• Эхлэл
  •  Хоолны хордлогын үед идээт үрэвсэл үүсэх, хөл өвдөх боломжгүй

 Хоолны хордлогын үед идээт үрэвсэл үүсэх, хөл өвдөх боломжгүй

2019/05/02

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орж, хордлого тайлах эмчилгээ хийлгэхийн сацуу хордлого нь улмаар хөл рүү нь орж, идээт үрэвсэл үүссэн учир гадаад руу очиж  шинжилгээнд ороод ирсэн гэж өөрөө тайлбарласан. Үүнээс үүдээд хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж буй. Бид энэ удаад эмч С.Эрдэнэсайханаас хордлого өвчлөлийн талаар тодрууллаа.

-Хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай болон санамсаргүй байдлаар бохирдох,  ялангуяа хүнсээр дамжин бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог.  Дараах нөхцөлд хүнс бохирддог. Үүнд Өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувуу (өвчтэй, өвчин үүсгэгч тээгч)-ны мах, сүү, өндөг, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй усыг хүнсэнд хэрэглэх. Хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн, эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, улмаар хоолны хордлого, гэдэсний халварт өвчин үүсгэдэг. Хоолны хордлогын үед дотор эвгүйрхэх, ходоод, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, хооллолтын онцлог болон тухайн өвчин үүсгэгчийн онцлогоос хамаарч хүнд, хөнгөн харилцан адилгүй байдлаар илэрдэг.

-Хоолны хордлогын үед хөлний идээт үрэвсэл үүсэх боломжтой юу?

-Хүний бие эрүүл байж хоол боловсруулах үйл ажиллагаа зөв зохистой явагддаг. Энэ нь алдагдахаар гэдэс дүүрэх, дотор муухайрах, огуилах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна хоол боловсруулахад оролцдог бүх эрхтэн системийг гэмтээдэг. Тийм болохоор хоолны хордлого хөл рүү дамжиж өвдөх, улмаар хөлний идээт үрэвсэл үүсгэх үндэс байхгүй гэж хэлж болно. Ясны эд, чөмөг, ясны хальс зэргэлдээх зөөлөн эдийн үрэвслээр илрэх халдварын өвчнийг ясны үрэвсэл гэж нэрлэдэг. Ясны идээт үрэвсэл үүсэх шалтгаан нь гадна болоод дотоод хүчин зүйлээс болж үүсч болно.   

-Ийм төрлийн өвчний үед Монголын эрүүл мэндийн салбар шинжилгээ болон эмчилгээг хийх боломж хэр бий вэ?

-Байлгүй яахав. Хоолны хордлогын үед гэрээрээ эмчлэх, хүндэрсэн тохиолдолд эмчид хандан зохих эмчилгээг хийлгэх, хордлого тайлах эмчилгээг хийнэ. Хөл өвдөх, идээт үрэвслийн үед рентгэн зураг авахуулах, улмаар эмчилгээг ямар шатанд хийх зэргийг тодорхойлно. Манай Монголд шаардлагатай бүх төрлийн шинжилгээ, хагалгааг манай эмч нар амжилттай сайн хийдэг.  

Д.Олзвой


Сэтгэгдэл байхгүй байна