• Эхлэл
  • “Цагаан шонхор”-ыг гэрэлтүүлсэн цагдаагийн хошууч бүсгүй

“Цагаан шонхор”-ыг гэрэлтүүлсэн цагдаагийн хошууч бүсгүй

2019/05/16

“Цагаан шонхор”-ыг гэрэлтүүлсэн цагдаагийн хошууч бүсгүй

Аливаа улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, төрийн хүч, хийморь лундаа, цэрэг эрсийн жавхаалаг байдлыг дүрэмт хувцас  илтгэн харуулдаг. Монголын цагдаагийн сүр жавхааг тодорхойлдог  цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцсыг ЦЕГ-ын “Цагаан шонхор” ТӨҮГ  урлаж байна. 1992 онд ЦЕГ-ын дарга, генерал Б.Пүрэвийн  санаачлагаар байгуулагдаж, 27 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа тус үйлдвэрийн даргатай уулзах томилолт сэтгүүлийн редакциас авав. Монголын цагдаад цөөхөн байдаг дарга бүсгүйчүүдийн нэг “Цагаан шонхор” Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, цагдаагийн хошууч Б.Ариунзаяа төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа аж. 

Ажилсаг эзэгтэйн гараар өнгө нь засагдсан энэ үйлдвэр үнэндээ анх хэдхэн ажилтантай, тушаал хэвлэх принтер ч байхгүй, хөрш “Хүч”-ийнхнээс түр гуйж хэрэглэж байсан гэдэг.

Цэргийн казарм байсан гэх энэ намхан байшин өнөөдөр төрөл арилжжээ. Нарс, гацуур модод суулгасан хашааны жижигхэн зайд зуны улиралд эрээн алаг цэцэгс найгаж байдаг. Хаалга үүднээсээ цэмцгэр энэ үйлдвэрт олон бүсгүй зэрэгцэн суугаад яралзтал ажиллана. Хувцасны хэмжээ өгөхөөр ирсэн хүмүүст үйлчлэх жижигхэн цэвэрхэн өрөөнд Богд хаант Монгол Улсын үеийн Арван тавны цагдаагийн өмсч байснаас эхлээд өнөө цагийн генерал, бригадын генералын хувцсаар иж бүрэн гоёсон манеканууд угтана. Үйлдвэрийн 25 жилийн ойгоор цагдаагийн алба хаагчдын болон хөдөлмөр хамгааллын хувцсаараа анхны загварын шоуг “Монгол Модель “агентлагийн загвар өмсөгчидтэй хамтран зохион байгуулсан нь өвөрмөц шоу болж чадсан юм. За одоо Б.Ариунзаяа хошуучтай хийсэн яриагаа сийрүүлье

ЦЕГ-ын “Цагаан шонхор” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын тухай товч танилцуулна уу?

Монгол Улсад 10 мянга гаруй цагдаагийн ажилтан, албан хаагч байдаг гээд бодохоор тэдний дүрэмт хувцсыг үйлдвэрлэнэ гэдэг маш том хүчээр хийх ажил. Явцуухан бодоход зах зээл, эрэлт хэрэгцээ нь бэлэн, стандарт тодорхой, үйлдвэрлээд л байхад санаа зовох зүйл үгүй мэт. Гэвч анх 4 жилийн өмнө, намайг энэ ажлыг хүлээн авч байхад бодит байдал тун тааруу, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчихсон, 60-аад сая төгрөгийн өртэй, тоног төхөөрөмж, ажиллах хүчин муу,тэр бүр тендерт оролцож, ажил захиалга авах нь ховор, үйлдвэрийн байранд засвар тохижилт хийгдээгүй удсан, үйлдвэрийн тал хэсэг нь халдаггүй хүйтэн, хөлдүү, будаг шавар нь холцроод уначихсан, зарим хана нь хөгцөрчихсөн байдалтай байсан.

 Одоо байдал огт өөр болсон. Үйлдвэрийн хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлсэн. Манай үйлдвэр эсгүүр, загвар, захиалга, китель, өмд, гүйцэтгэх гэсэн үндсэн 6 тасагтай болсон. Өдөрт дунджаар 150-300 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа нэмэгдүүлж бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2016 онд зарим тасгуудын технологи, дамжлагын хуваарийн шинэчлэлийг бүрэн хийсний үр дүнд үйлдвэрлэлийн гарцыг 50 хувиар нэмэгдүүлээд байна. Нэгэн цагт арав гаруйхан ажилтантай байсан үйлдвэр одоо захиргаа, оёдолчин, эсгүүрчин, наалт, гар ажиллагаа, тусгай тоног төхөөрөмжийн ажилтнууд гээд 60 орчим, оргил ачаалалтай үедээ 100 орчим хүн ажиллуулдаг. Одоо манай нийт оёдолчдын 70 гаруй хувь нь оёдлын 3,4,5 дугаар зэрэгтэй, ур чадвар, дадлага туршлагатай эсгүүрчидтэй, гуч дөчин жил ажилласан ахмад туршлагатай үйлчидтэй ажил бүтээл ундарсан сайхан үйлдвэр болсоон.

Та мөрдэс зүүсэн офицер хэдий ч нэгэнт хөнгөн үйлдвэрийн хүн болжээ. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд учирч буй нийтлэг бэрхшээл юу байна вэ? Хэрхэн шийдвэрлэх вэ?

Олон асуудал байна, зах зээлийн багтаамж бага, бүтээгдэхүүн борлуулах сүлжээ бүрэлдэн тогтоогүй, үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал. Хөрөнгө санхүү, дэвшилтэт техник технологийн талаархи мэдээлэл дутмагаас шалтгаалан өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдэхгүй байгаа нь бас л том асуудал. Үйлдвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын арга хэлбэр төлөвшөөгүй, хүний нөөц дутмаг, тогтвор суурьшил тааруу. Олон төрлийн давхар татвар, хураамж, хяналт шалгалтын дарамт хэвээр байна. Тэгэхээр салбар хоорондын уялдааг сайжруулж, боломжоо зөв хуваарилах, зээлийн хүүг бууруулж, хугацааг нь уртасгах нь зөв. Тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлбөл үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлж бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилнэ гэж боддог. Тэгж байж л импорт орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжих байх.

Үйлдвэрийн засаглалыг сайжруулахын тулд гүйцэтгэх удирдлагын арга барил чухал үүрэгтэй. Удирдлага тогтвортой ажиллах нь тухайн байгууллагад давуу тал болох уу? Эсвэл захирлыг 3-5 жилийн хугацаатай солиод, шинэ арга барилаар удирдах нь ашигтай юу?

Нөхцөл байдлаас хамаарна. Тухайн үйлдвэр бизнесээ өргөжүүлж байна уу, эсвэл тодорхой бэрхшээл саад, хямралыг давж байгаа үе дээрээ юу гэдэг нь тухайн үйлдвэрийн хөгжлөөс их шалтгаална. Гэхдээ эцсийн дүндээ бас үйлдвэрийг удирдлагаар хангаж байгаа гүйцэтгэх удирдлага нь хэр чадвар, туршлагатай байна, асуудлуудыг хэр зөв харж богино хугацаанд оновчтой шийдвэрлэж байна гэдгийг тооцох нь чухал. Үйлдвэрийн дараагийн таван жилийн буюу стратеги төлөвлөлтийг бүрэн зургаар харах хэрэгтэй. Гүйцэтгэх удирдлагын дараагийн үе ирэхэд хариуцлагыг хэн үүрэх гэсэн удирдлагын багийн төлөвлөгөө байх ёстой. Түр орлон гүйцэтгэх албан тушаалд хэн ажиллах гэх мэт асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдэж журамлахгүй бол амьдрал өөрөө баян юм чинь ямар ч асуудал үүсч болно.

Танай үйлдвэрээр явж байхад ажилчдынхаа сэтгэл ханамжийг анхаарч үздэг тань олон юмнаас харагдлаа. Хамт олноо аз жаргалтай, сэтгэл ханамжтай байлгана гэж бас л том ажил биз?

Үйлдвэрлэгчид хөгжлийг зөвхөн эдийн засаг, хөрөнгө санхүү талаас нь харсаар ирсэн юм шиг. Баялагийг бий болгож, үйлдвэрийг хөгжүүлэх суурь хүчин зүйл нь ур чадвартай ажилтан тэдний хандлага юм. Ажилтнуудын хандлагыг эерэг байлгахад анхаардаг, үйлдвэрийн бүтээмж, гарц дээшилж, тогтвортой хөгжинө. Ажилтан өөрөө хөгжөөд сайн болчих ойлголт биш, ажиллах орчин, ажил дээрээ хөгжих боломж нь цогцоороо байх асуудал.

Таныг дарга болсоноос хойш үйлдвэрийн үйл ажиллагаа сайжирч, ашиг орлого, цалин хангамж нэмэгдсэн гэж мастераас тань сонслоо, тэр талаар танилцуулна уу. Ажилчид дунджаар хэдий хэрийн цалин авдаг вэ?

Үйлдвэр урд нь жилдээ 300,0-400,0 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд борлуулалт, ашиг нэмэгдэж 900,0-1,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.Эсгүүрчид, тусгай дээр суудаг оёдолчдын цалин нэг саяас буухгүй, нийт оёдолчид хийснээрээ цалинждаг болохоор харилцан адилгүй. Цаг ашиглалт сайтай, гараас нь хурдан юм гардаг, гологдол гаргадаггүй сайн оёдолчид 1- 1,5 сая гаргаад авдаг. Үндсэн цалин дээр хоол, унааны мөнгө 200,000-аад мянган төгрөг нэмэгддэг.

Боломжийн л юм. Ажлын арга барил, менежментийн хувьд ямар ахиц дэвшил гарсан вэ?

Аливаа ажлыг эхлэхэд суурь судалгаа чухал. Ижил төстэй үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүн хүч, тоног төхөөрөмж, цалин хөлс, ажлаа хаанаас авдаг зэрэгт зах зээлийн судалгаа тандалт хийж, манайх аль түвшинд явна гэдгийг зөв тодорхойлсны үндсэн дээр менежментээ төлөвлөн ажиллаж эхэлсэн. Удирдлагын алба үйлдвэрлэлийн цех, тасаг, эсгүүрийн ажлын хоорондын уялдааг сайжруулснаар ажлын бүтээмж, гарц нэмэгдэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүтэц зохион байгуулалт боломжийн сайн хийгдсэн.

Мөн хамгийн сүүлийн үеийн компьютертэй, хар зургийн программтай машин худалдан авсан. Тэр машин дээр ажиллах операторыг нэг цагийн 8 еврогийн төлбөр төлөн сургаж, хүний нөөцөө бэлдэж авсандаа баяртай байгаа. Тусгай болон ердийн зориулалтын бүх машинаа сүүлийн үеийн “Juki”, “Jaкi” фирмийн машин болгосон, хос оёдлыг нэг оёчихоод дараа нь дахиж нугалж оёдог байсан бол одоо хос оёоны машинаар нэг мөр оёдог болсон гэх жишээгээр дэвшил гарсан. Хормой имхэрддэг, мөр шингээдэг аппарат хэрэглэх гэх зэргээр техник технологийн шинэчлэл хийлээ. Ингэснээр хөдөлмөрийн гарц сайжрахын зэрэгцээ ажилчдын ур чадвар нэмэгдсэн. Бүтээгдэхүүний чанар сайжирна гэдэг нь хувцсаа хүлээж авч байгаа хүн сэтгэл ханамжтай байна гэсэн үг.

Танайх ажлын цаг ашиглалтыг сайжруулах, үргүй цагийг багасгахын тулд камер тавьсан гэл үү? Хоорондоо ярих, дэл сул хөдөлгөөн хийх нь багассан уу?

Тийм ээ, энэ нь ажилчдад өөрсдөд нь ашигтай, цалин нэмэгдэж, ачааллыг ажлын 8 цагт жигд байлгах ач холбогдолтой. Манайх мэргэшсэн ажилчин олонтой. Дээр нь техникээ сайжруулаад өгөхөөр бүтээмж үнэхээр сайжирч байгаа. Өмнө нь товчны нүхийг гурван минутад гаргадаг байсан бол одоо 1.5 секундэд хийдэг болсон. Энэ бол дэвшил. Компьютертэй машин дээр ажиллаад ирэхээр ажилчдын ур чадвар, бүтээмж нэмэгддэг. Кат-машиныхаа ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрийгөө хөгжүүлэн суралцаж, интернэт орчноос шинэ загвар, технологийн мэдээ мэдээллийг эрэлхийлж ажилладаг болсон. Ажлын идэвх нь сайжирч, хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа

Манайд бөөнөөр захиалга авч, олон тоогоор, богино хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг оёдлын газрууд тун цөөхөн байдаг. Тэгвэл ЦЕГ-ын “Цагаан шонхор” ТӨҮГ нь их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ бусдаас давуу талтай юм байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас хэрэглэлээс гадна ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

Тийм ээ, зөвхөн цагдаагийн гэлтгүй, уул уурхай, харуул хамгаалалтын чиглэлийн компаниудын ажлын хувцсыг хүртэл үйлдвэрлэж, ХСИСургууль, ГИХГазар, Цагдаагийн авто бааз, Цагдаагийн архив, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто
 тээврийн газар, Төрийн банк, СЭЗДС, Таван толгой ХХК-ний өвөл, зуны, ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл оффисийн ажилтнуудын хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж байна.

Цагдаа хувцасны загвар дизайнд танай зүгээс өөрчлөлт хийх тал бий юү? Хаанахын даавуугаар оёдог вэ?       

Байхгүй. Загварыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг. Бид зарлигийн дагуу стандарт барьж оёно. Товчны тоо, халаасны хэмжээ, тоо гээд бүх юм стандарттай. Материал, өнгө, холио нь хүртэл Ерөнхийлөгчийн зарлигаар батлагддаг. Монголд туслах материал, даавууны үйлдвэр байдаггүй болохоор БНХАУ-ын улсын үйлдвэрүүдтэй харилцаж шаардлагатай материалаа авдаг. Дийлэнх өнгө даавууг ЦЕГ-аас бэлтгэн нийлүүлдэг.

Нийгэмд сэтгэл зовоосон асуудал их байна. Таны хувьд эмзэглэж явдаг зүйл юу байна?

Мэдээж иргэн хүний хувьд, ээж хүний хувьд нийгмийн олон л асуудалд санаа зовж явдаг. Эрээчсэн цаасан дээр юм бичих, шинэ цаасан дээр юм бичих хоёр ялгаатай байдаг шиг нэгэнтээ буруу зуршилтай болсон хүмүүстэй биш, бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг анхнаас нь зөв сургаж, төлөвшүүлэх, эх оронч үзлийг суулгаж өгөх шаардлагатай санагддаг.

Уншигчдад сонирхолтой байж таарна, та аав ээжийнхээ тухай товч танилцуулна уу?

Аав ээж хоёр маань Архангайн угшилтай, гэхдээ Улаанбаатарт төрж өссөн. Миний аав тухайн үед НАХ яамны харьяа иргэний агаарын тээврийн газрын АН-2, МИ-8 онгоцны нисгэгч, ээж минь цагдан сэргийлэхийн дарга, генерал Н.Думбуриа, БХЯ-ны Г.Махбариад генералын нарийн бичиг байсан. Одоо гавьяаныхаа амралтанд гарсан буурал бий. Тухайн үед аав ээж хоёрыг маань жагсаал хувцастайгаа хамт явж байхад нь эргэж хардаггүй хүн байгаагүй их царайлаг, нуруу туруу сайтай хүмүүс байлаа. Аав маань одоо тэнгэрийн орноос охиноо харж суугаа байх аа.

Эрчүүдийн ч чадлыг сорих энэ албанд анх яагаад ажиллах болов?

Хүүхэд залуучуудын байгууллагаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, СХД-ийн БТСХорооны даргаар ажиллаж байгаад тэр үед ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дэд даргын сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу орж тэнцээд дэд даргаар томилогдон ажиллаж байлаа. “Цагаан шонхор”-ын дарга болохын хувьд энэ ажлыг намайг хийж чадна гэж үзээд томилсон байх.

Таны боловсролын талаар асууж болох уу?

Би анх ИШДС-ийг төгсөөд дараа нь Удирдлагын Академийг магистраар, Отгонтэнгэр Их сургуулийг эрх зүйчээр тус тус сурч төгссөн.Миний бодлоор “дарга бол мэргэжил” гэсэн хэлц үг ортой. Хуулиар мэргэшээгүй, хууль судлаагүй дарга амархан гологддог. Хууль зүйн мэдлэгтэй, менежментийн арга барил сайтай байж төрийн ажлыг алдаагүй сайн хийнэ. Миний хувьд энэ үйлдвэрийг удирдсан 4 жил нэг их сургууль төгсөх дайны практик боллоо. Эзэмшсэн мэргэжлээсээ гадна цоо шинэ салбар удирдах мэдлэг, чиг баримжаатай болсныгоо том ололт гэж харж байгаа.

Таныг их эрэмгий хүн гэх юм, цэргийн эмэгтэй хүний хувьд зан чанарынхаа онцлогийг та юу гэх вэ?

Том зорилго, том ажлаас айдаггүй, болгоно, хүргэнэ, бүтээнэ гэсэн сэтгэлзүйтэй байдаг. Би жижиг юмнаас ч урам зориг авдаг, сэтгэл хөдлөл ихтэй хүн. Хувь хүний үүднээс сөрөг юм бодохгүйг хичээж, тиймэрхүү зүйлсэд автаад байдаггүй талтай. Сөрөг зүйлс хэчнээн том байсан ч ач холбогдол өгөлгүй, өөрийгөө шаналгахгүй байж чаддаг. Би байгаа нөхцөл байдлыг тэр чигээр нь боломж гэж харж ажиллахыг хичээдэг. Ер нь манай ажил золиос шаарддаг. Цэргийн хүн өөрийгөө болон хувийн амьдралаа хойш тавьж байж л амжилтанд хүрдэг. Аливаад сэтгэл зүрхээ зориулан ажиллахад эерэг үр дүн заавал гардаг.

Үйлдвэрлэлийн менежмент зохион байгуулалт, техникийн шинэчлэл гээд тал бүрийн авьяас мэдлэг шаардах энэ ажилд эрх зүйч, удирдлагын ухааны магистр гээд хуулийн мэдлэг боловсрол бас цэрэг хүний хатуужилтай зан, бүсгүй хүний торгон мэдрэмж гээд бүх чанар чадвар хэрэг болсон болов уу? Та үнэхээр их үйлс бүтээжээ.

Эрхэлж хариуцсан ажлын үр дүн өдрөөс өдөрт сайжирч байгааг мэдрэх сайхан. Үйлдвэрийг өдий зэрэгтэй болгосон нь дан ганц миний амжилт биш дээд удирдлагуудын маань дэмжлэг туслалцаа, хамт олон, бидний нэгдмэл хүч, үйлдвэрийн удирдлагын багийн ажлын үзүүлэлт юм. Надаар дамжуулж манай үйлдвэрийг олон түмэнд таниулсан “Төрийн хүн” сэтгүүлд баярлалаа.

Ийм л мэдлэг, чадвартай, дайчин, эерэг эвлэгхэн бүсгүй хамт олныхоо хамтаар Монголын цагдаагийн хувцасны учиг болгонд сэтгэлээ шингээн ажиллаж байна. Тийм ч болохоор ажил нь амжилттай байгаа биз. Монголын цагдаагийн хийморь өөдөө, үйлчин бүсгүйчүүдийн үйл арвин байх болтугай

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин