• Эхлэл
  • Хан-Уулд Ц.Нямдорж, Н.Номтойбаяр биш АПУ, МАК хоёр “тулалдана”

Хан-Уулд Ц.Нямдорж, Н.Номтойбаяр биш АПУ, МАК хоёр “тулалдана”

2020/05/05

Улс төрийн рингэн дээр өс хонзон авах санаархлаа ил тод илэрхийлж буй хүмүүсийн жагсаалтыг УИХ-ын гишүүнээс түр түдгэлзээд буй Н.Номтойбаяр үргэлжлүүлэв. Тэрбээр, Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн тойрогт өрсөлдөнө гэдгээ зарлаж байх аж.

Хэдхэн сарын өмнө Монголд Н.Номтойбаяр шиг муу хүн байгаагүй бол харин энэ өдрүүдэд түүн шиг баатар, эр зоригтон үгүй болж байна. Мөнгө гэдэг ийм л хүчтэй аж. Өөрийн талд дуугарах хөгжмөө ямар ч зовлонгүйгээр бий болгож чадсан энэ залуу өнөөдөр баатар биш эсрэгээрээ багтах шингэх газаргүй болчихоод явж байх болов уу гэтэл мөнгөний хүчээр эргээд ирлээ. Бүр бээлий өмсчихөөд тулаанд дуудав.

Гэвч, Н.Номтойбаярын энэ удаагийн үйлдэл өнгөн дээрээ Ц.Нямдоржийг онилсон гэж байгаа ч цаана нь харин өс санах өөр хүмүүс байгаа нь ойлгомжтой. Тэгээд ч Ц.Нямдорж энэ удаа Хан-Уулын тойргоо өнжиж, Эрдэнэт хотод нэр дэвшихээр яригдаж байгааг хоёр Их дээд сургууль төгссөн, Оксфордод тэнцчихсэн “том” толгой мэдээгүй гэвэл хүүхэд ч итгэхгүй билээ.

Харин Дорнодыг орхиж, Хан-Уулыг сонгох шалтгаан нь “АПУ” компани, түүний ардаас нэр дэвших гэж байгаа хүмүүстэй холбоотой гэдгийг улс төрийн наад захын мэдлэгтэй хүн ч ойлгохоор байна. УИХ-д АН-аас энэ удаа “АПУ” компанийн Ерөнхийлөгч Г.Батхүү агсаны хүү Б.Ганхөлөг, мөн талийгаачийн дүү П.Батчимэг нарын аль нэг нь өрсөлдөхөөр яригдаж байгаа. Хэрвээ НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг Дорнод явлаа гэхэд Б.Ганхөлөг улс төрийн рингэн дээр гарч ирэх эсэх нь 10 хоногийн дараа л тодорхой болно.

Энэ тохиолдолд томсгосон мажоритар тогтолцоо учраас Н.Номтойбаяр дан ганц Ц.Нямдоржтой бус тэнд өрсөлдсөн бүх л хүмүүстэй өрсөлдөх шаардлагатай болно. Улс төрд нэрийг нь сэвтүүлж, талийгаачийн үхэлтэй холбогдсон, холбогдуулахыг хичээсэн үйлдэлд нь асар их өс санаагүй, “аргагүй юм даа зайлуул, аавыгаа алдчихсан хүмүүс” хэмээн зөвтгөж бодох ухаан түүнээс гарна гэдэг юу л бол. Тиймээс энэ тойрогт Ц.Нямдорж, Н.Номтойбаяр хоёр биш эсрэгээрээ АПУ, МАК хоёр л тулалдах нь тодорхой болж байна. Харин томчуудын зодооныг тунчиг тайван ажиглаж суугаа НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд, Б.Түвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын тухайд рейтингээ энэ хэвээр хадгалсаар байвал, томчуудын тулааны дундуур торойгоод гарч ирэх нь цаг хугацааны асуудал болжээ.

ЭХ СУРВАЛЖ:dardas.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин