• Эхлэл
  • З.Энхболд: Хоёр талын харилцаа илүү бодит, прагматик хэлбэрт шилжиж байна

З.Энхболд: Хоёр талын харилцаа илүү бодит, прагматик хэлбэрт шилжиж байна

2019/05/13

Монгол Улс, БНХАУ-тай  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС" цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 

Бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалаас гарсан бодит үр дүнг хэрхэн үнэлэх вэ?

-Дээрх хоёр ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ нь Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд хийсэн төрийн айлчлалаас хойш дөрвөн жилийн дараа БНХАУ-д хийсэн дээд түвшний айлчлал юм. Айлчлал хөтөлбөрийн дагуу амжилттай болж өндөрлөсөн.

Энэ үеэр Засгийн газрын яамд, агентлагууд болон аж ахуйн нэгж хооронд 20 гаруй гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцох санамж бичгүүдэд гарын үсэг зурагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр өдөрт төрийн айлчлал хийж, дараагийн хоёр өдөрт нь дэлхийн 39 орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, 120 орчим орны төлөөлөл оролцсон “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцож, нэг удаагийн явалтаар хоёр ажил амжууллаа.

Онгоцны буудлаас угтсангүй гэж муулаад байгаагаас бусдаар энэ айлчлалыг өөлж чадахгүй байх. Юу ч байсан муулдаг хэсэг хүмүүс Монголд байна. Шоглож хэлэхэд Далай ламыг Дээд шүүхийн даргад дэвшүүлбэл муулсаар байгаад унагах тийм л хүмүүс байгаа. Энэ бол үл бүтэх улсууд л даа. Ялангуяа гадаад харилцаанд ингэж улстөржиж болохгүй.

Айлчлалын эхний өдөр “Азербайжаны Ерөнхийлөгч Алиевийг онгоцноос угтаж авлаа. Манай Ерөнхийлөгчийг дорд үзээд онгоцны хоолойноос тосч авлаа” гээд байсан. Энэ бол өмнө тохирсон асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн онгоц байхгүй. Урьд нь ч хэзээ ч байгаагүй. Рейсийн онгоцоор явдаг. Онгоц түрээслээд явж болно. Тэгвэл Алиев Ерөнхийлөгчийг угтсан шиг үйл явдал нисэх онгоцны буудал дээр болж болно шүү дээ. Би үүнд огт ач холбогдол өгөхгүй байгаа. Онгоцноос авна уу, хоолойноос авна уу, энэ бол хэлбэрийн асуудал. Зорчигчийн онгоцоор яваа атлаа нисэх буудлаас угтуулж болно. Тэгэх юм бол зорчигчид15 минут онгоцноосоо гаралгүй, хүлээж сууна. Дараа нь тэд автобусаар терминал руу явах ёстой шүү дээ.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч “Ингэж болохгүй. Зорчигчдоо бод. Хоолойгоор угтдаг хялбаршуулсан аргаар ор” гэсэн үүднээс тусгай онгоц хөлслөөгүй, ямар нэг хүндрэл гаргалгүй бусад зорчигчдын адилаар хоолойгоор орж явсан. Хүндлэлийн хувьд англи хэл дээр гардаг “China Daily” сонин мөн дэлхийд хамгийн олон хувиар гардаг “Хятадын Өдрийн сонин”-ы эхний нүүрт Монгол Улсын Төрийн тэргүүний төрийн айлчлалын талаар нийтэлсэн. Энэ бол хүндлэл мөн байх. Бас Ардын Их Хурлын ордны гадаа их буугаар 21 удаа буудаж, хүндэт харуул жагсаж, төрийн айлчлалын ном журмаараа угтах ёслол болсон.

Айлчлалын хэлбэр яах вэ. Агуулгын талаар товч хэдхэн үгээр хэлбэл, Монгол Улс бол 1949 оны аравдугаар сард БНХАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн тав дахь улс. Энэ оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Үүгээр өмнөх 70 жилээ хаая. Өнгөрсөн 70 жилд сайн зүйл ч их байсан, саар нь ч байсан. Одоо үүнийг хааж шинэ хуудас нээгээд, дараагийн 70 жилийн хамтын ажиллагаагаа хөгжүүлье.  Дараагийн 70 жилд манайд тэдэн сая юанийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж өгөөч гэж гуйхаа больё гэж байгаа юм. Үүнтэй Хятадын тал ч санал нэгтэй байгаа.

“Бүс ба зам” дээд хэмжээний чуулга уулзалт “Хамтдаа шинээр үнэ цэнэ бүтээж, түүнээс шударгаар үр шим хүртэн, харилцан ашигтай хамтран ажиллая” гэсэн уриан дор боллоо. Тэр уриагаар цаашдаа явна. БНХАУ бол дэлхийд хоёрт орох 13 триллион ам.долларын том эдийн засаг. Тэдэнтэй хамтарч ажиллана. Гэхдээ бид юм гуйхаа больё. Та нар ч биднийг харж үзэж, хааяа нэг мөнгө өгдгөөсөө татгалзаж, Монголд хийсэн, боловсруулсан бүтээгдэхүүнийг ихээр авбал хоёр улсын хоорондын харилцаа сайн болно гэж ярилцлаа.

Томхоноос нь дурвал, анх удаа 10 сая тонн гангийн үйлдвэрийн эхнийх болох 300 мянган тонн ширэмний үйлдвэр энэ жил баригдах гэж байна. Анх удаа Засгийн газрын зээлгүйгээр хоёр талын хувийн хэвшлийнхэн 300 мегаваттын цахилгаан станц барина. Гангийн үйлдвэр дээр Монголын компани баталгаа гаргаж зээл аваад ашиглалтад орохын өмнөх үйлдвэр авч байна. Энэ мэт амьд банкны харилцаа, амьд хөрөнгө оруулалтын харилцаа хөгжинө.

Хамтын ажиллагаа заавал Засгийн газар хооронд байх гэхээсээ илүү бизнес, эдийн засаг тал дээр хувийн хэвшилд тулгуурласан байдлаар явах нь зүйтэй гэж үзсэн.

-“Бүс ба зам” дээд хэмжээний чуулга уулзалтаар Монголд ашигтай ямар асуудлууд хөндөгдсөн бэ?

 -“Бүс ба зам” бол хуучин торгоны зам шиг ЕвроАзийн уудам эх газрын хоёр талд оршиж байгаа дэлхийн том эдийн засаг Европ, Ази, Африкийн хойд хэсэг, Энэтхэг гэсэн их орон зайд бараа таваарыг аль болох хямд өртөгтэй тээвэрлэх, саадгүй худалдаа хийх, аль улс юу чадаж байгаагаараа оролцох, нийтдээ эдийн засгаа хөгжүүлэх, ийм л санаачилга юм.

“Бүс ба зам”-ын зургаан коридор байдаг. Түүний нэг нь Монгол, Орос, Хятадаар явж байгаа. Энэ хуралд бид оролцохоос өөр аргагүй. Түүний хүрээнд хийх ажлуудаа ярьж байгаа.

“China Daily” сонины эхний нүүрт “Бүс ба зам”-д нэгдсэн орнууд “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанаас юуг хүлээж болох вэ гэдгийг нийтэлсэн байна. Тэнд нийтэлснээр “Хөгжлийнхөө эхний 70 жилийг хаагаад дараагийн 70 жилээ эхлүүлж байгаа БНХАУ үүнээс хойш импортоо ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлнэ. Тарифаа буулгана.

“Та нар бүх зүйлийг түүхийгээр нь аваад боловсруулаад бидэнд өгөөд байна” гэж Хятадыг олон орон, түүний дотор  монголчууд ч шүүмжилдэг. БНХАУ одоо тэгэхгүй. Импортоо нэмэгдүүлнэ. Ирэх 11 дүгээр сард Шанхайд “Хятадын олон улсын импорт”-ын анхдугаар үзэсгэлэн болно. Тэнд Монголын аж ахуйн нэгжүүд бараагаа зар. Бид дандаа түүхий эд авахаа больж байна. Чанартай бараа бүтээгдэхүүнийг дэлхий дахинаараа манайд ирж зарахыг хүлээж байна. Тавтай морилно уу” гэсэн байна.

Фирмийн бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн, хүнс авна гэсэн. Үүн дотор Монголын мах, махан бүтээгдэхүүн орж байгаа. Өнгөрсөн жил манайх анх удаа 70 мянган тонн мах зарсан. 1990 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг заавал Хятадын аж ахуйн нэгжтэй хамтарсан байхыг шаарддагаа больж байна. Эдийн засгаа нээж байна, оюуны өмчөө хамгаалъя гэх мэтээр олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгож байна.

Энэ хүрээнд бид боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д зарах бодлоготой байгаа. Үүнийг дагаад аж үйлдвэрийн салбар, хүнсний аж үйлдвэр босно. Дандаа түүхий эд зарах биш, эхлээд түүхийгээр нь зардаг 10 гаруй сая тонн төмрийн хүдэр, арваад сая тонн нүүрсээ холиод ширэм, ган үйлдвэрлэхээр болж байна. Өнөөдөр ширэм татваргүй, ган татвартай байгаа. Яваандаа гангийн татвар буурахаар ган үйлдвэрлэж зарах нь ашигтай болно. Энэ мэтээр бодит, прагматик, тоотой, хэмжээтэй, хүрэх он цагуудтай тодорхой зорилттой ирлээ.

Өмнөх Ерөнхийлөгч нар шиг очоод тэрбум юанийн тусламж өгөөч гээд, уриалга дэвшүүлээд, хүнд наалддаггүй, амьдралаас хол зүйл яриад байдгаа больё гэж байгаа.

-Гаалийн татварын тарифыг хөнгөлөх талаар нэлээд урт хугацаанд яригдсан. Энэ талаар асуудал хөндөгдсөн үү?

-Энэ татвар үе шаттайгаар буурч байгаа юм билээ. Ширэм хоёр жилийн өмнө татвартай байсан. Одоо бол татваргүй. Тэгэхээр манай аж үйлдвэрийн нэгжүүд ширэм үйлдвэрлэж заръя. Боловсруулалтын дараагийн шатанд оръё гэж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр дагалдан явсан бүрэлдэхүүн Хятадын Цаофейдянь боомтод очиж Тавантолгойн нүүрсийг тус боомтоор гаргах талаар ярилцсан. Энэ талаар тодруулж ярина уу?

-Энэ боомт Тяньжины боомтыг бодвол 80 км орчим илүү тойрч байгаа. Гэхдээ Бээжингийн орчимд Улаанбаатарын замын түгжрэл шиг галт тэрэг, автомашины бөөгнөрөл үүсдэг тул аль болохоор түүнээс холуур тойрвол ачаа саадгүй явна. Хоёрдугаарт, Тяньжин боомт нуранги ачаа авахаас татгалзаж, чингэлэг рүү шилжиж байгаа.

Бидний очиж танилцсан боомт бол Бохайн тэнгисийн хамгийн гүнзгий хэсэг, хамгийн хүнд даацын усан онгоц авдаг газар юм. Хамгийн хүнд даацынх нь 400 мянган тонн, мөн түүнээс доош хэмжээний нүүрс тээвэрлэх чадалтай усан онгоц байсан. Хэрэв бид далайд гаръя гэвэл энэ боомтыг зааж өгч байгаа юм. Шинээр баригдсан боомт тул тариф гайгүй. Бээжингийн гацаанд оролгүй хойгуур Жининээр дайраад явж болно.

Манай уурхай дээрээ 70 ам.долларын үнэтэй байгаа нүүүрс усан боомт дээр очихоороо 200-250 ам.доллар болох гэж байгаа юм. Тэгэхэд Л.Элдэв-Очир, Д.Хаянхярваа гэх зэрэг MCS-ийн хэдэн гишүүн хоёр зуун хэдхэн км яваад хил гаргаад зарж байгаа юмыг яах гэж ингэж хол явуулж байгаа юм гэж байсан. Гэтэл явсан км бүхэнд Монголын төмөр замчид ажилтай болно. Далан ам.долларын нүүрсний өртөг 250 ам.доллар болтлоо нэмэгдэнэ. Тэр зөрүү орлого нь Монголын нутаг дээрээ үлдэг гэсэн бодлогыг л Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж байгаа.

MCS-ийнхэн шиг хоёр зуу гаруйхан км явуулаад хил гаргавал Монголд ашиггүй. Монголын баялаг Монголдоо хамгийн их ашгаа өгөөд хил гарах бодлогыг л бид баримталж байгаа юм. Үүнийг дагаад нүүрс угаах үйлдвэр байгуулагдана. Коксжуулах үйлдвэр баригдана. Гангийн үйлдвэртэй болно. Ийм зүйл дээр харин Хятадаас зээл авч болно. Яагаад гэвэл тэндээс гарсан ган, ширэм, коксыг буцаагаад Хятад авна. Тэрнээс биш, түүхийгээр нь гаргавал Монголд ашиггүй.

Түүхийгээр нь өгвөл зүйтэй гэсэн РR-ыг сүүлийн 10 жил явууллаа. Бүх Ерөнхий сайд нарын толгойг MCS-ийнхэн эргүүлээд, одоо хүртэл Сайншандын төмөр замыг ашиггүй гэдэг. Ашигтайг нь хамгийн анх ойлгосон Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх болж байгаа юм. Төмөр зам Монголынхоо нутгаар Зүүнбаян орно. Тэндээсээ Хөөт, Хөөтөөс Бичигт орно. Бичигтээс Цаофейдянь боомтод хүрвэл өрсөлдөх чадвартай нүүрс учраас хамгийн ашигтай.

Түүнээс биш зүгээр түүхийгээр нь гаргаад байвал ганцхан MCS-ийнхэн баяжаад гурван сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” ашиггүй хэвээрээ байгаад байна шүү дээ. Монголд аль болохоор ашиг үлдээхгүй бол уул уурхайг ухах хэрэг байна уу гэсэн асуулт гарч байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалаар нээгдсэн дипломат харилцааны цоо шинэ хуудсын гол агуулга юу вэ?

-Эрх тэгш хамтын ажиллагааны хуудас нээгдэж байна. Том жижиг улс гэх биш. Бизнесээ хамтарч хийгээд, хамтарч ашиг олоод, хамтарч ашгаа хүртэнэ. Том нь багадаа ядарсан үед нь зээл өгдөг байдал байж таарахгүй. Засгийн газраа өрөнд оруулалгүй аль болох хувийн хэвшлүүд хамтарч ажиллана.

Бид төмөр замаа өөрөө барина. “Бүс ба зам”-д Монгол Улсын оролцож байгаа хамгийн том чухал зүйл бол зургаан коридорын нэгээр батлуулаад Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридороо амилуулах явдал юм. Үүнд хамгийн эхлээд 1 000 км өндөр хурдны, зургаан эгнээ бүхий хүнд даацын машины зам барих нь чухал. Одоо Монгол Улс Хятад, Европын хоорондох чингэлгийн урсгалын 20-хон хувийг авч байгаа. Тэгвэл манайд түүнээс илүүг авах бололцоо бий. Гэхдээ энэ тоо 2014 онд 0 байсан шүү дээ. Найман вагон буюу 800 чингэлэг явдаг байсан бол одоо 820 вагон буюу түүнийг зуугаар үржүүлэхээр маш олон чингэлэг ачааг бид өнгөрсөн жил явуулсан. Транзитууд явж байна. Үүнд саад болж байгаа зүйл бол Эрээн. Тэнд бүх юм гацдаг. Яагаад гэвэл Эрээн-Жининий төмөр замын  өргөтгөлийг хятадууд 1950 оноос хойш огт хийсэнгүй.

Тиймээс Хятадын талд хандаж “Энэ өргөтгөлийг хийгээч. Танай “Бүс ба зам”-ын ажилд саад болж байгаа гацаа энэ нарийн хэсэгт байна. Эрээн-Жининий төмөр замын өргөтгөлийг хийгээч. Тэгэхгүй бол бүх юм гацна” гэсэн прагматик, ажил хэрэгч уур амьсгалд хэлэлцээ өрнөсөн.

Ач холбогдол нь жирийн иргэдийн амьдралд нөлөөлөх бодит хамтын ажиллагаа юм. Өрийн занганд орохгүй байх хэрэгтэй.Үүний тулд хоёр улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүдийн 1 000 км өндөр хурдны засмал замаа өөрийн хөрөнгөөр тавих хэрэгтэй. Өндөр хурдны зам тавихад юу хэрэгтэй вэ?  Суурийн бетонд хэрэглэх цемент манайд хангалттай, бүр илүү гарч байна. Арматур байна. Хайрга, шороо бүгд байна. Тэгээд цалин. Энэ бүхнийг “Бүс ба зам”-ын зээлгүйгээр хийх хэрэгтэй. Хийж ч болно.

Энэ жил Зүүнбаян-Тавантолгойн төмөр замаа дуусгасны дараа ирэх жил зам тавих ажилд оръё гэж байгаа.

Ингэсэн тохиолдолд “Бүс ба зам”-ыг дагасан хөгжлөөс хүртэж болно. Хэдэн тэрбум ам.доллараар замыг Хятадын компани, хятад ажилчдаар тавиулчих юм бол өрийн занганд орох аюул байна. Тиймээс өөрийн хүчээр бүх зүйлээ хийе гэж байгаа юм. Үүгээрээ дипломат харилцааны шинэ үе өмнөхөөсөө өөр юм.

Ярилцсан сэтгүүлч Д.Оюунцэцэг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин