Монголын төр аав, хүү хоёр төр барьсан түүх ч бий, төрсөн ах дүүс ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажилласан ч цадиг бий. Харин аав хүү хоёр төрийн өмчөөр тоглоод зогсохгүй банк дампуурахад тодорхой хувь нэмэр оруулсан тохиолдол анх удаа гарсан ч хэн хэн нь ял шийтгэл хүлээхгүй байгаа нь тэвчээр барж байна. Энэ тохиолдолд аав, хүү хоёрын хэнээс нь эхлэхээ ч товлоход амаргүй аж. Учир нь тэд өнөөдөр ч жирийн бизнесийн хамтрагчдын адил мөр зэрэгцэн давхиж явна.
Ёсыг бодож ааваас эхэлье дээ. Рагчаагийн Бадамдамдин. ХААИС-ийн багш, ОХУ-ын Дубна хотын ЦШНИ-д эрдэм шинжилгээний ажилтан байснаа ардчиллын салхийг дагаж Монгол, Оросын хамтарсан “Булган” ХХК, “Таван-Эрдэнэ” компанийн захирлын суудлаас 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Энэ хоёр компаниа нийлүүлсэн мэт “Эрдэнэбулган” гэх шинэ компанидаа зөвлөхөөр ажиллаж байгаад 2004-2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Тэр УИХ дотор ч ашигтай байршлыг эзэлж чаддаг байв. Нэг жишээ дурьдахад 2006 оны эхээр УИХ-аас Уул уурхай ашигт малтмалын салбарын хууль эрх зvйн орчинг боловсронгуй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж уг Ажлын хэсэг АМГТХЭГ-т шалгалт хийж байв. Ажлын хэсгийн ахлагч нь Р.Бадамдамдин. Мөн ч “зайтай” эр байгаа биз. АМГТХЭГ-ын дарга нь одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд байсан. Р.Бадамдамдингийн хувьд Л.Болдтой холбоотой бас нэг “но”-той хэрэг “дурдатгал” үлдсэн нь 1998 онд Сэргээн босголт, Голомт банкийг нийлүүлэх ажиллагааг шалгах ажлын хэсгийн даргаар Р.Бадамдамдин ажиллаж Л.Болдоос 50 сая ам.доллар аваад луйврыг нь нуучихсан гэдэг. Одоо ч түүнийг илрүүлэхээс өнгөрөө биз, “өчигдөр” болсныг ч илрүүлэх хүсэлгүй болсон цаг дор. Харин өнөөдөр Р.Бадамдамдины гэр бүлийн гишүүд дээр ашигт малтмалын хэдэн лиценз байдгийг харахад ойлгомжтой. Ямар ч байсан Р.Бадамдамдин хурлаа овоо тасалдаг, наймаачны наалинхай ааштай, ганган шаавай гишүүн байлаа гэж.
Удалгүй тэрбээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын Орос, Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийн дагуу Монголын физикчдээс ямар нэг давуу талаар ялгаранхан “Мон-Атом” ТӨҮГ-ын захирлаар томилогдлоо. Орос гуравдугаар сургуульд хамт сурч байсан найзууд ийнхүү ураны бизнес рүү хамтран орлоо. Гэвч сайнаар дуусаагүй.
Товчлон дурдахад “Хан Ресурс”-ын лицензийг хууль бусаар хураасны улмаас тус компани зарга үүсгэж 200 сая ам.доллар нэхэмжилсэн. 2009 онд ОХУ, Монгол Улс төрийн дээд түвшинд шийдвэлэсэн “Дорнод Уран” компанийг хоёр он дамнуулан байгуулж чадаагүй зэргээр ажлаа муу хийсэн гэх шалтгаанаар “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин ажлаас өгсөн.юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд С.Баяр 2009 оны тавдугаар сарын 27-нд “ОХУ ба Монгол Улс Монголын нутаг дэвсгэр дээрх хэд хэдэн ураны орд газар дээр хамтран олборлолт хийнэ” цоглог мэдэгдэл сүйрлээр дууссан. Хожим нь 2016 оны тавдугаар сард Канадад Сангийн сайд Б.Болор, “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин нар ТӨХ, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр санамж бичиг зурсан адал явдал, Арбитрын шүүхийн маргаан С.Батболд, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрыг дамжин үргэлжилж эцэст нь Арбитрын шүүхэд Монгол, Канад дахь монголчуудын идэвхтэй үйл ажиллагааны дүнд ялагдсан ч гэж хэлж болохоор харагддаг. Тэр дунд нэр төртэй генералын хүү, өндөр боловсролтой хуульч ч, хожим нь арбитрын шүүхэд ялагдуулдгаараа мэргэшсэн нэгэн ч байсан. Цаад талд бас л Харвард төгссөн, баруунд зөвлөх фирмтэй хуульч ажилласан. Үүнийг ялагдал гэхэд хэцүү. Эцэст нь Монгол, Канад нийлээд 58 хувийг 90 сая ам.доллараар авч, Оросууд 21 хувийг үнэгүй эзэмшиж манай талаас шилжүүлсэн гэх 90 сая ам.доллараас ч хүртсэн. Сонирхолтой нь Канадад болсон уулзалтаас хоёр долоо хоногийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 1-нд тухайн үеийн “Мон Атом”-ын захирал Э.Галбадрал “Эрдэнэт үйлдвэр”-ийн советийн хурлын шийдвэрээр тус үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор томилогдсон юм даа. Дуугүй байсны шагнал гэх үү дээ. Уг нь 2014 оны зургадугаар сард өдөр тутмын сониноос “Алтан овоог ураны талбай болгосон С.Баяр, Сү.Батболд, Р.Бадамдамдин нарыг шалгаж болзошгүй” гэсэн таатай мэдээг хараад найдаж байсан ч тэгсгээд замхарсан.
Энэ үеэс хойш Р.Бадамдамдин хүү Б.Баттүвшинтэйгээ хамтарч бизнес хийх болсон. Б.Баттүшиг. Яг л аав шигээ орос ах нарын нээж, ашиглаад 1990-ээд оны эхээр Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын гэрээгээр лацдаад явсан холимог металлын үйлдвэрийг лиценз нэрээр авч улмаар өөрийн мэдлийн “Азиа далай фарист” гэдэг компаниараа дамжуулан 2004 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанид худалдсан гэдэг юм билээ. Болоогүй ээ, тусгай зөвшөөрлийг нь худалдахдаа анхны эзнийх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг юм. Мөрдөн байцаалтын үед экс гишүүн уг лицензийг 2.5 сая ам.доллараар зарсан гэж мэдүүлжээ. Харин тусгай зөвшөөрлийн “анхны эзэд” буюу хохирогчид үүнээс хамаагүй илүү үнэд хүрэх ёстой гэцгээж байв. Анхны эзэд гэдэг нь “ДСД Жаргалант” компани. Ингээд 2013 онд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгагдаж байсан аав хүү хоёрын хэргийг хоёр жил хүрэхгүй хугацаанд таван удаа сэргээж зургаан удаа хэрэгсэхгүй болгосон байдаг юм.
Дараа нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг Овоотын ордыг төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоогоод ашиглахад бэлэн болгочихсон байсан нэг сайхан орд нэг л мээдэхэд Австралийн “Aspire Mining” гэдэг компанийн өмч болж яах ийхийн зуурдгүй гэрээ зурагдаж “Буцвал Арбитрт хандана” гэх дарамттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Энэ компанийн ТУЗ-д Бадамдамдины Баттүвшин, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Зундуй-Очирын Ган-Очир нар дуулдаж байв. Одоо тэд хамтдаа “Хөх тэнгэр минералс” компанийг эзэмшдэг наяад оны цоглог магнатууд болж дээ.
“Хүү том болжээ. Төрийн хүн болсон байна шүү” гэж нэгэн нүүрсний уурхайн тухай кинонд гардаг байх аа. Тийм ээ. Хүү том болсон. Төрийн банкны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал болсон шүү. Гэхдээ асар их хэмжээний алдагдалд оруулчихаад ажилтнуудаа 461-р анги руу илгээгээд өөрөө үлдсэн. Түүнд мөрийтэй тоглоомын ширээний ард хамт сууж азаа үнэлж, азгүйтвэл хэргээр наймаалцдаг найзууд байсан юм. Түүний удирдлагад ажиллаж байсан ажилтнууд захирлынхаа зөвшөөрөлгүйгээр, барьцаагүйгээр 170-аад тэрбум төгрөгийн зээл олгож чадна гэж үү. Ингээд Төрийн банкны дэд захирал байсан Т.Дорждэрэм Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл, банкны хууль тогтоомжийг зөрчин найдваргүй зээл гаргасан хэмээн буруутгагдав. Харин Гүйцэтгэх захирал Б.Баттүвшин гэм зэмгүй өнгөрөх бололтой. Уг нь 2016 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Баттүвшин, ТУЗ-ийн дарга Д.Туваан нарын даалгавраар Ч.Энхтайваны “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны охин компани “Чингисийн хүрээ палас” ХХК 26.5 тэрбум болон “Гандан бороо” хочит Батхуягаар дамжуулан “Модун хаан” зургаан тэрбум, “Өндөр бор” ХХК 6.5 тэрбум төгрөг, Жи Эм Ти трейд” ХХК 18.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг тус тус гаргасан байдаг. Харамсалтай нь “Гандан бороо” хочит Батхуяг нь шүүх хурлын өмнөхөн нас барсан байдаг. Уг зээлүүд хэрхэн шийдэгдсэнийг шалгах ёстой. Тэгэхээр Б.Баттүвшин захирлыг огт гэм буруугүй гэх аргагүй биз дээ.
Одоогоор Б.Баттүвшины нэр дээр “МУУБ”, “Эзэнт”, “Эс Би Жи”, Ёда-Инвест”, “БУУЛБЛ”, “Алтай голд”, “Хөх тэнгэр менералс”, “Тод-Үзүүр”, “Модерн маркет фо хуман ресурс”” гэх есөн компани бүртгэлтэй байна. Эдгээрээс 2006 онд Ашигт малтмал хайгуул болон гадаад худалдааны чиглэлээр бүртгүүлсэн, БНХАУ-ын иргэн Lian Hongxing-тэй хамтран эзэмшдэг “БУУЛБЛ” , өнгөрсөн онд эзнээ сольж “Цэндээгийн Мягмардорж” гэгчийн нэр дээр бүртгүүлсэн эртний танил “Алтайголд” компани хамгийн ихээр анхаарал татдаг.
Р.Бадамдины нэр дээрх бөгөөд Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн “Бөмбөгөр” ХХК 2018 оны нэгдүгээр сарын 24-нд түүний охин Бадамдамдины Орхонтуяагийн нэр дээр шилжсэн. Яг энэ өдрөө “Бөмбөгөр онлайн трейд” гадаад худалдааны компаниа түүний нэр дээр байуулсан. Сонирхолтой нь үүнээс хоёр хоногийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 22-нд гадаад худалдааны чиглэлээр “Бөмбөгөр сейлс” ХХК, мөн энэ өдөр хүргэлтийн үйлчилгээний “Бөмбөгөр ложистикс”, 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд барьцаат зээлийн үйлчилгээний “Бөмбөгөр финанс” компаниа 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Б.Орхонтуяагийн нэр дээр бүртгүүлжээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн асан, “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирал асан Р.Бадамдамдин охиныхоо нэр дээр тав, хүүгийнхээ нэр дээр есөн компани байгуулж хөрөнгөө “хөеөлсөн” ч үйлдсэн гэм хор нь чамгүй нөөцлөгдсөн хуулиас гадуур амьдраад байгаа энэ хүнд Монголын Төр ямар өртэй вэ. Хариуцлага тооцох цаг хэрээс хэтэрлээ.
Сэтгэгдэл байхгүй байна