ажилбарыг хийж болохоор тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл эрхтэй гэсэн үг л дээ. Ингэж хэллээ гээд дэмжиж байгаа гэсэн үг биш. Үр хөндөлтийг улсын томоохон эмнэлгүүдэд болон хажуудаа хэвтэн эмчлүүлэх ортой буюу мэс заслын эмнэлгүүдэд зөвшөөрдөг гэдгийг хүмүүс мэдэж аваасай.

-Танд болон танай эмнэлэгт үр хөндүүлэхээр ханддаг уу, та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Дээр хэлсэн хууль дүрмээрээ бол манай эмнэлэг хийхгүй. Харин манай хүмүүс үүнийгээ мэддэггүй учраас ханддаг гэдгийг нуумааргүй байна. Би БНСУ-ын Ионсей Анагаах ухааны төвийн Severance эмнэлэгт үргүйдлээр, Франц улсын Монтпеллиер хотод эмэгтэйчүүдийн шээс задгайрал болон секслоги чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тийм учраас жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны ямар хэцүү байдалтай байдгийг сайн мэддэг хүний хувьд нэг ч гэсэн эмэгтэй үр хүүхэдтэй болж төрж байгаасай л гэж хүсдэг. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүл бүгдээрээ сэтгэлийн тамтай амьдардаг.

-Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин ихсэж байна гэсэн яриа байдаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бэлгийн замын халдварт өвчин судалгаанд дурдагдаад байгаагаас их байгаа. Энэ судалгааны үндсэн тоо баримтыг улсын эмнэлгүүдээс авч нэгтгэдэг байх. Гэтэл хувийн эмнэлгүүдээр энэ хүмүүс ирдэг. Яагаад гэвэл улсын олон хүнтэй эмнэлгүүдээр бичиг цаас болоод явахгүй шүү дээ. Тиймээс энэ тоо дарагдаж байгаа. Ерөнхий тохиолдлоороо ихсэж байгаа нь үнэн. Харин өвөрмөц үүсгэгчтэй бэлгийн замын халдварууд буюу тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, нарийвчилсан шинжилгээгээр оношлогддог хүний хөхөнцөр вирус, бэлгийн хомхой зэрэг өвчнүүд бол маш их байна. Миний өдрийн үзлэгийн бараг тал хувь нь иймэрхүү асуудалтай үйлчлүүлэгч ирдэг. Ер нь бэлгийн замын халдварыг нэг талаасаа нийгмийн халдварт өвчин гэдэг. Социализмын үед бараг устгаад дарж чадсан халдварууд дахин дэлгэрээд байгаа нь “Асуудал” шүү. Жирэмсний хяналтад орж байгаа хүмүүсээс тэмбүү илэрнэ гэдэг чинь жинхэнэ аюул.

-Бэлгийн боловсролыг хэзээ, хэрхэн хүмүүст хүргэвэл үр дүнтэй вэ?

-Хүн ухаан орох цагаасаа л эсрэг хүйсний хүн өөрөөс нь өөр байгааг таньж мэддэг. Тэр үед нь манайхан зөв мэдээлэл өгч чаддаггүй ичмээр, аймаар, зохисгүй юм шиг ойлголт өгчихдөг. “Ээж ээ, би хаанаас төрсөн юм бэ?” гэж асуух үед нь л хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохируулаад үнэн мэдээллийг хэлэх ёстой. Үнсэлцвэл жирэмсэн болдог гэсэн ойлголт өгдөг буруу, мунхаг байдлаасаа одоо салах цаг болсон. Ийм мэдээлэлтэй өссөн хүүхэд хожмоо алдаа гаргана. Зөв ойлголт аваад бие биеэ хүндлээд сурчихад маш олон асуудал цэгцэрнэ. Дунд сургуульд уг нь Эрүүл мэндийн боловсрол 1,2 гээд сурах бичигтэй, орох цагууд байдаг. Гэтэл тэр хичээлийг ангийн ажлын “Хэрүүл хийх цаг” болгочихсон газар ч байна.

-Гэр бүлийн аливаа асуудалд эмэгтэй хүнийг буруутгах, эмэгтэй хүн хохирогч болох хандлага маш их байсан. Энэ хандлага хэр өөрчлөгдөж байгаа вэ?

-Сайн өөрчлөгдөхгүй байна. Манай эмэгтэйчүүдэд ч буруу ойлголт байсаар байна. Эмэгтэйчүүд маань янз бүрийн шалтгаанаар үрэвсэлтэй болдог. Түүнийгээ мэдэхгүйгээр “Манай нөхөр л надад өвчин авчраад өгчихлөө” гээд үл ойлголцол үүсгэж, хэрүүл шуугиан хийх ч юм уу салалтад хүрсэн тохиолдол ч байна. Хосууд жаахан хол хугацааны дараа харьцаанд орохоор өмнөхөөсөө арай өөр юм шиг мэдрэмж төрөнгүүт бие биеэ сэжиглээд эхэлдэг. Эсвэл надад ямар ч бэлгийн харьцаа байхгүй юм чинь юу ч байхгүй гэж ойлгодог. Гэтэл тэр хүн амьд бие учраас улайлт, шарх, үрэвсэл үүсчихсэн явдаг.

Мөн энд тэндээс сонссон буруу дадал хэвшлийг баримталдаг. Бэлэг эрхтнээ угаахгүй байх нь сайн гэсэн гэх мэт. Тэнд ялгадасны бактери үтрээ рүү ороод үрэвслүүлэхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглээд байвал ариун цэвэр сахичих юм шиг ойлгоод байдаг. Байнга ийм хэрэгсэл хийснээрээ агааргүйдэж нян бактери үржих харин ч таатай нөхцлийг бий болгодог. Энэ бүхэнд би өвчин авчихлаа гээд бусдаас буруугаа хайгаад яваад байж болохгүй. Энэ бол хүний зөв дадал хэвшил, мэдлэг мэдээлэлтэй л холбоотой зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг зүйл. Эрэгтэй хүмүүсийн хувьд гэвэл бэлгийн ариун цэврийг сахихдаа маруухан.

-Хосуудын харьцаанд гардаг гол бэрхшээлүүд юу байдаг вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ?

-Хосуудын хувьд сексээс авах таашаалын асуудал хамгийн чухал нь байдаг. Гэр бүл мөртлөө түүнийгээ хоёулхнаа яриад шийдчих юмыг нуугаад, тээгээд яваад байдаг. Манай эмэгтэйчүүд нөхөр нь өөр шинэ үйлдэл сонирхоод турших гэхээр “Хаанаас, юу сурчихав” гээд шүүмжлээд эхэлдэг. Шинэ үйлдлийг гаж, буруу, муухай гэж эхлээд хүлээж авдаг. Өвчин биш үл ойлголцол байгаа бол эмч үүнийг ярихаасаа илүү хоорондоо л ярилцах хэрэгтэй.

Бэлгийн харьцаа хамгийн нэгдүгээрт биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд сайн. Дархлааг дэмждэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бэлгийн харьцааг хүссэнээрээ дуртай, донтой юм бас биш. Энэ бол эрүүл хүний л хийдэг үйлдэл. Зарим хүмүүс бэлгийн харьцаанаас эрсдэл авахаасаа айх эсвэл ганц бие байж садар самуун явдалтай болж харагдах вий гэж ичдэг. Харьцаагүй яваад байж болно. Гэхдээ өөртөө болж байгаа юм шиг байвч мэдрэлийн гаралтай өвчинд өртөмтгий болно. Манай эмэгтэйчүүд их ядардаг, өвчлөмтгий байгаа нь зарим талаараа үүнтэй холбоотой. Ганц биеэрээ яваад байвал сэтгэл гэдэг эрхтэн биеэсээ илүү өвддөг. Ер нь бэлгийн харьцаа гэдэг бол хоёр хүнийг маш гүнзгий ойртуулдаг мэдрэмж. Түүнээс биш гэрлэчихсэн хүмүүсийн хийж байдаг ажил биш, хоёр хүн уулзахаараа л хийдэг ажил биш шүү дээ. Бэлгийн харьцаанд орсноороо амьдралын янз бүрийн зовиур шаналгаанаасаа салдаг. Эмэгтэй хүн гэхээрээ ямар ч санаачлагагүй, оролдлогогүй зүгээр л байж байх ёстой гэсэн ойлголт буруу. Эрэгтэй хүн л хүсэхээрээ хүслээ дарж байдаг тийм юм гэж ч үгүй. Бэлгийн харьцаандаа ач холбогдол өгч шинээр сурч мэдэж байж гэр бүл бат бөх байна. Хосууд гадаад талаасаа хүнд харагдах байдалдаа анхаардаг мөртлөө гэр бүл бат бөх байх хэн ч шоолохгүй, хэн ч муулахгүй нандин харилцаагаа хаяад үнэгүйдүүлээд байдаг.

-Хосын харилцаа хайр дээр тогтдог, секс дээр тогтдог гэх яриа байдаг. Эмч хүний хувьд үүнийг юу гэж үздэг вэ?

-Секс бол гэр бүлийн харилцаанд 50-аас дээш хувийг заавал эзэлдэг. Үүнийг судалгаагаар тогтоох хэцүү ч бодит амьдрал дээр ийм л байна.

-Дунд насны эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийг наашлуулах тал байдаг уу?

-Цэвэршилт бол дааврын өөрчлөлтөд орж байгаа үйл явц. Эмэгтэй хүн жирэмслэхгүй л болохоос биш дур хүсэл буурах гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Харин ч бүр цэвэршилтийн нас эхэлвэл өндгөвчнийхөө үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Амьдралын чинь дараагийн үе эхэлж байгааг хүлээн зөвшөөрч чаддаггүй “Би эмэгтэй хүн биш болчихлоо” бараг л “Би эр хүнээр яах вэ” гэж боддог. Бие цогцсоороо энэ дааврын өөрчлөлтийн үеэ зовиур шаналгаагүй л өнгөрөөх ёстой. Эрт цэвэршмээргүй байна гээд байгаа эмэгтэйчүүд гэр бүл, бэлгийн харьцаа, сэтгэл санааныхаа бүтэн байдалдаа л анхаар. Цэвэршилт 5-10 жилийн үйл явцтай өөрчлөлт. Тиймээс эмэгтэйчүүд өөрийгөө тордож байх нь чухал.

-Жирэмслэлтээс хамгаалдаг хамгийн хортой арга юу вэ?

-Өндгөвчний үйл ажиллагаагаа дэмжих биш дарангуйлах арга хэрэглээд байдаг. Жишээ нь 72 цагийн эм уудаг. Энэ бол ухамсарт хүний сонгох арга хэрэгсэл биш. Ийм эмийг ууж байгаа нь өндгөвчөө буудаж байгаатай л адил. Өнчин тархи өндгөвчөө удирддаг. Гэтэл байнгын “Цэвэршчихвэл яана аа” гэсэн айдастай байвал өндгөвчний үйл ажиллагаа муу л байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа муу байлгаад байвал өндгөвчний үйл ажиллагаа муудна. Дэлхийн дайны жилүүдэд эмэгтэйчүүдийн сарын юм ирэхээ байчихсан гэсэн судалгаа байдаг.

-Эрчүүд эрт бэлгийн сулралд их өртөж байна гэдэг яриа байдаг. Энэ ортой юу. Ортой бол ямар шалтгаантай вэ?

-Манай эрчүүдийн нэг алдаа байдаг. Бэлгийн харьцааг нь муу гэж хэлж болохгүй. Сайн, сайн л гээд байдаг нь өөртөө л өгсөн үнэлэлт. Гэтэл байгалиасаа эрэгтэй хүний бэлгийн дааврын хэмжээ 40 наснаас хойш буурч байдаг. Энэ үеэсээ дэмжих нэмэлт амин дэмүүд хэрэглэх ёстой. Сүүлийн үед “Хурдан дур тавилт” гэдэг бараг эмгэг шинжтэй үзэгдэл их байна. Гадны хүчин зүйлсээс гадна архи, тамхи зэрэг буруу хэрэглээнүүд их нөлөөлдөг. Ялангуяа хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ бол эрэгтэй хүнд шууд нөлөөлнө. Эрчүүд маань асуудлаа дандаа дотроо шийдэж зангирч явдаг хүмүүс шүү дээ. Тэгж тэгж байгаад агсам согтуу тавьж байж нэг гаргадаг хүмүүс ч бий. Мөн зөв дадлуудыг өөртөө хэвшүүлснээр таны бэлгийн амьдрал сайн байна. Үүнд илүүдэл жингүй байх нь чухал.

-Бие даагаад эмнэлэг ажиллуулахад ямар хүндрэл бэрхшээлүүдтэй тулж байна вэ?

-Хувийн эмнэлэг ихсээд байна гээд тогтцолцоо нь хувийн жижиг эмнэлгүүдээ гадуурхах шинжтэй байдаг. Тэртэй тэргүй олон хууль дүрэм, шалтгалт, стандартын дор ажиллаж улсын эмнэлгийн ачааллаас хөнгөрүүлж л байгаа хувийн эмнэлгүүд. Хамгийн гол нь хувийн эмнэлгүүд асуудал гаргалаа гэхэд нуун дарагдуулах биш дээгүүр зэрэглэлийн эмнэлэг рүү шилжүүлэх эрхтэй гэх мэтээр зөв чиглүүлэх дэмжлэг хэрэгтэй. Улсаас ирж буй шалгалтууд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх биш алдаа дутагдал илрүүлэх яллах байгууллага шиг л ажилладаг даа. Гэтэл сүүлийн үед гоо сайхны салонууд эмнэлгийн үйлчилгээ үзүүлээд байна. Эзэн нь эмч, үйлчилгээ үзүүлж байгаа хүн нь иллэг хийдэг хүүхэд байх жишээтэй. Энэ бол аймшиг. Тийм газрууд “Эрчүүдийг үтрээгээрээ базна” гэдэг реклам явуулах жишээтэй. Энэ юу гэсэн үг юм бэ?

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Сэтгүүлч А.Мөнхжин 


Сэтгэгдэл байхгүй байна