• Эхлэл
  • Хувьчлалыг Засгийн газар яагаад гацаав

Хувьчлалыг Засгийн газар яагаад гацаав

2019/05/22

Засгийн газрын баасан гаргийн хуралдаанаар төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2018-2020 онд МИАТ, “Төрийн банк”, “Хөрөнгийн бирж” гэх мэт төрийн өмчийн 27 байгууллагыг хувьчилж, улсын төсөвт нийт 200 орчим тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн байв. Эдгээр 27 компаниас хувьчлах жагсаалтад багтсан доорх долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж, “Хувьчлах нь зөв, буруу” гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай гишүүд олон байгаа юм. Зарим УИХ-ын гишүүний үзэж буйгаар төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж байхад заавал хувьчлах шаардлагагүй гэсэн бол зарим гишүүд ашиггүй ажиллаж байгаа тул хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байна. Ингээд ямар шалтгаанаар, хэдэн хувийг нь хувьчлахаар төлөвлөсөн байсан төрийн өмчийн 27 компанийн жагсаалтыг хүргэе. 

1.“МИАТ” ТӨХК: Үйл ажиллагааны хэт их зардалтай, билетийн үнэ өндөр, өрсөлдөөнийг хязгаарласан гэх шалтгаанаар тус компанийн 49 хувийг хувьчлах шийдэлд Засгийн газар хүрсэн байв. Мөн агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага бий гэж үзсэн. Гэхдээ хувьчилна гэвэл УИХ дээр нэлээд маргаан дагуулах нь дамжиггүй байгаа. УИХ-ын зарим гишүүний үзэж буйгаар төрийн өмчит компанид шахалт үзүүлэх замаар хямд өртөг бүхий гаднын болон дотоодын авиа компаниуд гарч ирдэг. Гэсэн ч хэсэг хугацааны дараа үнээ өсгөчихдөг олон улсын жишиг бий. Ийм эрсдэлийг бодлогоор хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхойлж байж хувьчлал ярих хэрэгтэй гэсэн шүүмжлэл хэлж буй.

2. ТӨРИЙН БАНК: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн байдаг. Ингээд “Төрийн банк”-ны үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн байв. Энэ нь банкны системийг цаашид тогтвортой явуулах бодлоготой холбоотой. Үлдсэн хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаа хэлбэрээр арилжих шийдэлд хүрсэн байжээ. 

3.МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэсэн байсан билээ. 

4.МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас доошгүй хувьд байлгахаар болжээ.

5.“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байв. Тус компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг шилэн кабельд бүрэн холбох асуудлаар хичээн ажиллаж буй. Гэвч технологийн хөгжлөөс үүдэн эрсдэл хүлээх магадлалтай гэж төрөөс үзэж байгаа юм.

6. ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ хөдөө аж ахуйн зах зээлд оролцогчдод бизнесийн эрсдэлийг удирдах, төлбөр тооцооны цогц систем нэвтрүүлэх, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг анхаарах олон асуудал байгааг ярилцсан байна. 

7. АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ: Төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар болсон. 

Үлдсэн 20 компани нь төрийн өмчийн 20 АЗЗА компани байгаа юм. Эдгээр компаниуд нийслэл, орон нутгийн авто зам арчлалтын ажил хариуцдаг юм. Компаниуд ойролцоогоор 20 орчим ажилтантай, сул зогсолт ихтэй, аймаг орон нутгийн төсвөөс жилд 200-600 сая төгрөгийн төсөв авдаг юм байна. Тус компаниудын удирдлагууд улс төрийн нөхцөл байдлаас хамаарч байнга солигддог бөгөөд техникийн хадгалалт, хамгаалалт муудсан, тогтмол ажилгүйн улмаас ажилчдын нийгмийн даатгал тасардаг гэхчлэн ахуйн бэрхшээл ихтэй байдаг аж. Төрийн өмчийн АЗЗА компаниуд 2009 онд гаднын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө шинэчилснээс хойш есөн жилийн хугацаанд баазаа бэхжүүлэх арга хэмжээ авах санхүүгийн чадамжгүй ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн 2017 онд холбогдох агентлагаас бодлогоор дэмжсэнээр 18 АЗЗА ашигтай ажилласан хэдий ч цаашид төрийн өмчид байлгах шаардлагагүй гэж үзжээ.
Хувьчлагдах АЗЗА компаниудын нэрс:
1. Булган АЗЗА
2. Дорноговь АЗЗА
3. Харгуй АЗЗА
4. Хархорин АЗЗА
5. Талын зам АЗЗА
6. Эрдэнэсант АЗЗА
7. Багануур АЗЗА
8. Налайх АЗЗА
9. Төв АЗЗА
10. Дархан АЗЗА
11. Сэлэнгэ АЗЗА
12. Орхон АЗЗА
13. Баянчандмант АЗЗА
14. Архангай АЗЗА
15. Өвөрхангай АЗЗА
16. Хөвсгөл АЗЗА
17. Говь-Алтай АЗЗА
18. Ховд АЗЗА
19. Завхан АЗЗА
20. Увс АЗЗА гэх мэт ТӨХК-ийн төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байжээ. 
Өмч хувьчлал нь мөнгөтэй цөөн хүнд давуу эрх олгож, шударга бус байдлаар явагддаг гэх нийтлэг шүүмжлэл гардаг. Харин Засгийн газар энэ удаад томоохон долоон компаниа Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжаалахаар болсон ч энэхүү шийдвэрээсээ няцав бололтой. Угтаа эрх баригч нам олонх байх хугацаандаа өмч хувьчлалын асуудлыг шуурхайлах байтал яагаад хойшлуулав гэсэн хардлага олон нийтийн дунд төрж байна. Төрийн ордон дахь бор шувуунуудын хэлж буйгаар “Хэнд ямар компанийг өгөх тохироогоо эцэслэн хийгээгүй байгаа учраас буцаачихлаа” гэсэн яриа гарсан гэнэ. Уг нь, “Төрийн банк” тэргүүтэй томоохон компаниудыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зорилгоор стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэх нь тодорхой бөгөөд хамгийн гол нь уг тогтоолын төсөл ажил хэрэг болох болов уу гэсэн таамаг хүлээлт үүсгээд байгаа. 
Өнгөрсөн жилүүдэд МИАТ, “Төрийн банк”, “Хөрөнгийн бирж”-ийг хувьчлах асуудал улиг болтлоо яригдсан ч өнөөдрийг хүртэл гацсаар ирсэн. Ямартай ч, уг тогтоолын төсөл хэзээ, хэрхэн өнгө зүсээ өөрчлөн УИХ-ын чуулганаар гэнэтхэн орж ирэхийг харах л үлдэв бололтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин