• Эхлэл
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

2020/05/25

Өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт өөрчлөлтөд бичигдсэн, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх олон заалтын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын нийт гишүүдийн 4-өөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай “давхар дээлний” хязгаарлалт.

Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдөр танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг нь шинээр томилох, эсвэл тэд нь УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн хүчин чадал оршино.

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Шалтгаан нь ердөө гүйцэтгэх засаглалын тэргүүний тав тух, дур зорго юм байна. МАН-ын дарга зүгээр л “сонгууль болохоос ганцхан сарын өмнө сайд нараа солиод яах юм бэ?” гэнгүүт УИХ түүнд нь зориулаад хууль батлаад өгчихсөн. Одоо тэгээд “Хэрвээ сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулаагүй бол яах аргагүй дээр хэлсэн нөхцөл байдал үүсэх байлаа. Гэхдээ бид хуулиа өөрчилчихлөө, та нар яах юм” гэж хэлээ гаргачихаад тараад явчихлаа.  

Уг нь бүр Цагаан сарын өмнө, хаврын чуулган эхэлсэн цагаас л хуульч, судлаачид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно шүү. Хууль энэ тэрээ гаргаарай” гэж өдөр өнжихгүй сануулж, шавхуурдсан. Зөвхөн тэд тэгж үзсэн ч юм биш. Оны өмнө УИХ өөрөө ҮХНӨ-ийг батлахдаа “энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө” гээд биччихсэн юм. Тэр дагуугаа холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа /Үндсэн хуулийн нөмөлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай/ нийцүүлэх л асуудал байлаа. Гэтэл манай нөхөд “Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг нь хуулиа мөрдөнө биз” гээд тараад явчихсан.

Гэхдээ нөгөө талаас улс төрийн хүрээнд болон хуульчдын зүгээс энэ нөхцөл байдалд ч гэсэн бэлэн байсан. “Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас хойш танай Засгийн газар Үндсэн хуулийн бус болно шүү” гэж сануулсаар байсан шүү дээ. Үндсэн хуулийн бус болно гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүснэ ээ л гэсэн үг.

Тэгээд ч ингэж хэлж, сануулж байсан маш олон хуульч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Тэд одоо л жинхэнэ “улс төрөө” хийдэг газар. Үндсэн хуулийн бус гэж нэрлэсэн Засгийн газартайгаа эвлэрээд, тэндээс гаргасан тогтоол, шийдвэрийг нь хэрэгжүүлээд явах нь хуульч хүний мөн чанар мөн үү? Эсвэл нэгэнт Үндсэн хуулийн бус буюу эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг иргэд ч гэсэн дагаж мөрдөхгүй байж болох уу?

Ядаж л энэ удаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачаар үлдэж чадах эсэхийг, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Үндсэн хуулиасаа давсан зохицуулалт хийж болдог эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр нэг удаа шүүлгээд үзье л дээ. 

Эх сурвалж: inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин