• Эхлэл
  • Р.Батбаяр: Шадар сайд Ө.Энхтүвшин “Миний нэрийг дурсах юм бол хоолтой чинь ярина шүү” гэсэн

Р.Батбаяр: Шадар сайд Ө.Энхтүвшин “Миний нэрийг дурсах юм бол хоолтой чинь ярина шүү” гэсэн

2019/11/18

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд “Өгөөмөр” захын ард дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны хороололд 10 мянган оршин суугч амьдардаг. Гэтэл “Өгөөмөр” захын хууль бус, буруутай үйлдлээс болж ойр орчмын хотхоны иргэд гэртээ орж чадахгүй, түргэн тусламж, галын машин гээд авран хамгаалах бүхий л хэрэгсэл орж чадахааргүй болтол орц, гарцаа хаалгажээ. Өөрөөр хэлбэл нийтийг хамарсан гал түймэр гарвал 800 гаруй хүн амьдаараа шатах эрсдэл үүсээд байгааг сануулсаар байтал төр, засаг өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсаагүй хэвээр байна.

Шадар сайд Ө.Энхтүвшиний эхнэрийн эзэмшлийн “Өгөөмөр” зах газар эзэмших эрхийн хугацаагаа дууссаны дараа эрх сунгуулахдаа хотхон руу ордог байсан нийтийн эзэмшлийн зам, талбайн газрыг хамруулж, талбайн хэмжээгээ сунган авчээ. 2015 онд Нийслэлээс авто замын хөдөлгөөнийг бууруулахын тулд “Өгөөмөр” захын ард 0,4 км авто зам барихаар төсөвлөсөн байна. Улмаар “Өгөөмөр” захын урд талын замыг “Өгөөмөр” захын хажуугаар гаргаж, Нарны замтай, хойд талын замыг Цагаанхуарангийн замтай холбож өгнө хэмээн хотхоны хашааг буулгаж байж. Гэтэл төд удалгүй “Өгөөмөр” захаас уг газрыг битүүмжилж, төлбөртэй зогсоол болгосон байна. Өдгөө “Нарантуул” захын ард барьсан авто зам нь дуусаагүйн дээр галын болон түргэн тусламж орж чадахгүй “мухар гудам” болжээ.

Үүний улмаас иргэд гэртээ орох боломжгүй болж Нарантуул захаар тойрч орохоос өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл хоёр алхамын газрыг хоёр км тойрч, хичээл, сургуульд хүүхэд зөөх болон орой гэртээ ирэх замдаа дунджаар 2-3 цаг түгжирдэг гэдгийг оршин суугчид мэдээлж байна.

Энэ асуудлаар бид иргэдийн хүсэлтээр сурвалжилга бэлтгэхээр зорин очсон юм. Баянзүрх дүүргийн 14-р хорооны 51-р байрны СӨХ-ийн дарга Р.Батбаяраас тодруулга авлаа.

 

-ӨГӨӨМӨР НЭЭГДЭЭД Л МАНАЙ БАЙР ЗАСВАРЫН ГАЗАР БОЛСОН-

 -Сайн байна уу. Танай орон сууцны хорооллын иргэд орц гарц хаасан асуудлаар олон жил бухимдалтай хандсаар олон жилийн нүүрийг үзжээ. Хэзээнээс “Өгөөмөр” зах танай байрын гарцыг хаасан юм бэ?

-Сайн байна уу. Энэ “Өгөөмөр” зах нээгдээд л манай байр машин засварын газар шиг болсон. Сарын өмнөөс манай байр руу ордог орц, гарцыг бүүр хаасан. Дундаа нэг удаа онгойлгосон байдаг. 2007 онд Өгөөмөр зах болон манай байр ашиглалтанд орж байсан. Тэрнээс хойш 12 жил манай гадна талбай “Өгөөмөр” захаар үйлчлүүлж буй иргэдийн зогсоол болон засварын талбай болсон.

Яадаг вэ? гэвэл худалдагч, засварчид манай зогсоол дээр машинаа байршуулдаг. Харин манай оршин суугчид өөрсдөө орж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Гарах гээд гарч чаддаггүй.

Дээр нь манай байрны зам хойш гараад Нарантуул захын хойд замтай холбогддог. Энэ замаар шөнийн цагаар наймаачдын 20-40 тоннын том оврын машинууд бүгд манай байрны талбайгаар явдаг. Шөнийн цагаар барилгын материал зөөсөөр байгаад зам эвдэрсэн.

Энэ зам дээр хүүхэд, хөгшид машинд шүргүүлж, осол болж байна. Мөн манай оршин суугчдын автомашины эд анги болон дугуйг байнга хулгайлдаг. Тэр ч бүү хэл манай байрны оршин суугчдын  гурван машин хулгайд алдагдаж байсан.

-АВТОМАШИНЫ ХУУЧИН АКУМЛЯТОРЫН ХОРОНД НЭГ ХҮН НАС БАРСАН-

-Энэ асуудлаар холбогдох газруудад хандаад арга хэмжээ авахгүй байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан шүү дээ?

-Тэгсэн. Манай байрны оршин суугчид байнгын бухимдалтай амьдарч байна. Энэ асуудлаар бүх шатны газруудад хандаж байсан. УИХ-ын гишүүн Саранчимэгийг хүртэл авчирч нөхцөл байдлыг нь харуулж, хэлж байсан. Тэд нар үнэхээр арга хэмжээ авахгүй байсаар байна. Одоо яаж байна гэхээр айлууд нь баруун талын цонхоо онгойлгохоор “Өгөөмөр” зах хуучин мотор зардаг болохоор тосны үнэр их хурц үнэртдэг. Зүүн талын цонхоо онгойлгохоор засварчид засвар үйлчилгээ хийхдээ асгасан тос масол нь үнэртээд их хэцүү. Оршин суугчид цонхоо онгойлгох ямар ч боломжгүй байдаг. Дээр нь “Өгөөмөр” зах манай байрны нэг давхартай залгаад шууд хашаа барьсан учраас нэг давхарт амьдардаг байсан хөгшин настай хүн хордлогын шинжтэйгээр нас барсан. Хуучин акумлятор зардаг нь маш их хор хөнөөлтэй.

-Танай оршин суугчид “Өгөөмөр” захыг Шадар сайд Ө.Энхтүвшиний эхнэрийн эзэмшлийнх гэсэн мэдээллийг өгч байна. Энэ талаар?

-Тэр бол үнэн. Шадар сайд Ө.Энхтүвшиний эхнэр захынхаа зөвшөөрлийг сунгахдаа манай Баянзүрх дүүргийн 14-р хорооны 51-р байрны үзүүр хүртэл сунгасан. Манай байртай залгаад шууд хашаа барьсан. Тэр талбай дээрээ төлбөртэй зогсоол нээгээд түүндээ засвар үйлчилгээ үзүүлж хуучин мотор акумлятор зардаг. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байхдаа манай байрны замыг нээлгээд хойш зам гаргаж байсан. Тэгсэн нөгөө зам барьна гэсэн газрууд дээр нь хүмүүст өмчлөх хэлбэрээр өгчихсөн. Нөгөө хэд нь бидний орох гарах гарцыг нь хааж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Миний нэрийг нэг л удаа хэлэх юм бол та нарын хоолтой чинь ярьна шүү” гэж хэлсэн байна билээ. Энэ мэдээллийг их ойрын хүн нь надад хэлсэн.

-51-р байранд хэдэн оршин суугч байна вэ?

-Манай байранд 124 айлын 800 гаруй ршин суугчид амьдарч байна. Энэ хүмүүс “Өгөөмөр” захын засварын хортой нөхцөлд олон жил амьдарлаа. Бид нарт эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар ч нөхцөл алга байна. Та нар харж байна. Энэ зам тэр чигтээ эвдэрчихсэн. Манай байрыг тойроод бүгд хашаа татаад зогсоол барьчихсан байна.

Манай байрны урдуур энэ эвдэрсэн замын доогуур дулааны таван шугам явж байна. Доош хонхойгоод орчихсон шугам хэзээ мөдгүй задрахад бэлэн байна. Энэ шугам эвдрэх юм бол энэ бүх айлууд халаалтгүй болно. Энэ асуудлыг бид маш олон жил маш олон албан тушаалтанд дуулгаж, албан бичиг өгсөн. Гэтэл одоо хүртэл хэнээс нь ч хариу өгөөгүй байсаар байна. Шадар сайд дээрээс тушаал өгөөд дарамтлаад байдаг гэж нэг албаны хүн надад хэлж байсан. Шадар сайд ингэж олон хүний эрх ашгаар ашиг хонжоо олж болохгүй шүү дээ.

Биднийг сурвалжилга бэлтгэж байх үед оршин суугчид өгөөмөр захыг хашаагаа татаж бидний орох гарах гарцыг чөлөөлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлж байв.

Энэ байрны гадны зундаа машины тос яг гол шиг урсдаг учраас их бохир заваан байдаг гэх. Мөн хүүхэд ихээр хордож байгаа тухайгаа хэлж байсан билээ. Гэвч Ө.Энхтүвшин сайд өөрийн хариуцдаг мэргэжлийн хяналтын газрынхаа амыг хааж, “Өгөөмөр” зах дээр өнөөдрийг хүртэл амаа хамхихыг тушаасан бололтой.

Шадар сайд Ө.Энхтүвшин гэдэг хүний хувийн бизнес, эрх ашгийг төр хамгаалаад иргэдээ золиосолж байгаад харамсаж байгаагаа оршин суугчид илэрхийлсээр.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Т хэлэхдээ “Бидний зүгээс холбогдох албан байгууллагуудад удаа дараа өргөдөл, гомдол шаардлагаа хүргүүлдэг боловч Шадар Сайд Ө.Энхтүвшин үүрэгдэж зогсоодог гэж хүртэл хариу хэлж байсан. Өнгөрсөн наймдугаар сард манай ээж харвалт өгсөн. Бид түргэн тусламж дуудсан боловч түргэний машин манай байр руу орж чадаагүй. Би аргаа барахдаа дүү, эхнэртэйгээ нийлж ээжийгээ үүрч түргэний машин руу оруулсан. Жоохон л хугацаа алдсан бол эж маань хорвоог орхих байлаа. Энэ хавийн Ахмадын хороололд ихэвчлэн ахмад настан, хөгшчүүл ихээр амьдардаг. Гэвч яаралтай үед галын машин орох зай, орц гарц энд үлдээгээгүй “Өгөөмөр” зах өөрсдийн эзэмшилдээ авч, бүх боломжит замыг хаасан. Бид ийм байдалтай 12 гаруй жил боллоо. Үе үеийн төр, Засгийн газар нь Ө.Энхтүвшин гэдэг хүний бизнесийг хамгаалахаас биш иргэдээ огтхон ч боддоггүй гэдгийг харж болно” гэлээ.

Тус байрны оршин суугчид нэгдэж өнгөрсөн есдүгээр сард хэвлэлийн бага хурлыг зарлаж байсан бол энэ удаад Онцгой байдлын Ерөнхий газрын гадаа жагсахаар болжээ. Оршин суугчид ард иргэдийнхээ аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Шадар сайд Ө.Энхтүвшинг огцрохыг шаардах болно гэдгээ ч тэд мөн хэлж байв.

ЭХ СУРВАЛЖ:http://zuvnews.com/


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин