• Эхлэл
  • АН-ын хоёр Алтанхуяг хоюулаа бие даав уу?

АН-ын хоёр Алтанхуяг хоюулаа бие даав уу?

2020/05/04

Удтал хөлөө жийлцсэн АН-ынхны зөрчил энэ жил урьд байгаагүй ил тод болж, олгой хагаравч тогоон дотроо гэлцдэг байсан тус намынхнаас чамгүй олон намаасаа гарч байгаагаа мэдэгдэж, бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, С.Баярцогт гээд чамгүй урт жагсаалт болохоор нэрсийг хүмүүс аль хэдийнэ бүртгээд амжсан байх.

Тэдгээрийн дотроос Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг амлан авч эсэргүүцэл илэрхийлэн тойрогт нь очихоо ил тод мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг мөн нэгэн цагт зөвлөх нь байсан Ерөнхийлөгчдөө гомдсоных гэж тайлбарлаж болохоор байна. Тэгвэл жагсаалтад байгаа бас нэгэн Алтанхуягийг зарим хүмүүс яагаад бие даан нэр дэвшихээ илэрхийлсний учрыг олохгүй гайхаж байгаа гэнэ. Ардчилсан нам Норовын,  Дагвын гэсэн хоёр Алтанхуягтай.

Нэгэн цагт хувь заяаны тохиолоор гэх үү, Норовын Алтанхуягийг намын даргаар сонгогдох тогтоолд Үндсэн дүрмийн хорооны дарга Дагвын Алтанхуяг гарын үсгээ зурж байсан. Тухайн үедээ Дагвын Алтанхуягийг “тогтоолын төсөл дээр ганцхан үсэг л өөрчилсөн бол чи намын дарга болох байлаа” гэж нөхөд нь цаашлуулж, наргиан болгож байсан гэдэг.

Ардчиллын анхны жагсаалаас эхлээд намдаа эргэлт буцалтгүй зүтгэсэн Дагвын Алтанхуягийн хувьд “Чингэлтэй”-н гэсэн тодотголтой. Энэ сонгуульд  Чингэлтэйгээс нэр дэвшихээр бэлтгэлээ аль хэдийнэ базаагаад байсан. Гэвч бие даан нэр дэвшигчдийн жагсаалт дунд нэр нь цохиж явахыг бодоход ямар нэгэн “самраа” орсон юм болов уу?

Угаасаа АН-д гурван мандаттай тойрогт 4-6 хүн “урьдчилгаа” мөнгөө төлчихсөн, одоо хэн нь баталгаатай тойргоо авах нь тодорхой бөөн дажин үүсээд байгаа гэлцэж буй. Намынхных нь яриагаар Дагвын Алтанхуяг ч мөн босго мөнгөө намдаа тушаачихсан. Харин яагаад бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн нь тодорхойгүй. Харин ч тойрог нь баталгаатай атал нэр андуурагдсан байж магадгүй гэсэн яриа үүссэн сурагтай. Мэдээж хэрэг, нам дотроо бас шаггүй шазруун Дагвын Алтанхуяг тойргоо алдсан бол зүгээр л нэг “Баярлалаа, баяртай” гээд  хэлээд явчихгүй нь тодорхой.  Хоёр Алтанхуяг хоюулаа л намдаа баталгаатай суудал авчрах магадлалтай. Нэг үе намынх нь нүүр царай болж байсан Н.Алтанхуягаа алдсан АН, нэр нэгт Д.Алтанхуягаа алдчихвал дахиад нэг суудал нь алга болох магадлалтай. Ийн баталгаатай кандидатуудаа нэг, нэгээр нь алдаад байвал АН ямар зам руу орох бол доо? 

Ямар л дажин өрнөөд байна даа, АН-д.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Энэ Чингэлтэй дүүрэгт юу хийсэн хүн бэ. Бүх юманд хор хутгаж явна. Мөнгөний төлөө. Батын Батбаатрыг дагаад мөнгөний төлөө явсан нөхөр. Хорчин нөхөр дөө.
    2020 оны 05 сарын 06
  • Rvtei l hamtarmaar bn daa iim maygaar bol an medehguidee dahiad yalagdah bhdaa
    2020 оны 05 сарын 05
Сонин хачин