• Эхлэл
  • “Үүл бид хоёр”:”Мартагдсан малгайн учир”

“Үүл бид хоёр”:”Мартагдсан малгайн учир”

2019/08/25

"Үүл бид хоёр" номын хэсгээс хүргэж байна.

 Есдүгээр бүлэг- "ХАР ШУУРГАЙ" ГЭЛТЭЙ ОН ЖИЛҮҮД     

I. Зоригийн амийг егүүтгэсэн хийгээд тэр явдлыг тойрсон эсэн бусын шуугианууд

Зоригийн амийг хөнөөсөн тэр аймшигт өдрүүдэд би Бээжин рүү өнөө рекордсынхоо тоног төхөөрөмжийг хөөцөлдөөд явчихсан байлаа. Тэр өдөр бизнесийн ажлаа амжуулаад оройхон Бээжин дэх ЭСЯ-ны дэргэдэх зочид буудлын өрөөнийхөө түлхүүрийг авахаар жижүүрийн дэргэд түр саатан зогсож байтал ЭСЯ-ны нэгэн танил ажилтан С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөснийг телевизээр дамжуулсан тухай аймшигт хэргийг дуулгалаа. Энэ мэдээг сонсоод цочирдсон би дахин лавлан "Ямар Зориг вэ" гэж асуухад "Ардчилсан холбооны Зориг" гэж хэлэхэд нь толгой руу минь сүхээр дэлсээд авах шиг л болж билээ. Тэгээд би сандран үнэн, эсэхийг асуухаар Үүл рүү холбоо барьж, наана чинь юу болоод байгаа юм бэ гэтэл, ингээд ингээд Зоригийг маань алчихлаа, алуурчид дараачийх нь намайг гэж занасан сурагтай байна, миний хань хэд хоног наанаа үлдвэл дээргүй юу, ямар ч байсан манай гэрийг хамгаалалтад авсан болохоор бидэнд санаа зовоод хэрэггүй гэснээ нарийн ширийн зүйл ч ярилгүй хоолой нь сааралтан утсаа тасалчихав. Тийм аймшигтай мэдээ сонссон юм чинь юу гэж л тэнд байгаад байхав дэз. Хамаг ажлаа хаячихаад тэр дороо л нисээд ирлээ.

Ер нь тэр хэрцгий аллага санаанд ороод ирэхээр зүрх минь зогсчих гээд дээшээ нэг юм хөөрөөд ирэх шиг болдог. Гэвч, тэр хэрэг нэгэнт л манай гэр бүлийг ширүүн догшин хар шуурга адил дайрч, олон жил сэтгэлийн хүнд дарамтанд байлгасан болохоор түүнтэй холбоотой зарим нэг зүйлийг эргэн сэргээж, дотор сэтгэлд минь хадаатай явдаг зарим нэг зүйлийг дурдахаас аргагүй юм.

Намайг Улаанбаатарт ирэхэд бүх л хүн айдас хүйдэс, гүн харамсалд автчихсан, тийм гэхийн тэмдэггүй айхтар сандралд орчихсон, хэнийг ч юм мэдэхгүй, асар их хараан зүхсэн хүмүүс л байлаа. Үүл бүр шокийн байдалтай, ёстой нөгөө зүүлэг өвчтэй хүн шиг болчихсон, шөнөдөө нойр нь хүрэхгүй, эргэж хөрвөөгөөд л байна. Хүний үгийг сонсож байгаа эсэх нь мэдэгдэхгүй амаа том гээч нь ангайгаад суучихна. Харцаараа л очоод нүхэлчих гэж байгаа юм шиг ямарваа нэг юмыг, ганцхан цэгийг ширтээд суучихна. Бодол санаа нь тэртээ алсад нисэж яваа юм шиг. Тэр үед Үүл "Нөгөөдөр" гэдэг сонинд өгсөн ярилцлагадаа “...Энэ аллагыг Ардчилсан холбоо эвслийн бүх хүнтэй холбож байгаа юм. Тэр бичиж, холбож байгааг нь харах юм бол, ерөөсөө нэг сумаар хоёр туулай буудах гэсэн улс төрийн зорилготой юм болов уу гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бидний хамтран зүтгэгчийг устгачихаад, тэгээд түүнийг бидэнд нялзаах замаар биднийг устгах гэсэн нарийн зохион байгуулалттай улс төр явж байгаа юм биш биз дээ?" гэж урьдчилан таамагласан байдаг. Чухамхүү тэр таамаглал нь сүүлдээ зөвдсөнийг хууль, хүчнийхний гараар явуулсан арга ажиллагаанууд нотолно. Харин одоохондоо энэ асуудлыг орхиод цааш өгүүлье.

Нэгэн тэрэгний арал мэт явсан нөхрийгөө тэгж харамсалтайгаар алдчихсан хүн чинь өөр яах ч билээ дээ гэж бодоод нөхрийгөө хачин ихээр өрөвдөж, түүнийг минь бас яачих бол гэхээс унтаж, идэх ч дур сонирхол алга болчихлоо. Үүлийг маань тусгай хамгаалалтад авчихсан, тэр хүн нь бидний дэргэдээс ер салахгүй, хоёулхнаа суугаад нөхрийгөө тэвэрч аваад цурхиртал уйлмаар байдаг, гэтэл хажууд гаднын хүн хараад зогсоод байдаг, их л хэцүү юм билээ дээ. Болдогсон бол өөрөө л ханийнхаа дэргэдээс салахгүй, бүр тэр Төрийн ордонд нь ч хамаагүй дагаж очоод, үүдийг нь манаад зогсож баймаар. Хэнд ч итгэхээ больчихсон байснаа нуух юм алга. Бурхан өршөөг, хэрвээ би Булганы оронд байгаад, тийм аймшигтай таарсан бол ханийнхаа төлөө ёстой нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах байсан даа гэсэн байнгын бодол зүрхийг минь хэмлээд ч байх шиг. Нээрээ шүү, эмэгчин барс шиг л үзэлцэх байсан.

Үүл, миний ээж хоёрын ярьснаас тэр оройн явдлыг нэхэн өгүүлье:

-Арван сарын хоёрны орой ээж гадаа салхинд гарч ирээд Үүлтэй хоёулаа гэртээ сууж байтал утас дуугарч, Үүл авч л дээ. Тэгтэл нийслэлийн цагдаагийн дарга Наваансүрэнгийн Ганболд нилээн халамцуу маягтай:

- Бат-Үүл ээ, битгий гадагшаа гараарай! Зоригийг алчихжээ...

- Юу яриад байна аа, ямар Зоригийг? гэтэл нь

- Шар Зоригийг

- Юун шар Зоригоо?

- Санжаасүрэнгийн 3оригоо. Би одоо ингээд танайд очлоо гээд утсаа тавьчихаж. Яахаа ч мэдэхгүй болчихоод зогсож байтaл нь Ганболд тун удалгүй орж ирж л дээ. Нээрээ халамцуу, за тэр нь ч яахав, ажлын дараа тийм юм болдог л байлгүй. Тэгээд:

- За одоо хоёулаа Зоригийн руу очно оо гэж.

-Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь:

-Тэнд намынхан чинь цугларчихаад байгаа гэж. Үүл хувцсаа өмсөөд малгайгаа өмсөх гэтэл олдоггүй гэнэ.

Тэгтэл ээж гадаа салхинд сууж байхдаа өмсөж байсан саравчтай цагаан цэнхэр өнгийн даавуун малгайгаа аваад өгчээ. Арван сарын хоёрон гэдэг чинь тэгтлээ ч хүйтэрчихээгүй цаг шүү дээ. Түүнийг нь толгой дээрээ тавиад л гараад явчихаж. Ганболд ч шууд л Зоригийн гэрт дагуулаад очсон, орсон байгаа юм.

- Энэ чинь яаж байгаа юм бэ? Хэргийн газар шууд ингээд орчихож болох юм уу? гэсэн чинь:

- Болно оо, болно ор! гэжээ.

Орох гэтэл хаалганд юм тээглэхэд нь хартал талийгаачайн цогцос байж байх юм гэнэ. Хаа сайгүй цус болчихсон байж. Ороод очтол цаана нь талийгаачийн ах нь, намын нөхөд, Ша.Батбаяр, С.Эрдэнэ гээд хэдийнээ өчнөөн хүн орчихсон харагдсан байгаа юм. Ороод жаахан сууж. Тэгтэл тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Элбэгдорж ч ирж, юу ч ярьсан юм, Засгийн газрын ордон руу ч юм уу явцгаах болж, хуралдаж яаралтай арга хэмжээний шийдвэр гаргахаар. Тэгээд гараад Элбэгдоржийн машинд суух гэж явснаа малгайгаа гэнэт санаж.

-Малгайгаа мартчихаж, ороод аваадахъя гэхэд нь, Элбэгдорж "За за дараа бол, хүмүүс хүлээгээд байна!" гээд яаруулж, тэгэхээр нь орцны үүдэнд зогсож байсан цагдаад ч хэлж. Ингээд малгайгаа сая дээр мартчихсан байна шүү гэж Ерөнхий зөвлөлийн гишүүд Элбэгдоржийн өрөөнд тэр дорхноо цуглаж, алуурчдыг яаралтай олж тогтоох арга хэмжээ авахдаа гадаад тусламж авах, хүн ардыг хэт сандралд оруулахгүй байх, улс төрийн ашиг хонжоо маягаар дэвэргэхийг хориглох гээд маш тодорхой арга хэмжээнүүдийг түргэвчлэн авах шийдвэр гаргахаар ярилцсан юм билээ. Даанч тэр арга хэмжээнүүд үр дүнгээ өгөөгүй гэж Үүл одоо ч харамсаад бардаггүй юм.

Ердөө л маргааш нөгөөдрөөс нь бий болсон нөхцөл байдлыг урвуугаар нь ашиглаж, улс төрөөр хийрхэж, МАХН, Ерөнхийлөгч Багабандийн захиалга мэтээр шуугиулж эхэлсэн байдаг. Нийгмийг мөргөлдөөнд хүргэж мэдэх нотлогдоогүй цуурхал мэдээлэлд автахгүй байхыг Үүл маань телевизээр олон түмэнд хандан уриалсан нь цагаа олж, олон түмэн харьцангуй тайвширч, Зоригийг оршуулах ёслол ч тайван болсон. Гэтэл Эрдэнэтуул гэгч эмэгтэй ардчилсан хүчний лидерүүдийг нэрлэж, (тэр хорлонт үйлийг чухам хэн цаанаас нь өдүүлснийг яаж мэдэхэв) гол нь сонин хэвлэлийг гарын зэвсгээ болгон, Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл, Баабар, Ганболд нар манай фракцийн Зоригийг алсан хэмээн мэдэгдэж бөөн шуугиан тарив.

Эрдэнэтуулын эхлүүлсэн гүтгэлэг даамжирсаар хамгийн аймшигтай нь гэвэл, ээжийн маань малгайг "хэргийн гэрч" болгож хувиргаад, манайх гэдэг айлыг хүүхэд үүхэдгүй дагжин чичрүүлж, Үүлийг маань алуурчнаар тодруулах их аян эхэлсэн юм даа. Хэрэв намайг мөрдөн байцаах газраас нэг ч атугай дуудан нөхцөл байдлын талаар мэдэх зүйл бий эсэхийг асуусан бол мэдэх бүхнээ хэлэхээр барахгүй, хорь гаруй жил ханилан суусан нөхрийнхөө хэн болохыг тэдэнд (үнэн зөвөөр ойлгуулчих хүн надаас өөр ховор биз дээ. Дулаан цагт ээжийн маань байнга өмсдөг, байшингийнхаа гадаа суухдаа ч салдаггүй, цувны материалаар оёсон цагаан цэнхэр өнгөтэй жижигхэн саравчтай тэр гайтай малгайг эд мөрийн баримт болгохыг их л хичээцгээсэн дээ. Цагдаагийнхан ээжээс сүүлд нь "Таны малгай мөн үү?" гэж асуугаад мөн гэдгийг нь мэдсэн ч гэлээ, хажуугаар нь цагдаагийнхнаас дутахгүй “мөрдөн байцаах мэргэжилтай” сонин хэвлэлийнхэн мөн ч их дэврээж, мөрдөн байцаагч нарт Булган авгайн хэлснээр тэр хоёр алуурчин нь “Оюунаа, Батаа" гэж бие биенээ дуудсан гэснээс үүдэлтэй, тийм нэр оролцсон бүх л хүмүүсийг байцаан сандаргаж, Монголыг маань нэг самарсан даа.

Хэцүү байсаан, одоо ингээд эргэн санах бүрий зүрх рүү маань хатгуулаад явчихдаг. Нэг талаас нь бодоход, хамаг юмыг нь нэгжээд л, 200 доллар, алтан зүүлт энэ тэрийг нь авсныг бодоход зүгээр нэг дээрэмчид ч юм шиг. Дээрэмчид юм бол Зоригийг хүлээхийн хэрэг юу байна! Гэтэл, нөгөө талаас нь харвал, яах аргагүй зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь илт. Авгайг нь өөр өрөөнд оруулж түгжчихээд, өөрийг нь орж ирэхийг амгалан тайван хүлээгээд сууж байдаг дээрэмчид байдаг гэж үү? Хэрвээ, тэрбээр олуулаа орж ирвэл яах байсан бэ? гэхчилэнгийн маш олон эргэлзээ таамаглал байдаг ч, Зоригийг егүүтгэсэн хүнийг тодруулдаг мөрдөн байцаагч нь би биш болохоор цагаа үрж, зүрхээ савлуулаад яахав гээд орхиё.

Гагцхүү энд зайлшгүй дурдах шаардлагатай нэг явдал байдаг. Үүлийг манай орцныхон бүгдээрээ мэднэ. Үүл ч цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг боловч түүний мөрөөр шалгасан гэж сонсогдоогүй, сонин хэвлэлээр огт гараагүй болохоор би энэ номдоо анх удаа оруулж байгаа юм. Булганы өгсөн "Дараачийнх нь Бат-Үүл шүү гэж хэлсэн шүү" гэсэн мэдүүлгийг давхар батлаж магадгүй тэр явдал манай орцныхон, ээжийн хэлдгээр иймэрхүү байдалтай төсөөлөгдөнө:

Үүлийг Ганболд хурандаа аваад гарсны дараахан манай хаалгыг тогшоод явчихжээ. Манай спанелийн үүлдрийн маш сэргэлэн нохой ч шууд л цовхчоод явчихсан гэсэн. Ээж тийм айхтар юмыг сонсоод ганцаараа үлдсэн юм чинь юу гэж тайлахав, зүрх нь хагарах шахаа биз. Үүл ч хаалгаа битгий хүнд тавьж өгөөрэй гэж, гарахдаа хэлээ л биз. Тэгтэл ч манай дээд талын айлын нохой бас л архираад, хуцаад сүйд болсон юм байна лээ. Тэднийх бүр том овчарка үүлдрийн нохойтой байсан юм. Үүнийг нам гүм байдаг манай орцныхон бүгдээрээ сонсчээ. Манай дээд айл гэдэг бол "Инээмсэглэл хамтлагийн дуучин байсан Ганболдынх л доо. Ээж хаалгаа тайлахгүй байсан чинь сүүлдээ яваад өгчих шиг болсон гэж байгаа.

Үүнийг биеэр нотлох хүмүүс бас бий. Тэр орой манай доод давхрын айл Зургаанжингийн хаалгыг цохиод Бат-Үүлийнх мөн үү! Гэж хоёр эмэгтэй хүн манайхыг сурагласныг хоёр хүүхэд нь хэлдэг юм. Дараахан нь орцны айлуудын ноход хуцалдаад ирэхээр нь цонхоор харсан чинь өнөөх хоёр хүн чинь манай орцноос гараад урд талын сүүдрэвчин дор очоод суугаад байсан гэдэг.

Нохой бол маш үнэрч амьтан, бас аягүй их зон совинтой гэдгийг монголчууд маань сайн мэднэ. Яагаад тэр ноход хот руу нь гэтсэн чонын үнэр авсан юм шиг тэгтлээ улаан галзуу хуцалдав, юуг мэдрэв, юуг үнэрлэв?

Ер нь Зоригийг Бат-Үүл л алсан гэсэн улс төрийн зохиомол ажиллагааг их өргөн хүрээгээр явуулсныг уншигчид одоо ч санаж байгаа биз. Тун удалгүй бас нэг айхтар "бор шувуу" ард түмний дээгүүр нисч эхэлсэн цуу яриа. Тэр нь юу гээч? Бат-Үүл, Булган хоёр нууц амрагийн холбоотой байжээ, тэгээд тэр аравдугаар сарын 2-нд Зоригийг ирэхээс өмнө гэрт нь амраглаж байтал Зориг гэнэт орж ирэхэд Үүл ухасхийн босож, арван найман удаа хутгаар сийчэн амийг нь бүрэлгэчихээд хувцсаа өмсөөд зугтахдаа малгайгаа мартчихсан юм байх аа гэхчилэнгийн... Хулганы хамраас цус гаргаж үзээгүй, хүүхдийнхээ бөгсөн дээр ч чангахан алгадчихаж чадахгүй хүн алуурчин юм гэнэ ээ. Хамгийн инээдтэй нь, мэдрэл муутай хүн ч ийм зүйлийг сонсоод итгэхгүй цуу ярианд тулгуурлаж цагдаагийнхан тэрний хойноос чулуу хөөж, 40 мянгатын бараг бүх хүүхнүүдээс болон Булганы арван жилийн болон Анагаахын дээд сургуулийн бүхий л найз нараас нь мэдүүлэг авах дээрээ хүрсэн юм гэнэ лээ. "Булган, Бат-Үүл хоёр холбоотой байсан уу?", "Тэр хоёр нууц амраг байсан уу” гэсэн ганцхан хэвшмэл асуултыг тавьсан юм гэсэн. "Уур хүрээд, Жинхэнэ агуу эрх хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэвэл Бат-Үүлийг л хэлэх байх. Гэр бүл нь түүний амьдралынх нь утга учир, хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг мэддэг, эхнэртээ дэндүү хайртай хүн. Үүл, Дээгий хоёр хар нялхаасаа үерхсэн, сайхан гэр бүл, бид багын найзууд, 1-р 40 мянгатын хүүхдүүд, би сайн мэднэ” гээд хэлчихээд ирлээ гэж хүртэл нэг найз хүүхэн цагдаад байцаагдаад шууд манайд ирээд хэлж байсан удаа бий.

Бас “Бат-Үүл Ерөнхий сайд болох гэж зүтгээд байж гэнэ л дээ, тэгтэл 3ориг нь садаа болоод байсан болохоор нь хутгалчихаж гэнэ ээ” гэсэн нэг цуу яриа тараачихсан байсан.

Ярих байтугай, дурсах ч юм биш... Бас Д.Энхбаатар тэр өдөр Зоригтой хамт, Эрхүү рүү ч билүү, явах гэж байснаа зориудаар орхиод явсан, тэр нь их учиртай ч гэх шиг. Баабарыг маань хүртэл тэр үед яагаад гадаадад байж таарав гээд л алийг тэр гэхэв, ер нь тэр үед цуурхлын үерт живж, айдсаар амьсгалж байв.

Улс төрийн бузар явуулга ч хэцүү байсан л даа. Харин Зоригийн ээж болон манайхтай гэр бүлээрээ ижий ахайгаас өөрцгүй үерхэн нөхөрлөдөг байсан Санжаасүрэнгийн Баярынхан биднээс огцом хөндийрсөнд нь асар их гомдож, гайхаж явдаг байлаа. Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчийн үлгэрээр дүүг нь хороосон байж мэдэх хүмүүсийн тоонд Үүл орчихсон болохоор сэтгэл санаанд нь сэв суусан л биз, тэр нүгэлт бузар явуулганд автаж, ингэтлээ бидэнд муу санаад байхдаа яахав дээ гэж бодохоос хоёр нүдний нулимс асгарчихдаг байлаа. Би ажилтай бол хүүхдүүдээ Нараа дээр аваачаад орхино, Нараа ажилтай бол манайд хүүхдүүдээ авчраад орхидог, тэд нар маань хүртэл ах дүү мэт ижилдэн дасчихсан, хоол цайгаа хүртэл хамтраад хийж идэх нь холгүй гэр бүлийн найзууд байсан юм чинь. Түүнээс хойш хичнээн жил бие биенээ танихгүй улс шиг явдаг байснаа 2008 онд Энэтхэгийн ЭСЯ-нд Баярыг томилогдох үед би тэдний гэр бүлийн урилгаар үдэлтийн цайллаганд нь очсон. Бурхан багшийн гол сургаалийн нэг болох нигүүлсэхүй сэтгэлийг бодоод, юу ч болоогүй юм шиг, яг л арван жилийн өмнөх шигээ тэврэлдэн уулзацгаасан, сэтгэл минь ч уужирсан.

1992 оноос хойш Үүл маань Зоригтой их дотно найзлах болж, гэр орноор нь хэдүүлээ орж гарч, наргиж даргиж байснаа би дээр дурдсан. Доржпалам гуай заримдаа над руу утасдаж, элдэв төрлийн "түргэн тусламж" авах ч удаа зөндөө л байсан. Талийгаачаасаа хойш ч бидэнд сайн хэвээрээ л байх шиг байсан юм. Зовлон жаргалаа ярьж уйлалдах өдөр ч бишгүй л таарсан. Тийм нэг цагаар Солонгост сууж байсан Мөнхцэцэг гэдэг найз хүүхэн маань ирээд Доржпалам эгчид бэлэг болгон авчирсан сайн чанарын коньякаа бариад намайг дагуулаад тэднийд очсон юм. Тэгэхэд л Доржпалам эгчийн надад хандах хандлага нь шал өөр болчихсоныг нь анзаарсан, Мөнхцэцэг маань ч ажсан байна лээ. Ер нь л намайг алуурчны эхнэр ороод ирпээ гэх маягийн царай гаргасан л даа. Тэднийхээс гараад даанч дээ `урьд өмнө нь өс хонзонт, тэрс үзэлтэн, улаан хамгаалагч нэг амьтан уулзсан бол ч яахав, Доржпалам эгч надад ингэж байхдаа яахав дээ" гэж бодохоос гол минь горойж, ёстой хэлэх үг олдохгүй байж билээ.

Харин 2000 оны намар Үүлийг Зоригийн аллагад гүтгэгдэн Ганц худагт хоригдчихоод байхад Доржпалам эгчийн “Өдрийн сонин"-д өгсөн нэг ярилцлагыг нь үзээд би ингэх байлгүй дээ гэж бодсон доо. "Шүүх цагдаа нар шалгах журмаараа шалгадаг л юм байгаа биз. Харин Бат-Үүлийг би тийм юм хийх хүн биш гэж ямагт боддог. Бат-Үүл бол миний хүүтэй л адилхан сайхан хүү. Хэзээ ч тийм юм хийхгүй" гэж хэлсэн нь "Өдрийн сонин"-ы 2000 оны есдүгээр сарын 27-ны №227-т гарсан нь хувийн архивт минь байж л байна.

Харин Булганы тухайд бол би арай өөр бодолтой явдгаа нуух юун. Айлын авгай миний л бодол шүү дээ. Богино ухаантай л амьтан юм чинь, буруу бодож ч байж магадгүй. Тэгсэн ч гэсэн...

Олон түмэн төдийлөн мэдэхгүй нэг зүйлийг л бас зүрхлэн бичих гээд байгаа минь энэ. Зоригийг хөдөөлүүлдэг өдөр болсон төрийн албан ёсны гашуудлын цайллагын дараа нэг найз хүүхэн маань Булган гэртээ гашууудал тайлж байгаа, очихгүй бол эвгүй байхаа гээд дагуулаад очсон юм. Яая гэхэв дээ, Үүл рүү айхтар дайрах довтолгоон эхлээгүй байсан цаг юм чинь элдэв ч юм бодсонгүй.

Орлоо. Булганы найз хүүхнүүд голдуу байна. Тэгтэл нэг нь ярьж байна аа.

-Гашуудлаа гэртээ тайлмаар байна гэхээр нь нийлээд цагдаагийнхны лацадсан хаалгыг шууд онгойлгоод бүрэн цэвэрлэгээ хийгээд ханын цаасыг нь сольж гашуудлаа тайлцгааж байгаа юм гэж. Би ч гайхасхийгээд, мөрдөн байцаах ажил дуусаагүй байхад ингэж болдог л юм байхдаа гээд өнгөрч билээ.

Тэр үеийн сонинууд “Та хэрвээ Булганы оронд байсан бол яах байсан бэ” гэсэн санал асуулга топ эмэгтэйчүүдийн дунд явуулсныг уншиж байснаа санаж байна. Тэд “Ямар ч байсан ханийгаа, үхэн үхтлээ хамгаалах байсан” гэсэн хариулт өгцгөөсөн байж билээ.

Харин Булган ... түүнийг хууль хяналтынхан яаж ч дарамталсан, ханийг минь “Ганц худагт” хориход ч, Үүл энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гээд “Иргэний зориг” гарган ганц өгүүлбэр хэлчихэж чадаагүй л юм даа. Ер нь энэ бол “Тэр алуурчидтай нүүр тулж, үг яриаг нь сонсож, аймшигт аллагын явцыг бие сэтгэлээрээ мэдэж, мэдэрч хэвтсэн” амьд гэрчтэй л хэрэг шүү дээ.

Дараачийнх нь Бат-Үүл шүү гэдэг үгнээс би одоо ч гэсэн айж явдаг.

II. 2000 оны сонгууль хийгээд Үүлийг хэлмэгдүүлэх их бэлтгэл

2000 онд Үүл Сэлэнгийн 34-р тойрогт нэр дэвшиж 40-өөдхөн саналаар ялагдсаныг хүмүүс одоо санаж байгаа байх. Сонгуульд ялагдсан биш, луйвардуулсан юм. Луйвардуулснаа батлуулах гээд бүх булхайг хөдөлшгүй баримтаар цуглуулаад Сонгуулиийн Ерөнхий Хороонд шалгуулах гэж өгөөд хариугаа хүлээн суутал Үүлийг оролцуулсан "алдарт зодоон"-ы хэрэг болж, тэрүүгээрээ шалтаглан ханийг минь 2000 оны наймдугаар сарын 10-нд "Ганц худаг"-т аваачаад хийчихсэн юм.

Тэр үйл ажиллагааг дэс дараатай, бүр эхнээс нь ярихыг хичээе.

2000 оны сонгуулийн өмнөхөн адал явдал хөөдөг зохиолч, социализмын үед НАХЯ-ны ажилтан байсан гэдгээрээ алдаршсан, "Алтан цөгцний хэрэг" гэж нэг солиотой нэвтрүүлэг хийгээд хүн ардыг төөрөгдүүлсэн Д.Дожоодорж гэгч "Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ?" гэсэн ном бичжээ. Ганц бичгийн машинтай гэж ядуугаа гайхуулж ярьдаг тэрбээр гэнэт хаанаас тийм их мөнгө олсон юм, бүү мэд, тэр номоо хэдэн мянган хувь хэвлүүлээд орон даяар үнэгүй тараасан байлаа. Дожоодорж гэдэг хүний тухай бас хэдэн үг хэлье. Хүн муу хүн байж болно. Харин Дожоодорж гэдэг энэ өвгөн Социализмын үед Дотоод яаманд зохиолчдоо матах ажлыг эрхэлдэг, адгийн муу шаар гэгддэг байсан гэдэг. С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор морь харсан, Монголын төрийг доромжилсон эрлийз хурлийз гэх зэргээр муу үгээ олж ядан сурвалжлага бичиж явсан хүн. Гэтэл Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ?" гэдэг номдоо Зориг хэмээх ганц найзтай гэх нь холгүй донгодсон байдаг. Ер нь хажуудахаа юунд ч хутгачихаж мэдэх хорон хүн учраас мэддэг хүмүүс түүнээс байнга дөлж холуур явдаг байсан гэдэг. Ардчиллынхны ач буян, нэр хүнд рүү байтутай улаан нүүр лүү нь нулимсан тэрхүү номд ардчиллынхан бүр анхнаасаа л Зоригийг үзэн ядаж байсан, Зоригийг алуулсан гол захиалагч нь Элбэгдорж, Бат-Үүл хоёр мөнөөсөө мөн гээд, сонгуулийн дараа тэр хоёр Монголоос зугтаж гадаадад дүрвэнэ гэж үзмэрдсэн байлаа.

Үүл тэгэхэд Сэлэнгэ аймгийн 34-р тойрог нэр дэвшиж, тариалангийн газрыг тариаланчдад үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудлыг анхлан тавьж тэмцлээ эхэлж байсныг ч хүмүүс сайн мэднэ. Тэр тойргоос УИХ-д гараад ирэх хамгийн өндөр магадлалтай хүн нь Үүл байлаа. Тиймээс л МАХН тэр тойрог руу бүх хүчээ хаясан юм. Мөнөөхөн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэх, хүчний харьцааг тэнцвэржүүлэх гол үүрэгтэй Улсын Ерөнхийлөгч Багабанди нь хүртэл нисдэг тэргээр Сэлэнгэ аймаг, 34-р тойргийн сумдаар тойрон нисэж байлаа.

МАХН тийшээ бүх хүчээ хаяхаас гадна, тэр тойрог гишүүнийхээ нэрийг дэвшүүлсэн улс төрийн жижиг намуудыг ч худалдан авч чадсан байсан. Нинж мэтийн ардчиллаас урвагчид ямар ч билээ, нэг жижигхэн нам байгуулчихаад манай багийнхны өмнө хойно, МАХН-ын багийнхантай уралдан ханийг минь газар дор ортол муулан гүжирдэж, Дожоодоржийн номыг гартаа атгачихаад явж байлаа. Уг нь Д.Нинж нөхрийн минь хамт "Ардчиллын анхны 13"-ын нэг Сэлэнгэ аймагт Ардчилсан Холбооны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан хүн шүү дээ. Журмын нөхөд байсан ийм хүмүүс ямар ч шатны сонгууль байсан, борооны дараах мөөг шиг олширчихсон, чухам л “саваагүй нохой саранд хуцдаг” гэдэг шиг хий хий юм яриад “хуцаж” байхыг харах өрөвдмөөр ч юм шиг байдаг. Тийм нэг ном бариад сурталчилгаа хийгээд, ардчиллынхныг муулаад яваад байна гэдгийг сонссон байлаа. Гэхдээ тэр номоо АН-ын дэмжигчдэд ердөө өгдөггүй, хамаагүй тараадаггүй гэдгийг ч бидэнд нутгийн хүмүүс, манай намынхан хэлээд байв. Биднийг тэр суманд, эсвэл аймгийн төвийн тийм газарт сурталчилгаа, уулзалт хийнэ гэсэн зар тараамагц л Содхүүгийн штабынхан биднээс түрүүлээд дор нь арга хэмжээ аваад уулзалтаа зарлачихна. Биднийг ухуулга сурталчилгаагаа хийгээд өнгөрсний дараа МАХН дахиад л өөрсдийнхөө арга хэмжээг зохион байгуулна. Өнөөх л “Зоригийг Бат-Үүл алсан” гэсэн гүтгэлгээ улиг домог болгон ярьж эхэлнэ. Тухайн үед МАХН сонгуулийн компанийг удирдалцаж байсан, Ерөнхийлөгч Багабандийн тамгын газрын дарга байсан С.Баярын барьж явсан ном одоо миний гарт байж байна. “С.Баяр танаа Танд болон танай гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөж өчүүхэн номоо өргөн барив. Д.Дожоодорж. 2000.06.26” гэсэн үгтэй энэ ном миний гарт орсон нь бас өөрийн гэсэн түүхтэй.

Биднийг Хөтөлд уулзалт хийх гээд яваад очтол МАХН-ын төв штабаас том баг ирсэн, бидний өмнө амжиж ээлжит гүтгэлгээ хийгээд соёлын төвийнх нь ард машин дотроо сууцгааж байна гэсэн мэдээ ирлээ. Сосорбарам маань тэр машиныг харчихангуутаа “Боль оо хэрэггүй” гэсээр байтал “Өө, би энэ хэдтэй нэгийгээ үзэж, нэхийгээ хуваалцана” ер нь ямар ямар хүмүүс Улаанбаатраас ирсэн юм бэ?” гээд буугаад гүйчихлээ. Тэдэнтэй маргалдаад байх юм, дуу нь нэг өндөрсөөд, нэг намсаад л байснаа мөнөөх номыг бариад буцаад ирлээ. “Май, өнөөх ном чинь” С.Баярын гараас булааж авсан гээд өвөр дээр минь шидчихэж билээ. Тэрнээс хойш манайд байж л байдаг юм.

Олон удаагийн сонгуульд ялалт авчирсан Сэлэнгэ аймгийн намын дарга Лувсандагва, Д.Цогт-Очир, С.Энхтайваны багийнхандаа болон намынхаа мянга мянган гишүүддээ ардчилал хүний эрх, эрх чөлөөнд хайртай Сэлэнгийнхэндээ манай гэр бүл үргэлж баярлаж, та нараараа бахархаж байдаг аа. Тэр хүнд хэцүү хар дарсан зүүд мэт аймшигт үед ч аав ээж хоёрын минь төрсөн нутгийнхан, улстөрч хүргэнээ зөв ойлгон тууштай дэмжиж байсанд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Тэднийхээ ачаар Үүл ялсан юм. Энэ үгийг би жолоо алдаад биччихсэнгүй, 42-хон саналаар ялагдсан байсан. Хэрвээ сонгуулийн өдөр Содхүүгийн баг Дархан Улаанбаатараас автобус автобусаар хүн зөөгөөгүй бол Орхонтуул суманд гэрэл тасарч “Тасарсан ч юм уу тасалсан ч юм уу мэдэхгүй” лааны гэрэлд саналын хуудсыг тоолоогүй бол сонгуулийн луйврыг нотолсон олон баримтыг СЕХ хуулийн хэмжээнд үнэн зөв шийдвэрлэсэн бол Үүлийн ялалтыг дув дуугүй хүлээн зөвшөөрөх байсан юм. Ямар сайндаа л Содхүү ялсанаа сонсчихоод “Баярласан хэрээ бархирав” гэгчээр газар тэврэн унаж, шороо үнсээд уйлж байхав дээ. Яагаад ч Бат-Үүлийг дийлэхээ болилоо гэдгээ сонгогчдын байгаа байдал, судалгаанаас мэдчихээд тэгтлээ бахардаж унасан юм билээ, хөөрхий минь...

УИХ-ын гишүүн байна гэдэг нь тэгтлээ, газар унаж тусан, уйлан хайлан олж авдаг албан тушаал биш л дээ. Миний нөхөр “Улс төр” гэдгийг ажил мэргэжил, эсвэл ямар нэгэн хөдөлмөр юм гэж үзвэл өөрийн төлөө бус, бусдын сайн сайхны төлөө явах ёстой хөдөлмөрийн багаж юм шүү гэж ярих дуртай. МАХН-ын нэр дэвшигчийг тасархай, илт давуугаар ялахгүй бол ямар ч нэмэргүй байдаг юм. Сонгуулийн луйврыг нотолсон хичнээн олон баримт зохих газруудад нь өгөөд бид яаж ч чадаагүй. Түүнээсээ сургамж аван 2004, 2008 оны сонгуульд цоо шинэ менежментийн арга барилаар ажиллаж ирсэн.

Өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуульд Монголын Ардчилсан намаас зохион байгуулан АНУ-ын Бүгд Найрамдах намын сонгуулийн асар их туршлага бүхий багийг урьж, сургалт зохион байгуулсны үр дүнд бид Сэлэнгийн Ардчилсан намтайгаа хамтран ялалт байгуулсан даа.

Сонгуулийн ялагдал маань үүгээр дууссангүй ээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хүчингүй болохыг л хүлээгээд байж. Болж өгвөл шоронд хатаах нь тэдний чин хүслэн байлаа. Энэ зорилгоо ч цаг алдалгүй гүйцэлдүүлж эхэлсэн юм. Энүүхэн хооронд Санжийн Баярын тухай хэдэн үг оруулъя. Баяр бол сайн боловсролтой сэхээтэн, ухаалаг залуу гэдгийг манай 40 мянгатынхан их сайн мэднэ. Үүл тэр хоёр бол бүр багын найзууд юм билээ. Нэгдүгээр 40 мянгатын довон дээр зодолдож, найзалж, наргиж л явсан хоёр гэсэн. Тэр ч бүү хэл, манай орцонд суудаг тулхтай сайхан дипломатч Оросоо гуайн охин Гэрэлтуяатай оюутан ахуйдаа гэрлэж, гурван ч охинтой болоод манай дээд давхарт нэгэн үе аж төрдөг байлаа. Түрүүнд дурдсан “Инээмсэглэл”-ийн Ганболдтой нэг айлын баз хүргэчүүл байсан юм. Загасчлах дуртай, загасанд явахаараа хоосон ч ирээд байдаггүй, олзтой, омогтой ирвэл ангийн мах гээд манайд бас хувь хүртээчихдэг, тийм нэг зан ааш сайтай, их нийтэч залуу байсаан. Гэр орноороо орж гарцгаана, архи картанд орчихсон байх үед ховрын юм, хөршийн хүргэчүүл яахавдээ гээд, ганц нэг юм хуваалцаад хүртчихдэг ч байлаа. Түүнээс хойш олон арван жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дотно дулаан харилцаатай андууд хэвээрээ л байна.

“Үүл бид хоёр” номын хэсгээс

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • 1998 оны налгар намрын орой ардчилалын алтан хараауайнууд бааранд тааралдаж эвгүй байдалд орцгоож маргаж байгаад сүүлдээ эвлэрцгээж хоорондоо алдаа оноогоо ярьж сууцгааж байтал зориг халамцуу та нар ардчилалыг буруу замаар элүүлсэн гэж хэлэхэд элбэгээ өөдөөс нь андуурч харсан уу доошоо харж сууж байсны хувьд сэтгэцийн өвчтэй яум болохоор уураа гаргахын тулд зоригыг бат үүлтэй нийлж хөнөөсөн
    2019 оны 10 сарын 17
Сонин хачин