• Эхлэл
  • Залуучуудын холбооны ховхордоггүй ерөнхийлөгч

Залуучуудын холбооны ховхордоггүй ерөнхийлөгч

2020/05/05

100 жилийнхээ ойгоо ирэх жил тэмдэглэх гэж байгаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч хэмээх “мундаг том” улстөрч байдаг. Өнгөрсөн сонгуулийн үеэр МЗХ гэгч төрийн бус байгууллагыг улстөрийн томоохон “PR”-ийн байгууллага болгож, “Хар, цагаан жагсаалт” хэмээхийг тодруулж, бужигнуулсан А.Мөнхбат зарим хүмүүсийн хувьд “салаавч” нэрээрээ танил. 2012 оноос завсаргүй Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг хашиж байгаа түүнийг огцруулах хөдөлгөөн өнгөрсөн жил өрнөж, шаардлага хүргүүлсэн ч газар аваагүй. Тухайн үедээ түүнийг Монголын залуучуудын байгууллагыг улстөржүүлсэн аппарат, хувийн компани болгон ашиглаж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ.

Тухайлбал, жил бүр 8 мянган медалийг ширхэг бүрийг нь 33 мянгаар “зарж”, цэвэр 184 сая төгрөг, холбооны байраа 1 мкв-ыг нь 25 мянгаар түрээслэж жилийн 300 орчим сая төгрөг, гишүүдийн татвар ойролцоогоор 82 сая төгрөгийг юунд, яаж зарцуулдаг нь тодорхойгүй. Үүнээс гадна НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Эрхээ идэвхжүүлье” төслийн 198 мянган доллар буюу хагас тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн мэдээлэл, баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /эх сурвалж:https://news.mn/r/2163073/ 2019  он/ танилцуулж байсан юм.  Зарим тоогоор жилд 20 мянган медалиар 660 сая төгрөг олдог ч гэдэг Гэвч яагаад ч юм бэ, энэ асуудал шийдэгдээгүй хэвээр.

МЗХ-ын дүрэм ёсоор бол 4 жил тутамд их хурал нь хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн түүнчлэн Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа улиран сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Хэдийгээр өмнө нь ч хэд, хэдэн удаа Ерөнхийлөгчийн асуудлыг холбооныхоо хурлаар хэлэлцэхээр ийн санал, санаачлага гаргаж, бүр хөдөлгөөн өрнүүлсэн ч мөнхийн Ерөнхийлөгч А.Мөнхбат суудлаа тавьж өгөөгүй хэвээр байгаа.

Нэгэн цагт МАХН-ын залуу халааг нэгтгэсэн залуусын цорын ганц байгууллага байсан МЗХ, социализмын үеэс өвлөн авсан өөрийн гэсэн байртай, мөн л социализмын үеэс өвлөсөн “Тэргүүний залуу сэхээтэн” гэх мэт өнөөдөр бол мөнгө төлж авч болох алдар гуншин, цол тэмдэгийн уламжлалтай гээд ямар ч ТББ-д байхгүй олон давуу эрхтэй. Тэр хэрээрээ ч мөнгө олох болон улстөрийн тоглолт хийх маш систем болчихсон. Тийм ч учраас энэхүү байгууллагад өөрийн мэдлийн хүнээ томилуулах нь ээлжлэн эрх баригч МАН, АН-ын мөнхийн сонирхол байсаар ирсэн. Тэр дагуу ч намуудын тоглолтын том хөзөр болсоор ирсэн. Харин сүүлийн найман жил Ардчилсан намын угшилтай гэх А.Мөнхбат хэдийгээр залуу хэмээх насны тодотгол нь өнгөрөөд байгаа ч амь бөхтэйгээр атгандаа байлгасаар ирсэн.

Түүний талаар хэтэрхий улстөржсөн, холбооны мөнгөний байгууллага болгосон, ажилчидддаа дарамт үзүүлдэг гэх мэт янз бүрийн мэдээлэл тархдаг. Гэвч нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан суудлаа хадгалсаар ирсэн гэдэг.

Гэвч энэ жилийн хувьд нэгэнт өөрсдийнх нь дүрмийн дагуу үргэлжлүүлэх алба хаших боломжгүй болсон, мөн түүнийг огцруулах шаардлага хүчтэй өрнөж байгаа болохоор суудлаа тавьж өгөх цаг ирж байгаа бололтой. Тиймээс социализмын үеэс хадгалж ирсэн том байр сууриа алдаагүй энэ ТББ-ын тэргүүнээр хэн сонгогдох бол гэсэн тэмцэл, таамаг хэдийнэ эхэлсэн сурагтай. Магадгүй сонгуулийн халуун өдрүүд айсуй энэ үед А.Мөнхбат суудлаа алдахгүй гэсэн алхмууд хийгээд эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. МЗХ-ын шинэ Ерөнхийлөгч хэн болох бол гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.   

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин