• Эхлэл
  • Доктор Д.Золбоо: 70 жилийн ой шинэ шатанд гарах эхлэл цэг болоосой

Доктор Д.Золбоо: 70 жилийн ой шинэ шатанд гарах эхлэл цэг болоосой

2019/04/24

Монгол Улс, БНХАУ-тай  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "Он цагийн хэлхээс" цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.  

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэгэхээр танай хүрээлэнгийн хувьд Хятад судлал, шинжилгээний ажлын түүхээс ярилцъя гэж бодлоо.

-Манай хүрээлэн байгуулагдаад хагас зуун жил болсон, 51 дэх жилийнхээ түүхийг бичиж яваа, шинэ үеийн шинжлэх ухааны гол байгууллага. Хятад улсын хувьд монголчууд бусад хөрш улсууд, ялангуяа нүүдэлчдийн дундаас олон зуун жилийн өмнөөс харилцаатай, эртнээс сайн мэддэг түүхэн уламжлалтай.  Хөршөө таньж мэдэх, судлах ажил дундад зууны үеэс  Чингис хаан, Хубилай хааны үеэс уламжлалтай, олон жилийн түүх, туршлагатай ард түмэн.

Орчин цагийн эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан байгууллага анх 1968 онд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, бусад улсуудын жишгээр Ази, Африкийн хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаар орчин цагийн гадаад орон судлал, тэр дундаа Хятад судлал, шинжилгээний ажил албан ёсоор шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Анх хүрээлэн маань хэлтэс нэртэй байгуулагдаж байх  тухайн үед манай хүрээлэнгийн анхны захирал, нэрт судлаач Д.Далай гуайг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай дуудаж уулзан “Ази Африкийн хэлтэс байгуулагдсаны хувьд цаашдаа Хятад судлалд түлхүү анхаарч ажиллаарай. Цаашдаа Хятад судлалын бие даасан хүрээлэнтэй ч болох ёстой юм” гэж хэлж байсан сайхан дурсамж байдаг. Байгуулагдсан цагаасаа, ялангуяа эхний 30-аад жил, 1990-ээд  хүртэл манай хүрээлэнгийн гол судлал хөрш Хятад улсын судалгаанд түлхүү суурилж ирсэн. Хятад явагдаж байгаа өөрчлөлт шинэчлэл, үндэсний цөөнх болоод Монгол Улстай хил залгаа газруудын судалгаа, Өвөрмонголчуудын асуудал гэх мэт чиглэлд манай судлаачид гол анхаарлаа хандуулж ирсэн. Үндсэндээ хоёр хөрш буюу Хятад судлал, Орос судлал болон бусад улсууд гэсэн хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа суурилуулж ирсэн.1990-ээд оноос улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гадаад харилцаа өргөжсөнтэй холбоотойгоор бусад улсуудын харилцаа, судалгаанд анхаарах болсон ч гэсэн Хятад болон Орос судлал манай хүрээлэнгийн гол чиглэл байсаар ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр ч утгаараа Хятад судлал манай хүрээлэнгийн гол судлал ухагдахуун юм.  

-Монгол Улсын академийн түүх судлал, ялангуяа Хятад судлал өнөөдөр ямар түвшинд байгаа гэж та хэлэх вэ?

-Ер нь бид олон улсын судалгааны чиг хандлагаас хоцроогүй, ижил түвшинд ажиллаж байгаа. Гэхдээ бидэнд боломж, давуу тал илүү байгаа, цаашид ч боломж өргөн байна. Тийм ч учраас Хятад судлалд манай хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр их, цаашдаа ч их байх ёстой. Ялангуяа үе, үеийн эрдэмтэн судлаачдын хүчин зүтгэлээр хангалттай түвшинд ажиллаж чадаж байгаа гэж хэлж болно. Академийн хүрээлэнгийн гол чиглэл Монгол улсын гадаад харилцааны чиглэлээр бодлого боловсруулах, бодлогын баримт бичиг гаргахад судалгааны чиглэл, зөвлөмж гаргахад хувь нэмрээ оруулах, хоёрдугаарт олон нийтэд гадаад харилцаа, орон судлал үүн дотроо Хятад судлалын чиглэлээр мэдээлэл, мэдлэг хүргэх байдаг.  

Энэ утгаараа урд хөршөө танилцуулах, мэдээллийг хүргэхэд бид гол анхаарлаа хандуулж ажилладаг. Орон судлал, түүх судлалын хувьд манай хүрээлэнгээс гол суурь судалгааны бүтээлүүд гардаг. Энэ ч утгаараа олон түвшний судалгааны ажлууд хийдэг. Үүнээс гадна эрдэмтэн судлаачдынхаа  судалгааны материалуудыг хялбаршуулсан байдлаар танин мэдэхүйн чиглэлээр хүргэх зорилттой ажиллаж байгаа.

-Монгол Улс БНХАУ-тай димломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үйл ажиллагаа бүтэн жилийн турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн байгаа. Энэ хүрээнд танай хүрээлэнгийн зүгээс ямар томоохон ажлууд хийж байгаа вэ?

-Түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хийх ажлуудыг төлөвлөн, өнгөрсөн жилээс нэлээд ажлууд  хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Хөххот, Бээжин хотод эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийх, эрдэмтдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, хамтарсан ном, бүтээл гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар тохиролцсоны дагуу ГХЯ-ны санаачлага, дэмжлэгтэйгээр хамтарсан эрдэмтдийн зөвлөгөөн зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хамтарсан хурлаар харилцааны асуудлаар тулгамдсан асуудлаар шийдэл олох, цаашдаа үйл ажиллагаа тодорхойлох олон асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Мөн хоёр талын харилцааны асуудлаас гадна Оросын эрдэмтэдтэй хамтран эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, тухайлбал одоо яригдаж байгаа эдийн засгийн коридор гэх мэт асуудлуудаар энэ зургадугаар сард Улаанбаатар болон Алтанбулагт Монгол, Хятад, Оросын эрдэмтдийн хамтарсан хурал хийхээр төлөвлөөд байгаа. Энд гадаад харилцааны бодлогод зөвлөмж өгөх томоохон асуудлууд хэлэлцэгдэх байх гэж найдаж байна.

Энэ бол зөвхөн Монгол төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа асуудал. Бид ч гэсэн хамгийн ойрын хөршийн хувьд энэ асуудалд ямар байр суурь, оролцоотой байх вэ гэдгээ ярилцах ёстой. ГХЯ-ын болон судлаачидтай хамтарч илүү өргөн хүрээтэйгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Мөн энэ талаар олон нийтэд ойлгомжтой хүртээмжтэй мэдээллийг хүргэхгүй бол буруу ойлгох, дутуу мэдээлэл хүрэх гэх мэт асуудал гарч магадгүй гэдгийг тал талдаа анхаарч байгаа. Тухайлбал гурван улсын эдийн засгийн коридорын асуудлыг “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээний ажил гэж ойлгогдох гэх мэт дутуу ойлголтууд их байгаа. Энэ мэт асуудлуудаар илүү өргөн хүрээнд мэдээлэл хүргэх нь зүйтэй юм гэсэн бодол миний хувьд төрж байгаа.

-“Бүс ба зам” хөтөлбөрийн тухайд гэхэд олон жил яригдаж байгаа. Нэлээд олон улсын оролцоотой том хэмжээний төсөл. Энд бидний оролцоо ямархуу байна вэ. Газар зүйн байрлалын хувьд ч хоёр хөршийг холбосон илүү өргөн боломж байгаа гэж би хувьдаа боддог. Та энэ талаар юу хэлэх вэ?

- Газар зүйн байрлалын хувьд ч бидэнд давуу тал боломжууд үүнийхээ хэрээр олох ашиг бий. Хэт болгоомжил, цаг хугацаа алдсанаар бид магадгүй боломжоо дутуу ашиглаж байж магадгүй гэж би хувьдаа боддог.  Хятадын зүгээс “Хөгжлийн галт тэргэнд хамтдаа суух уу” гэж асууснаас хойш ч нэлээд хугацаа өнгөрөөд байна.

-Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалт, санал санаачлагууд яригдаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө, тухайлбал эдийн засгийн коридорын хувьд. Монгол газар зүйн байрлалын хувьд зөвхөн оролцогч төдийгүй томоохон тоглогч байх боломжтой гэсэн байр суурь байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тухайлбал гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалт болж байсан үетэй харьцуулахад идэвх санаачлага сул, хугацаа алдаж байна уу гэсэн байр суурь ч бас сонсогдож байна. Та юу гэж бодож байна?

-Тийм ээ, таны хэлснээр Монгол Улс газар зүйн байрлалын хувьд, өвөг дээдсээс үлдээсэн газар нутаг, түүхэн уламжлалын оролцоогоор давуу талтай. Томоохон оролцогч тоглогч болох боломжтой. Зүгээр энгийнээр хэлэхэд Монгол Улсын оролцоогүйгээр эдийн засгийн коридор байгуулагдах боломжгүй. Цаг хугацаа алдаад байна уу даа гэсэн байр суурьтай санал нэг байна. Эндээс бас монголчуудын олж болох боломж, ашгийг ч бас харах хэрэгтэй. Монголчууд анх гурван улсыг холбосон төмөр замыг байгуулсан 1960-аад оны үед Улаанбаатар төмөр замын орлого Монгол Улсын төсвийн орлогын тал хувийг хангадаг байсан гэсэн мэдээлэл байдаг. Хэдийгээр тухайн үед манай улсын төсвийн цар хэмжээ харьцангуй бага байсан хэдий ч дэд бүтцийг хөгжүүлснээр илүү их ашиг гарах боломжууд байгаа гэж би боддог. Мэдээж хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө, төсөв, хөрөнгө гээд олон зүйл шаардлагатай. Гэхдээ огт хийхгүй байснаас буруу ч болтугай хийж эхлэх нь сайн гэсэн үг байдаг. Хийснээ илүү сайжруулах боломжууд байдаг учраас энэ мэт төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүйгээр эхлүүлэх нь зүйтэй гэж би хувь судлаачийнхаа хувьд боддог. Яарвал алдана гэдэг ч цаг хугацаа бас биднийг хүлээхгүй шүү дээ. Таны түрүүний хэлснээр гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаас хойш байр суурь өөрчлөгдсөн, сонгуультай холбоотой хугацаа алдсан гэх мэт тал байгаа байх. Гэхдээ өнгөрсөн жилийн Чинбаогийн уулзалтаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгож, өмнөх уламжлалаа хадгалан үргэлжлүүлнэ гэдгээ ойлголцсон учраас одоо гацах зүйл гарахгүй байх гэж бодож байна.

-Олон улсын харилцааны хүрээлэнд 23 жил ажиллаж байгаа түүх судлаачийн хувьд танаас асуухад олон улс судлал, тухайлбал Хятад судлалын хувьд танай хүрээлэнгийн хийж чадсан хамгийн том ажлууд гэвэл юуг хэлэх вэ?  

-Намайг анх ажилд орж байхад манай том судлаачид, буурлууд Далай гуай, Жамсран гуай, Раднаа гуай, Дамдинсүрэн багш гээд олон мундагчууд ажиллаж байсан. Өмнөх үеийн, ер нь үе, үеийн эрдэмтэд байна. Түүх бичлэгийн талд илүү их анхаарал тавьж байсан. Цаашдаа харин яах вэ гэдэг асуудлыг одоо бид тавих цаг болсон. 1999 он хүртэлх түүх бичлэгийн судалгаа бол маш сайн хийгдсэн байдаг. Бидний багш Бэгзжав гуайн 1949 оноос эхлээд 1999 он хүртэлх 50 жилийн түүх бичсэн ном байдаг. Бид үүнийг дахин хэвлэж байгаа. Энэ бол түүх. Бид эхний 50 жилийн ажлын дүнгээ ингэж гаргаж тавьж байж. Одоо цаашид яах вэ? Магадгүй үүнээс хойшхи 20 жилд бид тийм ч их айхавтар урагшаа явж чадаагүй, бидний дуу хоолой хангалттай түвшинд гарч ирж чадаагүй байж магадгүй. Тэгэхээр шинэ үе гарч ирээд бид юу хийх вэ, юу хийсэн бэ гэдгээ ярих ёстой. Хөгжил процесс гэж үзвэл юу ч хийхгүй гацаагаад байж болохгүй. Бид үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Магадгүй бид алдаа гаргаж ч магадгүй. Гэхдээ бодит судалгаан дээр үндэслэсэн байхад илүү алдаа гаргахгүй, гол нь ажлаа үргэлжлүүлэх, урагшлуулах ёстой. Манай хүрээлэнгээс гадна Стратегийн хүрээлэн, Аюулгүй байдлын хүрээлэн, Батлан хамгаалахын хүрээлэн гээд судалгааны олон байгууллагууд ажиллаж байгаа. Манай ялгарах онцлог бол илүү академик, суурь зарчмын судалгаа илүү дагнан хийдэг. Түүх давтагддаг. Бид түүхээсээ алдаа, оноогоо суралцах ёстой. Тиймээс манай хүрээлэнгийн, манай эрдэмтэн судлаачдын дуу хоолой ийшээ чиглэсэн байх ёстой.

-Нөгөө талаасаа дэлхий дахинд, бусад улсуудын хувьд Монгол судлал ямархуу хэмжээнд байна вэ? Манай улс энэ чиглэлээр анхаарал тавьж чадаж байна уу?

-Өмнөх нийгмийн үед буюу хүйтэн дайны үед улс төрийн нөхцөл байдлаасаа ч шалтгаалаад Монгол судлал сайн хөгжиж байсан. Үүнтэй харьцуулахад Монгол судлалд анхаарал хандуулах асуудал нэг хэсэг харьцангуй суларсан гэж хэлж болно. Гэхдээ гал алдаагүй. Өмнөх цаг үеийн суурин дээрээ тулгуурлаад тодорхой хэмжээний ажлууд хийж байна. Монголыг сурталчлах нэг гол салбар бол Монгол судлал. Аялал жуулчлал, бизнес гэх мэт бусад салбарын харилцаа ч судалгаан дээр үндэслэх ёстой. Тэр утгаараа Дэлхийн Монгол судлалыг орхигдуулж болохгүй. Гэхдээ энэ тал дээр зохих байгууллагууд нь анхаарч ажиллаж байгаа гэж найдаж байна. Манай эрдэмтэн судлаачдын зүгээс ч хийж байгаа ажлууд бий.

-Танай хүрээлэнгийн хувьд Өвөрмонголтой онцгойлон тухайлсан харилцаатай байдаг уу. Өвөрмонголчууд угсаа гарал, хэл соёл нэгтэй. Тэр утгаараа илүү өргөн харилцаатай байдаг болов уу гэж бодож байна. Бид илүү анхаарал тавьж чадаж байгаа юу?

-Хятадтай хамтарч ажиллах бидний хамгийн том боломж бол өвөрмонголчууд, бусад улсуудтай харилцах. Өвөрмонголчуудыг орхигдуулж Хятадыг судлах боломжгүй. Хүнд бэрх цагийг туулсан өвөрмонголчууд юунд алдаж, юунд суралцсан байна гэдгээс суралцах ёстой. Манай хүрээлэнгийн хувьд  ӨвөрМонголын их сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч ажилладаг. Угсаа гарал, хэл, соёл нэгтэйн хувьд бидэнд илүү давуу тал бий. Өвөрмонголчууд биднээс суралцах зүйл их байна гэдэг. Харин бид тэднээс суралцах зүйл их байгаа. Бас албаны боловсролын салбар мастер докторын хэмжээнд Хятадад бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийн хэмжээнд хүрч байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Монгол залуус өмнөд хөршдөө очиж суралцаж байна, сургалтын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгждэг. Гэхдээ гол нь зөв бодлогоор зөв хүнээ бэлтгэж, маш мундаг судлаачид бэлтгэн авах нь чухал. Монголын Хятад судлаач, нанхиад судлаач бэлтгэхийн тулд БНХАУ-ын зүгээс олгож байгаа боломжуудыг илүү ашиглаасай гэж боддог.

-Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд төрөл бүрийн ажил зохиогдож байна. Гэхдээ яг энэ ойн хүрээнд бид яг бодитоор ямар үр дүнд хүрч чадах вэ. Өөрөөр хэлбэл энэ ойгоос бид бодлогын хүрээнд юу хүлээж, юу авч үлдэж чадах вэ. Зөвхөн баяр тэмдэглэхээс гадна..?

- Тийм ээ, энэ бол их бодитой асуулт байна. Баяр тэмдэглэх бол нэг асуудал. Харин цаана нь юу үлдэх ёстой, юуг бид олж харах ёстой вэ гэдэг нэг асуудал. Хамгийн гол нь бид юунд алдав, юунд онов гэдгээ тогтоож цаашдаа яах вэ гэдгээ тодорхойлох ёстой гэж  би хувьдаа харж байгаа. Мэдээж судалгаа, шинжилгээ, зөндөө олон хурал хийж байна. Гэхдээ бидэнд юу дутагдаж байна вэ, бид юу хийх вэ, хөршүүдээсээ бид юу суралцах ёстой вэ, магадгүй бидний алдаа юунд байна вэ гэдгийг бодитоор харж, бодлого боловсруулах ёстой. Ингэснээр магадгүй харилцаа тогтоосон 80, 100 жилийн ойг тэмдэглэхэд илүү амжилттай, илүү хийсэн ажил, хэлэх үгтэй, цаашид бодлогоо тодорхойлсон байх ёстой болов уу гэж харж байгаа.

-Өөрөөр хэлбэл ой тэмдэглэнэ гэдэг бидний хувьд өнгөрсөн хугацааны ажилдаа дүгнэлт тавих, магадгүй харилцааны хувьд цоо шинэ шатанд гарч ирэх түүхэн боломж юм гэж та хэлэх гээд байна аа даа?

-Тийм ээ. Магадгүй бид 50 жилийн ойгоо тэмдэглэж байх тэр үетэйгээ харьцуулахад өнөөдөр 70 жилийн ойн өндөрлөгөөс харахад хангалттай түвшинд хүрээгүй байж магадгүй. Жишээлбэл, хийн хоолой, газрын тосны хоолойгоо бид тавьж чадаагүй, эдийн засгийн коридорын асуудал урагшлаагүй байна. Гэхдээ цаашдаа юу хийх вэ гэдгээ тодорхойлох бас нэг цэг болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, 80 магадгүй 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ бид арай өөр түвшинд хүрэх ёстой эхлэл цэг тавигдаж байгаа ч юм билүү. Түүх өөрөө бичигдэж байдаг. Үүнийг бид 70 жилийн ойн өндөрлөгөөс харж, тодорхойлж чадвал дараа, дараагийн жилүүдэд илүү өөдрөг мэдээлэл биднийг хүлээж байх болов уу гэж найдаж байна.

-Баярлалаа. Яг таны энэ өөдрөг сэтгэгдлээр Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 80, магадгүй 100 жилийн ойг илүү их амжилтаар угтан тэмдэглэх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлүүлье.

-Баярлалаа. Ерөөл бат оршиг.

Сэтгүүлч А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин