• Эхлэл
  • Эх орондоо цагаач шиг амьдарч байгаа монголчууд бид

Эх орондоо цагаач шиг амьдарч байгаа монголчууд бид

2019/12/06

Эх орон гэх эрхэм ойлголт монгол хүн бүрт байдаг. Биднийг багад “Эх орон хаанаас эхэлдэг вэ?” гээд эссе бичүүлдэг байж билээ. Тэр үедээ “Эх орон гэж юуг хэлдэг юм бол оо?” гэж өчнөөн бодоод эх орон аав ээжээс эхэлдэг гэж эссе бичдэг байснаа санаж байна. Дараа нь иргэний хэмээх нийгмийн эс ширхэг гэдгээ ойлгох болсон цагтаа “Эх орон надаас эхэлдэг” нүүр бардам хэлэх болсон юм. Энэ эх орны эзэн нь би юм байна гэдгээ эргэх цаг хугацаа элэх тусам тодоос тод мэдэрч явна. Элэг зүрхэндээ эх оронтой хүн гэдгээ эрхбиш мэдэрсэн монгол хүн бүхэн бас л ингэж мэдэрдэг гэдэгт эргэлзэхгүй байна.
 Гэхдээ өдгөө өглөө сэрээд сошиал медиа руу өнгийж эх оронд маань өнөөдөр ямар үйл явдал, сонин сайхан зүйлс болох нь вэ, урьд шөнө ямар нэгэн таагүй хэрэг явдал болоогүй байгаа гэхэд л өөдөөс хар бараан мэдээ угтах нь элбэг. Угаарын хийнд хордож арваад хүн нас баржээ, дөрвөн хүн авто ослоор өөд болов, Дарханы зам там болжээ, нялх хүүхдүүд эндсээр байна, төрөх эмнэлэгт эх үр хоёр эндэв, Монгол Улс хорт хавдраараа дэлхийд тэргүүлсээр байна, Цэцийн дарга Одбаяр гэгч онгоцны үйлчлэгчийн өгзөг илж, олон улсад шившгээ дэлгэснээс олон монголчууд Солонгост нүүрээ хийх газаргүй боллоо...гээд л цааш хөвөрнө.
Ийм мэдээ мэдээлэл хүссэн ч, эс хүссэн ч тархи толгойны зайг эзэлж байхад үр хүүхдээ үлдээх энэ улсын төлөө сэтгэл эмзэглэхгүй байж чадах уу? Эрхбиш Монгол хүн байна даа эмзэглэдэггүй юм аа гэхэд сэтгэл санаа зовних нь мэдээж. Ихэнх хүмүүс “Хэвлэл мэдээлэл хамаг муу муухайг хамж цацдаг. Сошиал медиа бол бөөн хар энерги түүнээс л хол явах минь, би чинь ариун гэгээн, эерэг хүн” гэх мэтээр ханддаг. Тэгээд чихээ бөглөөд, нүдээ аниад яв л даа. Таны л эрх. 

 Үзэн ядаад, хүлээж авахгүй гээд байгаа тэр мэдээллүүдээс зугтлаа гэж бодъё. Эхний эмнэлгийн хаалгаар ороод, анхныхаа албан газрын хүнд хаалгыг татаад л эсвэл өглөө машинаа унаж зам дээр гарахдаа бөөн галзуу солиотой, дүрэмгүй хүмүүстэй бодитоороо таарна. Буруушааж зүхээд энэ бүхэн чинь таны амьдарч буй эх орны чинь энэ цаг үеийн үнэн нүүр царай. Энэ үнэн төрх хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн сүлжээнд үнэнээрээ тусч байгаа болохоос биш сэтгүүлчид гээд сүрэг хүн гарч ирээд монголчуудын оюун тархийг хордуулах гээд муу муухайг зохиож цацаад байгаа юм биш. Энэ бүхнийг харж бачимдахдаа өөрөө ороод нийлээд шүүмжилж эхэлдэг биз дээ? Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр манай эх оронд зарим нэг зүйлс болохгүй байгааг та бид маш сайн мэдэж, мэдэрч байна. Болж бүтэхгүй байгаагаа харахгүй, сонсохгүй байя гэсэн ч бидний өдөр тутмын амьдралд цаашлаад үр хүүхдийн чинь ирээдүйд нөлөөлөөд байна. Үүнийг баталж нотлоход олон тоо баримт судалгаа хэрэггүй. Тэртэй тэргүй олон улсын тавцанд “Саарал жагсаалт” гэдэг зүйлээр “Монголчуудаа та нар нэг л болохгүй, буруу амьдраад байна” гээд хэлээд өгчихсөн. 

 Гудамжинд гараад захын хүнээс “Та эх орондоо хүссэнээрээ жаргалтай амьдарч чадаж байна уу?” гээд асуугаад үзээрэй. Бүгд л нэг л биш байна аа гэж хариулна. Энэ асуултыг үүнийг уншигч та өөрөөсөө бас асуугаарай. Та эх орондоо, эх оронтой хүн шиг амьдарч чадаж байна уу? 

 Монголчуудын олонх нь хэрхэн амьдарч байна вэ? Байрны лизингээ төлөхийн тулд банкны хүүнд 20-30 жилээр дарлуулна, үлдсэн цалингаа амьдралдаа хүргэхийн тулд приустэй нь орой шөнөөр таксинд явж нойроо хугаслана. Ер нь амьдаръя гэсэн зорилготой хүмүүс “хямдхан биеэ үнэлэхэд” хэзээд бэлэн явдаг нь нууц биш. Биеэ үнэлэх гэхээр буруугаар бүү ойлгоорой. Гэр бүлдээ цаг гаргах биш гэр бүлдээ орлого нэмэхийн тулд чаддагаас авхуулаад чадахгүйгээ хүртэл бүх “халтуурны ажил”-ыг авахад бэлэн байдаг гэсэн үг. Ялангуяа оюуны салбарт ийм л байдаг. Мундаг зохиолчид “хямдхан” ном захиалгаар бичиж, мундаг жүжигчид нь хөгийн кинонд тоглож, мундаг тоочид нь худлаа тайлан гаргаж гэх мэтээр амьдарцгааж байгаа нь нууц биш. Энэ бол жишээ. Хүн бүхэн мэддэг, хэн ч гэхдээ ярихыг хүсдэггүй. Энэ бүхнийгээ гол нь байх ёстой мэтээр хүлээн аваад сурчихсан. Эх оронтой хүн яаж амьдрах ёстой юм бэ? 

 Үнэнч шударга, амьдралын төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс маань ийм л “хэн бүхний мэдэх том орны хэнд ч хэрэггүй цагаач” шиг амьдарч байна. Өнөөдөр монголчуудын олонх нь 70-80 хувь нь ийнхүү цагаач шиг амьдарч байна. Ажил олдвол голохгүй хямдхан халтуурчид болж, орох оронтой байхын эрхэнд банкны хүүнд дарлуулж байгаа нь нууц биш. Үр хүүхдээ хүссэн сургууль, цэцэрлэгт нь сургаж чадаж байна уу, дуртай ажлаа хийгээд хүрэлцэхүйц цалингаа авч байна уу, ажлын орлогоороо аялал зугаалгаар явж байна уу? 

 Төлсөн татвараараа сэтгэл хангалуун эрүүл мэнд бусад үйлчилгээгээ асуудалгүй авч чадаж байна уу? Хувийн эмнэлэгт хүч хүрэхгүйн эрхэнд амьдрах гэж зүтгэж явсаар өвчин архагшсан хойно арайхийн нэг эмнэлгийн ортой золгоно. Хань ижлээ амаржуулах гэж аль танил хамаатан саднаа дуудаж, хахуулийн мөнгө цуглуулна. Сошиал медиагаар дүүрэн хүнд өвчиндөө шаналсан хүмүүс хандив гуйсан мэдээлэл цацдаг нь манай нийгмийн өнөөгийн үнэн нүүр царай шүү дээ. Хэрэг болдоггүй даатгал, сэргийлж дийлдэггүй өвчинд олон хүн сөхөрсөөр байна. Өвдөж зовохыг хүсдэг хүн гэж энэ дэлхийд ховор байх. Хорт хавдар тусахыг хүн хүсч мөрөөдөх үү? Яагаад ийм байна вэ? 

 Бидний цагаачийн амьдралаар амьдардаг орчин нөхцөл, хоол хүнс үүний шалтгаан нь. Жаран таван сая малтай гурван сая монголчууд хугацаа нь дууссан вакцин агуулсан малын мах идэж, гурилтай цагаан идээ ихэнхдээ зооглодог. Монгол хүний үндсэн хүнс нь мах, сүү хоёр. Дээр нь гурил нэмэгдэх юм даа. Бусад хүнс хоолны тухай бол яриад ч нэмэргүй гэдгийг та бид мэдэж байгаа.
Песцитидтэй хүнсний ногоо, вакцин шахуулсан малын мах, мутацийн өөрчлөлтөд орсон тахиа, гахайны мах, жил өнжсөн хятад будаа, хачигтай жимс гэх зэргээс л монгол хүний хүнсний хэрэглээ бүрдэж байна. Улаан буудайн гурил бусдаас арай дээр эх орныхоо хөрсөнд ургадаг байх. Замаар явлаа бөглөрөл, бухимдал, явган алхвал хальтиргаа гулгаа. Захын жишээ нь ийм байхад хэн эрүүл байж чадах юм бэ?
Муу цалин авч, муу хоол хүнс идэж, тааруухан нөхцөлд амьдарч үр хүүхдэд нь хэдхэн төгрөгийн тэтгэлэг олдож (20.000), дөнгөн данган намдаагаад орхих эрүүл мэндийн үйлчилгээг хэл амтай, очер дугаартай олж хүртэж байгаа нь эх оронтой хүний амьдрал мөн үү? 

 Эх орондоо ингэж амьдрахаар бол хүний газар ингэж амьдарч хэн ч чадна. Хамгийн эмгэнэлтэй нь тэр хүний газар нь биднийхээс дээр айдас хүйдэс, бухимдал гомдол бага учраас захын монгол гадагшаа гарч амьдрахыг, эх орноо орхихыг хүсч байна. 

 Тааралдсан уулзсан амьдрал ярьсан гурван хүн тутмын хоёр нь “Яаж ийгээд гадагшаа л явмаар байна....” гэж хэлэхийг сонсч болно. Эх орондоо үлдэх гээд байгаа хүний үлдэх шалтгаан нь амьдрал нь аз жаргалаар халгиж цалгиад байгаа даа ч биш аргагүй шалтгаануудтай. 

 “Хоёулаа муу амьдрах юм бол ганцаараа ч түүнийг чинь чадна. Тэгэхээр чи надад ямар хэрэгтэй юм бэ” гэж нэг алдартай бас шартай эмэгтэйн хэлсэн үг байдаг юм. Түүн шиг эх нутагтаа ингэж амьдрах юм бол эх орондоо байгаад яах юм бэ гээд хамгийн сортоотой монголчууд маань гадагшаа урсч байна. 

 Ямар их гутранги юм бичдэг юм бэ гэж буруутгах гэж байна уу? Тиймээ, та бид гутармаар нийгэмд амьдарч байна. Өөрөөсөө нуугаад гэрэл гэгээтэй, эерэг өөдрөг хүн болох гэсэн ч өдөр тутам замын чинь тээг, сэтгэлийн чинь буг болоод байгаа бүхнийг чинь хэллээ. Гэрэл гэгээтэй юм байлгүй л яах вэ. Гэвч тэр маань бидний амьдралыг бүр мөсөн сайн тийш нь өөрчлөхөөр зүйлс байдаг бил үү? Сайн бодоорой. Хүн нь эрүүл биш, жаргалтай биш, боловсролтой биш, соёлтой биш бидний нийгэм. Ийм байх ёстой мэтээр дасч, ингэж байж хөгжинө хэмээн хоосон итгэлээр голоо зогоосоор байна. 

 Эх оронтой хүнд юу юу байдаг юм бэ? Эх оронтой хүн яаж амьдрах ёстой юм бэ? Энэ л бидний асуудал. Эх оронтой хүн найдах төртэй, итгэх ирээдүйтэй, хийх ажил зорилготой, хүрэлцэхүйц орлоготой байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл луйвар хийхээргүй эх оронч сэтгэлгээтэй, хулгай хийхээргүй хийх ажилтай, хүн залилахааргүй хүрэлцэхүйц орлоготой, халтуур хийхээргүй нэр хүндтэй амьдрахыг хэлдэг.
 Мэдээж энд хүний төлөвшил, хүмүүжил, соёл боловсрол цаашлаад хүний нийгэмд байх ёстой үзэл санаа, үнэт зүйл гээд олон зүйлсээс шалтгаалах байх. Гэхдээ гутранги, цөхрөнги юм шиг энэ агуулгад жирийн дундаж мөрөөрөө ахуй амьдралаараа бөөцийлөн цалингаас цалингийн хооронд цаг наргүй гүйж явдаг эгэл жирийн монголчуудын тухай өгүүллээ. 

 Хөлөө бүрэн жийх нутагтай ч хөдөө хязгаараараа “хүнийх” болсон мэдээ хаа сайгүй. Тогоогоо тослох олон малтай ч “минийх” юм шиг идэж уух нь хязгаартай. Дураараа нүүх нутагтай ч хоёр км-т бүтэн цаг явдаг хотдоо цугаараа амьдардаг. Цээж тэнүүн амьсгалах агаартай ч угаарын хийндээ элэг нэгтнүүдээрээ “өргөл” өгдөг төртэй. 

 Ингэж л аж төрж, амьдран суугаа ч “Илүү жаргал ирнэ ээ” гээд л хэн нэгнийг, хаанаас ч юм хүлээн хүлцэнгүйгээр бид цаг хугацааг элээсээр явна даа.

ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

А.МИНЖИН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин