• Эхлэл
  • Хүрэлсүх улам бүр фашист Муссолини руу ойртож байна!

Хүрэлсүх улам бүр фашист Муссолини руу ойртож байна!

2019/08/28

Э.Бат-Үүл ийн өгүүлэв.

Хүрэлсүх зарим иргэдийнхээ бизнесийг булааж авахын тулд цэрэг хөдөлгөсөн ч бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Баячуудын хөрөнгийг хурааж авахад нь нижигнэтэл алга ташиж буй олон түмэн улам бүр цар хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед мань эр олон түмний эмоциор тун чадварлаг тоглон "бүжих" аж. Хар л даа, онлайнаар дүүрэн кайф аван "дур тавигчид", айн!

"Дур тавиад" зогсохгүй, Хүрэлсүхийн уриалгаар хөдөлсөн масс, бөөн бөөнөөрөө дайран очиж уул уурхайн аж ахуйг нурааж, бизнесийг нь дээрэмдэж эхэлсэн. 

Хүрэлсүх олон түмний эмоци дээр бүжиглэхдээ үнэхээр гаргуун юм. Эхлээд 60 тэрбумын эмоци дээр гайхалтай бүжиглэсэн. Хэргээ бүтээж аваад уг асуудлыг хаясан. Өдгөө санаж байгаа ч хүн байхгүй. М.Энхболд бээр "амьд үлдээсэнд нь" түмэнтээ талархан тойргоо манахаар талийсан.

Одоо Хүрэлсэх, ая үг нь "уул уурхай" болох шинэ популист "дуу"-г чангаас чанга тавин "бүжиглэх" гэж байна. Тийн бүжиглэсээр 20 оны сонгуульд орно. Өнөө хэр нь яах учраа олохгүй байгаа Ардчилсан нам маань "нам тавиулах" эрсдэлтэй боллоо!

Италичууд, европчууд Хүрэлсүхийн ярьж хэлж байгааг хэрэв сонссон бол фашизм ярьж байгаа, фашист удирдагч юм байна гэдгийг шууд л мэдэх байлаа.

Харин манайхан фашизм, түүний удирдагч Муссолинийн тухай Зөвлөлтийн суртал ухуулгаас л сонсож байсан болохоор олигтой зүйл мэдэхгүй. Тэгээд Хүрэлсүх; цэрэгжсэн хөдөлгөөн байгуулж байгаа, цэрэгжсэн хүчээр хүмүүсийн өмч хөрөнгийг хураахаар заналхийлж байгаа, сүүлдээ үйл явцын шахаанд хөтлөгдөн цэрэгжсэн төр байгуулахдаа хүрнэ, энэ бүхнийг л фашизм гэдэг юм гэдгийг гадарлах ч үгүй байгаа.

Нэг үнэн юм бий. Монголд Хүрэлсүх яав ч фашизмын нэг салаа урсгал болох нацизмыг мандуулж, Гитлер шиг дөвчигнөж чадахгүй. Яагаад гэвэл манайд еврейчүүд байхгүй. Еврейчүүдийн оронд хятадуудыг орлуулан тавиад, "аричууд ялна" хэмээн галзуурч байсан немецүүд шиг авирлах юм бол Хятадад арчуулах бөгөөд түүнд нь НҮБ лав баяр хүргэнэ.

Өдгөө ч Хятадын их дүргүй хүргэвэл, тэд нүүрс авахаа болиод, хилээ хаан биднийг дөнгөж чадна.

Тэгэхээр Хүрэлсэхийн фашизм бол өөрийхөндөө дээрэлхсэн, дотогшоо чиглэсэн фашизм юм.Тийм болохоор түүний фашизм амжилт олно.

Энэ цагийн монголчууд бие биедээ дээрэлхэхдээ дуртай нь хачин. Хоёр хэт их гүрний дунд хавчуулагдсан жижиг үндэстэн, сачий нь хүрэхгүй тул чаддагаар нь бие биедээ уураа гаргадгаас ийм болсон байж магадгүй. 

Гадныхан, нэн ялангуяа оросууд, монголчууд бие биедээ гаргуун дээрэлхүү болохыг маш их гайхдаг. Эрдэнэтийн 49 хувь Оросынх байхад засгийн газар нь найрамдлын билэг тэмдэг энэ тэр гэж зулгуйддаг байсан атлаа үндэсний бизнесмэн нь аваад ирэхэд шууд булаагаад авчихна. Ийн монгол хүн өөр нэгэн монголынхоо нармай нээхдээ аархуу болохыг оросын улстөрчид андахгүй.

Фашизм бол итгэл алдрахуй, горьдлого тасрахуй, бүтэлгүйдэлд буруутан хайхуй, атаархахуй мэтийн хүний хортой эмоци дээр дээр тоглодог гажуудсан коммунист идеологи (үзэл суртал). Фашизм нийгмийг тэр чигт нь нэг том хоршоолол болгох зорилготой. Үүгээрээ, нийгмийг тэр чигт нэг том төрийн өмчит компани болгох гэдэг коммунизмаас ялгаатай. Коммунистууд бизнес хийх эрх, эрх чөлөөг хориглон, хувийн өмчийг хурааж авдаг бол фашистууд бизнес эрхлэгчдийг төрийн "хамжлага албат" болгодог. Коммунизм, фашизм хоёрыг "төрөл нэг" болгодог зүйл нь хоёулаа нийгмийн эрх ашиг гээчээр түрээ барин хувь хүний эрх, эрх чөлөөг устгадаг явдал. Хоёулаа яс махнаасаа эрх чөлөөт хувь хүнийг тэвчдэггүй тул дарангуйлалд шунадаг.

Монголд ардчиллын итгэл үнэмшил тун сул. Манай нийгмийн боловсролтой хэсэг хүртэл, "цэрэг хөдөлгөн" бусдын бизнесийг булаах санааг, шаардлагатай бол оролдоод үзэх боломжтой тухайгаа Хүрэлсүх мэдэгдэхэд нь ээлжит нэг попролт төдийхөн бодож, хээв нэг сууна. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөө хэмээх ардчиллын амин сүнс болох үнэт зүйл манай нийгмийн тэргүүний хэсэгт ч "шүтээн" нь болж чадаагүйг харуулж байгаа юм.

Жишээ нь, италичууд хэдийгээр популизмд автаад байгаа ч гэсэн поп лидер Маттео Сальвини мэт нь Хүрэлсэх шиг "шаавал" бөөн шуугиан болж, түүний улс төрийн карьер нь шууд дуусна. Италичууд, европчуудын хувьд хувь хүний бизнес хийх эрх, эрх чөлөө бол бурхны дараа орох шүтээн, үнэт зүйл. Түүн рүү цэргийн хүчээр халдах санаа цухуйлгасан хэнийг ч "зүйл дуусгана"!

Үнэндээ Европт түгээд байгаа популизм бол ардчиллаар хязгаарлагдсан популизм шүү! Тэнд ардчиллыг устгах зорилготой популизм байхгүй. Гэтэл Хүрэлсүх нарын популизм бол ардчиллыг устгах, фашизм тогтооход хүргэх популизм юм. Ардчиллын итгэл үнэмшил нийгмийн боловсролтой хийгээд боломжтой хэсэгт нь хүртэл тун сул, ардчилагчид нь хэнэггүй, амирлангуй байгаа болохоор Монголд фашизм тогтох боломжтой.

Яг үнэндээ өөрсдөө л мэдэхгүй байгаа болохоос манай нийгмийн сүлжээнд нүүрээ нуун тэчьядан бархирагсад хавтгайдаа фашист суртлыг түгээж байгаа. Ганцхан Хар сарнайгийн Амараа л хэрээ мэдэхгүй ил гарч, орос хүний өмнө фашист мэт томорч байгаад зодуулсан хэрэг шүү дээ.

Монголчууд орос ах нараасаа маш их айдаг учраас манай фашистуудын хас тэмдэг нь буруу харсан, урагшаа эргэсэн байдаг. Хар сарнайгийн Амарааг зоддог орос, нацист хас тэмдгээс монгол хас тэмдэг хэрхэн ялгардаг нарийн ялгааг яаж мэдэх билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх өөрөө ч фашизм ярьж байгаагаа мэдэхгүй байгаа. Эрх мэдэл хожихын тулд олон түмний эмоциор л тоглож буй хэмээн өөрийгөө бодож байгаа байх. Гэтэл, посмодерн хэллэгээр өгүүлбэл, үнэн хэрэгтээ манай нийгмийн "далд ухамсар" -ыг эзлээд байгаа фашизм хэмээх том-хүүрнэл (метанарратив, мета-хүүрнэл) Хүрэлсүхээр "үгээ хэлүүлж" байгаа хэрэг. Хэлсэн үг бүр нь түүний эрх мэдлийг арвижуулж, бүхний дээр гарах зам руу хөтлөх тул Хүрэлсүх зогсож чадахгүй л болов уу. Учир нь Хүрэлсүх эрх мэдэлд тун ихээр шунан дурлагч бололтой. Аюул даа! Метанарратив Хүрэлсүхээр үгээ хэлүүлээд зогсохгүй ажлаа хийлгэж л таарна. Мета хүүрнэл Хүрэлсүхийг Монголын Муссолини болгох вий. Ардчиллын зориг зүрх нь үхсэн Монголд, гайтай фашист мета-хүүрнэлийн зорилго хэрэгжих тун магадлалтай шүү! 

Хүрэлсүхийн популизмыг зогсоох тэнхээтэй сөрөг хүч үгүй тохиолдолд, түүнийг өөрөө л хувь хүнийхээ хувьд ямар аюул руу явж байгаагаа ухаарахад л найдахаас өөр аргагүй.

Хүрэлсүх бээр, Муссолинид "ойртох"-оосоо өмнө түүнд ямар эмгэнэлт хувь заяа тохиосныг мэдвэл зүгээр сэн. Муссолинийн улс төрийн эмгэнэлт намтар, эмоцидоо хөтлөгдсөн олон түмэн ямар жудаггүй болохыг харуулдаг. Нэн ялангуяа бусдын бизнес, баялаг булаах атгаг зорилгодоо хөтлөгдсөн, хүчирхийлэл рүү лидерээ турхирагчид бол бүр замаа алдсан жудаггүй гэдгийг тэр намтар харуулдаг юм.

1920-иод он гараад Бенито Муссолинийгийн од гийсэн байлаа. Фашист намаа байгуулаад түүний удирдагч болчихсон. Фашист нам хуучин цэрэг эрсээс бүрдсэн, тусгай дүрэмт хувцастай, хатуу дэг журамтай, цэрэгжсэн зохион байгуулалт бүхий намуудын анхдагчынхаа хувьд улс төр дэх онцгой содон үзэгдэл байсан юм.

Муссолинийг, италичуудын зонхилох хэсэг болчхоод байсан хөөрсөн эмоцилог олон түмэн нь "аврагч" хэмээн үзэж огшсон байв. Муссолини ямар нэг хотод очоод төв талбай дээр нь үг хэлэх болоход, тэр үгийг нь сонсож зогсох зайг талбай дээрээс олохын тулд хүмүүс хар үүрээр мөнөөх талбай дээр ирж байраа эзэлдэг байсан юм. Сайн дураараа оролцох арга хэмжээ юм шүү дээ! 

Фашист нам, хөдөлгөөний гишүүд, шүтэн бишрэгчдийн хувьд Муссолини "бурхан" байв. Машинтай явсан Муссолини руу гар буугаар буудан томоогүйтсэн 15 настай бяцхан хүүхдийг тэнд байсан олон түмэн шууд л амьдаар нь тасдан хаяж байсан гээд бод доо! Ингэж шүтэн солиорч байсан италичууд хожим нь Муссолинийн фашист популизмын гайг биеэр амсан туйлдахдаа яасан гэж бодож байна? Уураа түүнд гаргасан юм.

1945 онд Гитлер үхэхээс хоёр хоногийн өмнө нууц амрагтайгаа зугтаж явсан Муссолиниг италичууд барьж аваад, хоёуланг нь цуг тулам болтол нь нүдэж тамлаад буудан хороосон. Ингээд ч зогсоогүй тэр хоёрыг бусад зургаан фашистын томчуудын хамт, наймууланг нь олон түмний уухайн дор Милан хотын төв талбай дээр хөлөөр нь дүүжлэн тавьж "дурыг нь хангасан" байна. Хөлөөрөө дүүжлэгдсэн Муссолинийн шарилыг харах гэж Лорета талбайд пиг дүүрэн италичууд цугласан юм даа. Бас л талбайд зогсох зай олох гэж хүмүүс үүрээр ирцгээсэн гэдэг.

Хөөрсөн олон түмэн ийм л жудаггүй, хүчирхийлэлд дурлагсад. Эмоцилог олон түмний энэ жудаггүй авирыг хараад Франко, Сталин нарын дарангуйлагчид хирдхийж байсан гэдэг. Эмоцилог олон түмэн удирдагчдаа яаж жудаггүй ханддагийн сүүлийн тодхон жишээ бол Ливийн дарангуйлагч асан Каддафийн үхэл билээ.

Эдгээр түүхийн жишээг манай Ерөнхий сайд Хүрэлсүх мэдэж байх хэрэгтэй. Популизм, түүгээр далимдуулан явагдах тонуулаас болоод хөрөнгө оруулалт дайжин, үр дагаварт нь эдийн засаг сүйрэн дампуурахад олон түмэн уурандаа хамгийн эхлээд удирдагчаа л буруутган "дүүжилдэг" юм. Цаана чинь, цагтаа уул уурхайн бизнесийг булаан од болж явсан Мадуро өнөөдөр уурссан олон түмэндээ дүүжлүүлчихгүйн тулд айсандаа гадаадын цэргүүдийг оруулан өөрийгөө хамгаалж байгаа!

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин