• Эхлэл
  • “Олон Овоот”-ыг Ц.Нямдорж, Г.Алтан нар биш Д.Баясгалан л “зарж” чадна

“Олон Овоот”-ыг Ц.Нямдорж, Г.Алтан нар биш Д.Баясгалан л “зарж” чадна

2019/08/09

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

“Олон Овоот орд одоо байгаа хэвээрээ үнэ цэнэ муутай. Гэхдээ Кадастрын албаны баталгаажуулсан нөөц байна. Дээр нь бид хяналтын өрөмдлөг хийгээд есөн тонн орчим алт гарах юм байна. Ингээд 3–4 жил ажиллахад хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна гэсэн дүгнэлт хийгээд бусад зээлдэгчдэдээ танилцуулсан. Төлөвлөж байгаагаар 2013 оны эцэс гэхэд ямар ч асуудалгүй болно. Энэ бол “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүний 2011 оны аравдугаар сарын 27-ны өдөр ёстой л “нүд рүү минь харж байгаад” хэлсэн үг. Харин 2013 оны эцэс гэхэд Ш.Батхүү шоронд, “Олон Овоот” орд Г.Алтангийн нэр дээр шилжсэн байв. Тухайлбал “Олон Овоот гоулд” ХХК 2013 оны долдугаар сарын 10-нд Готовын Алтан ба түүний эзэмшлийн “Суробан” ХХК-ийн мэдэлд очсон. “Суробан” ХХК нь “Олон Овоот Гоулд” ХХК-аас нэг хоногийн өмнө буюу 2013 оны долдугаар сарын 9-нд Г.Алтангийн мэдэлд очсон. Ер нь Г.Алтан “Алтжин санаа”, “Алтжин гэгээ”, “Алтжин баялаг” компаниудаа ч 2013 оны арванхоёрдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд дараалан байгуулсан нь анхаарал татдаг. Ингээд “Олон овоот гоулд” Г.Алтан, “Суробан” ХХК хоёрт хамаатай болж байгаа юм.

Г.Алтан шүүхэд ялагддаггүй…

“Суробан” компаний түүхээс харвал “Суробан” нь “Нийгмийн даатгалын тухай” хуулийг зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг хохироосны учир Дүүргийн Иргэний анхан шатны 2 дугаар шүүхэд хариуцагчаар татагдаж байжээ. Үүнд, 2014 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 49 814 934,73 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 24 907 467.36 төгрөгийн алданги нийт 74 722 402.09 төгрөгний өр авлага үүсгэсэн тул “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4, 26.2.8 дахь заалтуудад заасны дагуу шилжүүлж байна. “Суробан” нь “Нийгмийн даатгалын тухай” хуулийг зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг хохироосон тул шүүхэд хандсан аж. Гэвч тус компанийн захирал болох Г.Алтан нь хаяг байршил дээрээ оршин суудаггүй гэж тодорхойлолт ирсэн байна. Иймд “Итгэмжлэлээ татаж авах хүсэлтэй байна. Мөн тус хэрэг шийдвэрлэх шүүх хуралд оролцуулахгүй байхыг хүсье” гэжээ. Уг хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэлээ татан авсан бөгөөд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзсэн байдаг.

Дараа нь 2016 оны зургадугаар сарын 28-нд Улсын Дээд шүүх дээр Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлтэй, “Олон Овоот Гоулд” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцсэн нь бий. Шүүхийн тогтоолын дэлгэрэнгүйгээс харахад “2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банктай ЗГ-012–005 тоот зээлийн гэрээ хийж 18 610 605 ам.долларын зээлийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсний дагуу манай №1012000404 тоот ам.долларын дансанд 18 610 605 ам.доллар орсон ч тэр өдрөө буцаад гарсан. №012–005 тоот гэрээний дагуу 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкинд байрлах №1012000404 тоот долларын дансанд 18 610 605 ам.доллар орсон ч тэр өдрөө буцаад уг данснаас “Суробан” ХХК-ийн авлагыг төлөв гэх гүйлгээний утгатай гарсан байдаг. Энэ гүйлгээг “Суробан” ХХК-аас тодруулахад манай дансанд 18 610 605 ам.доллар ороогүй, танайхаас авлагагүй гэх баримт, тайлбарыг өгсөн. Эдгээр гүйлгээг хийхийг даалгасан компаниас банкинд өгсөн төлбөрийн даалгавар нь тус компанид байхгүй бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хандсан ч гаргаж өгөөгүй” гэсэн тайлбар олонтаа дурдагдах нь анхаарал татна.

Мөн “Харин зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлүүдийн хувьд “Олон овоот гоулд” ХХК-ийн бусад банкнаас авсан зээлтэй холбоотойгоор хэд хэдэн банкны хооронд дундын барьцааны гэрээ байгуулагдсан, энэ журмаар үүргээ хангуулна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргасан тул энэ талаар шийдвэр, магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв. Эцсийн дүндээ “Олон овоот гоулд” ХХК-аас 45 491 354 932 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 22 722 477 568 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсугай” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр одоо ч Ш.Батхүүд ч, Төрийн банкинд ч ашиггүй хэвээр. Г.Алтангийн хувьд хууль, шүүх хэзээ ч “асуудал” байсангүй. “Анод” банкнаас зээлсэн 2.6 тэрбум төгрөгөө “Алтжин” компани руугаа шилжүүлсэн нь тогтоогдчихоод байхад ч төрсөн дүү Готовын Буянжаргалдаа үүрүүлчихээд хожим нь мултлаад нэг компаниар “шагначихсан” гэдэг.

Ш.Батхүүгийн “Олон Овоот гоулд” хаачив?

“ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах” жагсаал өчигдөр ХЗДХЯ-ны гадна болсон. Энэ үеэр баттай, батгүй сураг төдий олон асуудлыг Ц.Нямдорж дээр овоолно билээ. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь наадмын үеэр Ц.Нямдорж, Г.Алтан нар “Олон Овоот”-ын ордыг хятадуудад зарах гэрээ байгуулсан” гэх мэдэгдэл байв. Мөн “алтгүй” гээд байдаг Олон Овоотын орд Оюутолгойгоос ч их нөөцтэй болохыг сансраас тогтоосон гэнэ. Олон Овоот орд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэвийн ажиллаж байхдаа хэлснээр “Тухайн үед Олон овоотын лицензүүдийг зарсан бол 20–30 сая ам.доллараар зарчихаж болох байсан. Гэтэл цаана нь үлдэх 200 орчим тэрбум төгрөгийн өр нь уг төсөлд оруулсан нэг төгрөг тутмынхаа эсрэг 20 төгрөг алдана гэсэн үг шүү дээ. Засгийн газар 100 тэрбум төгрөг гаргачихаад 20 тэрбумыг олж авна гэхээр улсад ч, бидэнд ч хохиролтой гэж үзсэн юм билээ.Найдваргүй зээл болоод байсан Олон Овоотын зээлийг Голдман саксаас лицензүүдийг нь авчраад баталгаатай барьцаатай зээл болгосон Ш.Батхүү “Алт бол борлуулалтын асуудалгүй бүтээгдэхүүн” гэж тэнэгтсээр яваад яг үнэндээ Ц.Мянганбаярын унах байсан нүхэнд уначихсан мэт харагддаг. Өөрийгөө “шинэ тоглогч” гэж нэрлээд баялгаар нь бүх өрийг нь хаачихаад ашиг гарахаар нь Ц.Мянганбаяртай хуваах гэж байсан гэсэн. Тэр банкуудад байсан лицензүүд яагаад чөлөөлөгдөөд “Голдман сакс”-ын мэдэлд очсон юм бэ. “Голдман сакс”-ын барьцаанаас лицензийг чөлөөлж манай компанид шилжихэд хамгийн их бухимдаж гүйсэн улстөрчид л хамааралтай байсан юм болов уу гэж ярьж суусан.

Харин Г.Алтан “Ш.Батхүү 2010 оноос хойш надаас бага багаар зээл авсаар явсан. Ш.Батхүүгийн эзэмшлийн “Олон овоот гоулд” ХХК-ийн лицензийг “Голдман сакс” банк 16.5 сая ам.долларт барьцаалсан байсан юм билээ. Ингээд Ш.Батхүү өөрийн үл хөдлөх хөрөнгөөр буюу аливаа хэлбэрээр төлж чадахгүй лицензүүдээ барьцаанаас гаргахын тулд надаас дахиад л зээл хүссэн. Гэвч надад тэр их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учир хэдэн үл хөдлөх хөрөнгө байсныг тодорхой хэмжээнд үнэлж Ш.Батхүү надаас зээл авч “Голдман сакс”-ын өрөнд өгч лицензүүдээ барьцаанаас гаргасан байдаг. Зарим нэгээс нь дурдвал САПУ спирт, архи, пиво, ундааны бүрэн тохижуулсан ажиллаж байсан үйлдвэр, байшингийн хамт. Байшин нь та бүгдийн мэддэг “Талх чихэр” ХХК-ийн Б корпус. 20.000 ам метр талбайтай. Үүнээс гадна Нарны зам дагуу байршилтай гурван давхар үл хөдлөх хөрөнгө, нэг га газрын хамт, Зайсангийн аманд үл хөдлөх хөрөнгө, дөрвөн га газрын хамт гэх мэт. Энэ бүхэн 60 тэрбум төгрөг болсон байсан. Ш.Батхүү эргээд надад энэ өр төлбөрөө төлж чадахгүй болсон учир энэ өрөндөө “Олон овоот гоулд” ХХК-ийг надад өгч өр төлбөрөө хаасан аядсан юм. Дүгнэж хэлэхэд миний хүү Э.Сүрэнгээс Ш.Батхүү зээлж авсан 32.855.296 ам.доллар тусдаа, Г.Алтан надаас үл хөдлөх хөрөнгө ба бэлэн мөнгө зээлсэн 60 тэрбум төгрөг нь бас тусдаа хоёр өөр зээлийн багц юм. Надаас зээлсэн 60 тэрбум төгрөгтөө “Олон Овоот гоулд” ХХК-ийг өгч зээлээ хаасан байдаг” гэж одоогоос гурван сарын өмнө хэвлэлд ярьсан байдаг.

Тэгэхээр Ш.Батхүү ч, Г.Алтан ч, хамгийн гол нь “Голдман сакс” алтгүй ордыг барьцаалж зээл олгох, өр шилжүүлж авах хүмүүс мөн үү? Энэ асуултыг “Ц.Нямдорж, Г.Алтан, Ш.Батхүү нарыг хуйвалдаж “Олон Овоот”-ыг хятадуудад зарахаар гэрээ хийсэн” хэмээн бухимдаж буй Г.Оюунгэрэл бүсгүйд хандаж тавих ёстой болов уу.

“Олон Овоот гоулд”-ыг хэн зарж чадах вэ?

Ингэхэд яг өнөөдөр Олон Овоотод алт бий болов уу. Үүнийг зөвхөн монголчууд төдийгүй гаднынхан ч сонирхож байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр Голомт банкны нэр дээр байдаг “Бурхан дэл алт” компани, Бумбатын ордоо хятадуудад үзүүлж явах болсон Д.Баясгалан сүүлийн үед “Олон Овоот”ордын алтны нөөцөд “санаа зовинох” болжээ.

Тэрбээр өнгөрсөн жилээс Монголдоо л мэргэжил нэгтнүүд нь урдаа барьдаг нэгэн судлаачаар зуучлуулан дэлхийд нэртэй компаниар ордын нөөцийн хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн компаниар нөөц тогтоолгоно гэдэг нь зарах бэлтгэлийн тодорхой хувийг хангачихсан гэсэн үг. Харамсалтай нь Д.Баясгалангийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл дээр ажиллагсад нэлээд хугацаагаар цалин тавьсангүй, техникийн үзүүлэлт дээр алдаа гарсны улмаас гадаргын ус тооцоолсноос их гарсан тул илүү зардал гаргаж шавхаж байгаа гэх зэрэг мэдээллийг өгч байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталгаажсан төсөл. Төрийн тэргүүнээ дагаад, Хөгжлийн банк, Монгол банкин дахь өрөө нуугаад гэрээ байгуулаад явж байдаг бөх зүрхтэй хүн Монголд Д.Баясгалангаас өөр байхгүй л болов уу. Одоо БНХАУ-аас хэн нэгэн “бүдүүн дарга” уриад, эсвэл албан ёсны айлчлалын урдуур хойгуур гүйж яваад Олон Овоотыг үнэд хүргэж чадах хүн бол Ц.Нямдорж, Г.Алтан нар биш Д.Баясгалан л байж мэднэ. Түүнд улс төрийн намуудад хандив өргөж зүүх байсан гаваа тайлж, хүлээх байсан хавтаст хэргээ хаалгаж байсан олон жилийн баялаг туршлага бий.

Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас дуудаж байцаалт аваад 72 цаг хорьж, 21 хоногоор хилийн хориг тавьсан нь хариуцлага хүлээлгэх бус үзүүлбэр шахуу юм болсон. Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу “Голомт” банкаар дамжуулан, дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр ийнхүү шалгасан нь тэр. Амьд гэрчтэй, тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсаар байтал дур мэдэн зээлийн хөдөлгөөн хийсэн энэ хэрэг бараг замхрах тийшээ хандаж байна. Хэрэв энэ хэрэг замхарвал Д.Баясгаланд байтугай банкуудад итгэхэд хэцүү. Хэрхэн шийдвэрлэхийг харж л байя. Гэтэл санаандгүйгээр Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Дамбий овогтой Баатар, ХХБ-ны эзэн Должингийн Эрдэнэбилэг нар “Империалс майнинг корпорэйшн”-ийг 2011 оноос хойш эзэмшиж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтад тодорхойлсныг олон нийт саяхан мэдсэн. Өнөөдөр хэрэв хэвээрээ гэж үзвэл найман жилийн бизнесийн нөхөрлөлийн цаана Ерөнхий прокурор асан, ХЗДХ-ийн сайд асан маань Монголын томоохон бизнесмэнтэй дундаа бизнестэйгээр хууль сахиулж, алдаатай нь тэмцэж чадах уу гэдэг бол эргэлзээтэй л санагдсан. Тэр тусмаа Ерөнхий прокурор асан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ба Т.Ганболд нарт хамаарах дансуудаас Голомт банк дур мэдэн зээлийн таталт хийсэн тухай ч телевизээр мэдээлээд байхад өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь сонирхолтой. Бизнесмэн хүний хувьд дөрвөн сая ам.доллар данснаас нь өөрийнх нь зөвшөөрөлгүй гарах ямар вэ гэдгийг хамтран бизнес эрхлэгчид мэдэж л баймаарсан.

Ер нь банкийг мөнгө биш байгууллага, банкирийг баян хүн биш гэмт хэрэгтэн байж болзошгүй цаг иржээ. Хэдэн банктай улсаас хэд нь ОУВС-ийн хараанд өртчихөөд байгаагаа харцгаая. Сонгуулийн өмнөх жилээс сонгуулийн жил рүү дөхөж байна. Банк дампуурдаг. Голомт л дампуурдаггүй, хамгийн сайн банк. Олон Овоот олон банкаар тоглосон ч Голомт банкаар л тоглоогүй. Үүнд нь Европын сэргээн босголтын банк, Голдман сакс, Монголын улстөрчдийн нөлөө чамлахааргүй их байсан. Харин одоо Олон Овоот “Голомт” банкаар биш, “Голомт”-ын Д.Баясгалан Олон Овоотоор тоглох өдөр айсуй…Хамтдаа ажиглацгаая.

/Үргэлжлэл бий…/

У.Оргилмаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин