• Эхлэл
  • III. “Ганц худаг руу Үүлийгээ алдав”

III. “Ганц худаг руу Үүлийгээ алдав”

2019/08/26

III. “Ганц худаг руу Үүлийгээ алдав”

2000 оны тэр сонгуулийн үр дүн ч ойлгомжтой боллоо. Улс төрийн эрх чөлөө хязгаарлагдах нь тэртээ тэргүй алганы хээ адил тодорхой байлаа. Үүл маань очиж очиж манайхан бүгдээрээ ингэж ялагдаад байхдаа ч яахав дээ гээд их гайхчихсан, юутай ч гэсэн жаахан амраад авъя гэсэн бодолтой болох шиг.

Найман сарын эхээр Чулуудай бид гурав Касабаланка ресторанд хоол идэх гээд сууж байтал “Малын” Энхтүвшин хүрээд ирлээ. Ялихгүй халамцуу байх юм. Үг хаяад л, шөргөөцөлдөх гээд л шалтаг хайгаад байгаа бололтой, олон долоон юм шалчигнаад л байна.

Аль 1996 оны ч юм яриад байх шиг, тэр явдлыг нь би ч саналаа. 1996 оны ялалтын дараа Малыш Америкаас гэр лүү маань залгаж “Би анхнаасаа л Ардчилсан хувьсгалыг хийлцсэн хүн. Чи намайг НАХЯ-ны сайдаар тавиад аль” гээд загнаад байсан юм. Үүл ямар үг хэлснийг мэдэхгүй ямар ч байсан зөвшөөрөөгүй л дээ. Тэр нөхөр Монголоос гарч яваад хэдэн жил болчихсон, Америкт хар бор ажил, олны нэрлэдгээр “хоккейчин” хийж байсан юм билээ. Хэд хоногийн дараа ахиад л утасдаж “Чи намйг НАХЯ-ны сайдаар чадахгүй юм бол Гадаад яамны сайдаар тавиад аль” гээд дахиад шахаад байх шиг болсон. Үүл ч өөрийгөө л хэлэх шиг боллоо л доо. Тэгээд л чимээгүй болсон хүн, хэдийдээ ч Монголдоо эргээд ирсэн юм бүү мэд.

Тийн толхилцож байтал, бидний захиалсан хоол, ус ундааг рестораны зөөгч аваад ирлээ. Гэтэл өнөөх Малыш чинь ухасхийн савтай ус шүүрч аваад ширээний ард сууж байсан хүү бид хоёрын дээрээс асгаж дээрэнгүй авирлаад дараа нь Үүлийн нүүр лүү цацчихав. Үүл барилцаад авах гэтэл хүүг маань ширээний араас босоод иртэл Малыш гараад гүйчихлээ. Хүү маань тэр үед 20-21-тэй, ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насан дээрээ явсан юм чинь ширээн дээгүүрээ бараг л харайж гараад ардаас нь гүйчихлээ. Би сандраад хүү маань хүн зодчих вий гэж бодоод мөн л араас гараад гүйтэл хүү нөгөө тийшээ явчихаж, харин Малыш хойшоо, Баянгол зочид буудлын “А” корпусын байр луу хар эрчээрээ чавхдаж байна. Би ч араас нь гүйчихлээ. Хажуугаар маань рестораны үйлчлэгч ч юм уу хамгаалагч ч юм уу нэг залуу шурдхийн гүйцэж очоод бариад авлаа. Амьд амьтан байна даа, уур ч хүрчихсэн хар эрчээрээ гүйж очоод “Чи муу яаж байгаа амьтан бэ, зүгээр сууж байгаа хүнийг” гээд нүүр лүү нь цохиод авсан чинь хамраас нь цус гарчихлаа. Шувууны сарвуу шиг миний жижигхэн гараар цохиод юу л базаахав дээ бөгж таарсан юм уу, ямар ч байсан цус гарах нь гарсан юм аа. Малыш тэгэхэд цэнхэр сорочкин цамцтай, нүдний шилтэй явсан юм. Сүйд болж янгуучлаад л нүднийхээ шилийг авч арчаад л дуугаа хадаагаад зогсож байтал Үүл ч араас хүрээд ирлээ. Өнөөх рестораны залуу Малышийг шууд л угзраад “А” корпуст байрлах цагдаагийн хэсэг рүү аваад ортол цагдаа нь байдаггүй ээ. Жаал хүлээлээ, ирдэггүй. Би ч Малышт чойжин бууж гарлаа даа. “Чам шиг юм Америкт 10 жил шал угааж байгаад ирэхэд, андгай өргөсөн журмын нөхөд чинь Монгол орноо улсын дайтай болгох гэж унтах нойр, идэх хоолоо хасан тэмцэж явна” гээд л... Сүүлдээ Үүл өнөөх хамгаалагчид хэллээ л дээ, “Яршиг, яршиг бид явлаа. Наадах чинь бидний танил юм аа, жаахан уусандаа ингэж байх шиг байна, орхи цаашаа” гэчихээд бид ч харихаар гарав. Малыш тэндээ үлдсэн юм.

Маргааш өглөө нь хаалга цохиод нэг хүн СБ дүүргийн шүүхээс 2000 оны 8-р сарын 10-ны арван цагт 209 тоот өрөөнд бэлэн бай гэсэн үгтэй зарлан дуудах хуудас оруулж өгдөг байна шүү. Үүл гайхаад “Одоо бас ямар юм нь болчихов доо. Ямар ч байсан хань нь оччихоод гялс хүрээд ирье” гээд гараад явчихлаа. Ерөнхийдөө амралтын байдалтай байсан юм чинь би ч тогоо шанагатайгаа ноцолдоод үлдлээ. Гэтэл нэг байна уу хоёр цагийн дараа утасдаж байна:

-Эд нар, ханийг нь “Ганц худагт” аваачиж хорих юм гэнэ ээ. Дулаан хувцас авчираад өгөөч гэх нь тэр. Яг тэр үед дүү Тодмөр манайд ирсэн байж таарч түүний хэлсэнээр “Эгчээ, та утсаа аваад л их муухайгаар “яасан гэнээ” гэж дуугараад, ухаан чинь гарчих шиг болсон, дээр доор гишгээд ямар ч байсан ахыг хорих гэж байгааг ойлгуулсан” гэж хэлдэг юм. Үнэхээр яг тэр муухай агшин одоо ч амтагдах шиг болдог. Үүлийгээ хоригдож байсан тэр хар өдрүүдийг яаж ч өнгөрүүлсэн юм бүү мэд. Цагаа тулахаар хүн гэдэг чинь амьдралынхаа төлөө “Болохгүйгээс нь болохыг нь хүртэл” тэмцдэг юм билээ гэдгийг мах ясандаа ортол мэдэрсэн. Тэр үед миний хажууд, сэтгэлд минь хань болж байсан зүйлийн нэг нь “Ганц худгаас” ханийн минь надад бичсэн хайрын захидлууд байлаа. Түүний минь байнга хэлдэг “Чамайгаа гэсэн сэтгэл минь хэзээ ч ханаж байдаггүй” гэдэг үгийн үнэ цэнийг ёстой л нэг мэдэрч, захидлуудаа хаана л бол хаана уншиж, уйлж дэрлэж унтдаг байв. Ханийхаа одоо ч надад хэлдэг энэ сайханд үгэнд би ямар их онгирч баярладаг гээч. Хоёр биедээ тэр үед бичсэн захидлуудаа уншихад эгээтэй л Ромео Жульетта хоёр л ингэж бичилцэж байсан байхдаа гэж ярилцаж суудаг. Хүүхдүүд маань унших их дуртай. Бас болоогүй ээ, Хулан л болсон хойно “Аав та хоёр олон захидал амьдралынхаа туршид бичихгүй яасан юм бэ? Би Черчиллийн охин шиг (“Winston and Clementine” гэдэг ээж аав хоёрынхоо дан захидлаар ном хийсэн нь алдартай болсон гэсэн) тэгж ном хийх байсан” гэнэ. Орчин цагт утас, мессеж, мэйл гээд л болно шүү дээ, бид хоёр олон удаа хол байж үзсэн биш яах вэ дээ, гэцгээж инээдэм л болж байлаа. Яаруу сандруу дулаан хувцас бэлтгэж аваад гүйгээд очтол Хотын цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар хоёрын дунд нэг машин зогсоочихсон, муу нөхрийг минь түлхээд яг машинд хийх гэж байхад нь таарч очоод өнөөх хувцасаа гарт атгууллаа. Баахан сэтгүүлчид шавчихаж. Хүү маань ганц хоёр таньдаг сэтгүүлч рүүгээ утасдах нь утасдсан, гэхдээ тэр дороо тэгтлээ олон сэтгүүлчид, телевизийнхэн түргэн жагсаал аваад ирчих юм гэж бодоогүй гэдэг. гэхдээ их баярласаан. Үүл маань Чөлөөт хэвлэлийн тухай хуулийг анх санаачилж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр, захиргааны дарамтаас гаргалцаж өгснийх нь гавьяа ч гарсан даа.

Цагдаагийнхан, хэвлэлийнхэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байв. Тэглээ ч гэсэн Бат-Үүл ч, би ч, сэтгүүлчид ч энэ бол зохион байгуулсан хэрэг боллоо гэдгийг тэр дороо л ойлгосон. Үүл Малышид гар ч хүрч чадаагүй. Би л түүнд гар хүрсэн юм. Үүлийг сэтгүүлчидтэй уулзуулахгүй, машин руугаа хүчээр чихээд байсан ч гэсэн хэлэх үгээ хэлээд амжчихсаныг нь орой бүх телевизээр харуулж билээ.

Ингээд би Үүлийг дуудсан мөрдөн байцаагч, дэд хурандаа Д.Цогтбаяр дээр нь орж учрыг асуулаа.

-Ямар учраас манай хүнийг “Ганц худаг”-т хорих болов оо, гадуур байлгаж байгаад байцааж болохгүй юм уу? Гэсэн чинь өнөөх хүн чинь цаашаа эргээд шүүгээнээсээ цус нөж болсон цамц, хагархай нүдний шил гаргаад ирлээ.

-Иргэн Энхтүвшинг Касабаланка зоогийн газарт зодож, биед нь хохирол учруулсан хэргээр барьсан гэж байна.

Тэр үед Энхтүвшингийн өмсөж явж байсан цэнхэр цамц мөн байна. Бүр их цус болгочихсон, товчнуудыг нь ханз ханз татаад хаячихсан, энгэрийг нь хүүлчихсэн, нүднийх нь шилийг мушгиад, наймын тоо шиг болгочихсон харагдлаа.

Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Цогтбаяр хэллээ. “За боль л доо, Хэрвээ Үүлд зодуулсан гэж байгаа бол тэрнийг чинь Бат-Үүл биш, би цохичихсон юм. Үүл тэрэнд чинь гараа байтугай, хуруугаа ч хүргээгүй, ингэтлээ ч цус нь гоожоогүй” гэхчлэнгээр болсон бүх явдлыг бүрэн тайлбарлалаа. “Тэр рестораныхаа үйлчлэгч нарыг дуудаад гэрчийн мэдүүлэг ав, олон хүн гэрчилнэ” гэж хэллээ. Чухамдаа Малыш нь өс санаж цагдаад гомдол гаргасан уу, аль эсвэл тийм нэг “захын муу зодоон” болсныг мэдээд цагдаагийнхан Малышийг ашиглаж, гомдол гаргуулсан уу гэдгийг би одоо ч хэлж мэдэхгүй. Гэтэл “гай гэдэг юм ганцаараа ирдэггүй” юмсанжээ. Үүлийг “Ганцад” аваачаад хийчихсэний дараа хэд хоноод Чулуудайг маань Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс дуудлаа. Бас л юу нь болохгүй болчихов гээд зүрхээ бүлхэлзүүлээд яаруу сандруу яваад очтол бас л “За танай хүүг шоронд хийнэ ээ” гэж байна. Тэгтэл элэрсэн, баларсан юм босгоод ирдэг байна шүү.

2000 оны тавдугаар сард Баабар, Батаагийнхантай нийлээд бид хэд Улаанбаатар банкны захирал Намхайгаас машиныг нь гуйж аваад бензинийг нь өөрсдөө хийгээд Амарбаясгалант хийд рүү Мөнхжингөө ч эргэх, багштай нь ч уулзахаар явцгаасан юм. Хүү маань тэгэхэд жолооны дамжаа дүүргэчихсэн байсан болохоор машин барих бөөн хорхой. Уг нь би машинаа барьж явсан юм. Хөдөө гарсан хойноо хүү маань жолоо бариад явтал гэнэт урд дугуй нь зад буудаад хэд эргэчихдэг юм байна. Суудлын бэхэлгээ тийм үед үнэнхүү амь авардаг юм билээ гэдгийг аргагүй ойлгосон. Бат-Үүлийн цээжний зөөлөн эд гэмтэж, хүүхдүүдийн тархи доргисныг эс тооцвол эсэн мэнд байна.

Харин машин бол будаа. Төв аймгийн цагдаагийн хэлтэс харьяаллын дагуу хариуцан шалгаж, хэдийгээр гэр бүлийн хүмүүс ч гэсэн хууль л юм болохоор хариуцагч, хохирогч дээрээ хүрч, нэлээд хэд хоног хоргоож байгаад гайгүй салсан. Нэгд хохирогч байхгүй, хоёрт их ч халуун өдөр байснаас болсон уу яах аргагүй урд дугуй нь зад буудсан юм чинь. Одоо ч гэсэн жийпүүдийн урд дугуй хага буудаад байдгийн нэг жишээ шүү дээ. Гэтэл тэгээд л хэрэг хаагдчихаагүй юм гэнэ. Уг нь тухайн үедээ хэргийг хаалаа гэж мэдэгдсэн юм шүү дээ.

Мөрдөн байцаагч бид хоёрт хэлж байна:

-Танай хүү хүн амины хэрэг хийхээ шахсан, улсын эд хөрөнгөнд хохирол учруулсан байна. Шоронд хийнэ дээ. Гараад хүлээж бай гэлээ. Гараад ганцхан ч өдөр биш бараг сар хүлээсэн.”Маргааш ир” гэнэ хүү минь яваад очно. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна, орой болсон хойно мөн л “Маргааш ир” гэнэ. “Шандсыг нь шалгана гэдэг тэр юм байлгүй. Байцаагч, прокурор дээр нь ороод, тэр хэрэг чинь аль хэдийн шийдэгдчихсэн хэрэг шүү дээ гэж учирлан гуйгаад, болохгүй болохоор нь сүүлдээ уйлж гуйгаад зад хэрэлдчихээд гараад ирж л байлаа.

Үүлийг “Ганц худаг”-т хийчихсний дараа хоёр гурав хоноод л би шууд хэвлэлийн бага хурал хийлгэе гэж шийдлээ. Сонгуулийн ажил дуусчихсан, манайхан сэтгэлээр унаад хаашаа ч юм явцгаачихсан, хань болох хүн олддоггүй дээ. Сэтгүүлч хэдэн найздаа хэлээд зар тараалгалаа. Тэгээд Төв шуудангийн урд талын намын байран дээр ирээд ганцаараа урвайгаад зогсож байтал Сайн хүн санаагаараа гэгчээр Галсанпунцгийн Ганхуяг ороод ирлээ. Урд нь УИХ-ын гишүүн байсан, хотын МҮАН-ын дарга тэр залуу хүнд их тусч, сайхан зантай хүн байсан даа хөөрхий минь, даанч залуудаа бурхан болчихсон. Тэгээд буурал Ганхуяг маань надад хань болоод хэвлэлийн хурал дээр суулаа. Тэрбээр намын байр суурийг ч хэллээ. Харин би болсон бүх байдлыг нарийн тодорхой ярьж, хүүгийхээ “хэрэг”-ийн талаар ч танилцуулж, улс төрийн нэн шинэ хэлмэгдүүлэлт эхэлж байгааг онцлон хэлсэн юм. Сонин, хэвлэлийнхэн пиг дүүрэн цугласан байлаа. “Улс төр амарчихаад” байсан цаг байсан болохоор сэтгүүлчид маань ч шүүрэн авч, түгшүүрийн харанга дэлдэж чадсанд нь өнөөг хүртэл их баярладаг. Хэвлэл мэдээллийнхний дундаас шуурхай, үнэн зөв мэдээллийг олон түмэнд хүргэж байсан “Өдрийн сонин”, Eagle-tv-гийн хамт олон болон Сэтгүүлч Б.Ганчимэг, Г.Уянга нартаа манай гэр бүл туйлаас талархаж явдгаа хэлье.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Оюунтунгалаг, “Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэл нарын тусламжтайгаар НҮБ, Олон улсын хүний эрхийн хороо, АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнд захидал бичиж, Монгол Улсад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа, тэр ч бүү хэл, үр хүүхдийг нь хамарч эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд тусламж хүслээ. Олон улсын хүний эрхийн “Эмнисти интернейшнл” байгууллага Монголын сонинуудад гарсан мэдээллээс иш татан “Вашингтон пост”, “Нью-Йорк таймс” сонинуудад хэвлүүлж, УИХ-ын дарга Л.Энэбишийг АНУ-д айлчлалаар очиход нь Нью-Йоркийн сэтгүүлчид “Танайхан Бат-Үүлийгээ сулалсан уу? Гэж асуусан нь хүртэл тэндхийн хэвлэлүүд дээр гарч байсныг Элбэгдорж бидэнд илгээсэн байсан.

Хэвлэлийн хурлын маргааш Ё.Өнөрбаяр гэдэг зоригтой, үнэнч шударга, яс чанар сайтай, хууль дүрмийн нэвтэрхий толь болсон өмгөөлөгчийг сонгож авлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ерөнхий прокурор М.Алтанхуяг, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нарт өргөдөл бичлээ. Ялангуяа М.Алтанхуяг прокурор ажлаа, хуулийн хүрээнд шударга, цэгцтэй явуулдаг, ямар ч хүнийг хүлээн авч уулзаж, сонсож чаддаг хүн гэдэг нь харагдсан. Нямдорж сайд ч гэсэн гайгүй л хандаж байсан. Намайг 9919-өөр эхэлдэг дугаартай утаснаас анх залгахад шууд л авч байсан. Тэгэхээр огтын танихгүй хүний утсыг ч шууд л авдаг байж таараа, хүнд сурталгүй хүн юм байна даа гэж бодож билээ. Тэгээд “Бат-Үүлийн хүүгийн урьд нь шийдчихээд хаасан автын ослыг дахин сөхөөд хэрэггүй шүү” гэсэн ярилцлага сонинд өгсөн байсан. Тэр нь ч цаагуураа дам ч гэсэн тус болсон гэж би боддог.

Харин Амарболд генералд бичсэн өргөдлийн хариуг мөнөөхөн Цогтбаяр гэдэг дэд хурандаа надад ирүүлсэн юм. Арчаагүй ч юм шиг, доромжилж ч байгаа юм шиг. Би доод тушаалынх нь хүний талаар гомдол гаргаад өргөдөл бичээд өгч байхад, харин тэр хүнээр өөрөөр нь надад хариу өгүүлж байгаа юм даа. “Хоол ундыг нь сайжруулж байгаа, хэд хоногтоо зохих зөвшөөрлийн дагуу эргэлт оруулж болно” “Таныг тусгай албанаас мөрдүүлээгүй” ч гэх шиг. Хамгийн сонирхолтой нь Малыштай “зодолдсон” гэсэн хэргийг шалгаж байгаа юм чинь энэ Цогтбаяр ажил үүргээ гүйцэтгэгч мөрдөн байцааг ч гэж бодож байлаа. Тэгтэл харин “Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсэг”-ийн ажилтан байж билээ. Тэгэхээр Малыштай “зодолдсон” гэсэн шалтгийг анхнаасаа л Зоригийн аллагад хүтгэх шалтаг болсон нь ойлгомжтой болсон юм. Хуулийнхныг дэлдэж, сүүлдэж байж арай чарай ганц удаа уулзаж, эргэлт оруулсан боллоо. Хань минь царай нь цонхийчихсон, шарангуй туяатай, нэлээн турчихсан ер нь л ямар олиг байхав дээ. Гар нь юуны ч хордлого авсан юм бүү мэд, биржийчихэж, их сууж юм бичээд ядарсан байлаа. Би ч Үүлийгээ тэвэрч аваад сэтгэлээ онгойтол уйлж, тэнд байхдаа бичиж дамжуулсан “Ардчилал ба Монгол Улсын тусгаар тогтнол” гэсэн нийтлэлийг нь “Өдрийн сонин”-ны Ж.Мягмарсүрэнд өгснөө хэлж, сониндоо гаргана гэдгийг дамжуулаа. Үүл: Миний хань сэтгэлээ сайн бариарай. Үнэн гэж байдаг бол хайрт нь ялаад л гараад очно. Үнэний төлөө ясаа цайтал зүтгэнэ. Чинийхээ захиаг байнга унших юм. Та нарыгаа ямар их санаж байна гээч, миний хайртай зургийг /анх танилцаж байхдаа л миний зургийг дугуй тэмдгэнд хийж зүүснээ хэлж байгаа юм. Одоо ч түрийвчиндээ тэр зургийг хийж явдаг/ Өнөрөөгөөр явуулаарай, харин энэ Булган ямар сонин хүн бэ. Гэрт нь орж ирсэн хүн Үүл биш гэж хэлсэн баймаар юм. Ханийг нь яах аргагүй Зоригийг аллагаар зохиомол хэрэг үүсгэж байна. Өмгөөлөгч маань ирж уулзсан. Яалт ч үгүй танхайн хэрэг гэж байснаа сэжигтэн болчихлоо гэдэг байгаа. Миний дотор харанхуйлж, хүүхдүүдийнхээ хажууд биеэ барин, нулимсаа нуухыг хичээж байлаа. Хань минь намайг тайтгаруулж, хоол цай болж байтал цаг дууссаныг харгалзагч хэллээ. Уулзалт, цаг хугацаатай болохоор ханатлаа л ярьж чадсангүй, хүүхдүүдээ дагуулаад, тэр муухай өрөөнөөс нь усан нүдлээд хөөгдөх шахам гарлаа. “Өдрийн сонин”-ын эрхлэгч Мягмарсүрэн ёстой чөлөөт хэвлэлийнхээ чадлыг үзүүлж ханийн минь хоёр ч нийтлэлийг сониндоо гаргасанд нь их баярлаж явдаг аа.

УМБГ-аас дараахан нь ирсэн өөр нэг бичигт урьдчилсан хориход 14 хоног хорьсныхоо дараа өнөөх “зодоон”-ы хэргийг нь өөрчлөөд Зоригийн аллагад холбогдуулан тогтоол үйлдээд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргачихсан байсан нь тодорхой байсан юм. Байдал хүр хүндрээд явчих шиг боллоо. Хүүтэйгээ хоёулаа нэг муу жоохон машинаараа Гачуурт болон Хундайн аманд зусаж байсан намынхаа дарга нарынхаар орж олон хүнтэй уулзан зөвшөөрүүлж, намын тэргүүн Амаржаргалын гарын үсэгтэй мэдэгдэл гаргуулсан нь овоо тус болсон. Тэр бол наймдугаар сарын 25-ны өдөр байлаа.

Баталгаа нотолгоогүйгээр хүний эрхийг зөрчиж, улс төрийн шоу хийж байгаа нь гадна дотнын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан нь ойлгомжтой. Нэг өдөр хяналтын прокурор Даарийжав гуай дуудаад надад нэг бичиг гардуулсан нь ....нотлон баримтлах тогтоогдоогүй тул хууль зөрчсөн үйлдлүүдээ таслан зогсоох...тухай ЦЕГ-ын дарга хошууч генерал Амарболдод албан тоот явуулсан бичиг байлаа. Түүнд “....-р хорооны иргэн Б.Дэлгэртуяад, удаа дараагийн өргөдлийг чинь хүлээн авч хянасны үндсэн дээр...” хэмээн цохон дурдсан байсан юм. Даарийжав гуайн өрөөнөөс бөөн баяр гүйж гарсан тэр орой нөхрийг маань ганц худгаас суллав.

Нөгөө л баривчлаад, сонин сэлгүүлийнхнээс зургаан машиндаа хүчээр чихэж аваад явсан. УМБГ-ынхаа гадаа суллагдах гэж байна гэсэн мэдээ сонсоод гүйж ирсэн сэтгүүлчид болон Ардчилсан хувьсгалын партизануудын нүдэн дээр хувцсыг нь солиод, өмсөж ирснийг нь хогийн сав руу хаях гэтэл манай Хишигбат/хики/ маань үсрэн ирж булаан аваад “Би даргын юмыг авна аа. Дурсгалтай шүү дээ, ирээдүйд музейд тавигдах ч байж магадгүй эд” гээд бөөн инээдэм болж билээ. Хэвлэл мэдээллийнхэн тэнд ч битүү, гэрийн үүдэнд ч битүү, Үүл бүгдийг нь гэртээ оруулж цай цүй болоод, бараг л гэртээ хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

IV. Дарамт хавчлага хийгээд хүмүүсийн мөс чанарын тухай хэдэн үг

Тэр хүнд өдрүүдэд зэрэгцээд хүүг минь аль хэдийн хэрэг нь хаагдсан, нөгөө машин жолоодож яваад хөмрүүлдэг хэргээр Төв аймгийн Зуунмод хотын шүүхээс ялагдагчаар байцааж эхэллээ. Би “Энэ маань нялх амьтан, хүүг минь дарамталж сүрдүүлж байгаад элдвийн үгээр ороогоод орон шоронд хийчихвий дээ” гэж их айж байлаа. Аав нь хүүгээ сонсоод ёстой “Хэлмэгдүүлэлт гэгч нь энэ болох нь дээ. Чулуудай минь яаж тэснэ дээ, эвий минь, надаас болж улстөрийн золиос болох вий дээ, хань минь бараг ухаан мэдээгээ алдаж байгаа биз ээ гэж бодохоос гол нь горойж, аав минь амьд байгаагүй нь яамайдаа гэж бодон яаж ч чадахгүй чийгтэй, харангуй шоронгийн өрөөнд самсаа нь шархирч суусан гэсэн. Үүнд ердөө өнгөрсөн оных нь арван нэгэн сард аавын эмнэлэгт хэвтэрт байхдаа бичиж байсан зүйл нь санаанд нь орсон гэдэг. Муу хадам аав минь нийтлэлээ сонинд хэвлүүлснээс хойш сар хагасын дараа бурхан болсон доо, хөөрхий.

Хүүгээ болж өгвөл хэн нэгнийг дагуулж явуулахыг хичээнэ. Би өөрөө Цогтбаярын үүдийг сахиж Үүлтэй уулзах зөвшөөрлийн бичиг авах санаатай өдрийг барна. Аргаа ядаад өнөөх олон найз нар, хамтран зүтгэгчид рүүгээ утасдана. “Өнөөдөр хүүд маань хань болоод Төв аймаг руу яваад өгөөч” гэж гуйна. За даа, тэгэхэд л ёстой хүний мөс чанар гэж ямар хөлдүү болгочихсоныг голоо ортол ойлгосон. Хоёрын хоёр хүний төлөө зүрхээ хуваагаад гүйж явахад минь наашаа гэх хүн тун ч цөөн тааралдсан даа. Харин бидний найз Р.Базар гэдэг залуу л өдөр бүхэн дагаж очдог, тэнд юу болж байгаа, Чулуудайн сэтгэл санаа ямар байгааг цаг тутам утсаар надад мэдээлнэ. Тэр залууд би үнэнхүү их баярлаж явдаг аа.

Хүү, нөхөр хоёр маань шорон, цагдаад ээрэгдчихээд байхад хүмүүсийн мөс чанар танигдсан гэдгийг би дээр цухасхан дурдаад өнгөрсөн. Харин одоо арай дэлгэрэнгүй бичье. Ерэн оноос эхлээд л манайхаар тасралтгүй орж гарч, идэж ууж, унтаж хэвтэж явсан олон найз нар, тэр ч бүү хэл, 1996 оны сонгуулийн ялалтын дараа гар дээр өргөөд явах нь холгүй байсан хүмүүс, 2000 оны сонгуулийн үр дүн гарсан цагаас эхлээд биднээс аажим аажмаар холдож эхэлсэн. Эл хууль оргиод явчихаж байгаа юм чинь. Улс төрдөө ч нэр хүндтэй, бизнестээ ч нэр хүндтэй хүмүүс манайхыг тойроод л байх боллоо. Тэр ч бүү хэл, МАХН, шүүх цагдаагийн гар хөл болсон шар сонинуудтай зэрэгцэн, нэгэн цагт бурханчилж, хэлсэн үгнээс нь гардаггүй байсан. Үүл рүүгээ дайрч давшилж, хэлсэн нь надад хайчилбараараа архивд минь байж л байна. Алуурчин талуурчсан гэж нэрлэн ярилцлага өгч байсан нь ч бий. Өнөө халуун ам, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ардчиллын үзэл санаа, хүний эрх чөлөө, шударга хууль ёс яачихаа вэ? гэж өөрөөсөө л асууна. Гэхдээ үүнийн хэн нэгэнд гомдсондоо бичиж байна гэхээсээ илүү залууст сургамж болгох гэж дурдаж байгааг минь ойлгох биз ээ.

Үүлийн эгч Байгалмаа маань манайд дандаа хань болж хононо. Сосорбарамын эхнэр Нинжээ бараг л өдөр бүхэн цугтай, наддаа жолооч болно. За тэгээд багын найз Алтаа, Чимгээ, Да.Ганболдын эхнэр Оюун маань Тунгалаг эгчтэйгээ дандаа ирнэ, утсаар ярина. Чадах чинээгээрээ тусална. Галсандулам гэдэг найз хүүхнийх маань Мөрдөн байцаах газрын хойхонтой байдаг байлаа. Би тэднийд л өөрийнхөө гэр шиг байж байгаад прокурор цагдаагийнхныг амдаж байгаад гүйцээд очно. Олон ч хоног тэдний хоолыг хороож, гэр шигээ байсан даа.

Манай орцныхон хэзээнээсээ их эвсэг айлууд байдаг. Намайг тэгж шаналж явахад эгээ л гэрт маань цай шөл бариад ороод ирэх нь холгүй. Эм тан бол мэдээжийн хэрэг, ойлгомжтой. Манай дээд давхрын хөрш Паавангийн Дамдин гуайн охин Цэнгэл тэр хүнд өдрүүдэд манайд нэг орж ирээд сууж байснаа:

-Дээгий эгч ээ, аавыг Намын Төв хороонд ажиллаж байхад манайх яг л танайх шиг бум бужигнаж, түм түчигнэсэн айл байсан ш дээ. Тэгтэл аавыг огцорсны маргаашнаас нь эхлээд хүмүүс бүр үзэгдэхээ больсон гээч. Хүмүүс их сонин юм билээ, нэр хүнд, албан тушаалаар үерхдэг гэж бодогдсон шүү. Гэхдээ хүн бүхэн тийм биш байх л даа гээд, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гээ биз дээ. Үүл ах минь зөв зүгээр инээгээд л Ганцаас гараад ирнэ гээд л сэтгэл засах сайхан ухаалаг үг хэлж байж билээ.

Нэг өдөр дуучин Сарантуяа ярьж байна аа: “Дээгий эгч ээ, Үүл ахыг хэн бэ? гэдгийг манайхан сайн мэднэ. Байдал хүндэрвэл бид туслахад бэлэн шүү. Үнэн ялаад нөхөр чинь гараад ирнэ ээ, та минь л сэтгэлийн хаттай байгаарай” гэж захив. Гэнэт, би чинь ингэхэд Монголын урлагийн сор болсон хамт олонтой хүн шүү дээ гэж Сараадаа хичнээн их баярлаж, зоригжсон гээч.

Үүлийг баривчлагдсан өдрөөс эхлээд л намайг чинь байнгын хүн дагаастай, утас чагнаатай, гар утас ч ялгаагүй, гэрийн утас ч ялгаагүй. Гудамжинд ч дагнана, гэрийн үүднээс ч салахгүй, бараг өсгий дээр гишгэчих нь холгүй, машинаар ч дагана, явган ч салахгүй. Зүгээр ч нэг дагахгүй, тагнуултай кинод гардаг шиг хар хослолтой, нүдний хар шил зүүсэн содон байрын алуус булангийн цаанаас ч юм уу, эсвэл алсаас дагана, буталцаад алга болчихно гэж байхгүй, ердөө хэдхэн алхмын ард улаан цайм дагаад л яваад байна. Хувцас хунараа ч солино гэж байхгүй. “Одоо тийшээ явж байна, ийшээ орлоо”гэхчлэнгээр зориуд чанга чанга ярилцана. Цаанаас нь тэгээрэй гэж зааварладаг юм уу, аль эсвэл манайхны байж байгаа чадвар нь тэр юм уу бүү мэд. Орцон дотор, гэрийн маань үүдэнд нэг десант ногоон хувцастай залууг зогсоочихдог боллоо. Тэр нь зүгээр ч нэг зогсохгүй, өрөрийнгөө байгаа гэдгийг мэдэгдэх гэсэнж шиг хаалга үүд маажлана, рацаараа чанга, чанга ярина. Үнэн чанартаа намайг тагнаж байгаа юм биш, ердөө л айлгаж, сүрдүүлж байгаа нь тэр. Нэг орой бүр аргаа барлаа. Бие салгалаад, сэтгэл нэг тайван биш, нөгөө хүний жүжиглэл хэтрээд байна аа. Тэгээд доод айлынхаа Зургаанжин, дээд давхрын хөрш Ганболд хоёр луу утасдлаа. Ингээд, ингээд байх юм аа, та хоёр нэг сайн айлгаад өгөөч” гэж. Нөгөө хоёр чинь жаахан байзнаж байгаад эргээд залгалаа. Бодоход, хоорондоо ярилцаж зөвлөлдсөн юм байлгүй, “За чи одоо гадагшаа гарах гэж байгаа юм шиг гараад ирж” гэж. Би ч хувцсаа өмсөөд гартал, үүдэнд зогсдог мөрдөгч мэргэжилтэн ч намайг дагаад араас хөдөлтөл нь дээд хаалга ч онгойгоод Ганболд нохойгоо хөтлөөд гараад ирлээ, доод хаалга ч онгойгоод Зургаанжин шат өгсөөд ирлээ. Манай хоёр өнөөх залуу чинь бариад авлаа шүү. “Чи ер нь юун хүн бэ?Яах гэж айлын хаалга сахиад байгаа юм бэ? Гээл сүйд болцгоов. Ноход нь ч хуцаад зүтгэлээд сүйд боллоо. Орцны айлынхан бүгдээрээ гараад, хараал зогсоцгоочихлоо. Өнөөх хоёр чинь нэгжээд үзтэл богино долгионы раци гараад ирлээ. Тэгсэн чинь гөлөлзөөц “Би үүргээ биелүүлж, ажлаа хийж байна шүү дээ” гэж хариулав. Тэглээ ч гэж алга болсонгүй, байн байн үзэгдээд л байлаа. Генерал Амарболдод гомдол бичлээ. “Гэр орныг чинь тагнуулж чангуулаагүй, орцонд чинь хүн хонуулаагүй” гэсэн хариу ирлээ. Тэр хариу ирснээс хойш л өнөөх залуу гэнэт алга болчихсон юм. Ер нь дээр дурдсан хүмүүсээс ирсэн бүх материалууд бүгд л надад одоо ч хадгалагдсаар л байгаа. Хүн ер нь дэндүү өчүүхэн юм билээ. Хажуу орцны нэг хүүхэн надаас дасгалын хэрэгсэл гуйж авсан байсан юм. Гайгүй л найзалдаг байсан мөртлөө сүүлдээ бүр зугтаагаад байх боллоо. Тэгсэн чинь”Яана аа, би Үүлийн эхнэрээс нь дасгалын хэрэгсэл гуйж авсан шүү дээ. Намайг тэднийхтэй холбогдуулчих вий дээ” гэж их л айчихсан ярьсан байгаа юм. Аль эсвэл, нээрээ л тэгж хаа хамаагүй эхнэр хүүхний хоорондын асуудлаар ч цагдаагийнхан бас хөөцөлддөг байсан юм уу, мэдэхгүй юм даа.

Нөгөө муу жаахан Сонор студийг маань бүр жижигрүүлж өгсөөн. Жавзмаа даргатай Үндэсний аудитын газар хүртэл манайд санхүүгийн шалтгалт оруулсан юм. Уг нь тэр чинь зөвхөн төрийн өмчийн газрууд, төрийн байгууллагуудын л төсөв санхүүг шалгах эрх, үүрэгтэй байх. Төрийн өмчийн хороо ч шалгаж байлаа. УМБГ-ын 5-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Арвинбуудай гэгч хүн Худалдаа хөгжлийн банкин дах Чугу компанийн дансыг хуул бусаар прокурорыг зөвшөөрөлгүйгээр шалгасан байгаа юм. Би компанийн захирлын хувьд, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин иргэдийн хувийн өмчит халдлаа гэсэн үндэслэлээр Арвинбуудай, ХХБанк хоёрыг шүүхэд өгтөл, ажлын хариуцлага алдсан гэсэн төдийхнөөр буруутгана захиргааны арга хэмжээ авлаа гэсэн хариу ирсэн. Үнэн ч юм уу, худал ч юм уу бүү мэд. Үүлийг баривчлах бүх бэлтгэлээ урдаас хангаад л яаад байсан байгаа юм. Ганцад хориод байцааж байхдаа манай бизнесийн бүх ажиллагааг Үүлээс дутахгүй мэдэж байсан юм гэсэн. Залуучуудын соёлын төвийн захирал Ганзоригоос Чугу компани ямар үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн мөнгө хэдийг төлдөг вэ гэх мэтээр шалгаан, тэр байгууллагад санхүүгийн шалгалт хийсэн байсан. Тэр үед нягтлан Болороо маань компанийнхаа ажлыг амжуулж, цагдаа нараас айгаад түрээсийн дутуугаа яаралтай төлөх гэж сандарч л явсан юм гэсэн. Уг нь түрээсээ төлж байна уу, үгүй юү цагдаад юуны хамаа байна аа. Түрээсийн гэрээ, утасны гэрээг маань хүртэл хуулбарлан авсан гэж байгаа. Яаж гэж байгаа юм бол гэж гайхах хэрэг байхгүй. Ямар ч олиг байхав дээ, ээж нарын маань биесүүд өвдөж, даралт нь ихсэхэд эмч дүү Энхмаа маань ирж үзэн, эмчилгээг хийснийхээ төлөө цагдаад дуудагдан байцаагдаж байсан л юм. Дарамт, сүрдүүлэг, сүр хүчээ үзүүлж байгаа нь тэр. Ердөө л хэдхэн жилийн өмнөх явдлыг дурдаж байгаа минь энэ шүү.

Ардчилсан хувьсгалын төлөө анхнаас нь ханьтай минь хамт зүтгэж явсан партизанууд маань Үүлйиг хөөцөлдөхөд жижигдээд байлаа. Арай томчуудынх нь үгийг төр засгийнхэн байтугай, хууль цагдаагийнхан тоохоо больсон байлаа. Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Энхболд нар маань гэр бүлээрээ АНУ-д сургуульд суралцахаар хэзээ мөдгүй явахаар бэлдэж байлаа. Явахынхаа өмнөхөн нэг өдөр Элбэгээ Үүл рүү утсаар ярьжээ. Тэгээд “Би одоо ингээд явах гэж байна, гэтэл чи минь ийм болчихоод байж байдаг. Одоо яах вэ” гэж асууж. Үүл “өө юу гэж байгаа юм, анд минь зорисноороо яваад ир. Би зүгээр ээ, үнэн цагаан нь дийлээд ирэхийн цагт гарахдаа л нэг гарна” гэж хэлсэн юм гэлээ.

Бас нэг өдөр М.Энхсайхан нар руу утасдаад хүрээд ирэхгүй юү, манай ажил дээр гэж байна. ГХЯ-ны дэргэд, одоо ХХБ-ны салбар байрладаг байшингийн 2-р давхарт бизнесийн зөвлөгөө өгдөг Премьер интернейшнл гэдэг компани байгаа гэв. Тэнд До.Ганболд, П.Цагаан хоёртой гурвуул сууж байна. Гэр орны байдал, хүүхдүүдийг маань асуулаа. Би ч хачин их баярлаж, зовлон жаргалаа ярилцаж, “Цаадахь чинь дажгүй байлгүй дээ, гараад ирэх биз ээ, харин чи л сэтгэлийн хат тэвчээртэй байгаарай. Мөнгө, төгрөгний хэрэг зөндөө л гарч байгаа биз дээ” гээд нэг сая төгрөг өглөө. “Нэг биш хэд хэдэн өмгөөлөгч аваарай гэж тусламж өгч байгаа юм шүү” гээд өглөө. Би ч яг л хэлснээр нь хийж, Өнөрөөгөөсөө гадна Чулуунцэцэг гэдэг өмгөөлөгч нэмж авлаа. 

Женко Баттулгын дүү Баттуул нэг орой, бүрий болж байхад утасдаж байна: Дээгий эгч ээ, би танай байрны хойно зогсож байна. Гараад ирэхгүй юу, ярих юм байна гэж. Гараад очсон чинь шууд л 300 мянган төгрөг аргаад өгч байна. “Уучлаарай, элдэв хүн дагаад салахгүй юм. Одоо ч хаа нэгтээгээс ажаад л зогсож байгаа биз. Тэгээд танайх руу орж чадсангүй. Иймэрхүү хөөцөлдөлгөөний наашаа цаашаа явдал суудал ихтэй ажилд мөнгө хэрэг болно шүү дээ” гээд. “Яах нь вэ, хэрэггүй хэрэггүй, эгч нь болж л байна” гэсэн чинь “За бушуухан ав ав, би явлаа. Бензин, такси гээд алхам тутамд л мөнгө хэрэгтэй ш дээ” гэж билээ. Хамгийн хөөрхөн нь юундаа вэ гэвэл, тэр авчирсан мөнгөнүүд нь хүүхдүүдийн хэлдгээр дандаа “саманкандууд”. Коника зураг угаалгын тоног төхөөрөмж дөнгөж оруулж ирээд үйлчилгээгээ эхлүүлж байсан юм. Тэгээд бодож билээ, “Хөөрхий минь дээ, орлогоо тэр чигээр нь аваад ирж дээ” гэж. “Өгье гэвэл ганцаасаа уйлъя гэвэл сохроосоо” гэдэг л тэр буй заа. Тэдэндээ одоо ч маш их баярлаж, санан дурсаж явдаг. Туулынхаа ээжтэй нь цагаан сараар л нэг очиж золгох юм даа.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин