• Эхлэл
  • Хүүгээ хүлээж л сууна, Хайдав гуай нь

Хүүгээ хүлээж л сууна, Хайдав гуай нь

2019/08/19

Одоогоос гурван жилийн өмнө  “Үндэсний шуудан” сонинд сэтгүүлч В.Сарантуяагийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын Хайдавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлага Г.Хайдав агсны хамгийн сүүлийн ярилцлага бөгөөд Монголын урлагийн нэгэн сод хүмүүн тэрбээр 2018.12.28-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. 

Сибирийн үзмэрч Сэргэлэн хүүг минь амьд мэнд гэсэн. Хүлээж л сууна, Хайдав гуай нь

“Үндэсний шуудан” сонины 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн дугаарт энэ ярилцлага нийтлэгдсэн юм. Залуус бид сайхан буурлуудынхаа үгийг сонсч, тэднээсээ үлгэр дууриалал авах учиртай. Тухайн үедээ Гонгорын Хайдав гуай манай редакцид өөрөө ирсэн юм. Уг нь би таны байгаа газар очоод ярилцлага авъя гэсэн чинь” Үгүй  ээ, хүү минь. Хайдав гуай нь алхах дуртай. Алхаад л оччихно” гэж инээж байсан нь одоо ч сэтгэлд дотно үлджээ. Таны Монголын урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, ач гавьяаг тань хойч үе бид хэзээ ч мартахгүй, мартах учиргүй билээ. Ингээд таны бидэнд хэлж үлдээсэн сайхан сургаалийг тань дахин нийтлэн хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн урлагийн анхдагчийн нэг Гонгорын Хайдав гуай өдгөө 92 насыг зооглож буй. Энэ эрхмийн залуу насандаа их урлагт хийж бүтээсэн ажил үйлс хойч залуу үе бидний хувьд амьд домог юм. Урлагийн тэнгэрт одтой байж, ухаант түмнийхээ хайр хүндлэлээр дүүрэн явдаг энэ эрхмийн туулж өнгөрүүлсэн амьдрал, туучиж явсан мөр хэдийнэ түмэн олонд сайхнаар дуурсагдсаар байдаг нь энэ эрхэм хүний үнэ цэнийг улам тодорхойлдог билээ.

“Орос Хайдав”, “Дуурийн Хайдав” хэмээн овоглодог түүний хувьд их урлагийн Янжинлхам бурхандаа залбирахаас гадна энэ сайхан биеийг эрүүл сайхан төрүүлж өгсөн ээжийгээ үргэлж бодож хайрладаг гэж байлаа. Ээжийгээ дурсах бүртээ хүүхэд шиг нулимс цийлэгнүүлэх нь хүн хэдий өндөр насалсан ч ээж бурхнаа насан туршдаа санаж бэтгэрдэг ажээ. “Би ээжийнхээ философиор өдий хүрч байгаа хүн. Ээж намайг Орос руу сургуульд явах үед нэг зүйлийг л аминчлан захисан. Миний хүү аливаа зүйлд бодолтой, хянуур байгаарай. Эр хүн юм чинь ууж идэх асуудал гарах нь дамжиггүй. Тиймээс ууж идэхдээ хэтрүүлж болохгүй, зөвхөн архи дарс ч биш бүх зүйлийн жорыг хэтрүүлэх хэрэггүй. Аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг юм гэж билээ. Би энэ үгийг л амьдралынхаа мөрдлөг болгосоор өдий хүрлээ. Та бүхний өмнө ингээд сууж байгаа нь миний ээжийн монгол ухаан намайг зөв хүмүүжүүлжээ гэсэн үг. Өөр юу ч биш” гэсэн юм. Ингээд Дуурийн урлагийн анхдагчийн нэг Гонгорын Хайдав гуайтай ийн хөөрөлдлөө.

-Та сайхан хаваржиж байна уу. Таны бие тэнхээ сайн уу?

-Сайхан хаваржиж байна аа. Одоо нас нэлээд дээр гарсан болохоор бие тийм сайн биш байна. Гэхдээ Цагаан сар болох гэж байхад муу үг амнаасаа гаргаад яахав.

-Цагаан сарынхаа бэлтгэл ажлыг хийж амжив уу?

-Миний хийх зүйл гэж байхгүй ээ, хэдэн хүүхдүүд л бэлтгэчихдэг юм. Хүүхэд байхад цагаан сарыг сайн мэдэхгүй өнгөрдөг байлаа. Айл хунараар орж байтал цагаан сар дуусчихдаг байв. Би цагаан сарыг 50 наснаасаа хойш албан ёсоор тэмдэглэдэг болсон. Миний цагаан сар 50, 60, 70, 80, 90 насных гээд л явж байна. Сүүлийн жилүүдэд нас дээр гарсан болохоор золгодог зочдын тоо их болсон. Өнгөрсөн жилийн цагаан сараар 200 гаруй хүн золгосон. Энэ жил олон хүн ирэх байх гэж гэргий маань хэлсэн. Тэгээд л бэлэг сэлт гээд завгүй яваа.

-Та зочиндоо ямар бэлэг өгдөг вэ?

-Манай охид бэлгийн зүйл гээд зөндөө юм бэлтгэчихдэг юм. Би түүн дээр мөнгө тавиад л өгдөг. Ер нь бэлэг бол сэтгэлийн зүйл. Биднийг хүүхэд байхад бэлэг гэж ёотон, харандаа, дэвтэр, дугуй мөнгө өгдөг байлаа. Их баярладаг сан.

-Цагаан сараар таны “тогоог” хэн барьдаг вэ?

-Би гурван охинтой. Охид маань ирж үйлчилдэг. Тэд хүнд гологдохгүйгээр хоол цайгаа хийчихнэ. Гэхдээ миний эгчийг гүйцэхгүй л дээ. Миний эгч Монголын анхны тогооч Чимэддулам гэж хүн байлаа. Тухайн үед оросоор сайн ярьдаг байсан болохоор нь Тамара гэж нэрлэдэг байв. Чойбалсан, Ворошиловын хоол цайг бэлтгэдэг байсан. Эгчийн хүү Баатар Орост сургууль төгсөөд мөн л сайн тогооч болсон. Эгчийн шавь нар гэж олон бий.

-Таны эгч Тамара гуайн тухай сонин түүх байдаг юм билээ. Дэрсэн дунд төрсөн гээд...?

-Миний ээж есөн хүүхэд төрүүлсэн. Хамгийн том эгч маань Тамара. Ээж эгчийг дэрсэн дунд төрүүлсэн гэдэг. Хөдөө хээр амаржчихаад хүйгээ өөрөө таслаад охиноо хормойлоод, аргалаа үүрээд гэртээ ирсэн гэж нутгийн зон олон одоо хэрнээ ярьдаг. Говь нутгийн эмэгтэйчүүд тийм л тэнхээтэй, тэвчээртэй хүмүүс. Ээж маань гамингийн үед төрөөд зарим хүүхдээ гаминд алдсан гэсэн. Энэ бүх зовлонг яаж давж байсан юм гэж бодохоор л өөрийн эрхгүй ээжийгээ өрөвдөөд байдаг юм. Ээжид хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Манай гэр нэг гар урлалын үйлдвэр шиг байдаг байлаа. Ээж бүх зүйлээ өөрөө хийнэ. Нөхөр хүүхдийнхээ бүхий л хувцсыг оёж шидэж гадна дотно ажлаа амжуулдагсан. Миний аав “Лүүжин” Гонгор гэж нутаг усандаа гайхагдсан сайхан залуу явсан. Эр хүнийхээ хувьд их өндөр, ганган хээнцэр эд хэрэглэдэг, сайн эрчүүдтэй нөхөрлөчихдөг, ан гөрөөнд дуртай нэгэн байв. Нэг удаа гаминг ташуурдаад баригдахаа шахсан гэдэг. Ингэж явахдаа тухайн үеийн шилийн сайн эр Ширмэн Овоо дээр сайн эр болохоор очсон байдаг. Аавын гарал үүслийг яривал тэр үеийн баян айлын хоёр хүүгийн нэг нь явсан. Тэр үед баячуудын хөрөнгийг хурааж цөөн хэдэн мал, бор гэрийг минь үлдээсэн байдаг. Энэ бүхэнтэй аав маань эвлэрч чадахгүй хотод амьдарч байсан хоёр эгчийнх рүүгээ нүүсэн юм.

-Ингээд та хотын хүн болсон хэрэг үү?

-Тэгсэн. Яг хэдэн онд хотод нүүж ирснээ санадаггүй юм. Би бодохдоо зургаан настай байсан болов уу гэж санадаг. Би гутал өмсдөггүй хүүхэд байв. Хөлийн тавхай гэж туурай шиг юм явна. Хулгана, зурам, тарваганы араас хөөцөлддөг. Манайх  хот руу нүүхдээ миний нохойг авч явсан юм. Тэгсэн хөөрхий замдаа нас барчихсан. Аав тэр нохойг оршуулсан. Миний санаж байгаагаар одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд үлдээсэн. Яагаав манай Лууяагийн нутагт (Бавуугийн Лхагвасүрэн гуайг ийн нэрлэдэг аж) нохой маань үлдсэн. Тэр нохойгоо алдсанаас хойш олон нохой тэжээсэн ч тэр нохой маань одоо хэрнээ бодогдоод л байдаг юм. Би нохойнд дуртай, мууранд дургүй. Хотод ирээд мууранд маажуулсан. Хот хүрээнд ирээд манайх сайхан амьдарсаан. Аавын эгч Зургаан хуруу Дамчаа гэдэг хүнтэй ханилан суугаад сайхан амьдарсан. Хүргэн ах маань Маршал Х.Чойбалсан гуайн сайн найз нь байсан.

-Та дайны үед хойшоо сургуульд явж байсан гэл үү?

-Би 1944 онд СССР рүү сургуульд явж байлаа. Сургуульд явах шалгалтдаа тэнцээд ихэд баярлаж хөөрч байв. Улаан Москва, Кремлийг ойрхноос харна гэж бодохоор нойр хүрдэггүй байлаа. Сургуульд явахаасаа өмнө би үсэг өрөгчөөр ажиллаж байсан юм. Ингээд хойшоо сургуульдаа явлаа. Москва сайхан ч цаг үе нь хүнд байлаа. Манай сургууль марксизм, ленинзмын онолыг заана. Би хичээлдээ их шамдана аа. Бусад орнуудын оюутнуудаас хамгийн сайн орос хэл сурсан нь би. Манай багш 103 настай хүн байв. Багш намайг оросоор сайн ярьдаг болохоор хичээлээ зааж бай гээд орхиод гарна. Би ч онолын хичээлийг ой тоонд нь ортол заана. Өөрөө ленинизмын үзлийг дэмждэг байсан. Одоо ч Ленинг шүтдэг. Ингэж ярихаар нөгөө Хайдав буруу зөнөчихөж гэх вий. Тийм биш юм. Хүн анх сурсан мэдсэнээрээ энэ амьдралын өнцгийг хардаг юм байна.

-Та Монголоос очсон хамгийн анхны оюутан нь байв уу?

-Монголоос хамгийн анхны оюутан гэвэл Гончигсумлаа гуай байсан. Харин миний хувьд дуурийн урлагийн талаас анхны оюутан нь. Анх сургуульд очихдоо дуучин гэсэн мэргэжлээр очоогүй шүү дээ. Хэвлэх үйлдвэрийн инженерийн мэргэжлээр суралцахаар очсон байсан.

-Тэгээд яагаад урлагийн хүн болсон юм?

-Миний урлагийн их замыг Гончигсумлаа гуай зааж өгсөн. Нэг удаа намайг уран сайханчдын тэмцээнд оруулдаг юм байна. Тэр тэмцээнд амжилттай оролцсоноор миний урлагийн их зам нээгдсэн түүхтэй. Одоо энэ түүхийг сөхөж ярих юм бол олон өдөр болно. Тиймээс ингэсгээд орхиё.

-Би тантай өнгөрсөн жилийн өдийд ярилцлага хийж байсан. Тэр үед та хүү Сэргэлэнгээ хүлээсээр байгаагаа хэлж байсан. Таны хүүгээс сураг гарч байна уу?

-Миний өдий хүртэл амьд байгаа нэг шалтгаан бий. Хүү Сэргэлэнгээ л хүлээж сууна. Хүүгийнхээ араас их явсаан, ах нь. Улсаар яривал ОХУ, БНХАУ, Өвөрмонгол, Буриад хүртэл явж хайсан. Энэ орнуудад байж магадгүй гэж. Монголдоо гэвэл бүх аймгуудаар хайсан, одоо хүртэл сураггүй л байна.

-Үзмэрч төлөгчид үзүүлэв үү, мэнд сайн гэнэ үү?

-Миний хүүг надтай хамт хоёр хүн хайсан юм. Тэр хүмүүс хүнээр дамжуулаад Оросын Сибирийн шулам гэнэ үү, тэр хүнээс асуусан байна. Саяхан даа, саяхан. Тэгсэн тэр эмэгтэй хүүг маань амьд мэнд тань дээр ирэх нь ирнэ. Жаахан саадтай л байгаад байгаа гэсэн. Үүнийг нь сонсчихоод тайвшраад л сууна. Гэхдээ аав нь хүүгээ харсаар хүлээсээр байгаа шүү гэдгийг танай сониноор дамжуулаад хэлчихье.

-Одоо Сэргэлэн гуай хэдэн настай хүн байна?

-Би ер нь хүүхдүүдийнхээ насыг бага хэлдэг. Тэд миний нүдэнд хүүхэд хэвээрээ л харагддаг. Хүү Сэргэлэн маань 67-той, Төмөрбаатар маань 64 хүрч байгаа байх. Хамгийн бага охин маань 40 гарсан охин бий. Би урлагийн хүн болохоор хүүхдүүдээ өтөл битгий харагдаасай гэж хүсдэг юм.

-Та одоо ч гэсэн сайхан хэвээрээ л харагдаж байна шүү. Наснаасаа залуу харагддаг таны нууц юу вэ?

-Хоол хүнсний хувьд өөрийн садан төрлийн хэрэглэдэг хүнснээс хол их зөрөхгүй ээ. Энэ дундаас 117 нас хүрч бурхны оронд заларсан нэг лам хүний хэрэглэдэг зүйлийг олон жил хэрэглэлээ. Энэ бол хонины сүүл юм. Манай хөргөгчинд хонины сүүл байдаг. Сүүлээ сайхан чанаад хөлдөөчихдөг. Хөлдөөсөн сүүлээ царцуугаар нь талхан дээр тавьж иддэг. Өдөртөө нэг сүүл идчихээд явахад өл даана ч гэж жигтэйхэн, өвдөнө гэж ч байхгүй дээ. Насаараа л хонины сүүл хэрэглэсэн. Бас жинхэнэ цагаан идээнд “нугасгүй”. Одоогийн цагаан идээ гэж халтар хултар эд. Тиймээс нэг их хэрэглэдэггүй. Сүүлийн үед хүмүүс сүлжээний хоол их хэрэглэдэг болжээ. Энэ их буруу зүйл. Би ч гэсэн хүмүүсийг дуурайгаад нэг хэсэг их хэрэглэсэн. Дэмий эд байна лээ. Үүнээс гадна хүмүүс эмийг их уудаг болжээ. Яг л хоол шиг. Энэ бүхнийг харахаар бид нэг л буруу тогтолцоо руу яваад байгаа санагддаг.

-Та эмийн рекламд тоглож байсан?

-Миний оролцсон эмийн реклам олон хүнд хүрсэн дуулдсан. Хэрэглэсэн хүмүүс нь над руу утасдаад танд их баярласан шүү гэсэн. Тэгэхээр би Монголын үрсийг олон болгоход бага гэхгүй нэмэр болсон болов уу. (инээв) Би бол өөрөө хэрэглэж үзээгүй ээ. Хэрвээ хэрэглэсэн бол 100 насыг хол давах байлгүй.

-Та эм уухгүйгээр амьдардаг нь сайн хэрэг. Таныг манай редакцид хүрээд ирэхээр чинь би барьц алдлаа шүү. Ийм өндөр настай хүнийг энд авчирсандаа их санаа зовж байна?

-Би угаасаа байнга алхаж явдаг. Нас хэдий өндөр ч алхана гэдэг эрүүл мэндэд хэчнээн тустай болохыг та бүхэн сайн мэдэж авах хэрэгтэй. Миний хөл ерөөсөө өвдөж үзээгүй. Байнга алхдаг болохоор тэгдэг байх. Би бас машинд суух дургүй, залуу байхдаа нэг машинтай байлаа. 1956 онд нэг “Шкода” гэдэг машин авав аа. Манай урлагийнхан машин худалдаж аваад тэднийг дуурайгаад машинтай боллоо. Тухайн үедээ 18 мянган төгрөг гэдэг их мөнгө л дөө. Ингээд дүүгээрээ машин барихыг заалгасан. Нэг өдөр явж байгаад хүүхэд дайрахаа шахсан. Ингээд дүү хэлж байна. За ах минь та дахиж хэзээ ч битгий машин бариарай. Танд таарах эд биш гэсэн. Тэгээд бид хоёр машинаа найман мянган төгрөгөөр зарчихсан. Түүнээс хойш хэчнээн жил өнгөрсөн ч машиныг би ч үгүйлээгүй, машин ч намайг тоогоогүй дээ.

-Таны үеийн, алтан үеийнхнээс сэрүүн тунгалаг олон настан байна уу. Та тэдэнтэйгээ уулзаж хууч хөөрдөг үү?

-Манай үлгэр жишээ бага сургуулиас үлдсэн хүүхдүүд гэвэл цөөхөн дөө. Өнгөрсөн жил хоёр найз маань амьд дуулдсан. Энэ жил сураг сонссонгүй. Яг манай ангийнхан гэвэл хөвгүүд нь бүгд бурхан болсон байна лээ. Би гадаадын орнуудаар их явдаг байсан болохоор гадаад найзууд олон байлаа. Тэд маань ч өнөөдөр алга. Харин өнгөрсөн жил найз Дашдооровтойгоо уулзаж 80 насных нь найранд уригдсан. Их сайхан найр болсон. Би тийм сайхан найр өмнө нь үзэж байгаагүй юм билээ. Манай Дашдооров олон жилийн өмнө УИХ-ын гишүүн болж хөглөж явсан хүн дээ. Би өөрөө улс төр сонирхдоггүй болохоор улстөрчдийг ойлгодоггүй. Ярьж байгаа зүйлүүдийг нь сонсохоор хөгийн зүйл ярьдаг юм байна лээ. Ихэнх нь худлаа ярьдаг улсууд юм уу даа.

-Та Цогзолмаа гуайтай Цагаан сараар уулздаг уу?

-Цооцоо бид хоёр хар багын найзууд юм. Дамбадаржаагийн амралтад анх Цооцоог харж билээ. Би тэр үед 13 настай хүү. Тэднийх манайхтай ойролцоо. Цогзолмааг харахын тулд гэрийнх нь гадаа очоод жижиг чулуугаар гэр рүү нь цохихоор гараад ирнэ, гараад ирэхээр нь учиргүй ичээд зугтчихна. Тэгсэн хэрнээ алсаас түүнийг хараад суучихдаг байлаа. Миний найз хүүхэд байхдаа хүүхэд, гэргий болоод гэргий, эмээ болоод эмээ байж чадсан сайхан эмэгтэйчүүдийн нэг. Түүнээс олон монгол бүсгүйчүүд үлгэр дууриайлал авдаг нь бахархмаар санагддаг. Ганц муу найзыгаа үүнээс илүү яаж магтах билээ дээ. (инээв)

-Цагаан сарын босгон дээр тантай ийн хөөрөлдөж байгаа нь сайхан байна. Ирэх жилийн Цагаан сараар эргэж уулзахын ерөөл тавья. Танд уншигчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа охин минь. Би сэтгүүлч та бүхэнтэй уулзахдаа үргэлж баяртай байдаг. Та бүхэн хүний амьдралыг бүрэн дүүрэн асуугаад олон нийтэд сайхан хүргэдэгт нь их баярладаг. Би өнгөрсөн жил Баатар, Анужин хоёрын нэвтрүүлэгт орсон. Хүмүүс үзчихээд надтай их өөр харилцдаг болсон. Би тэдний асуусан асуулт бүрт өөрийнхөөрөө хариулсан. Манай зарим хүүхдүүд аав одоо долоон булчирхайгаа тоочоод юугаа ярьдаг юм гэж л байсан юм. Хайдав гуай нь тэгж боддоггүй. Миний ээжийн амьдрах философи, Монголын ард түмний “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг цэцэн мэргэн үг Хайдав гуайг нь ингэж өндөр наслуулж байгаа юм аа.

 

Үндэсний шуудан сонин. 2016.02.05

Сэтгүүлч  В.САРАНТУЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин