• Эхлэл
  • “Юм үзээгүй” 76 хүн-2

“Юм үзээгүй” 76 хүн-2

2019/05/20

Сэтгүүлч Н.Энхцэцэгийн тэмдэглэлийг хүргэж байна. 

НҮДЭЭ БАЯСГАЖ, ТАРХИА АМРААЖ, УХААНАА ЧИЛЭЭСЭН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

ТЭНГЭРИЙН ХААЛГА

Холливудын нэрт найруулагч Жеймс Камерун анх өөрөө энэ газарт аялж, гайхамшгийг нь мэдэрсэн гэдэг. Нэрт найруулагч байтугай бүхий л хүний тархинд элдэв дүрслэл буулгах үлгэрийн мэт ертөнц юм аа. Дэлхийн жуулчдын заавал аялах 20 газрын нэгд багтсан гэхээр нэмэлт тайлбар илүүц биз ээ. Тэнгэрийн хаалга үүлэн дунд орших агаад эхийн умайгаар дамжин ертөнцийн гайхамшгаар гарахад аливаа хүн дахин төрсөн мэт болдог тухай өгүүлнэ. Ялангуяа шинэ он тоолол солигдоход ийшээ хүний урсгал замбараагүй нэмэгддэг тухай нутгийнхан ярина. Тэнгэрийн хаалга хүргэх умай хадны бэл хүртэл автобусаар, эсвэл кабель замаар дөтлөх хоёр арга бий. Аль аль нь гайхалтай мэдрэмж төрүүлэх хэдий ч уул, хад ороосон замаар бага оврын автобусаар 99 нугалаа замаар сүлжиж, давхилдах нь аялагчийн сэтгэл зүйд онцгой нөлөөлдөг юм билээ. Ийм экстрим төрлийг ихэнх нь сонгодог. Харин жин ихтэй ч юм уу, алхах дургүй хүмүүс бол агаарын замаа л бараадсан нь дээр юм билээ. Замын нийт урт 7455м, далайн түвшнээс дээш 1279м өндөрт оршдог 98 бүхээгээр хот ба уулын хооронд хүний урсгал тасралтгүй хөвөрнө.

Бэл хүртэлх чулуун шатаар өгсөх явцад хэдий бороотой ч жигтэйхэн халууцаж, усан хулгана болтлоо хөлөрч эхэллээ. Огт алхалт хийдэггүй хүмүүст бол амьсгаа задлаад нэн таатай. Ийшээ огцом хурдтай өгсвөл бие махбодио ядраахаас хэтрэхгүй. Эхийн умайнхаа урд учиргүй баяр хөөртэйгөөр зураг хөргөө авахуулцгаалаа. Түр зуур амьсгаа дарж, орчин тойрноо ажиглах зогсоол, бие засах газар, хоолны цэгүүдийг тохиромжит цэгүүдэд байршуулжээ. Үүнээс хойш ер нь энэ амрах хэсгийг дурсахаа больё доо. “Хаа сайгүй л ийм супер” гээд бодоход хангалттай. Ийм байж гэмээнэ дэлхийн олон орны жуулчдыг татдаг байх, энэ улс.

Үйлчилгээний ажилтнуудын харилцаа бас супер. Эхийн умайгаар гарангуут дээш өгсөх зам нь цахилгаан шаттай агуй байв. Хэдэн ч уулыг нүхлээд урсдаг шат хийчихсэн юм бэ. Цахилгаан шатаар өгсөхөд хоёр талын ханан дахь дэлгэцээр Аватар ууланд зураг авалт хийсэн уран сайхны кино, клип, гаднын оддын зурагтай зар сурталчилгаанууд хөвөрнө. Хөгжмийн хэл хүн төрөлхтний сэтгэл оюуныг нэгтгэдэг нь юутай үнэн. Тухайн цаг үетэй давхцан сонгодог аялгуутай төгс хослох уянгалаг дуу хоолой үдлээд буцах амьдралын үнэт торгон агшнуудыг хүүрнэх мэт эгшиглэнтэй. Диваажин гэж үүнийг л хэлэх болов уу хэмээх мэдрэмжийг энэхүү үнэмлэхүй өндөр, үзэсгэлэн төгс газар өөрийн биеийг тушааж гэмээнэ мэдрэх болов уу. Үүлэнд саатах агшин бүхэнд өнөөх борооны цув хэргээ гаргана даа. Дараагийн аялагчдад сануулахад хэдийгээр хүн болгонд улавч өмсгөдөг ч аль болох хальтирч гулгахааргүй ултай гутал сонгох нь зүйтэй юм билээ.  

Хятадууд их хөдөлмөрөөрөө үүнийгээ бүтээсэн учраас л сүсэглэдэг болов уу гэж бодсоныг батлах зөндөө шалтгаан байна. Өөрсдөө үлгэр домог, дэг жаяг, сүсэг бишрэл зохиогоод явчихдаг бололтой. Гэхдээ хэтийдсэн нэг яриаг дурьдвал, аяллын ахлагч Ангараг ч бас л “цуурхай” залуу шүү дээ. “Эд нар Диваажингийн хаалгаар гарах өдрөө хүүхэд “хийвэл” өнөөх бол ёстой гоц амьтан төрдөг гэсэн шүү” гэж авдаг юм. Ингэж хэлэх агшинд зам зуур могой шиг биесээ ороочихсон, өөрсдөөсөө бусдыг огтоос огоорох шинжгүй залуу хосууд таарсан дүр зураг амилах нь тэр. Аль хосуудыг тэр гэх вэ дээ. Ийм л хөгжилтэй хүн дээ. 66 аялал зохиож, “үхэхээс бусдыг үзсэн” мань эр хятад хүмүүстэй хөгжилтэй нь аргагүй булуугаа халааж харагддаг. Өнөөдүүл нь цаашлуулаа биз ээ. Манайхан буудалдаа эргэж ирж, хувцсаа сольцгоогоод Диваажингийн хаалгаар гарсан шокноосоо гарч амжилгүй Бээжингээс сэлгэсэн автобусандаа сууж Гуанжоуг зорилоо.  

“CANTON FAIR” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН

Зам зуур автобустайгаа хонохыг одоо ер тоохоо больсон. Миний хувьд гэрээс гарч гэдэс алдах дургүй, энэ 76 дотроо хамгийн юм үзээгүй хүн бол мөнөөс мөн. 2017 онд ажлын шаардлагаар бүтэн зунжин Хятадад өнжихдөө голчлон Өвөрмонголын нутаг хошуудтай танилцаж, аялагч болох мөрөөдөл тээсэн “жижиг гар” байгаа юм. Гуанжоуд мөн л үд өнгөрөөж ирлээ. Боломжийн, авангард тохижилттой, өөлсөн хүнд жаахан гэрэл гэгээ муутай, хотын төвд л лав биш болов уу гэмээр буудалд төвхнөцгөөлөө. Аялалд яваа хүмүүс цагийг аль болох зөв ашиглахыг эрмэлздэг нь илт. Усанд оров уу, үгүй юу л Бээжин Лөү зах руу явцгаая, маргааш эксподоо очихдоо ажил хэрэгч хувцаслана шүү гээд л wechat группээрээ шаагилдаж эхлэв. Тодорхой.

Дүү охин, хүү хоёртойгоо зочид буудлын дэргэдэх метроны буудлаас хөдөллөө дөө. Гуанжоу дахь Бээжин Лөү захад юм юм байна аа. Тэр тусмаа Хятадын тэргүүлэгч гол брэндүүд нэг дор төвлөрчээ. Манайхан чинь энд ирэхээрээ юанийн ханшинд “эрхэлчихдэг” юм байна. “Үнэтэй байна” гээд л ширэв татна. Хаврын хавсарганд гараад халуун газар ирчихсэн хүн чинь хүүдээ хоёр пүүз нийлүүлээд 238 юаниар авчихсандаа айхтар баясав. 100 хүрэхгүй мянган төгрөгөөр хэн хоёрын хоёр пүүз авах вэ дээ гэсэн шүү юм бодогдоно. Хүүхнүүд үнийг нь сонсоод “биш ээ” гэж байна. Үүнээс хямдхан байх ёстой аж. Гайхамшиг. Эхний өдөр ийнхүү өнгөрлөө. Гэтэл манай хэд бужигнуулжээ. “А copy” зардаг хүн сэмхэн дуудаж аваачаад зөндөө гоё ганган цүнх, гутал хувцас маш хямд авсан л гэнэ. Хаана ч нэг аргыг олчихдог хүмүүс байх юм. Бээжин Лөү захыг хэдэн өдөр ч туулж барахгүй л дээ. Нэгийг авбал тэд, хоёрыг авбал төд гэх зарчим үйлчилнэ. Гэгээ тасарсан атал дэлхийн олон орны хүмүүс энэхүү захаар хөлхөлдөж л байх юм. Гуанжоу дахь захыг тоолж барахгүй. Үйлдвэрлэлийн голомтонд ирсэн хүмүүст их хэмжээний бараа худалдан авбаас Монгол каргонууд ч олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж дархлагджээ.  

Ихэнх хүмүүсийн гол зорилго болох Canton fair олон улсын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ. Дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдааны барилга нь Гуанжоу хотын нүүр царай болсон томоохон бүтээн байгуулалт юм. Кантон нэрээр дэлхийн худалдаачид, үйлдвэрлэгчдэд танигдсан Олон улсын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нь 1957 онд анх зохион байгуулагдсан. Нийт 713000 мкв талбайг эзэлдэг. Дотоодын 30 гаруй мянган аж ахуйн нэгж, дэлхийн 200 хол давсан улсын иргэд ирж худалдаа хийдэг.

Хүү маань аяншаад нам унтахад би арга буюу түүнтэй үлдэж, дүү охин үзэсгэлэн рүү явлаа. Тархи амарчихсан гэж бодсон хүн чинь нэг л биш ээ. Найз нөхдийн аминчлан захьсан ганц нэг үйлдвэр нүдэнд харагдаад, өдрийг хэцүүхэн л өнгөрөөв. Энэ завсар хүүтэйгээ буудлын ойрмогхон газраас пицца, бургер авч хооллов. Өчигдөр орой нь хүмүүс буудлын зүүн талд янзын сайхан амттай банштай шөлтэй газар олсон тухайгаа ярьж байсан. Үүнээс хойш аяллынхны ихэнх нь хотон гэр бүл ажиллуулдаг уг газраас салаагүй юм.  

            Wechat-аар үзэсгэлэн тарж байгаа тухай яриа эхэлж, дүү маань ч жижиг чемодан дүүрэн каталогитой ирлээ. Маргааш нь ч дүү ахиад л баахан каталогитой ирэв. Гуанжоуд ирсний дараа л хамт аялж яваа хүмүүс маань бүгд тус бүрийн ажилтай явааг ойлголоо. Өөрсдийн эрхэлдэг бизнесийн дагуу тоног төхөөрөмжөө өргөтгөх, шинээр худалдан авах зорилготой ирцгээжээ. Бие биенээсээ асууж сураглаад гүйлдэнэ. Нийт танхимыг үзнэ гэвэл бүтэхгүй. Тийм учраас чиглэл чиглэлээрээ явцгааж байв. Хаалтын өдөр үзэсгэлэнг зорьж үзэхдээ ёстой нөгөө мянга сонсохоор нэг үз гэдгийг мэдэрлээ. 150 юань төлсөн байхад бүхий л танхим таны өмнө нээлттэй. Зөвхөн хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг хараад л ангайж хоцорсон. Манайхан форумдаад л суудаг улс. Бодит хөдөлгөөн, алхалт хийж сурах хэрэгтэй байна. Нийслэл, орон нутагт болдог тэр их форумын зардлаар нэлээд хэдэн боломжийн хүнсний үйлдвэр худалдан авч, олон хүнийг ажлын байраар хангаж болохоор аж. Бас төрийн гэх хүмүүсийн аялж зугаалж, илтгэл тавьж явдаг тэр их зардал, ЖДҮ нэрээр хумсалсан 64 тэрбумаар тоног төхөөрөмж авчраад иргэддээ урт хугацааны зээл олговол мөн сайхан аа. Аймгуудын удирдлагууд жилдээ хэдэн хүн дагуулж очоод судалгаа хийдэг л байж таарна даа. Энэ тухай МҮИТ-ын тэргүүн Б.Ангарагаас асуухад “Хэдэн жилийн өмнө нэг аймгийн удирдлагуудтай явж үзсэн. Тэд нар mall л оръё гээд байдаг юм аа” гэв. Монгол дэлхийн брэндүүдийн зөвхөн нэгийг оёдог улс болоход хангалттай мэт. 11 сая хүнтэй Гуанжоугийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бидний өөдөөс ямар л бол ямар нөхцлөөр ав гэсэн шиг англиар ярьж, ярзайтлаа инээж байна. Хэн сэргэлэн, санаачлагатай нь цагийг үр дүнтэй өнгөрөөх нь мэдээж. Хүссэн зүйлээ оллоо гэх хүмүүсийн үгийг сонсох хамгийн сайхан байлаа.

Тоног төхөөрөмжийн экспо үзэх шаардлагагүй нь Гуанжоугийн захуудыг гүйцээсэн байх. Оёдлын салбарынхан ихэвчлэн материал зардаг өөр захаар орсон байх жишээтэй. Ихэвчлэн бороотой ч, даарахын зовлонгүй. Бүлээн бороо зүсэрч, халуун хөлс урсаад л байх нь тэр. Зарж буй хувцаснуудыг барьж үзэхэд бага зэрэг чийгтэй нь мэдрэгдэнэ. Монголчуудын ихэнх зорьж очдог Байду захын лангуу бүрт хөөрхөн охид хааш яйш газраар шидэлсэн хувцаснууд дээрээ зогсчихоод моделийн үүрэг гүйцэтгэнэ. Энд хаашдаа өвөл болдоггүй тул улирал нь дөхөхөөр өвлийн хувцас харьцангуй хямд байдаг гэнэ. Үйлдвэрийн хот, дээр нь хүн ам ихээр суурьшсан гурав дахь том хот тул үргэлжийн нүргэлсэн дуу чимээ нь чихэнд чийртэй. Тэнгэр баганадсан барилгаараа дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг Гуанжоугийн хувьд 18 цагийн үед ид ачаалал, бөглөрлийн үе ч гэлээ метронд тэр олон хүн чимээгүйхэн, эмх замбараатай урсаад өнгөрнө.

УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ

Хоёр дахь өдрийн орой бид Гуанжоу хотын аялал жуулчлалын бас нэгэн сонирхолтой бүс болох “Сувдан гол”-оор усан онгоцоор зугаалцгаав. Гуандун муж Их Британийн колоничлолд байсан. Их Британи зэргэлдээх хотуудыг аж үйлдвэрийн колони болгож хөгжүүлсөн түүхтэй. Гадаад их далайтай залгаа учир Гуанжоугийн Сувдан голыг ашиглаж усан замын тээвэр хийж, бараа таваар, цагаан будаа тээвэрлэх гол гарцаа болгож байв. “Сувдан гол”-ыг Гуанжоугийн хөгжлийн түүчээ гэлцдэг. Голын эрэг дагуу 100 жилийн өмнө цахилгаан станц байсан нүсэр байгууламжийг жуулчид үйлчлүүлдэг баар, цэнгээний газар болгон тохижуулсан нь үргэлжийн хөл хөдөлгөөнтэй. Гуанжоу хотын ард иргэдийн амжиргааны эх сурвалж, нулимс, баяр хөөрийн илэрхийлэл түүхэн дурсгалт газрууддаа маш хүндэтгэлтэй хандана. Сувдан голын эрэг дагуух бүтээн байгуулалтууд жуулчдын сонирхлыг татдаг. Кантун тауэр хэмээх эмэгтэй хүний бэлхүүсийг бэлгэдэж хийсэн гоёмсог барилгыг 600 сая доллар зарцуулж босгожээ. Тус цамхгийн бөөрөнд рекламууд гэрлэн чимэглэлийн тусламжтай хөвөрнө. Мөнгөтэй аялагчид “Сувдан гол”-оор усан онгоцоор аялахдаа “Би чамд хайртай” гэх үгийг цамхгийн гэрэлт сурталчилгаанд сийлүүлж сюрприз барьдаг гэнэлээ. Үүний төлбөр нь нэг сая юань. Сувдан голын аяллын үнэ 70-80 юань. VIP зэрэглэлийнх мэдээж үнэтэй. Зугаалахад хоёроос гурван цаг зарцуулдаг. Хөлгийн тавцан дээрээс орчин тойрноо ажиглангаа буфет хоол, уух зүйлс захиалаад, хүсвэл нэгдүгээр давхрын тохилог буйданд тухлах боломжтой. Бид ийнхүү Гуанжоу хотод дөрөв хонов.

“ДЭЛГҮҮРЭН ХОТ” ИЙВҮ

Гуанжоугаас Ийвү рүү хөдөллөө. Замдаа нэг хоносон байх. Гуанжоугийн буудлаас унтлагын автобусандаа суухад их л дотно санагдах бололтой юм аа. Хөлийн улаа хавдтал явсан хүмүүс чинь “Амарна аа” гээд л автобус руугаа харайлаа. Ийвү хот хөдөөний тарчигхан тосгоноос үйлдвэрлэлийн төвлөрсөн хот болтлоо хөгжсөн. Шанхайн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн “Тахианы өд” кинонд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. “Эко” телевизээр тус киног өдөр алгасахгүй үзэж байсан болохоор санасныг бодоход төсөөлөл ихтэй байв. Мэдээллийн хэт хөөсрөлд автсан энэ цаг үед бидний уураг тархинд нэн хэрэгцээтэй энэ мэт киног хүн бүхэн үзэж амжихгүй нь харамсалтай. Дэлхийн жижиг барааны төв болсон Ийвүгийн худалдаачдын ёс зүй, чин үнэнч хөдөлмөр, эрсдэл, тэсч, тэмцэж буй гашуун сургамж, амьдрал, хайр дурлалын тухай цувралын дундаас нь хаяад ийшээ зүглэсэн.

Орчуулагч Зулаагаар эл хүмүүс бодит эсэхийг тандуулахад хятадын сонин хэвлэлд Ийвүгийн 10 баян эмэгтэйд түүний нэр дурьдагдсан байх агаад нутгийн оршин суугч ч түүнийг бодит хүн хэмээв. Бөөн баяр. Кино продюссер, Хөх хотод амьдардаг Ү.Хас гуайгаас танилуудаараа дамжуулаад энэ хүнтэй холбоод өгөөч гэхэд тун уриалгахан байна. Орчуулагч Зулаагийн хэлснээр сүүлийн жилүүдэд эмэгтэйн бизнес маруухан байгаа гэж сонссон болохоор ярилцлага өгөх болов уу даа хэмээн эргэлзэнгүй. Зулаа бид хоёр Ийвүгийн Шангрилад зугаалж яваад санамсаргүй өвөрмонгол эмэгтэйтэй танилцсан юм. Түүнээс үгийн солиогүй өнөөх эмэгтэйн тухай асуулаа. Бас л бодит хүн хэмээв. Эмэгтэй хар багаас Ийвү хотод амьдарсан тул монгол хэлийг бараг мартсан гээд орчуулагчтай хятадаар ойлголцоно. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж тэр эмэгтэйн гоёлын зүүлтний дэлгүүрүүд хотын төвөөр байдаг тухай дуулгав. Алагнүдэн гэх эмэгтэйтэй утасны дугаар, wechat хаягаа солилцлоо.

Хятадын 30 жилийн реформ Ийву хот гэдэг. Дэлхийн хот гэх нь ч бий. Унтлагын автобустайгаа Ийвуд ирж, буудалдаа орцгоохдоо хятадын тосгон гэхээсээ европын аль нэг хотод ирчихсэн мэт санагдана. Хаа сайгүй карго, байшин бүрийн дор дэлгүүр, буудлын зүүн талд маргааш нь бидний үзэх Ийвүгийн олон улсын худалдааны төв харагдана. Ардхан талд нь Шангрила зочид буудал сүндэрлэжээ. Шанхай хот 200-аад километрийн цаана бий. Буудлын гадаа дэлгүүр, дэлгүүрийн бөөрөнд байрлуулсан угаалгын машинд манайхан таван юань төлөөд замын тоосоо гөвж гарав. Маргааш үзэсгэлэнгийн танхим орчихоод, захуудаар явж бөөний бараа сонирхох тухай ярьцгаана. Орой нь Ангарагийн багийнхны эртний танил Шинжан уйгур хоолны газар шорлог идэж, түүнийгээ шар айргаар. Өдийг хүртэл хамтдаа явсан аялагчид хэзээний нэг хамт олон шиг дотносчээ. Нөгөө ганган “Загалмайлсан эцэг” биднийг дайлна гэж сандаргав. Хүмүүс “Яах гэсэн юм бэ, бүгд хувааж төлнө”, өнөөх “Үгүй ээ, би даана” гэсээр олонхийн саналд дийлдэв. Бидэн дундаа хамгийн бийлэгжүү нь гэж түүний тухай мэдэмхийрцгээнэ. Үүргэвчтэй залуу мөн л дэргэд нь сууж харагдана. Гуанжоугаас Ийвү хөдлөхөд автобусны урд эгнээнийхэнтэй бүр ээнэгшчихсэн, дуулалдаад л явахыг харвал мань хүн бас л хүчирхэг харизмтай эр аж. Үхэр, гахай, тахиан шорлог, тэндхийн бин маш амттай, бас хямд. Ийвүд мөн дэлхийн бүх төрлийн хоолыг идэж болохоор. Идэхэд нийцтэй Орос хоолны газрууд хаа сайгүй. 

Ийвү бөөний худалдааны 11 чиглэлийн зах, 74 мянган дэлгүүртэй.  Дэлхийн жижиг барааны бөөний худалдааны төв зах нь 4.7 сая км талбайтай. Өдөртөө 210 мянган худалдаачид хүлээн авч, 220 гаруй мянган орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдээс 1 сая 700 мянган төрлийн жижиглэн бараа, түүхий эдийг худалдаалдаг. Гаалийн бүх үйлчилгээ, олон улсын ложистикийн төвөөр өвч тоноглогджээ.  Дэлхийн топ 20 бараа хүргэлтийн компаний 19 нь Ийвүд оффистой. Гадаадын 3100 аж ахуйн нэгжийн оффис, бизнес салбарын 13000 байнгын оршин суугчтай. НҮБ-ын худалдан авалтын мэдээллийн төв, гадаад явдлын яамтай. Шинээр байгуулагдсан импортын жижиг барааны төв нь 100 мянган км талбайг эзэлж, 82 орны 45 мянган төрлийн жижиглэн барааг нэг дор төвлөрүүлжээ. Ийнхүү зкспорт, импортын хот болж өргөжсөн байна. Үнэт чулуу, шил шаазан, бөс бараа, авто сэлбэг, хүүхдийн тоглоом, хэвлэл зэрэг олон мянган гол үйлдвэрлэлийг босгож инновацийг нэвтрүүлжээ. 2005 онд НҮБ, Дэлхийн банк, Morgan Stanley “Ийвү чайна” төвийг “Дэлхийн хамгийн том жижиг барааны зах” гэж албан ёсоор зарлажээ. Өдөрт 1500, жилд 576000 мянган стандарт контейнерүүдийн хэмжээтэй бараа бүтээгдэхүүн экспортод гаргаж байна. Бизнес туризм, амьдрах таатай орчинг бий болгосон энэ хотын хөгжил 1991 оноос эхтэй. Цаашилбал, онлайн худалдаа, бараа түгээлтийн орчин үеийн арга барил хэрхэн төлөвшиж буйг “Тахианы өд” кинонд өгүүлдэг.

Ирсэн өдрөө л бид хотыг сонжиж, цаг алдахгүй гудамж, зээлээр хөндлөн гулд туучсан. Манайхны хэлснээр онгироо хот юм. Учир нь барилга бүрийн дор дэлгүүрүүд шигүү байршиж. Гоёл чимэглэлийн зүйлс худалдаалах урт гудамжинд нэг дэлгүүрт нэг л зүйлс, гэхдээ нэг өнгөөрөө төрөлжинө. Цэнхэр чулуун эдлэл, улаан чулуун эдлэл, сувдан эдлэл гэх мэтчилэн. Эсвэл чихмэл тоглоом, бэлэн хувцасны нэмэлт шигтгээ гээд л...Хоёр дахь өдрөөс нь Ийвүгийн үзэсгэлэн худалдаа, тэндээсээ захуудаар явцгаав. Манайхан барааг харин ч нэг “дардаг” юм байна. Аргагүй шүү дээ. 1990-ээд оноос ганзаганд явсан улс, Ийвүг аль хэдийнэ нүхэлсэн байлгүй. Бусад улсын карго байшин бүрийн дор байхад монголынх гэж лав үзэгдсэнгүй. Өвөрмонгол эзэнтэй карго монголчуудын барааг Эрээн рүү асуудалгүй хүргэдэг юм байна. Наймаачдын хөдөлмөр хүнд аж. Бид хэдхэн хямд бараа авах гэж олон мянган км туулахгүйгээс хойш. Найз бүсгүй үстэй таавчик захьсан юм аа. Ширхгээр авбал эндэхээс мэдээж үнэтэй. Бөөнд нь авбал санаанд оромгүй хямдарч байна. Гэхдээ 900 ширхгийг, зөвхөн нэг өнгөнөөс нь өгөх гэнэ. Бид ч ингэж л наймаалцана даа. Хуучин зах нь харьцангуй уян хатан. 100-200 ширхгээр нь онцгой хямдруулж байв. Зарим эд барааг ширхгээр нь авсан ч бидэнд хямд тусна. Жишээ нь, энд зуу гаруй мянгаар худалдаалдаг хүүхдийн чанартай даашинз тэнд нэг бүрийн үнэ нь 30-40 юанийн үнэтэй. Бас л хэн сүйхээтэй, яриа хэлэлцээрт давамгай нь барааг хямдруулж авна. “Ийвүгийн зүрх” гэдэг зах аяллынхны амны уншлага болсон. Тэндээс л худалдан авалт хийцгээх нь элбэг. Барилгын материал, эмийн тоног төхөөрөмж, чацарганы капсул, бөс бараа, шүдэнз хүртэл хайсан хүмүүс байв. Барилгын нэмэлт тоног төхөөрөмж, гоёл чимэглэлийг энэ дэлхийн хаанаас ч байхгүй хямд үнээр худалдан авах боломжтой юм.

Дэлгүүрэн хоттой дөрвөн өдөр танилцах мөн л хангалтгүй. Ийвү аргагүй хямд бараатай хот гэдэг нь мэдрэгдэнэ. Эндээс Шанхай руу хөдлөх болсон чинь ачаа тээш бараг зургаа дахин нэмэгджээ. Гэхдээ эрчүүд нь шалавлаад, яаж ийгээд автобусныхаа тээшинд багтаав.

“Тахианы өд”-ийн гол дүр Лөү Үй Жүтэй уулзах боломжоос атгаж тавьсан байдалтай байсаар ийнхүү хөдөллөө. Монголдоо ирээд киног үргэлжлүүлж үзэхдээ түүнтэй таараагүйдээ харин ч олзуурхаж билээ. Учир нь дунд үеэс төгсгөл хэсэг хүртэл баяжсан хүнд тохиолддог санаанд оромгүй бэрхшээл, адал явдлууд тохиолдож байна. Эцэст нь гол дүрийн хоёр баатар ууланд амар амгалан амьдрах боловчиг хүүхдүүддээ туслахаар ажил хэрэгтээ ханцуй шамлан орж буйгаар кино өндөрлөв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг энэ дээ. Товчхондоо бол наймааны нарийн ухаантай, увайгүй нэгэн бизнесмен эр тэднийг хоёр үеэр нь давж гарахыг оролддог юм л даа. Харамсалтай нь Чэн Жянь Хө бөгөөд Лөү Үй Жү бүсгүйн нөхөр бэрхшээлд хэзээ ч сөгддөггүй, бизнест үнэнч байдлыг эрхэмлэдэг эр. Тэдэнд ууссан энэ чанар олон улсын худалдааны төв болоход нөлөөлсөн болоод амьдрал нь кинонд тусгагдсан болов уу. Одоо л нэг зав гарахаараа Ийвү орж, Лөү Үй Жү хэмээх хүчирхэг бүсгүй ажил хэргээ хэрхэн үргэлжлүүлснийг сонсмоор байна. Эдгээр дүрийг амилуулсан эрэгтэй жүжигчин Жиан Зэ, эмэгтэй жүжигчин Еэнь Тао нар Шанхайн кино фестивалиас шилдэг дүрийн шагналыг тус тус хүртсэн байналээ. Хүү Ихэрбилэг, дүү Оюунцэцэг бид гурвыг ийнхүү хүн хайгаад явахыг сонссон Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн тэргүүн Б.Ангараг “Ямар сонин эрэлхийлэлтэй хүмүүс вэ. Сайхан санагдаж байна” гэж билээ.

            ШАНХАЙН АВТО ЭКСПО

Шанхай бол Хятадын мужийн дөрвөн том хотын нэг. 25 орчим сая хүн амтай. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг. 1990 оноос эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь эрс хурдацтай хөгжин, 2005 онд дэлхийн хамгийн том боомт болсон. Хурдацтай хөгжиж буй Шанхайг соёл урлаг, дизайны төв гэдэг. Шанхайд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгүүдийн үеэр мэдээж жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.  

Үргэлжлэл дараагийн дугаарт


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин