• Эхлэл
  • О.Саранчулуун: ЖАРГАЖ АМЬДАРНА

О.Саранчулуун: ЖАРГАЖ АМЬДАРНА

2019/07/24

Дандаа буян үйлдэж явдаг тэр их баян хүн л дээ. Итгэл, найдвар, боломж хэмээх нүдэнд үл харагдах, гарт үл баригдах зүйлсийг маш олон хүнд өгснийг нь мэдэх юм. Нийгмийн хариуцлага мэтийн том үг хэрэглэхгүй, бусдад тусалсныгаа зарлаж тунхаглахгүй “хачин” хүүхэн. Хавдраас болоод алдсан нэг хөл, түүнээс улбаалсан гаслант он жилүүд, даван туулсан тухай үлгэрийн юм шиг түүх, Хамтдаа гүйцгээе, Хамтдаа алхацгаая, Ахилис Монгол, Ягаан тууз... Ингэхэд Сараа хэн юм бэ? Ажиа Гэгээний “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” сангийн зохицуулагч гэнэ үү...?

-Хиймэл хөлтэй монгол бүсгүй Нью-Йоркийн 42 км марафон дуусгасан гэх үеэс чиний талаар хэвлэлийнхэн сурвалжилж эхэлсэн байдаг...?

-Өөрийгөө ялсан түүхийн минь эхлэл. Чадах зүйлээрээ бусдад тусалж болохыг мэдэрсэн, ямар нэг нөхцөл тавихгүйгээр алхам хийх боломжтойг олж харсан. Тэгээд л бичиж, хуваалцаж эхэлсэн дээ.

-Овоо хэдэн жил өнгөрчээ. Ярих сонин бүр ихсээ биз?

-Нийгмийн эрүүл мэнд, энэ чиглэлийн докторантын хувьд ойрд мэргэжлийн өвчин хөдлөөд... ахмад настнуудын аз жаргалын тухай судалж байна. Аз жаргалын обьектив, субьектив шинжийг дэлхий нийтээр тодорхойлж, янз бүрийн шалгуур үзүүлэлтээр гаргаж ирдэг. Үндэсний статистикийн газрын 2016 онд судалгаагаар бид 143-т буюу аз жаргалын индексээр маш доогуур үзүүлэлттэй байсан хэрнээ амьдралын үнэ цэнэ, өөрийн нөөц боломжоо хэрхэн харж байгааг үнэлдэг хэсэгт монгол настнууд дэлхийн дунджаас өндөр гарна лээ.

-Монголд тэгэхээр настай хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэж үү?

- Яахав, ер нь нас ахих тусам хүн туулсан амьдралаа эргэн бодож, би чадахаараа хичээсэн гэх сэтгэл тайвшрал давамгайлж ийм дүн гарч болно. Нөгөө талаар манайхан буддын үзэл хандлагатай учраас аливаа зүйлийг муугаар хардаггүй, амны билгээс ашдын билэг гэж үздэгээс хамаарсан нөлөө гэж хэлмээр. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад хамтач соёл давамгайлдаг ба аз жаргалын талаарх хувь хүний үнэлгээ нь өөрөө индивидуалистуудад их өндөр гардаг. Өөрөө өөрөөсөө сэтгэл ханамж авч, түүндээ бахдах зан төрх их түгээмэл.

Ажиа Гэгээн ба О.Саранчулуун

-Ойрд “ЗӨВ” тэтгэлэг гэж яриад эхлэхээр чинь эхлээд гайхсан. Дараа нь буддист болсон байх гэж таасан. Харин аз жаргал судалдаг эрдэмтэн гэдгийг мартчихаж...?

-Миний үндсэн ажил АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш. МУИС-д бакалавр, Израйлийн Иерусалим дахь Хэбрүгийн ИС-д мастер хамгаалсан. Одоо Италийн Трэнтогийн ИС болон АШУҮИС-даа докторт суралцаж байна. Нийгмийн ажил заана, эрүүл мэндийн зан үйлийн талаар заана. Энэ утгаараа аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулж нийгэмшүүлэх зорилготой Ахиллис Монгол ТББ нийгмийн ажлын минь нэг хэсэг болж байдаг. Шинээр эхлүүлж буй “ЗӨВ” тэтгэлэг ч ажил мэргэжилтэй минь шууд холбоотой.

-Тэтгэлгийг яагаад хариуцах болов?

-Аз жаргалын тухай Монголчуудын ойлголтод буддын үзэл сургаалийн нөлөө их. Жишээ нь, аз жаргалыг ЗӨВ гэдэг шинжээр тайлбарладаг. Зөв явах, Зөв үйлдэх, Зөв бодох, Зөв хэлэх гэсэн санааг тэтгэлгийн нэрэнд агуулсан. Зөв тэтгэлэг бол Ажиа Гэгээний өөрийх нь эртнээс бодож санаачилсан ажил юм. Монголчууд түүнийг цусны хорт хавдартай хүүхдүүдэд эмнэлэг бариулаад улсад хүлээлгэж өгснөөр нь сайн мэднэ. Өөрөө Төвөд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн, Гүмбүм Чамцэлин Хийдийн Тэргүүн Хамба, Оксфордын ИС, Индиана ИС-ийн зочин профессор хүн юм. Ажиа Гэгээн өөрөө нийгэмд тустай үйл хэргийг мөн чанарын хувьд үлдэцтэй, амьдралд тустай шинжүүдээр зохион байгуулж яваа жирийн лам хүн. Бид ийм мундаг хүмүүстэй нэгэн цаг үед амьдарч байгаа нь аз завшаан гэлтэй. Энэ нь миний сэтгэлийг маш их татсан. Их сургуулийн багш, судлаачийн хувьд ямар нэг улс төр, шашны номлолоор дагнахыг ажил мэргэжлийн хувьд ч, хувь хүнийхээ зарчмын хувьд дэмждэггүй. Гэтэл шинжлэх ухааны талаас харвал Буддын шашин бол яалт ч гүй нийгмийн ажилтай холбоотой зүйл мөн. Би чинь нийгмийн ажилтан хүн шүү дээ.

Нөгөө талаар би маш их шүтлэгтэй эмээгийн охин. Бага байхад эмээ маань орой унтахын өмнө судраа тэврээд таван ханатай гэрээ тойроод маань уншдаг байлаа. Одоо хүртэл цагаан сараар засал хийлгэдэггүй надад буддын номлол ойрхон санагддаг. Нийгмийн хэцүү бүлэгт хандсан аливаа үйл ажиллагаа, сайн дурын ажлууд угтаа энэрэн нигүүлсэх сэтгэлийн мөн чанарт суурилсан байх ёстой. Ийм тохиол учрал ч гэх юм уу шалтгаанаар “ЗӨВ” тэтгэлгийн ажлыг хариуцаж ажиллах болсон.

-Шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн хослол... Сонирхолтой л юм?

-Нийгмийн ажил бол шинжлэх ухааны онолын ба судалгааны өргөн цар хүрээтэй, салбар дундын шинжтэй зүйл. Азийн зарим орнуудад хүмүүнлэгийн, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд буддизмын оролцоо нэмэгдэж байгаа. Цаад учир нь, үйлийн үрийн, хүчирхийлэлгүй байх, энх тайван амар амгалан, эв нэгдэл, халамж, нигүүлсэнгүй сэтгэл, аминч үзлээс зайлсхийх, нийтэд үйлчлэх, буян буюу сайн үйл хийх зэрэг хандлага нь Буддист нийгмийн ажлын суурь зарчим болдог. Энэ зарчмууд нь нийгмийн харилцаанд биеллээ олохпоо шударга ёс, хүний эрх, нийтийн хариуцлага, хүндлэл, хүлээцтэй байдлыг авчирдаг. Ийм өнцгөөс харвал би мэргэжлийн ажлаа хийж буй нийгмийн ажилтан.

"ЗӨВ" тэтгэлэг

-ЗӨВ тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тэтгэлгийн талаарх бүрэн мэдээлэл https://www.facebook.com/arightscholar пэйж хуудсанд бий. Ажиа Гэгээний хүсэл бол сайн боловсрол эзэмшиж чадахгүй байгаа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд туслах. Миний хүсэл бол мэргэжлийн ажлаа илүү сайн хийх замаар энэхүү хүсэл санаачилгыыг хэрэгжүүлэх. Ажиа Гэгээнийг дэмжигч олон хүмүүстэй бид хамтарч ажиласнаар жинхэнэ утгаараа нийгмийн ажил болж байна. Монголд минь шинэ байшин, шинэ машин гэхээс илүү шинэ-зөв хүмүүс хэрэгтэй. Тэтгэлэгт хамрагдсан хүүхдийг их сургуулиа төгстөл нь сургалтын төлбөр, байрны төлбөр зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн утгаар харвал хүүхдээ хичээл зүтгэлтэй хүмүүжүүлсэн ядарсан айлын хувьд харьцангуй том хөрөнгө оруулалт. Үүнээс гадна тэтгэлэгт хамрагдсан оюутан маань 4 жилийн турш монгол соёл уламжлал, үнэт зүйлс, түүх, нийгмийн ажил, амьдарч буй орчноо хайрлах зэрэг чиглэлээр 8 төрлийн сургалт хөтөлбөрт оролцоно. Сонгосон хүүхдээ соёл, төлөвшил, боловсролын хувьд урт хугацаанд анхаарч дэмжих учраас тэтгэлгийн чанар эндээс харагдана.

-Залхмаар хэрнээ заавал бусдад сонсгомоор асуулт байна. Өөрөө Анагаахын багш, Гүйлтээр хичээллэгч, Төрийн бус байгууллагуудыг бойжуулагч, ээж, гэргий... найз. Амрах гэдэг үг амьдралд чинь ер нь байна уу?

-Эрүүл мэндийн байдалдаа тааруулан харин ч ачааллаа бууруулж, өөрийн чадах ажлуудад цагаа зориулж эхэлж байна. Баг гэж хүмүүс байна аа, 7 хоногийн 3 өдөр л ажиллаж байна гэвэл итгэх үү? Ахиллисийн хувьд тогтсон хөтөлбөрүүдтэй учраас хийх зүйл нь эзэнтэй, тодорхой. Бид цөөхүүлээ ч жигд хэмээр урагшилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний ар гэр, дэмжигчид, найз нөхдийн нөлөө оролцоо хүч түрэн орж ирж байна. Надтай надгүй өдөрт өчнөөн асуудал шийдэгдээд явж байгаа.

“Хамтдаа алхацгаая”, “Хамтдаа гүйцгээе”, “Ягаан туузны алхалт” мэтчилэнгээр маш олон нийгмийн ажлыг эхлүүлж, голдрилд нь оруулсан байна. Одоо бүгд бие даасан байгууллага болчихсон яваа. Олон нийтэд чиглэсэн дээрх үйл ажиллагааг хийхэд цаг хугацаа нь ч таарсан байх, хэрэгцээ нь ч байсан, за тэгээд идэвхтэнгүүд өөрсдөө зөв зорилгоор, алсын хараагаа тодорхойлоод явж байна.

Ажиа гэгээн хүмүүст буян хийх гэж үргэлж санаа бодлоо чилээж явдаг хүн. Тиймээс “ЗӨВ” тэтгэлгийн ажлыг өөрөө бодож төлөвлөн эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагааг нь цаашид чиглүүлж явах саналыг надад тавьсан юм. Сурч мэдсэн зүйлээ цар хүрээтэй, утга зорилго нь гайхалтай “ЗӨВ” тэтгэлэг хэмээх санд зориулах шийдвэр гаргасандаа баяртай байна аа.

"ЗӨВ ТЭТГЭЛЭГ" сангийн зохицуулагч О.Саранчулуун

-Хүн хаашдаа үхэхээс хойш амьдрах хугацаандаа сайн гэсэн бүхнийг хийх хэрэгтэй гэж нэг удаа хэлж билээ. Огт мартагддаггүй?

-Бид хэдий болтол завсар зайгүй ажиллаж, эцэст нь өвдөж дуусдаг жамаар амьдрах юм бэ? Богино, урт гэлтгүй туулж яваа хором бүрээ өгөөжтэй сайн зүйлд зарцуулж байх нь өөрөө зөв үйлийн үрийг авчирдагдагт итгэдэг. Бид ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг бол бусдад тусалснаар амьдралаа утга учиртай болгодог. Энэ бол жаргаж амьдрах зам. Ийм чадвартай иргэн бэлтгэх гэж сайхан сэтгэлт хүмүүстэй хамтран ажиллаж байна даа. Тиймээс 2019 оны 8-р сарын 1-нийг дуустал зарлагдсан “ЗӨВ” тэтгэлгээс бүү хоцроорой гэж 17 болон 18 настай хүүхдүүдэд хэлье.

- Сайн үйлс, ажил зүтгэлд нь амжилт хүсье. Баярлалаа.

Ярилцсан Г.Солонго


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин