Эрх чөлөөний эсрэг шийдэл
Энэ сарын 23-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан санаачилж танилцуулсан аж. Уг хуулийн төсөл нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас болон бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор иргэдийг сошиал орчинд овог, нэр, регистрийн дугаараараа нэвтэрдэг болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл цахим орчинд хүн овог, нэр, зургаа нуух боломжгүй болгоно гэсэн үг.
Уг хуулийн төслийн ажлын хэсэг “Одоогоор яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ” гэж үзжээ. Мөн “утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна” гэсэн байна. 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурсан. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана . Бүртгэлтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар авах, сошиал орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг нөхцөлүүд хангагдана гэх мэтээр тайлбарлажээ. Монголд тавхан үүрэн холбооны оператор компани байдаг. Бүх утасны дугаар эндээс гардаг. Эзэн нь юмаа мэдээд энэ асуудлаа тэд зохицуулмаар. Төр чиг үүрэг өгөх эрхтэй баймаар юм. Бүртгэлгүй утасны дугаарууд зардаг бол тэдгээр компанийн буруу. “Шар хүний өмнөөс хар хүн” гэгчийн жишээ эндээс харагдана.
Мөн ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон гэжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэжээ.
Ардчилсан, эрх чөлөөт улс хэмээн ерөнхийлөгч нь НҮБ-ын индэр дээрээс “хошгируулаад” байсан улс өнөөдөр эрин үеийн технологийн толгой компанитай ийм асуудал яриад суух нь ичгэвтэр хэрэг. Танай технологийн дэвшлээс болоод манай 1,5 сая хүн биднийг шүүмжлээд доромжлоод ерөөсөө болохгүй байна гэж хэлсэнтэй ижил явдал. Учир нь Монголд Фэйсбүүк компани 1,5 сая хэрэглэгчтэй. Тэр хэрэглэгчид нийгмийн хамгийн идэвхтэй, хамгийн дэвшилтэт үзэлтэй, хамгийн их шүүмжлэгчид гэдэг нь мэдээж. Бас сонгуулийн дүнд нөлөөлж болох сонгогчид. Тэдэн дундаас цахим гэмт хэрэгт суралцаж яваа мэдээж хэдхэн хувь байх нь гарцаагүй.
Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Я.Содбаатар нар дэмжиж ер нь сошиал орчныг зохицуулах шаардлагатай гэж үзжээ. Я.Содбаатар гишүүний тайлбараар бол олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү ордог байх нь зөв” гэжээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуурамч хаягаас бусдын нэр төрд халдах асуудлыг хянахгүй бол манайд жирийн үзэгдэл боллоо. Үүнийг хянах техник технологи нь та нарт байгаа юм уу? гэж асуужээ.
Тэгвэл Я.Содбаатар гишүүн ээ та бүхэн хүн амынхаа тоотой нь харьцуулаад хүрэлцэхүйц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, усан бассейн, спорт цогцолбор, машиных нь тоотой харьцуулаад зам гүүр бариад өгөөч. Б.Дэлгэрсайхан гишүүн ээ, та хуурамч хаягаас дайрч доромжилсон ч унахааргүй тэвчээр хатуужилтай, цэвэр нэр төртэй болооч.
Регистрээсээ өөр “алдах юмгүй” олон түмэн билээ бид
“Пролетариудад буюу гав гинжнээсээ өөр алдах юм үгүй” гэдэг үг бий. Ямар муу ёртой юм бэ гэж үү? Үгүй ээ, харин цаана чинь муу ёрын хууль батлагдах гээд байна. Энэ Монголд эзэн нь болж ирээд эцэг эхээсээ нэртэй, эрхэм төрөөсөө регистртэй л болсон ард олон билээ бид. Үхэхдээ ч аваад явах “эд баялаг” минь ерөөсөө энэ л билээ. Төр байсгээд л түмэндээ дарамтын “хайр хишиг”-ээ харамгүй илгээдэг. Архи ууж болохгүй, орцонд дуулж болохгүй, биеэ үнэлж болохгүй гэх мэтээр Зөрчлийн хууль бол их сонирхолтой “хишиг” л дээ. Дээрээс нь татвар, шимтгэл, торгууль, янз бүрийн юмны хүү, хүүгийн хүү, алданги гээд төрдөө “өгөх юм” бидэнд маш олон. Харин алдах юм ганц л байна. Дээрээс нь амьдрах орчны эрүүл, аюулгүй байдал, амьдралдаа сэтгэл дундуур хүмүүсийн уур бухимдал гээд энд тэндээс ирэх ачаа ч маш их. Харин хаа очиж түүний буруутныг тодруулж, шоолж, шүүмжилж болдог цахим ертөнц гэгч бидэнд “цаанаасаа” үнэгүй ирсэн. Гэтэл түүнийг маань төр хянахаар шийджээ. Яагаад гэвэл.... олон залилан, луйвар, хүний нэр төрд халдах, хүчингийн хэргүүд цахим ертөнцөөс болоод байгаа юм байх.
Тэгвэл бас муу ёрлож байгаа юм биш залилан, луйвар, хүчингийн хэргүүд байсаар ч ирсэн, магадгүй байх ч биз. Олон приус машин осол гаргадаг нь приус машиндаа биш түүний олон тоонд нь байгаа гэдгийг ухаараагүй төр олон гэмт хэрэг гараад байгаа нь олондоо биш ил болоод цацагдаад байгаа гэдгийг ухаарахгүй нь тодорхой боллоо. Айдас хүйдэс ахиад нэмэгдлээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гудамжны болон замын хөдөлгөөний зөрчлүүдэд цахим орчин уг нь буруугүй. Харин ч ил болгож ард иргэдийг мэдээлэлтэй, сэрэмжлүүлэгтэй, ичих булчирхайтай болгож байгаа л хэрэг.
Сүүлийн үед улс төрчдийн хамгийн сайн чаддаг ажлын нэгт нь бүх буруугаа цахим ертөнц рүү чихэх эсвэл цахимаар өөр хоорондоо өөг төөг гэж сууцгаах болсон. Цахимаар өөрсдөө хов баздаг шигээ жижигхэн цонхоор цахим ертөнцийг хардаг нь улс төрчдийн өнөөдрийн өрөвдөлтэй дүр төрх. Цахим ертөнцийнхнийг гол шалтгаан нь хүний нэр төрд халдах гэдэг. Шуудхан хэлбэл эрх баригчдыг шүүмжлэх бас шоолох. Хүний овог нэр, регистрээр цахим ертөнцөд нэвтэрдэг байх хууль санаачилж байгаа нь дараа жилийн сонгуультай мөн шууд холбоотой. Өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй бүгдийн амыг барьж, дарамталж, чадвал барьж хорих том санаархал. Цахим ертөнц гарахаас өмнө тэр шүүмж гээч чинь матаас хэлбэрээр явж л байсан зүйл шүү. Цахим ертөнцөөс өмнө далд нууц гардаг л байсан хэргүүд. Харин цахим ертөнц нэвтэрснээр эрх баригчдын хэрэг олноороо илрэх болсонд нь хамаг нууц нь бий. Олны өмнө шившгээ дэлгэхээс, далдуур өмнөх шигээ улам ихээр “идэхэд” нь цахим ертөнц гай болж байгаа нь тодорхой.
Ийнхүү матаас, татаас, авлига, албан тушаалын наймаан зэргээр голоо зогоодог байсан нь өнөөгийн эрх баригчдад саад болсон иргэдийн эрх чөлөө хутганы ирэн дээр ирлээ. Өмнө хэд хэдэн удаа хэвлэлийнхний амыг барих (“Бидний мэдэх эрхэнд халдлаа” эсэргүүцэл) гээд дийлээгүй төрийн эрх баригчид одоо олны эрхийг хөндөхөөр шийдэж.
Бид төрсөн он сарын дарааллынхаа өмнөх, ар дахь хоёр ширхэг тоогоор л хамаг хувь заяагаа шийдүүлдэг нь үнэн хойно. Буятны ширээнд залрах, хэрэгтний суудалд суух, банкны лизингд тавьж байртай болох, дансаа хаалгаж байгаагаа хямгадуулах гээд регистр бол цахим орчинд нэвтрэхдээ ашиглаад баймааргүй хувь хүний үнэт капитал. Хувь хүний хамаг амьдралын нууцад нэвтрэх түлхүүр. Гэтэл байгаа ганц баялгаар маань дамжуулан хянаж цагдах цаашлаад жинхэнэ цахим гэмт хэрэгтнүүдийн өгөөшинд шидэх хуулийг гишүүд санаачлаад сууж байна. Өнөөдөр хувь хүний ямар ч акаунтын нууц үгийг тайлах шиг амархан юм байхгүй. “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх” гэх сүрхий нэртэй алба нь хонгилд хоёр пи си-тэй өдөр, шөнөгүй интернэт ухдаг “жаалуудаас” хол хоцрогдсон яваа гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Тэд хувь хүний акаунт руу нэвтэрсэн ч яагаад юм олж долоодоггүй вэ? Яагаад гэвэл хувь хүний чаатад хүн тоож шинжилчихмээр юм байдаггүйтэй холбоотой. Ойр зуурын хов жив, хол ойрын мэнд ус, ноцтой юм байлаа гэхэд шалдан нүцгэн зураг гэсгээд болоо. (Мэдээж Мурат гишүүн зэргийн асуудал бол тусдаа). Ер нь нүгэл ихтэй хүн л нуух юм ихтэй байдаг. Ингээд бодохоор энгийн номхон ардуудад одоогийн байдлаар цахим ертөнцөд нуугаад хаагаад байхаар юм ч алга.
Харин Хаан банкны дансаар мөнгө авдаг арга бол Хаан банкны систем хэрхэн ажилладгийг харуулах муугийн жишээ. Фэйсбүүкээр луйвардаж авсан мөнгөө данснаас данс руу дамжуулсаар гаргаад авчхаж болдог банкинд итгэж суугаа нь л харин хэрэглэгчийн буруу байх. Эзэн нь мэдээ ч үгүй суухад хэдэн жаал дансанд нь мөнгө оруулаад бас гаргачихсан байгаа нь банкны асуудал болохоос хувь хүний юм уу интернэтийн буруу биш. Хувь хүний итгэлийг энд буруутгамааргүй байна. Нэгэндээ туслах сэтгэл, итгэл бол хүнд үлдүүштэй чанар юм.
Фэйсбүүктээ регистрээрээ ордог болъё гэж бодъё. Манайхны хакер гэж нэрлээд байгаа нөхдүүд юу хийж болох вэ? Бүгдийг хийж чадна. Хувь хүний регистрээр тэр хүнтэй холбоотой юуг ч хийж дөнгөх хэмжээний “хакерууд” энэ ертөнцийн хаа сайгүй л хуулийг батлахыг хүлээж суугаа гэхэд хилсдэхгүй. Интернэтэд “Нууц юм байхгүй” бас “Байхгүй юм байхгүй” гэдэг бол цахим гэмт хэрэгтнүүдийн үндсэн философи. Орондоо хэвтэнгээ лабтопоо өдөржин шөнөжин эргүүлдэж суугаа “хүүхэд” манай төрийнхнөөс хэд дахин хурдан, хэд дахин сэргэлэн бас сэтгэхүйтэй залуус гэдгийг бодууштай. Шуудхан хэлэхэд өнөөдрийн бидэнд регистрээсээ өөр алдах капитал байхгүй. Харин регистрээ алдвал магадгүй бүхнээ ч алдах эрсдэл дагаж мэднэ.
Овог, нэрээ хэрхэхээ хүн өөрөө мэдэх эрхтэй
Хүн өөрийн овог нэрээ албан бус, албан ёсны гэсэн хоёр хэлбэрээр ихэвчлэн хэрэглэдэг. Цахим ертөнц бол хувь хүний албан бус хэрэглээ. Хүн ямар нэр, зургаар, хэдэн удаа, хэдэн цагт орж гарч, юугаа бичих нь тэр хүний л хэрэг. Энэ бол жинхэнэ хүний үзэл бодлын эрх чөлөө. Бүр орохгүй хэрэглэхгүй байсан ч тухайн хүний эрх. Харин албан ёсны бүх бичиг баримт дээр бидний овог нэр, регистр дурайж байгаа. Түүний цаана хамаг мэдээллүүд маань байгаа. Тэгвэл албан бус хэрэглээг нь албан ёсны мэдээлэлтэй нь хутгачихвал юу болох вэ?
Өнөөдөр Монгол Улсын хүн амын 2156 мянган хүн сошиал медиаг идэвхтэй хэрэглэдэг. Тэд бүгд өнөөдрийн төрийг, засаглалыг, эрх баригчдыг шүүмжилдэг, шүүмжлэхэд бэлэн байдаг нь үнэн. Бүх цаг үед иргэд нь төрөө шүүмжилж бас сольж ирсэн. Ордондоо архиддаг, “попордог”, дотоожноос цаагуурх шившгээ дэлгэдэг, өдөр бүр солиотой шийдвэрүүд, хийтэй мэдэгдлүүд ар араасаа цуварч, ард түмний амьдрал дээшлэхгүй, олон нийтийн сэтгэл санаа тогтворгүй байхад шүүмжлэхгүй, шоолохгүй, дооглохгүй гээд яах юм. Харин доромжлоод байгаа хүмүүстэй төр ямар аргаар тэмцэх аргаа олох нь өөрийнх нь үүрэг. Улс төрч болж байгаа хүн энэ эрсдэлээ өөрөө тооцоод энэ замыг сонгох хэрэгтэй. Шүүмжлүүлж, дооглуулж, хэдэн эвлүүлэг, хэсэг хэтрүүлгэнд хямарч, бажгадаж, барьц алдаж “арьсаа хамгаалахаар” хуулийн төсөл санаачилж байгаа бол бүгд долигонодог захирлын ажлаа хийгээд явах сонголт бий шүү Улстөрчид өө!!!
Та бүхэнд сэвтүүлж болохгүй нэр төр, огцорч болохгүй албан тушаал, унагаж болохгүй сонгууль байгаа бол олон нийтэд хааж боож болохгүй үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх ЭРХ ЧӨЛӨӨ гэж бий.
Ялзарсан, бугшсан, сүлжээ болсон төрийн албанд өчнөөн олон албан хаагч төрийн дарамт шахалт, ажлаа алдахын зовлонгоосоо айгаад хэнийг ч, хаана ч шүүмжилж чадахгүй, амиа хоохойлон, амаа жимийгч царайлж яваа бол. “Амыг нь аятайхан барьчихсан” төрийн нэртэй түмэн албан хаагчдаасаа нууц, нэр зургаар шүүмжлүүлэхээсээ, үнэн бодит баримтыг нь гаргаж тавиад байгаад нь төр засаг айгаад байна уу?
Хувийн салбарт ажилладаг үзэл бодлоо хэнээс ч хараат бусаар илэрхийлдэг нийгмийн хэсгийн амыг цахим ертөнцийн муу муухайг зохицуулах нэрээр хааж боохоор санаархаж байгаа хэрэг энэ биш үү?
Иргэдийг намаар нь, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дэглэмээ тогтоохыг гишүүд санаархаж байна. Тиймээс эрх чөлөөт, орчин үеийн даяаршсан дэлхийн хүний хувьд өөрт олгогдож буй эрх чөлөөг хүссэнээрээ эдэлж, бас эцэг эхээс хайрласан овог, нэрээ албан бусаар хэрхэн хэрэглэхээ хүн өөрөө мэддэг баймаар байна!
Нүүр царайгаа ил гаргах эсэхээ хүн өөрөө шийдэх эрхтэй
Хүнд нэрээ, царайгаа, насаа нуух түмэн мянган шалтгаан байдаг. Энэ нь амьтны зөнтэй ч холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалж байгаа нэг хэлбэр. Тэгээд ч монголчууд хэтэрхий цөөхүүлээ тул “од” болох, “шог” болох нь амархан. Цахим ертөнцөд худал мэдээлэл хурдан тархах, цуурхал хүчээ авах, нэг хүнийг нийтээрээ буруутгах үзэгдлүүд их байгаа нь ч үнэн. Эрх баригчдын гол айдас бол энэ. Сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо юм бол энэ том ертөнцөд аль аль нь холилдон орших нь жам. Энэ асуудлаа шийдчихсэн улсыг тэгвэл улс төрчид гаргаад ирэг. Муу муухайгаас гэтэлгэх гол арга нь хааж хорих биш.
Хүнд байдаг үндсэн араншингуудын нэг нь шүүмжлэх, өөнтөглөх. Тэгсэн хэрнээ айх. Айдас нь хүний өөртөө итгэлгүй байдалтай холбоотой. Бие галбир, нүүр царай, хэл ярианы байдал, үзэл бодлоо илэрхийлэх чадвар, бичиг үсгийн боловсрол, албан тушаал, зэрэг дэв хүртэл зарим хүмүүсийн царайгаа, нэрээ нуух шалтгаан болдог.
Цахим ертөнцөд, нэрээ зургаа нуусан бүхэн гаж донтон, хулгай, хүчингийн хэрэг үйлдэх боломжтой гэвэл бидний ихэнх нь ямар нэг хэргийн сэжигтнээр төрд бүртгэгдэх болох нь. Жинхэнэ хэрэгтнүүд энэ хуулийг баталбал өөр шинэ аргыг дорхноо олж л таараа. Цахим гэмт хэрэгтнүүд үргэлж энгийн хүний өмнө нь “алхдаг”. Баригдахаа хүлээгээд сууж байдаг гэмтэн ч гэж юу байх вэ. Мөн хувийн амьдралаа нийтэд дэлгэхийг хүсдэггүй мянга мянган хүн хуурамч хаягтай байдаг. Энэ ч эргээд сайн хамгаалалт болдог талтай. Ажлын шаардлагаар нэр, зургаа нуух хэрэгцээ ч үргэлж үүсдэг. Тэд ингэснээрээ сайн нөлөөг үзүүлдэг. Бусдын өмнө гэм, буруутай хэн нэгэн нэр, нүүрээ нуухаас аргагүй. Энэ бол байх л асуудал. Хүний эхнэрийг салгаад суучихсан эсвэл хэн нэгэнд өртэй хүн ил “ханхалзаад” байж чадахгүй л болов уу. Ингээд тоочвол зөвтгөх шалтгаан түмээрээ олдоно.
Эцэст нь дотоодын хулгайч, луйварчдын үнэн төрх цахимаар илчлэгдэх болсонд хувь хүний цахим ертөнцийн хэрэглээ огт буруугүй. Нүгэлтнүүд л нуух юмтай байдаг.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. А.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна