Баянзүрх дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнхгэрэл. Өнөөдөр нийгэмд хамгийн их анхаарал татдаг, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдлуудтай тулж ажилладаг Гэр бүл, залуусын хөгжлийн хэлтэс, тэр тусмаа нийслэлийн нэлээд хүнд нөхцөлтэй гэгдэх Баянзүрх дүүргийн том галын цэгт, хэлтсийн дарга нь залуухан, шавилхан, өөрөө хүүхдээрээ гэмээр бүсгүй байх нь гайхалтай. Гэхдээ тэр хүүхэд гэр бүлийн асуудлаар чамгүй туршлага хуримтлуулсан. Тэр тусмаа Хүүхэд залуучууд гэр бүлийн хөгжлийн газар хэмээх том агентлагийн Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Татан буугдаад “алга болчихсон” байсан энэ хэлтсийг ажилтан ч үгүй шахам байхад нь томилогдон ирж бүхнийг цэгцлэн шинээр эхлүүлэн өдгөөг хүргэсэн гэхээр сонирхол татна. Уг нь 2016 онд Хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн газрын хэлтсүүдийг есөн дүүрэг, 21 аймагт байгуулсан атал зөвхөн Баянзүрх дүүрэг хэлтсийг татан буулгачихсан. 2018 онд А.Мөнхгэрэл шинээр томилогдон ирээд ердөө л нэг тамга, гэрчилгээ хүлээн авч байсан гэдэг. Яг энэ үйл явдлаас эхлүүлсэн ярилцлагыг хүргэж байна.
-Улаанбаатарын хамгийн том, гэхдээ бас хүндрэл ихтэй дүүрэг Хүүхэд, залуучууд, хөгжлийн хэлтсээ яагаад татан буулгачихсан байсан юм бол?
-Би сайн мэдэхгүй. Улс төрийн шалтгаанаар юм болов уу гэж ойлгосон. 2018 оны хоёрдугаар сард хэлтсийг дахин байгуулах захирамж гарч, надад тамга, гэрчилгээ хүлээлгэн өгсөн. Ингээд л жил гаруйн хугацаанд хэлтсээ шинээр байгуулж, өмнө тасалдсан байсан ажлуудыг гүйцээж хийх, цаашид сайжруулах гээд л чадлаараа л хичээж байна. Наад зах нь 108-д ирж байсан өмнөх жилүүдийн дуудлагууд дээр нөхөж ажиллах гээд их ажил угтсан л даа.
-Таны хувьд жил гаруй ажил нь тасалдсан дүүргийн хэлтсийн даргын ажлыг хүлээж авна гэдэг нэг ёсондоо зориг, бас маш хүнд сорилт байсан байх? Яагаад энэ хэцүү ажлыг хийхийг зөвшөөрсөн юм бэ? Таныг бараг “гал” руу түлхчихсэн юм биш үү?
-Хөндлөнгөөс тэгж харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол миний хийх ёстой ажил. Би өөрөө Баянзүрх дүүрэгт өссөн. Аав маань энэ дүүргээс ажлын гараагаа эхэлж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар найман жил ажиллаж, ард түмнийхээ итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Тийм болохоор Баянзүрх дүүргээ гэсэн сэтгэл энэ ажлыг хийхэд түлхэц болсон. Аав минь анх 25-хан насандаа Баянзүрх дүүргийн Санхүү хэлтсийн даргаар томилогдож, энэ дүүрэгтээ амьдралаа холбосон.
-Таны аав УИХ-ын гишүүн Амарсайхан агсан. 1992 онд Засаг даргаар томилогдож байсан байх нь. Үүнээс өмнө 25-хан насандаа Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож байсныг харин мэдэхгүй байсан юм байна. Тухайн үедээ чамгүй том албан тушаал. Таны замнал ч гэсэн аавтайгаа адилхан юм аа?
-Би ч бас төдийн насандаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албанд тушаалд томилогдож байсан. Тэндээ жил гаруй ажиллаад 2018 онд энэ ажилдаа томилогдсон.
-Гэхдээ л маш хүнд албыг сонгож?
-Энэ бол надад тавьсан санал. Саналыг хүлээж авах эсэх нь тухайн хүний шийдлийн асуудал. Гэхдээ нөгөөтэйгүүр энэ хүнд дүүрэгт ажиллах итгэл сэтгэлээ өвөрлөөд ирэх чин сэтгэлтэй, бас чадвартай хүн гэж удирдлагууд маань харсан болов уу? Аав маань энэ дүүрэгтээ салшгүй холбоотой, нэр, сэтгэл цэвэр, олон түмэндээ хүндтэй хүн байсан. Аавынхаа үйлсийг үргэлжлүүлэх, дүүргээ гэсэн сэтгэл халуун сэтгэл маань энэ саналыг хүлээж авахад хүргэсэн болов уу.
-Би таныг анх карьерист бүсгүй болов уу гэж бодож байлаа. Нөгөөтэйгүүр, танд илүү боломжууд ч байсан байх. Цүнх баригч, залгамжлагч гэгдээд байгаа залуус анхан шатны энэ хэцүү ажлаас илүүтэй агентлагийн албаны дарга хавьцаа албан тушаалыг сонгох байсан болов уу?
-Таны хэлсэн шиг цүнх баригч, албан тушаалыг хэт шүтэгч хүн байсан бол би агентлагийн хэлтсийн даргын албан тушаалыг орхиод дүүргийн хэлтсийн даргыг албан тушаалд ирэхгүй л байсан болов уу. Нөгөөтэйгүүр энэ албанд ажиллах болсон шалтгаан маань багаасаа нийгмийн их идэвхтэй, хүмүүнлэгийн ажилд их сонирхолтой байсантай холбоотой. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 2015 онд улаанбурхан өвчний дэгдэлт гарахад бид яагаад өвчилсөн хойно нь эмчлэх бус анхнаас нь дархлаажуулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж болохгүй байгаа юм бэ гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьж, өөртэйгээ адилхан бодол сэтгэлтэй хүмүүсийг нэгтгээд дархлааг дэмжих сироп тараах ажлыг хийж байлаа. Эх нялхсын эрдэм шинжилгээний Төв гээд газруудад хүмүүнлэгийн бусад ажлуудыг хийж байсан. Гэхдээ ийм ажил хийлээ гэж том дуугарах нь чухал биш, үр дүнг нь харах нь чухал гэж боддог учраас зарлаад байдаггүй. Ер нь хүмүүнлэгийн, хүүхдүүдтэй ажиллах нь миний хувьд их ойрхон, төвөгтэй биш ажил.
Хүмүүнлэгийн ажилд “дурласан” охин
Нэгдүгээр ангиасаа эхлээд л салаа, бүлэг, ангийн дарга байсан А.Мөнхгэрэл охин нийгмийн идэвхтэй, бүр ээж, ааваасаа удамшсан, нийгмийн ажилтан байх төрмөл зантай гэмээр. Дээр өгүүлсэнчлэн аав нь УИХ-ын гишүүн, санхүүч мэргэжилтэй, ээж нь мөн санхүүч, нягтлан бодогчоос ажлын гараагаа эхэлж, одоогийнхоор бол Нийгмийн халамжийн албаны дарга, тухайн үеийнхээр Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар ажиллаж байжээ. Ээж аав нь ихэнхдээ завгүй, маш чухал шаардлагатай үед Мөнхгэрэл ээж, аавдаа захиа бичээд тавьчихдаг, бие даасан охин байж. Тавдугаар ангидаа “Залуу Хатагтай Ноёд”-ын сургуульд суралцаж байхдаа өөрөө бие даан мөнгө санхүүгээ зарцуулах дасгал хийхийн тулд ээж, аавынхаа өгсөн төсөвт тохируулаад өөртөө хувцас авч байсан тухайгаа дурсав. Энэ жишээг тэрээр Хүүхдийн асрамжийн төвийн талаар өгүүлэхдээ дурсав.Саяхныг хүртэл Хүүхдийн асрамжийн төвүүд үнэхээр л хуарагнасан шинжтэй байв. Нэг удаа ч бие даан дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авч үзээгүй охид насанд хүрч амьдралын замд гарахдаа яаж барьц алддаг бол? Тэгвэл одоо Хүүхдийн асрамжийн газрууд аль болох бие даан амьдрах чадварыг олгохыг хичээхж болж байна. Асрамжийн газруудад хүүхдүүдэд 7-14 хоногийн хүнсийг нь өгч, өөрсдөө хоол хийх, боломжтой худалдан авалтыг багштайгаа хамт хийж, хүүхдүүд өөрсдөө хувцсаа угаан, бага настай дүү нараа асрах гэх зэргээр аль болох гэр бүлийн нөхцөл байдлыг бий болгохыг зорьж байгаа аж. Хүүхэд асрах төвийн тухай ийн хөндөх болсны учир бол яалт ч үгүй хүүхэд, гэр бүл, залуусын хөгжлийн асуудлыг гэр бүлтэй нь холбон цогцоор нь шийдвэрлэхээс өөр аргагүй байдагтай холбоотой. Хүчирхийллийн асуудлаар ханддаг 108 утсанд энэ жил гэхэд зөвхөн Баянзүрх дүүрэгтэй холбоотой 1054 дуудлага иржээ. Энэ дуудлага бүрийн ард хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд оршиж байдаг. Тиймээс дуудлага өгсөн хүүхдийн нөхцөл байдалтай нь танилцаж, шаардлагатай гэж үзвэл эцэг эх асран хамгаалагчийн эрхийг түдгэлзүүлэх, хүүхдийг асрамжийн газар өсгөх, боломжтой бол асран хамгаалах боломжтой хамаатан саданд нь шилжүүлэх, нөхцөл байдлаас хамааран сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ар гэрт нь туслах гэх мэт арга хэмжээг авдаг аж. Эдгээр дуудлагын дийлэнх нь үл хайхрах хүчирхийллийн шинж тэмдэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эх, асран хамгаалагч нь хайхрахгүй байх, хараа хяналтгүй орхих, үүнээс үүдээд хүүхдүүд гадуур тэнэх, PC-нд донтох, цаашилбал, цавуу үнэрлэх гэх мэтэд донтох, гэмт хэрэгт холбогдох, цаашилбал амь нас эрүүл мэндээрээ хохирох аюулт ч тулгардаг аж. Тиймээс тус хэлтсийнхний хувьд хороо, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, эмнэлэг, нийгмийн хамгааллын байгууллагынхантай хамтрах гэх мэтээр гээд янз бүрийн шугамаар ажиллах шаардлагатай болдог. Нэг талаараа нийгмийн эс ширхэг бүртээ хамтран ажиллах нийгмийн эмч нар гэж хэлж болохоор нарийн чамбай ажил аж.
-Хүүхдийн эрх зөрчигдөхөд гэр бүлийн байдал хамгийн их нөлөөлдөг. Жишээлбэл архичин аав нь ирж зоддог, эсвэл гэрт нь идэх юмгүй, ээж аав нь хараа хяналт тавьдаггүй болохоор хүүхэд тэнэмэл болдог гэх мэтчилэн амьдралын төвшин, ядуурал хүүхдүүдэд хамгийн их аюул учруулж байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Баянзүрх дүүрэг 28 хороотой, 334 мянган хүн амтай, дийлэнх нь гэр хороолол. Дээр хэлсэн 1054 гомдлын дийлэнх нь тэндээс ирдэг. Таны хэлснээр ажилгүй, орлогогүй байх, архинд хамааралтай болох гэх мэтчилэн эцэг эхийнх нь амьдралын төвшин хүүхдийг ихээр хохироодог. Тийм болохоор манайх зөвхөн хүүхдийн асуудал гэж тусад нь авч үзэлгүйгээр тухайн хүүхдийн ар гэрийн асуудал ямар байгааг тандалт судалгаа хийж, насанд хүрсэн нь ах нь ажилгүй байвал ажил олж өгөх, дүү нар нь ч юм уу өөрөө хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй, эсвэл тухайн өрх хүнсний талонд хамрагдаагүй гэх мэт байгаа асуудлуудыг нь аль болох цогцоор нь шийдэж өгөхийг хичээдэг.
-Саяхан дөрвөн настай хүүг хойд эцэг нь зодсон хэрэг гарлаа. Ийм хэргүүд гарахад хүмүүс маш их эмзэглэж, шуугидаг Хүүхдийн төлөө газрууд яагаад ажлаа хийхгүй байна вэ гэж шүүмжилдэг. Яг нөхцөл байдал дунд ажилладаг хүний хувьд та юу хэлэх вэ?
-Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд манай зүгээс 108 утсаар ирсэн аливаа дуудлага, үйлдлүүдэд нууцлал сахьдаг. Харин хүмүүс ямар ч замаар сөрөг буруу мэдээлэл аваад тархаад цацдаг. Тэндээс өнөөдөр сошиалд анзаарагддаг үзэгдлүүд, нэг хүн шүүмжлээд эхлэхээр бүгд дагаад шүүмжилдэг, учир байдлыг тайлбарлаад хэлэхээр ойлгодоггүй мэт хандлагууд харагддаг л даа. Бусдыг шүүмжилж эхлэхээсээ өмнө ядахдаа энэ байгууллага юу хийдэг, хэргийн учир зүй нь юу байв гэх зэргийг нягтладаг байгаасай гэж боддог. Тиймээс сөрөг хандлагыг эерэг болгохын төлөө улам илүү ажиллах хэрэгтэй байна.
-Олон нийтийн дунд яригдаад байгаа шиг хүүхдийн хүчирхийллийн хэрэг үнэхээр нэмэгдэж байна уу, эсвэл түрүүн хэлсэн шиг сошиалын давалгаа их байна уу? Ямар нэгэн гэмт хэрэг ихэссэн эсэх тухай хэлэхийн тулд тоо баримт харьцуулах хэрэгтэй. Харин хүчирхийллийн хэргийн тухайд урьд нь нуугдмал байсан мэдээлэл ил болох ч гэдэг юм уу, нөгөө талаасаа бүртгэгдээгүй өнгөрдөг байсан хэрэг 108 утасны ачаар илүү их ил гарч ирж байна уу гэсэн арай өөр ойлголт байна уу?
-Хүчирхийлэл гэдэг бол үл хайхралын, сэтгэл санааны, эдийн засгийн, бие махбодийн гэх мэт олон янз. Илрэх, илрүүлэх хэлбэр нь ч өөр, өөр. Манай агентлаг байгуулагдсанаар илрүүлэлтийн асуудлын чухлыг иргэн бүрт ойлгуулах гэж маш сургалт, мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажил хийсэн. Ингэснээр 108 утсанд ирдэг дуудлага нэмэгдсэн. Дуудлага нэмэгдсэнээр тусламж шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах боломж улам нэмэгдэж байна. Илрэх тусам хэргийн тоо ихэснэ. Тэгэхдээ энэ муу зүйл биш. Үүний төлөө төрийн байгууллага нь ажиллаж байна, тодорхой хэмжээний нууцлалыг хангах ёстой. Түүнээс биш хүмүүст сөрөг мэдээллийг суулгаж, айдаст автуулах нь бидний ажил биш. Харин ч асуудлыг ил гаргаж мэдээлснээр асуудлыг шийдэх арга замд хүрнэ гэдгийг ойлгуулах нь чухал.
-Нэг үеэ бодвол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд хөндлөнгийн хүмүүс ч холбогдох байгууллагад нь хандаж мэдээлж байна гэдэг нэг үр дүн. Энэ хэрээр хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах ажлуудыг хийж байна. Гэхдээ анзаарахад сөрөг мэдээлэл хүмүүст хүрээд байхад эерэг мэдээлэл тэр бүр гардаггүй. Тэгэхээр иргэдэд ийм эерэг мэдээллийг хүргэх нь хангалтгүй байна уу, тухайлбал, сошиал орчинд?
-Яг сошиал орчинд мэдээлэл түгээх ажил хангалтгүй байгаа нь тиймхэн. Бас байгаа төсвөө мэдээлэл түгээхэд зарцуулах уу, төрийн туслалцаа хэрэгтэй байгаа нэг ч гэсэн хүүхдэд зарцуулах уу гэдэг асуулт бас гарч ирнэ шүү дээ.
-Төсөв хангалтгүй байгаа гэж үү?
-Нийгмийн хандлага сайжрахын хэрээр төсөв нэмэгдэж байгаа ч гэсэн 21 аймаг, 9 дүүрэгт хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай биш нь мэдээж.
-Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажилладаг хүн гэхээр нас тогтсон, амьдрал мэддэг, туршлагатай, тулхтай хүний дүр сэтгэлд буугаад байдаг. Та болохоор бараг хүүхдээрээ харагдаад байх юм? Гэр бүлээ танилцуулбал болох уу?
-Хүний төлөө ажиллахын тулд таны хэлсэн шиг амьдрал мэддэг, ажлын туршлагатай гэх мэт шиг шаардлага буух нь зөв л дөө. Гэхдээ хүүхдийн төлөө ажиллахын тулд заавал олон хүүхэдтэй байх ёстой биш биздээ? Гол нь сэтгэл зүрх, байнгын хөдөлмөр зүтгэл хэрэгтэй. Миний хувьд нөхөртэйгээ ханилаад есөн жил болж байна, найман настай хүүтэй.
-Таны хувийн карьерийн талаар асуумаар байна. Жишээлбэл 2020 онд?
-Хүүхдүүдтэйгээ л ажиллаж байна байхдаа.
-Эсвэл сонгуулийн дараа таны ажил алба муугаар бодоход өөрчлөгдвөл яах вэ?
-Хүний төлөө, хүүхдийн төлөө ажиллахад заавал эрх мэдэл, албан тушаал шаардлагатай биш. Хэзээ ч хүмүүнлэгийн ажлаа хийхэд хүндрэл гарахгүй гэж бодож байна.
-Тэгвэл нэлээд холын төлөвлөгөө, жишээлбэл, 10 жилийн дараа, УИХ-ын гишүүн, сайд ч юм уу төрийн албан хаагчаараа ажиллаж байх болов уу гэх мэт?
-Тухайн үед хийж хэрэгжүүлсэн ажлын маань үр дүн гараад цаашид ахих боломжтой юу үгүй юу гэдгийг би биш олон нийт тодорхойлно.
-Редакцийн санаачлагаар хийж байгаа та бид 2-ын яриа сонирхолтой, ач холбогдолтой болж байна. Манай сэтгүүлийг уншиж байгаа эцэг эхчүүдэд хандаж та юу хэлэх вэ?
-Монголын нэг ч хүүхэд үл хайхрал, сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд бүү автаасай
-Баярлалаа. Танд амжилт хүсье!
ЭХ СУРВАЛЖ:"ТӨРИЙН ХҮН" СЭТГҮҮЛ. 2019.04 сар
Ярилцсан А. Туяа
Сэтгэгдэл байхгүй байна