• Эхлэл
  • Дэлхийг түгшээж буй Ким Чен Ун

Дэлхийг түгшээж буй Ким Чен Ун

2019/04/01

Албан тушаал

-БНАСАУ-ын удирдагч

-БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга

-Солонгосын хөдөлмөрийн намын дарга

-БНАСАУ-ын Цэргийн төв комиссын дарга

-Солонгосын Ардын армийн Ерөнхий командлагч

-СХН-ын Улс төрийн товчоо, Тэргүүлэгч гишүүн

Намтар

-Зарим эх сурвалж түүнийг 1982 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэдэг бол зарим нь 1984 оны долдугаар сарын 5-нд Ким Чен Ирийн хоёр дахь хүүхэд болж төрсөн гэдэг.

-2011 оноос БНАСАУ-ын удирдагчийн ажлыг эцэг Ким Чен Ирээс залгамжилж авсан.

-Төрийн эрхэнд гарахаасаа өмнө хэвлэлд нэг их гарч байгаагүй, юу хийж байсан нь ч тодорхойгүй.

Намдаа өгссөн нь

2006 онд Солонгосын хөдөлмөрийн намын удирдлагууд Ким Чен Уны дүр бүхий тэмдэг зүүдэг болсноор түүнийг эцгийнхээ үйл хэргийг залгамжилж БНАСАУ-ын удирдагч болох нь гэсэн яриа гарахад хүргэсэн байна. “Хөдөлмөр” сонин 2009 оны нэгдүгээр сард “Ким Чен Ир Хөдөлмөрийн намын даргад залгамжлагчаараа Ким Чен Уныг нэрлэж байна” гэж бичсэнийг Өмнөд Солонгосын тусгай алба баталсан юм.

2008 онд 26 настай Ким Чен Унд зориулж Пеньянд тусгай харш барьсан байна. Улмаар мэдээллийн “Ёнхап” агентлаг Кимийг БНАСАУ-ын Батлан хамгаалах үндэсний зөвлөлийн гишүүн боллоо гэж 2009 оны дөрөвдүгээр сард мэдээллээ.

2010 оны нэгдүгээр сард өмнөд Солонгосын Daily NK хэвлэл Ким Чен Уны төрсөн нэгдүгээр сарын 8-ныг БНАСАУ-ын үндэсний баяр хэмээн зарласныг нийтэлсэн байна. Энэ бол Ким Чен Ир хүү Ким Чен Унаа БНАСАУ-ын засгийн эрхэнд гарахад бэлтгэж байна гэсний нэг баталгаа боллоо.

2010 оны есдүгээр сарын 27-нд Ким Чен Унд армийн генерал цол олгосон байна. Харин 2012 оны долдугаар сарын 18-нд тэр БНАСАУ-ын маршал болж Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч болсон юм.

Эрдмийн зэрэг

Тэр Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг физикч мэргэжлээр, мөн Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургууль дүүргэсэн хүн.

Ким Чен Ун 2013 онд Малайзын HELP их сургуульд эдийн засгийн ухааны хүндэт докторын цол хүртсэн.

БНАСАУ-ын тэргүүн

2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд Ким Чен Ир зүрхний шигдээс болсныг хоёр хоногийн дараа мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 24-нд СХН-ын төв хэвлэл Нодон Синмун сонин анх удаагаа Ким Чен Уныг Солонгосын ардын армийн Дээд ерөнхий командлагч хэмээн нэрлэсэн юм. Дараа нь арванхоёрдугаар сарын 31-нд СХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Ким Чен Уныг Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчаар томилсон юм.

Гэхдээ Ким Чен Уныг СХН-ын Төв хорооны даргаар баталлаа гэж “Нодон синмун” сонин арванхоёрдугаар сарын 26-нд мэдээлсэн байлаа. Улмаар тэр БНАСАУ-ын удирдагч болсон байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр Ким Чен Ун анх удаагаа олон нийтийн өмнө гарсан юм.

Ким Чен Уны Гадаад бодлого

Түүнийг засгийн эрхэнд гарсны дараахан 2012 оны сүүлчээр БНАСАУ сансрын гүрнүүдийн клубт орж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006, 2009 оны хоёр ч зөвлөмжийг зөрчсөнөөр олон улсын хамтын нийгэмлэгүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлж эхэллээ. 2013 оны хоёрдугаар сард түүхэндээ гурав дахь цөмийн туршилтаа хийснээр Ким Чен Ун болон бусад удирдагчийнх нь эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг тавив. Үүний хариуд Умард Солонгос АНУ-д цөмийн цохилт хийх боломжийн талаар сүрдүүлсэн юм. СХН-ын долдугаар их хурал дээр Ким Чен Ун цөмийн зэвсгийг зөвхөн батлан хамгаалах зорилгоор хэрэглэнэ гэж мэдэгдлээ.

2018 оны гуравдугаар сард Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаасаа хойш анх удаагаа гадаадад айлчиллаа. Тэрээр эхнэр Ли Соль Жугийн хамт Бээжинд айлчилж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Тавдугаар сард дахиад Хятадад айлчилж хоёр талын харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал

2018 оны зургаадугаар сарын 12-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэ бол Умард Солонгосын түүхэнд урьд хожид тохиож байгаагүй түүхэн алхам байлаа. Энэ уулзалтаар БНАСАУ цөмийн байгууламжуудаа устгах замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, хариуд нь АНУ аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон юм. Ердөө үүний дараа зургаадугаар сарын 19-20-нд Ким Чен Ун Хятадын удирдагч Си Зиньпинтэй гурав дахь удаагаа уулзлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ үеэр Пеньяныг дэлхий болон бүс нутгийн байдлаас хамаарахгүйгээр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Дараа нь хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханойд уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар ярилцсан ч хэлэлцээр үр дүнгүй дуусч, хамтарсан баримт гарын үсэг зуралгүйгээр тарсан. Үүний дараа Умард Солонгосыг Йонбен дэх цөмийн байгууламжаа сэргээж байна гэсэн мэдээ тархсан ч Америкийн тал үүнийг нотлоогүй юм.

Нийгэм эдийн засгийн бодлого

Ким Чен Ун засгийн эрхэнд гарсныхаа дараа улс орондоо эдийн засгийн шинэчлэлийг Хятадын бодлогын жишээгээр “шинэчлэл, нээлттэй байдал” хэлбэрээр хийнэ гэж зарлаж хувийн бизнестэй засгийн газраас илүү уян хатан болгосон юм. Бас гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор эдийн засгийн тусгай бүс байгуулжээ. Газар тариалангийн шинэчлэл хийж нэг гэр бүлийг юм уу хөрш хоёр айлыг салаа болон ажиллах нөхцөл бүрдүүлсэн юм. Энэ “салаа” газар боловсруулах хураасан ургацынхаа зарим хэсгийг өөртөө авч үлдэх юм байна. Ингэснээр эхний жил улс орон даяараа дээд хэмжээний ургац хураан авчээ. Үйлдвэрийн газруудыг үндсэндээ аж ахуйн тооцоонд шилжүүлж бие даан, зах зээлийн харилцаагаар ажиллах боломжтой болгожээ. Энэ нь үйлдвэр аж ахуйн газруудыг түргэн хөгжих, олон жил өлсгөлөнгийн байдалд амьдарсан ард түмний амьдралд наштай нөлөөлсөн юм. Мэдээллийн технологийн хувьд ч ахиц гарч 2014 онд Хятадаас гар утас худалдан авахад 82.8 сая ам.доллар зарцуулсан байна. 2013 онд эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд “Хоршооллын хариуцлагатай удирдлага бүхий социалист систем”-ийн хүрээнд бие даасан үйлдвэр аж ахуйн гарууд бий болгож, хөдөө аж ахуйд ч хариуцлагын тогтолцоо бий болгосноор хэд хэдэн аж ахуйд ургац нэмэгдсэн байна.

Цөмийн хөтөлбөр

2013 оны нэгдүгээр сарын сүүлчээр БНАСАУ гурав дахь удаагаа цөмийн бөмбөг туршлаа. Хоёрдугаар сарын 12-нд мэдээллийн төв агентлаг цөмийн туршилт амжилттай боллоо гэж мэдэгдсэн нь Солонгосын хямрал эхлүүллээ.

2015 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ким Чен Ун устөрөгчтэй болсноо зарлалаа. 2016-2017 онд БНАСАУ дахиад гурван ч удаа цөмийн бөмбөг туршив. 2018 оны дөрөвдүгээр сард Ким Чен Ун цөмийн болон дунд, холын тусгалтай баллистик пуужингийн туршилтаа зогсоож, цөмийн долигонуудаа хаана гэж мэдэгдлээ. Гэхдээ тэр цөмийн хүчин чадлаа хадгална гэсэн байна.

Өмнөд Солонгос, АНУ-тай харилцаа сайжирсан нь

2018 оны нэгдүгээр сарын 1-нд Ким Чен Ун Сөүлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингээд нэгдүгээр сарын 9-нд хилийн цэрэггүй бүс Панмунжёнд БНАСАУ, Өмнөд Солонгосын анхны шууд хэлэлцээр болсон нь сүүлийн хоёр жил хагаст анх удаа боллоо. Энэ хэлэлцээрээр хоёр солонгос Пенчаны олимпын тоглолтод нэг тугийн дор хамтарсан баг болж оролцохоор болсон юм.

Гуравдугаар сарын 5-нд БНАСАУ-д Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний таван тусгай төлөөлөгч орсон 10 хүнтэй баг очиж ерөнхийлөгчийн захидлыг гардуулсан юм. Энэ үеэр удирдагч Ким Чен Ун “Эх орноо нэгтгэх шинэ эрин эхэллээ” гэж мэдэгдсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд БНАСАУ цөмийн туршилтаа зогсоож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, дөрөвдүгээр сард БНСУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хийх, шууд холбоогоор ярих зэрэг асуудлаар тохиролцжээ.

Мөн гуравдугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын төлөөлөгчид АНУ-д айлчлах үеэрээ Ким Чен Уны захидлыг Трампад гардуулсанд Умард Солонгосын удирдагч цөмийн болон пуужингийн туршилтаа түдгэлзэнэ гэж амласан байлаа.

Улмаар дөрөвдүгээр сарын 1-нд Тагнуулын төв газрын дарга Майк Помпео БНАСАУ-д айлчиллаа.

Дөрөвдүгээр сарын 27-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр хилийн цэрэггүй бүсэд анх удаагаа уулзаж Умард Солонгосын удирдагч 65 жилийн түүрхэнд анх удаа Өмнөд Солонгосын нутагт хөл тавьсан төрийн тэргүүн боллоо.

Намтрын талаар сэтгүүлчдийн олж мэдсэн зүйл

Японы хэвлэлд бичсэнээс үзвэл Ким Чен Ун Швейцарийн Берн хотоос холгүй дунд сургуульд сурч байжээ. Түүнийг сайн сурагч байсан, сагсан бөмбөгт хорхойтой, хамт суралцагсадтайгаа сайн харилцаатай байсан гэдэг. Дараа нь Пак Ын нэрээр 1998-2000 онд Кёница сурч байсан гэж тус хотын захиргаа баталж байна. Хамт суралцаж байсан нэг оюутан нь түүнийг Умард Солонгосын удирдагчийн хүүхэд гэж баталсан байдаг.

Хожим нь түүнийг 1991-1992 онд Швейцарт амьдарч байсан гэсэн баримт 2012 онд ил болсон байдаг.

Эцэг хүү Ким гадаад орнуудын виз авахын тулд Бразилаас гаралтай хуурамч паспорт ашигладаг байсан нь 2018 оны хоёрдугаар сарын сүүлчээр ил болсон юм. Үнэхээр түүн дээр “Прага дахь Бразилийн элчин сайдын яам” гэсэн тамгыг 1983 оны хоёрдугаар сарын 1-нд төрсөн Юсеф Пваг гэсэн нэрээр олгосон байдаг.

Гэр бүл

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Ким Чен Ун хоёр хүүхэдтэй, нэг нь 2010 оны намар өвлийн заагаар төрсөн, хоёр дахь нь 2012 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр төрсөн гэдэг. 2012 оны долдугаар сард БНАСАУ-ын төв телевиз Ким Чен Уныг гэр бүлтэй гэж мэдээлсэн юм. Түүний эхнэр нь Ли Соль Жу Пеньяны их сургууль төгсөн эмэгтэй.

Цааз

Ким Чен Ун 2000-аад онд уулзаж байсан хуучин найз бүсгүй Хён Сон Волийгоо нийтийн өмнө цаазаллаа гэсэн мэдээлэл 2013 оны наймдугаар сард тархсан. Тэдний харилцаа Кимийн эцэг Ким Чен Ирийн шаардлагаар тасалдсан гэсэн яриа бий. Гэтэл 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд умард Солонгосын албан ёсны мэдээллийн агентлаг Кимийг өөрийн авга ах, нэгэн цагт төрийн чухал алба хашиж байсан Чан Сон Тхэкийг цаазалллаа гэсэн мэдээлэл түгээлээ. 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Ким Чен Уны цус нэгт ах Ким Чен Нам малайзын Куала-Лумпур хотын нисэх буудлын хоёрдугаар терминалд VX бодист хордож нас барсан.

Ким Чен Уныг авга ахыгаа зэрлэг нохдод бариулсан, пулемётоор шүршсэн, цаазын ял гүйцэтгэхэд өөрөө байлцсан хэмээн хэвлэлүүдэд шуугиад өнгөрсөн ч батлаагүй.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Х.Өлзийбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин