• Эхлэл
  • Хойд захын хар “овоохой” буюу Саарал жагсаалт

Хойд захын хар “овоохой” буюу Саарал жагсаалт

2019/11/04

Эхэндээ иргэдийг цочирдуулж, сүүлдээ улстөрчдийн амандаа хүлхэх дуртай “бай” болоод байгаа Саарал жагсаалт хэмээх сэдэв одоо улстөржилт, сандал албан тушаалын барьцаа болж байх шиг. Яагаад манайх ийн Саарал жагсаалтад орох болсон талаар уг нь албаны эх сурвалжууд хангалттай тайлбарласан. Гэвч улстөрчид, тухайлбал энэ “гулгалт”-ын хамгийн том буруутан, хариуцагчдын нэг болох Хууль зүйн сайд нь хүртэл тэс ондоо, улстөржүүлсэн тайлбар хийгээд сууж байх болов.

Уг нь ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн 4 үзүүлэлтийг бүр энгийнээр тайлбарлавал:

Нэгдүгээрт: “Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх.” 

Тайлбар нь:Банк бус санхүүгийн байгууллага /Хадгаламж зээлийн хоршоо, ББС гэх мэт/-д тавих хяналт сул /Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг/

Хоёрдугаарт: “Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”)

Тайлбар нь-Үл хөдлөх хөрөнгийн бизнес, үнэт эдлэлийн наймааны хяналт сул, натриот, аудитор гэх мэт татвар төлөлт, гүйлгээ хяналт тодорхойгүй бүтэц их /зөвшөөрлийг ХЗДХЯ олгодог, эсвэл бүр огт зөвшөөрөлгүй, орлого тодорхойгүй байдаг/

Гуравдугаарт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

Тайлбар нь-Хууль хүчний байгуулагуудын хийж байгаа ажлуудын үр дүн харагдахгүй байгаа. /Авлига, албан тушаалтай холбоотой хэрэгт Ерөнхий сайд, Сангийн сайд аснаас эхлээд олон хүнийг баривчилж, хорьсон боловч ямар ч шийдвэр гараагүй-Энэ их энгийн тайлбар мэт боловч дэлхий хавтгайрсан өнөөгийн нөхцөлд Монголын талаархи бүх мэдээлэл дэлгээтэй байгааг та бид мэднэ/

Дөрөвдүгээрт: “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...”

Тайлбар нь- Олон улсын хувьд эдийн засгийн хоригт ороод байгаа, цөмийн зэвсэг бүхий Хойд Солонгостой хийж буй харилцаагаа зогсоох /Өмнө нь манайд 2000 ажилтан ажиллаж байгаагаас одоо 200 үлдсэн. Эдгээр ажилчдын цалингийн тодорхой хэсгийг Засгийн газар нь авдаг учраас, Засгийн газрын төвшний санхүүгийн харилцаатай гэж үзэхээр байгаа/.

Ингээд харахаар Саарал жагсаалтад орсон нь зөвхөн Монголбанкнаас шалтгаалах зүйл биш гэдэг нь харагдаж байгаа биз. Гэтэл өдгөө асуудлыг сайн мэдэж байх, бүр ихээхэн хариуцлага нь ногдох ёстой Хууль, зүйн сайдаасаа эхлээд асуудлыг улстөржүүлж, одоо төв банкны Ерөнхийлөгчийнхөө толгойгоор туг тахиад өнгөрөөх арга сэдэж байх шиг. Уг нь бол ФАТХ-ын зөвлөмжийн асуудлаар Хууль зүйн яам холбогдох албад нь оролцсон ажлын хэсэг байгуулж ажилласан.  ФАТХ-ын гол шаардлагад хууль, хяналтыг сайжруулах руу чиглэсэн, угаасаа ийм чиглэлтэй, ФАТФ-ыг анх их 7 улсын хууль зүйн сайд нар байгуулсан гээд асуудлын гол нь хойд хар овоохой бус Хууль зүй, дотоод хэргийн яам руу чиглэгдэх учиртайг ойлгож ядах зүйлгүй. Дээрээс нь 2021 оны 5-р сард дээрх үзүүлэлтийг сайжруулах хяналтын хугацааг бидэнд өгөөд байгаа. Гэтэл энэ ажлуудаа хийхийн оронд Монголбанкныхаа Ерөнхийлөгчөөр туг тахиснаар харин ч хийх ёстой ажлаа гацааж, ФАТХ болон олон улсын санхүүгийн байгууллагынханд ч дахин эргэлзээ төрүүлэхээр байдалд орохоор байна.

Нөгөө жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг Саарал жагсаалтаас гарах гээд харьцангуй ойлголцлын хэмжээнд ажиллаж байгаа одоогийн Ерөнхийлөгчийг сольсноор Монгол Улс нөгөө л улстөрийн хувьд тогтворгүй, үйл ажиллагаа нь доголдолтой гэсэн эргэлзээг улам л нэмэх, цаашилбал ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоох магадлалтай.  Тэгэхээр Саарал жагсаалтаас илүүтэй манай улстөрчдийн өнөөгийн байдал, ялангуяа “нүх” олдсон дээр нь түлхэж унагаад “өөрийнхөө” хүнийг оронд нь томилох гэж улайрч байгаа нь илүү хар ангал руу, түлхэх вий, биднийг...

ЖИЧ:Монголчууд гадны улс орон руу явахдаа их хэмжээний валют бэлнээр авч явдаг, түүнийгээ гаалийн мэдүүлэгт мэдүүлдэггүй, монгол зангаараа л халааслаад явж байдаг. Тиймээс гааль дээр мөнгөө хураалгах тохиолдол их гардаг, гадны улсуудын хувьд ч монголчууд эх сурвалж тодорхойгүй, мэдүүлэгтээ бөглөөгүй валют авч явдаг гэсэн дохио санамж хэдийнэ бий болсон. Та бэлэн валютаа заавал гаалийн мэдүүлэгт бөглөж байгаарай гэж албаныхан зөвлөж байгаа.

Гадаадад монголчууд картаа ашиглаж чадахгүй болно гэсэн айдастай мэдээлэл гарсан тухайд, одоогоор тийм зүйл үгүй. Харин дохио санамж нэлээд эртнээс ирсэн бөгөөд жишээлбэл Стандард Чартеред Банк Монгол Улсын банкуудын гүйлгээг дамжуулахад хэт өндөр зардалтай боллоо гэсэн үндэслэлээр 2018 оны зургадугаар сард харилцаагаа тасалсан. Тиймээс одоо АНУ-руу шилжүүлж байгаа мөнгөн гуйвуулгуудыг Хятад эсвэл бусад улсын банкуудаар дамжуулснаар, давхар шимтгэл төлж, хугацааны хувьд саатаж байгаа гэдгийг анхаараарай. Гэхдээ байдал ийм хэвээр монголчууд өөрсдөө улстөржиж, сандал ширээний хэрүүлдээ хутгалдсаар байвал өөр банкууд ч харилцаагаа хүйтрүүлж магадгүйг сануулах юун.

А.Туяа

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин