• Эхлэл
  • Тэтгэврийн зээлийг биш популизмаа тэглээсэй, эрх баригчид

Тэтгэврийн зээлийг биш популизмаа тэглээсэй, эрх баригчид

2020/01/15

Монгол Улсын Засгийн газар 230 мянган ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл санаачилж УИХ баасан гарагт батлав. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд нийт 776 тэрбум төгрөг зарцуулна. Асар өндөр өртгөөр хэрэгжих энэ хууль бол эрх баригчдын сонгуулийн өмнөх “бэлэг” юм. Авах эзэндээ үнэгүй очих ч, өгөх эздэдээ өр болж үлдэх энэ өглөг улсын эдийн засагт урхаг, уршиг нэлээд дагуулна. Үүнийг нь эдийн засагчид нэг дуугаар хэлж буй ч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг эрх баригчдын чихэнд эрдэмтэд, судлаачдын үг өчүүхэн төдий ч хүрсэнгүй. Олон улсын байгууллагын анхааруулгыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж суугаа хүмүүст эрдэмтэд, судлаачид, эдийн засагчдын үг ёстой падлийгүй байх л даа. 

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталж парламент дээр алх цохингуут Олон улсын валютын сан албан ёсны цахим хуудастаа энэ үйл явдлыг шүүмжилж, анхааруулга сануулга өгсөн мэдээлэл нийтлэв. Мөн тус сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийж "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна" хэмээв.
МАН-ынхан 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахдаа олон арван ам өчиг өгснийг олон нийт мартаагүй. Бүсээ улам чангалж, санхүүгийн сахилга батаа дээшлүүлнэ гэсэн ерөнхий санааны дор олон хатуу чанд бодлого хэрэгжүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрч байж ОУВС-гаас хөрөнгө оруулалт татахаар болсон. Тус сангаас энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжин баталсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилгод тэтгэврийг тэглэнэ гэдэг заалт огт үгүй. Иймэрхүү популист амлалтууд хэрэгжүүллээ хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.
Тэрбээр "Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гарагт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй" хэмээжээ. Долоон төрлийн татвар нэмэхдээ ОУВС-гийн нэрийг барьж байсан эрх баригчид энэ удаа тэтгэврийн зээлийг тэглэхдээ ОУВС-гийн гэрээгээ зөрчив.
Хэлсэндээ хүрдэггүй, амласнаа биелүүлдэггүй хүнтэй хэн ч ажил ярихгүй. Түүнтэй адил амлалт, тохироогоо зөрчсөн эрх баригчидтай олон улсын байгууллага яаж харьцах нь тодорхой. Монгол Улс 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, түүхий эдийн экспортын орлого буурснаас төгрөгийн ханш унаж, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын багц саналыг ОУВС болон бусад түншүүдэд гаргасан. Энэхүү саналын хүрээнд Монгол Улсын Засгийн газар зарлагаа бууруулж, татварыг нэмэхээр тохиролцон, төсвийн шинэчлэл хийн сахилга батыг сахиулан, банк санхүүгийн салбарт тавих хяналтаа сайжруулахаа амлаж байсныг эдүгээ сануулаад ч нэмэргүй болсон нь харамсалтай.

Нийгмийн халамжийн бодлогоо багасга, эдийн засаг, санхүүгээ улстөржилтөөс хол байлгаж, зах зээлийн зарчмаар нь явуул гэдэг зөвлөмж, анхааруулга өгсөөр байхад нь эсрэгээр нь хийчхээд сууж байгаа хүмүүс юу ч гэж хариулах билээ дээ. Тиймээс бүлх залгисан мэт гүлдийж, ус балгасан мэт дуугүй суух нь аргагүй. Гэмт хүн гэлбэлзэнэ ч гэдэг дээ. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн энэ алхам цаашид ОУВС-гийнхны овоо хараанд нэг хэсэгтээ өртөнө. Өртөөд зогсохгүй Өргөжүүлсэн санхүүгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх үү гэдэг дээр ч тэд асуудлыг ярьж мэдэх юм. Уг нь ОУВС-гийн гэрээ энэ оны тавдугаар сард дуусна. Сүүлчийн төлбөр нь орж ирээгүй байгаа.
Ийм нөхцөлд тэтгэврийн зээлийг тэглэх хууль үхрийн сүүлэн дээр хутга гэгч болох нь ойлгомжтой. Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн сүүлчийн санхүүжилт орж ирэхгүй байх магадлалтай гэдгийг эдийн засагчид ч хэлсэн байна лээ. Монгол Улс гэрээгээ биелүүлдэггүй, өрийн тааз нэлээн өндөр байгаа болохоор ОУВС-гаас сүүлчийн төлбөрийг оруулахгүй гэвэл манай Засгийн газарт хэлэх үг байхгүй.
Тэгэх юм бол төгрөгийн ханш улам суларч, инфляц өснө. Наад захын сөрөг үр дагавар нь энэ. Цааш гарах хүндрэлүүд олон. 2021 онд манай улс их хэмжээний гадаад өр төлж эхэлнэ. Гэтэл өрөө төлөх нөөц байхгүй учир дахин өрийг өрөөр дарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэж үзэх байх. Нөхөх хормой ч үгүй болчихсон Засгийн газар дахиад л хүний царай харна. Сонгуулийн өмнө хэт популизмдаа халуураад тараг үлээчихснийхээ горыг тэгэхэд амсана. Аягүй бол дахиад л ОУВС-д хандах болно. Халуухан л юм болж таарна.
Бодлого боловсруулж, зарчим баримтална гэдгийг ойлгож, мэдрэхгүй болтлоо популизмд автсан улстөрчид сонгуульд ялахын тулд улсаа ч худалдахад бэлэн байгааг бид харлаа. Амласнаасаа буцах, төлөвлөснөөсөө няцах тэдэнд юу ч биш. Өмнөхөө үгүйсгэж, өнөөдрөө дөвийлгөх нь л чухал. Энэ хандлагынх нь илрэл тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал. Ахмадуудад өнөөдөртөө сайхан санагдаж, таалагдах ч маргааш тэднийг улам ядууруулж, доройтуулах хуулийг МАН-ынхан хүч түрэн баталлаа. Тэтгэврийн тогтолцоог нь шинэчлэх бодлогын шинжтэй алхам хийхийн оронд өнөө маргаашийг аргацаасан өглөгөөр өөрсдөдөө нэмэх оноо цуглуулах гэж мэрийж байгаа нь олон нийтэд хэдийнэ ил болсон.
Харамсалтай нь өнөөдөр зээлээ тэглүүлсэн иргэд маргааш дахиад л зээл авна. Эсвэл ахмадууд улам л орлогын хомсдолд орж, ядуурлын түвшин нь нэмэгдэнэ.

Г.УУГАНБАЯР

ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Г.УУГАНБАЯР

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин