• Эхлэл
  • Д.Оросоо: Ц.Нямдоржийг огцруулах хангалттай шалтгаан бий

Д.Оросоо: Ц.Нямдоржийг огцруулах хангалттай шалтгаан бий

2019/03/01

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр байранд шүүгч амиа алдсан хэрэг олны анхаарлыг татаж байгаа. Энэ талаар хуульч Д.Оросоогоос дараах зүйлсийг тодруулсан юм.

-Төрийн хамгаалалтад байсан сэжигтэн амиа алдсан хэрэг нийгмийг цочроож байна. АТГ-аас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан гэж мэдээлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-“Мөрдөн байцаалтын нууц” гээд тухайн хүнийг баривчлах, саатуулах шалтгаан, нөхцөл, баримт мэдээллээ хэлдэггүй. Зайлшгүй саатуулах шалтгаан мөн үү гэдгийг өмгөөлөгчид танилцуулдаггүй, зүгээр нэг мөрдөгч, прокурорын хардлага, таамгаар хорьдог үзэгдэл байна. Үүнийг болих хэрэгтэй. Сэжигтний өмгөөлөгч баримт сэлттэй танилцаад, нууцлалыг чандлан хадгалах гарын үсэг зурдаг жишиг тогтоомоор байна.

-Талийгаачийг заавал цагдан хорих үндэслэл байсан юм болов уу?

-Хэргийн нөхцөл байдал ямар байгааг би хэлж мэдэхгүй байна. Ер нь социалист нийгэмд иргэнийг хардаж, сэрддэг саатуулж шалгадаг тогтолцоо байсан. Шинэ эрүүгийн хуулийн үзэл санаа бол иргэнийг хардаж сэрдэхээс илүү эрх чөлөөг нь хангах ёстой гэдэгт ач холбогдол өгдөг. Тэгэхээр тухайн сэжигтэнг заавал цагдан хорих, саатуулах албагүй. Тодорхой хүмүүстэй уулзахыг нь хорих гэх мэт тодорхой хязгаарлалт тогтоож байгаад гэр орныг нь нэгждэг, байцаадаг, гэм бурууг нь тогтоох арга хэмжээ авч болно шүү дээ. Цагдан хорино гэдэг бол тухайн хүний сэтгэл санаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм болохоор бид өнөөдрийн хурлаар хуулийн байгууллага цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг юм аа хэрэглэхээс аль болох татгалзаач гэж уриалж байгаа юм.

-Үүнээс өмнө төрийн албан хаагч ажлын байрандаа амиа алдсан, гэмтэж бэртсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ талаар хууль зүйн яамнаас олон нийтэд үнэн бодитой мэдээллийг өгч байх ёстой. Монгол Улсад Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх маш ноцтой зөрчигддөг болчихлоо. Ялангуяа төрийн байгууллагад, төрийн хяналттай обьектод ийм хэргүүд гараад байгаа нь анхаарал татаж байна. Нэг талаасаа төр иргэнийхээ үндсэн эрхийг зөрчдөг, ийм нөхцөлийг бүрдүүлдэг байгууллага болж таарлаа. Зам тээврийн яамны өндөр албан тушаалтан амь насаа алдсан, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга ажлын байран дээрээ халдлагад өртсөн, цэргийн албан хаагч амь насаа алдсан гэх мэт. Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр, төр хүний амьд явах, халдашгүй байх эрхийг зөрчдөг субьект болж, ийм нөхцөлийг бүдүүлээд байна. Тийм болохоор энэ асуудал дээр зайлшгүй анхаарч бодлогын хүрээнд ч, хууль хяналтын байгууллагын хүрээнд ч арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг нь болжээ. Ийм байдлаар хүний эрх зөрчигдөөд байж болохгүй.

-Энэ явдлаас болоод ШШГЕГ-ын дарга, хорих 461 дүгээр ангийн удирдах албан тушаалтнууд халагдах юм шиг байна. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

- Өнөөдөр Монгол Улсад хүний амьд явах эрх зөрчигдөж байна. Төрийн албан хаагч нар амь эрсдэж байна. Тиймээс бид ҮАБЗ-д сонордуулга хүргэхээр болсон. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байгаа. Яагаад гэвэл төрийн албан хаагч амь насаараа хохирсноос болж нийгэм хүнд дарамт амсаж давхар хохирч байна. Нөхцөл байдал ийм байхад Ц.Нямдорж сайд ямар ч мэдээлэл хийсэнгүй, уучлалт хүсээгүй. Тухайн хэргийн шалтгаан нөхцлийн талаар ямар ч асуудал тавиагүй. Амиа алдсан хуульчийг тав дахь өдөр баривчилсан байгаа юм. Тухайн үед ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй, нас барснаас нь хойш 7 цагийн дараа л мэдэгдсэн зэрэг зөрчил гарсан байхад юу ч дуугарахгүй, анхаарал хандуулахгүй байгаа нь огцрох хангалттай шалтгаан юм.

-Баасан гаргийг тохиолдуулж төрийн өндөр албан тушаалтнуудыг хорьдог жишиг тогтсоноос хойш “Хар баасан гараг” гэдэг хэллэг бий болсон. Талийгаачийг мөн баасан гарагт саатуулсан юм билээ?

-Заавал амралтын өдөр, баасан гарагт хүнийг саатуулдаг, баривчилдаг, шалгах ажиллагаа явуулдаг буруу практик хууль хяналтын байгууллагад хэрэгжиж байна. Энэ бол хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал гэж хүний эрхийн хуульчид бид үзэж байгаа. Амралтын өдөр өмгөөлөгчтэйгээ холбогдъё гэхээр утас нь хаалттай байх, үүнээс болж өмгөөллийн туслалцаа авах боломж хомс байх жишээтэй.

-Талийгаач Л.Б өмгөөлөгчтэйгээ уулзъя гэсэн боловч уулзаж чадаагүй гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу ?

-Өмгөөлөгчийн эрхийг хязгаарлах эрхгүй. Саатуулагдсан баривчлагдсан сэжигтэнтэй өмгөөлөгч хэзээ ч уулзах эрхтэй. Энэ эрхийг зөрчсөн асуудал байгаа бол гаргаж тавих хэрэгтэй. Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй хэзээ ч, хаана ч уулзах эрхтэй. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг хангасан эсэх гэдэг асуудал яригдаж болно.

-Хуулийн байгууллага улс төрийн тоглоомын хэрэгсэл болж байна гэдэг яриа гарах болжээ?

-Хууль зүйн салбар улс төрийн нөлөөнд орчихсон гэдэг нь үнэн. Хараат бус бие даасан байдлаар хэрэг шийдэж чадахаа больчхоод байна шүү дээ. Үүнээс болж хүний эрхийн зөрчил гарч байгаа. Улстөрийн маргаан тэмцэл байж болно. Гэхдээ хууль, шүүх, АТГ, цагдаагийн байгууллага хараат бус байх хэрэгтэй. Улс төрийн нөлөөнөөс хараат бусаар ажиллах хууль эрхзүй, нийгэм, эдийн засгийн баталгааг хууль тогтоох байгууллага хангаж өгөх ёстой. Хуулийн байгууллага гэдэг хүчтэй хэрэгслийг улстөрийн зорилгод ашиглаад явбал хүний эрхийн ноцтой зөрчил үүснэ.

-Талийгаачтай нэг салбарт ажиллаж байсан хүний хувьд ямархуу хүн байсныг тодорхойлооч. Амиа егүүтгэх хэмжээний хүн байсан уу?

-Талийгаачийг таньдаг байсан. Хоёр сарын өмнө уулзаж байлаа. Талийгаач хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан, туршлагатай, чамбай хүн байсан. Иргэн хүний хувьд эргэлзээ байна. 48 цагийн хугацаатай саатуулах арга хэмжээ авах хооронд ийм асуудал гаргах сэтгэлзүйтэй хүн мөн үү гэх зэргээр эргэлзэж л сууна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Наранчимэг.


Сэтгэгдэл байхгүй байна