• Эхлэл
  • О.Гэрэлт-Од:МЗХ залуусын байгууллага уу, шашны байгууллага уу?

О.Гэрэлт-Од:МЗХ залуусын байгууллага уу, шашны байгууллага уу?

2020/05/07

Монголын хөгжлийн ирээдүй залуус бидний гарт ирэх хөгжлийн торгон цаг үед залуу хүний хувьд надад хэлэх гэсэн үг байна.

Яагаад гэвэл хүн амынх нь дийлэнх болсон, хамгийн хийж бүтээх эрч хүч, шинэ санаа бодол, шинэ мөрөөдөл сэтгэхүйгээр жигүүрлэгдсэн залуус бидний үг үйлдэл үнэгүйдэж, хүч мөхөсдөж магадгүй болоод байгаа энэ үед бид хэнд хандахаа мэдэхгүй байна. Өнөөдөр залуусын хэмээх өнгөнөөсөө харахад маш хүчирхэг байгууллага байгаа ч үнэндээ тэнд залуусын жинхэнэ үзэл бодол, оргилсон тэмүүлэл, удирдагч хүчин байна уу гэвэл тун эргэлзээтэй. Би битгий хэл олон залуус мэдэж байгаа байх, Монголын залуучуудын холбоо хэмээх 100 жилийн түүхтэй байгууллага залуусынх биш болоод байгааг. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэг хүний улс төрийн байгууллага болсон нь олон нийтэд ч тод харагдсан. “Хар цагаан жагсаалт”, “Хулгайчгүй Монгол” хэмээх нэрэн дээрээ гоё зорилготой мэт боловч нэдэр дээрээ улстөрийн, цаашилбал мөнгөний зорилготой акци зохион байгуулж, нэгэнт энэ төрийн бус байгууллагын нэрийг шавартай нь хутгасан. Мөнгө төлсөн нь цагаан жагсаалтад, мөнгө төлөөгүй нь хар жагсаалтад “хуваарилагдаж”, хүссэн хүнээ хулгайчаар зарлаж, тэргүүн нь “салаавч” гэдэг нэртэй болсныг залуус төдийгүй бараг Монголын бүх ард иргэд мэддэг болсон.

Уг нь МЗХ гэдэг өнөөдөр нийгмийг тэргүүлэгч залуусыг зангидсан хамгийн шинэлэг, оюунлаг байгууллага байх хангалттай нөхцөл шалтгаан байгаа. Хөл дээрээ тогтож ядан байгаа бусад ТТБ-ыг бодвол социализмын үеэс өвлөн авсан, өөрийн гэсэн байртай, түүнийгээ түрээсэлж хангалттай мөнгө олдог. Дээр нь мөн л социализмын үеэс өвлөн авсан одон, медаль тэргүүтнийг зарж хангалттай мөнгө олдог /энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай мэдээлэл гарсныг та бүхэн санаж байгаа байх./ баян байгууллага. Гэтэл харамсалтай нь, ийн хангалттай залуусынхаа дуу хоолой болох боломж байсаар атал сүүлдээ нэг хүний хувийн компани мэт болж, сүүлдээ бүр шашны байгууллага гэмээр “дүрэм журам”-тай болоод байгааг яах билээ? Та бүхэн мөн л МЗХ хэмээх залуусын байгууллага бөө мөргөлийн сургалт явуулж, дээл өмсөөгүй, бөөд шүтээгүй залуусыг ажлаас нь халдаг болсон мэдээллийг уншсан байх. Дээр нь эмэгтэй ажилтнууддаа дарамт үзүүлдэг тухай мэдээлэл ч гарсан. Ийм залуусын байгууллага байж болох уу, эсвэл шууд шашны байгууллага гээд зарлачих ёстой юм биш үү?

Нийтэд ил тод болсон энэ мэдээллийг хайхрахгүй өнгөрөөж болохгүй нь тодорхой ч харамсалтай нь хэлээд яриад ч тусыг олохгүй байна. Тэгэхээр МЗХ хэмээх залуусын байгууллагаа залуус гартаа авцгаая гэж уриалмаар байна. Миний хэлэх гэсэн үг бол залуусын байгууллагыг залуус гартаа авч, жинхэнэ залуусын байгууллага болгомоор байна гэсэн ганцхан өгүүлбэр.    

Залуус  бид “ах” улстөрчдийн цүнхийг баригч, долоогч болмооргүй байна. Залуусын байгууллагаа бас залуусынх болгомоор байна. Залуу хүн та өөрийн бодлоо илэрхийлээрэй.  

Монгол Улсын иргэн О.Гэрэлт-Од

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин