• Эхлэл
  • “Төсвийн мөнгийг үрсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн хуулинд тусгагдаагүйг эсэргүүцэж байна”

“Төсвийн мөнгийг үрсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн хуулинд тусгагдаагүйг эсэргүүцэж байна”

2019/07/10

Үндсэн хуулийн цэцийн 09.00 цагаас Эрх зүйч Н.Түмэнбаяр нэг хүний эсэргүүцэл илэрхийлж байна. Санхүүгийн зөрчил гаргасан төрийн албан тушаалтанд ногдох шийтгэлийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулиас хассан нь тэгш бус байдлыг бий болгосон, иргэдийг ялгаварлан гадуурхсан хэмээн гомдол гаргасан түүний гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээн авахгүй гэжээ.

Тэрээр “Зөрчлийн хууль иргэн хүн, хэвлэл мэдээлэл хоёрт маш их халтай тусч байгаа. Тэгсэн хэрнээ төсвийн мөнгийг дураараа үрж байгаа хүн энэ хуулийн дагуу шийтгэл хүлээхгүй байна. ҮХЦ миний гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Өнөөдөр ҮХЦ-ийн гадна ганцаараа эсэргүүцэл үзүүлж байна” гэсэн юм.

66682288_461498644628353_6678639630922809344_n "Төсвийн мөнгийг үрсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн хуулинд тусгагдаагүйг эсэргүүцэж байна"

Н.Түмэнбаяр өнгөрсөн гуравдугаар сард манай UPDOWN.MN сайтад ярилцлага өгч байсан бөгөөд Зөрчлийн хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан шалтгаанаа:

-Энгийнээр тайлбарлахад, Зөрчлийн тухай хууль бол Монгол улсын салбар эрх зүйг зохицуулсан олон хуульд байсан Эрүүгийн хуулиар шийдэхгүй, зөрчилд тооцож ирсэн заалтуудыг нийлүүлсэн хууль юм. Энэ хуульд ямар нэгэн зөрчил гаргасан иргэнийг ямар салбарын ямар албан тушаалтан шалгаад, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Жишээ нь, ойн байцаагч ой сүйтгэсэн хүнийг сүйтгэлийн хэмжээнээс хамаараад торгоод явчихна. Хүн гүтгэсэн гомдол ирвэл цагдаа шалгаад, прокурор хянаад, үндэслэлтэй байна гэж үзээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгоод явуулна. Иргэд ч торгуулна. Ийм тов тодорхой заалтууд бий.

Харин санхүүгийн зөрчил гаргасан төрийн албан хаагчид энэ хуулиар ямар ч шийтгэл хүлээхгүй. Зөрчлийн хуульд зөрчил шалгах эрхтэй албан тушаалтнуудын жагсаалтаас санхүүгийн улсын байцаагч гэсэн томьёог хайгаад олохгүй. Уг нь санхүүгийн зөрчил гаргасан этгээдэд ногдуулдаг санкцууд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай гэсэн энэ гурван хуульд байсан.

Гэтэл Зөрчлийн хуулийг боловсруулж батлахдаа энэ гурван хуулиар дээрх санкцуудыг хасаад оронд нь “энэ хуулийг зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гэсэн мөр тавьчихсан хэрнээ заалтуудыг Зөрчлийн хуульд тусгаагүй.

Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн хэрэг гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан хэмээн тайлбарлаж байсан юм.

Гэвч Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзсан байна.

ЭХ СУРВАЛЖ:UPDOWN.MN

66496576_459690534872028_1965866940094218240_n "Төсвийн мөнгийг үрсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн хуулинд тусгагдаагүйг эсэргүүцэж байна"

66840637_2890334524525881_8259413103108685824_n "Төсвийн мөнгийг үрсэн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн хуулинд тусгагдаагүйг эсэргүүцэж байна"


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин