• Эхлэл
  • Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэхгүй, Гүйцээ

Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэхгүй, Гүйцээ

2019/05/09

Монголчууд хойд хөршт болж буй ялалтын парадыг сонирхож байх зуур УИХ Захиргааны ерөнхий хуульдаа өөрчлөлт оруулав. УИХ ч гэждээ ажилдаа ирж “гийгүүлсэн” 38 гишүүнийн 50 хувь буюу 20 гишүүний саналаар ийн иргэдийн эрхийг хамгаалах тулгуур шүүхээ ийн “ажилгүй” болгов.

Хуульд хийсэн өөрчлөлтийг товчхон бөгөөд гоёхноор тайлбарлавал УИХ-аас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэсэн үг.

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага аваач" гэж хашгираад ч нэмэргүй. УИХ дахь бүлэг ч үгүй болсон АН-ийн зарим гишүүд өөрсдөд нь энэ хууль ашигтай тусахыг ч дотроо тооцоолж байж магадгүй. Саяхан намаасаа хөөсөн хоёр гишүүн нь нэгэн цагийн намынх нь лидерийг хөнөөсөн хэрэгт яллагдагчдыг шоронгоос сулла гэсэн лоозон бариад давхиж яваа.

ЖДҮ, 60 тэрбумаараа талцаж байлдаж байсан эрх баригч нам нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хуулийн гоёхон хэллэгээр хэн, хэнийгээ хэргээс мултлах гээд аль хэдийнэ тохирчихсон. Нутаг оронд нь уул усыг нь ухаж төнхөж, ундны усыг нь булааж авсныг эсэргүүцэж байгаа иргэд одоо шүүхэд хандаад ч нэмэргүй, их л үсрээд талбайд жагсаад л гүйцээ. Лицензийн маргаантай аж ахуйн нэгжүүд, зүгээр л лицензээ хаяад гадагш дүрвэ, өмч хувьчлалтай холбоотой маргаан зөвхөн Төрийн ордонд, ордонд ч гэж дээ, эрх баригчдын “ор”-он дотор л шийдэгдэнэ. Иргэн аж ахуйн нэгж, Засгийн газар, сайд дарга хэн ч бай хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим баяртай. Гахай илүү эрхтэй гэдэг шиг Засгийн газар илүү эрхтэй. “Түүнийг” шүүх эрх шүүгчдэд байхгүй боллоо-баяр хүргэе. Байнгын хороон дээр хэн нэг нь Засгийн газарт чиглэл өгөөд түүгээр болоход Засгийн газрын буруу зөвийг шүүх засаглал, Захиргааны хэргийн шүүх эрхгүй боллоо. Одоо Засгийн газар ямар ч компанийн лицензийг булааж авч болно, хаана ч хамаагүй уурхайг хааж бас нээж болно, хэн нэгний өмчийг булааж авч болно. Хүсвэл бүх хувьчлалыг буцааж, бүх обьектийг хурааж авч болно. Догь байна уу?

Одоо тэгээд яах вэ гэж үү? Жагсаал цуглаан хийгээд нэмэргүй, хуульчдын үг, тайлбар ч нэмэргүй. Жил гаруйн өмнөөс энэ өөрчлөлтийг 400 гаруй хуульч эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан тэмцсэн ч нэмэр болоогүй.

Эцэст нь таны эрхийг таны сонгосон УИХ чиглэл өгсний дагуу таны татварын мөнгөөр тансаглаж байгаа Засгийн газар зөрчлөө гэхэд таныг өмөөрөх, хамгаалах хуулийн бололцоо байхгүй болсон. Эсэргүүцээд ч нэмэргүй. Хуулийн эцсийн хамгаалалт болсон Үндсэн хуулийн цэцэд хандсан ч өнөөдөр цэц хэмээх хөх тэнгэр УИХ-ынхаа эсрэг шийдвэр гаргахгүй, гаргасан ч хүчийг олохгүй гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй. Гүйцээ.     

Гурван шатны шүүхийг шийдвэрээр хоригдож байгаа хүмүүсийг хоёр гишүүн санал гаргаж, Хууль зүйн сайд нь балиашиглаж, Их хуралд чиглэл өгснөөр шоронгоос суллаж болно гэдэгт итгэдэг, алга ташин баяр хүргэж байгаа ард түмэнтэй, Хууль зүйн сайд Монголд шүүх байхгүй гэж тунхагладаг, УИХ нь 20 “сайн дур”-ын гишүүний кнопоор тулгуур хууль руугаа “салаавч гаргадаг” парламенттай улсад өөр ч юу байх вэ? Одоо Захиргааны шүүхээ татан буулга! Гүйцэтгэх засаглалынхан, төрийн эрх мэдэлтнүүд иргэдийн эрхэнд халдахад хянан хэлэлцэж чадахгүй Захиргааны хэргийн шүүхээр ч яах юм билээ? Эцэст нь сайдын хүссэнээр шүүхээ татан буулга. Гүйцээ. Монголд Сталин ч атаархам дарангуйлал тогтоно-Урай.

А.Туяа  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин