• Эхлэл
  • Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Хуулийн золиосонд хэчнээн хүн хилсээр ял эдлэх нь цэцэд падгүй бололтой

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Хуулийн золиосонд хэчнээн хүн хилсээр ял эдлэх нь цэцэд падгүй бололтой

2020/09/23

-Та саяхан манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхдээ дордуулж хэрэглэсэн нь ардчилсан оронд баймгүй явдал болсон, жаран жилийн өмнө л хуучны Зөвлөлт Орост ийм арга хэрэглэсэн байдаг гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдлийг чинь тодруулж ярилцахаар манай редакциас хандаж байгаа юм. Жаран жилийн өмнө хойд хөршид яг ямар үйл явдал болсон юм бэ?

-Юуны өмнө Да.Ганболд гэсэн ганц хүний өмгөөлөгчийн хувьд биш, сүүлийн үед өрнөж буй үйл явдал дээр хуульч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Тэр үүднээс таны ярилцах хүсэлтийг хүлээж авсан юм. Хүн төрөлхтний түүхэнд Эрүүгийн хуулийг хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэсэн эхний бөгөөд цорын ганц жишээ байгаа юм, таны сонирхоод байгаа үйл явдал.Эрүүгийн хуулийг зөвхөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд буцаан хэрэглэх хуулийн зарчим олон улсад үйлчилдэг.

-Уучлаарай, яриаг тань таслаад асууя. Манай улсад ч бас Эрүүгийн хуулийг дээрдүүлэх тохиолдолд л буцаан хэрэглэх хуулийн зарчим үйлчлэх байх, тийм үү?

-Мэдээж тэгнэ. Манай улсад ч олон улсад үйлчилдэг энэ зарчим үйлчилнэ. Харамсалтай нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнээс салсан Ардчилсан Монгол Улсад энэхүү хэлмэгдүүлэлтийн технологи 60 жилийн дараа дахин хоржоонтойгоор давтагдлаа л даа. СССР-ийн үед валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг “дамын наймаа” хийсэн гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж цаазалсан түүх бий. 1960-аад онд Москвагийн валют арилжаалагчдыг КГБ-ын тусгай албаныхан мөшгин мөрдөж баривчилсан байдаг. Н.Хрушев залуусыг хэтэрхий зөөлөн шийтгэсэн гэж КГБ-г буруутгаад Москва хотын шүүхийн дарга Леонид Громовыг албан тушаалаас нь огцруулах санаачилга гаргасан байдаг юм. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Ерөнхий прокурор Роман Руденког Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушев “Та наад албан тушаалаа насаараа хаана гэж битгий горьдоорой” гэж зандарч байсан гэдэг. Валютын наймаачдыг дарангуйлагчийн хүслээр ямар ч аргаар хамаагүй цаазлахын тулд Зөвлөлтийн хууль тогтоогчид хуулиа хоёр удаа буцаан хэрэглэж, өөрсдөө хууль зөрчихөөс аргагүй байдалд орсон л доо. Ингээд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны бүгд хурал дээр хууль бус валютын гүйлгээ, хар захын наймаатай тэмцэх ажлыг Улсын аюулаас хамгаалах хороо(КГБ)-нд даалгах санал дэвшүүлсэн байдаг. Эцэст нь 1959 оны тавдугаар сард ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөс энэ төрлийн бүх хэргийг Улсын аюулгүй байдлын хорооны харьяалалд шилжүүлэх тогтоол баталсан юм. Хожим хурандаа С.Федосеев дурсамж номондоо “КГБ-ын удирдлага шинээр байгуулагдсан албаны даргаар намайг томиллоо. Манай албаны өмнө тавьсан үүрэг даалгаврын тухайд валютын “хар зах”-ын сувгуудыг хааж, “гол эзэд”-ийг нь илрүүлэн тогтоож, тэдний наймааны ажилд «үхлийн цохилт» өгөн зогсоох хэрэгтэй байв” гэж бичсэн нь бий. Валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг Рокотов, Файбишенко болон баривчлагдаад байсан валютын наймаачдын хэргийг шүүх хурал 1961 оны хавар Москва хотын шүүхэд болж, валютын гүйлгээний дүрмийг зөрчин, онцгой их хэмжээний хохирол үзүүлсэн гэх үндэслэлээр ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн дагуу тэдэнд 3-8 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэгт зүйлчлэн хамгийн дээд хэмжээгээр буюу найман жилийн ял шийтгэсэн байдаг. Гэтэл шүүх хурлын өмнөхөн ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор валютын хууль бус гүйлгээ хийсэн тохиолдолд оногдуулах ялыг 15 жил болгон нэмэгдүүлчихсэн. Гэвч уг баримт бичиг нь “валют арилжааны эзэд”-ийг баривчилсны дараа хүчин төгөлдөр болсон тул хууль буцаан хэрэглэдэггүй олон улсын эрх зүйн зарчмын дагуу тухайн яллагдагч нарт хамааралгүй л дээ.

-Гэсэн ч хүчээр ялыг нь нэмчихсэн үү?

-Тэгсэн. Н.Хрущевт ойлгуулахыг олонтаа оролдсон ч мань эр "Та нар халуун сүүнд хэлээ түлчихээд одоо хүйтэн ус хүртэл үлээдэг болоо юу. Тэднийг ялласан шийтгэл бусдыг айлгаж, сэнхрүүлэх ёстой. Үгүй бол ийм төрлийн гэмт хэргүүд орон даяар тархах болно" гэж уурласан гэдэг юм. Үүний дараа Дээд Зөвлөлөөс нэмэлт тогтоол гаргаж, өмнөх тогтоолыг "онцгой тохиолдлын улмаас" эргэн үйлчлэх хүчинтэй болгосон байдаг. Энэ шийдвэр гарангуут Рокотов, Файбишенко нарыг ял эдэлж байсан хорих ангиас нь шилжүүлэн авчирч зохион байгуулсан хоёр дахь шүүх хурлыг Москвагийн шүүхийн тэргүүн Леонид Громов өөрийн биеэр даргалж, тэдэнд мөн л тухайн онцгой тохиолдлын улмаас буцаан үйлчилсэн хуулиар хамгийн дээд хэмжээ болох 15 жилийн хорих ял оноосон юм.

-Уг нь эхний хоёр удаагийн шүүх хурлаас хорих шийдвэр гарсан юм байна. Хэзээд нь цаазлах ял болгоод хувиргачихсан юм бол?

-Тэр явдлаас хойш хэдэн өдрийн дараа хууль бус валютын гүйлгээтэй тэмцэх асуудлыг хэлэлцсэн юм билээ, ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурлаар. Тэр хуралд КГБ-ын холбогдох албаны даргыг урьсан байдаг. Хуралд уригдсан КГБ-ын холбогдох албаны даргын ярьснаар бол Н.Хрущев хурлын төгсгөлд «Валютын наймаачдын энэ хэрэг Зөвлөлтийн хууль тогтоомжийн "төгс бус" байдлын жишээ боллоо» гээд Рокотов болон бусад гэмт хэрэгтнүүдэд хэт зөөлөн ял оноосонд эгдүүцэж, намын удирдлагад илгээсэн "нэгэн үйлдвэрийн ажилчдын захидлыг" уншиж өгч л дээ.Тэр захидалд “Зөвлөлт Улсын эгэл жирийн иргэд бид эдгээр нийгмийн хог шаар, адгийн этгээдүүдийг хайрлахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Тэдний сэтгэл хоосон атал тэд улам даварч, Зөвлөлт системийг үл хүндэтгэж байна. Тэд урвагчдаас ч дор, тэд аль хэдийнэ үхдэл болсон. Бусдад муу үлгэр дуурайл болгохгүйн тулд эдгээр гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь буудан хороож цаазаар авахыг танаас хүсье. Ингэснээр тэд ирээдүйд Зөвлөлтийн ард түмний нэр хүндийг унагаахгүй, бидэнтэй нэг агаараар амьсгалахгүй, Зөвлөлтийн иргэн гэдэг эрхэм нэрийг зүүх эрхгүй ...” гэж бичсэнийг Н.Хрушев өндөр дуугаар уншиж өгсөн байдаг. Хрушев "Ажилчин ангийнхан энэ новшнуудын талаар ийм бодолтой байна" гээд ерөнхий прокурор Роман Руденког юу ч хийхгүй байна гэж буруутгаж, сүүлд нь "Та наад албан тушаалаа насаараа хаах болно гэж битгий горьдоорой" гэж зандарсан гэдэг. Ингээд ч зогсоогүй, ЗСБНХОУ-ын Дээд шүүхийн дарга Александр Горкинд ч банга хүртээж.

-Тэгээд л валют арилжаалагч залууст цаазын ял өгчихсөн үү?

-Тэр хурлын дараа ч биш л дээ. Хэсэг хугацааны дараа ЗХУКН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушев Алма-Атад зохион байгуулагдсан нийтийн цуглаан дээр Рокотов, Файбишенко нарын хэргийн талаар дахин ярьсан байдаг юм. Мань эр "Та нар Москвад ямар бүлэглэлийг баривчилсан тухай уншсан уу? Тийм муухай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 15-хан жилийн ял оноосон. Тийм ээ, ийм шийдвэр гаргасан шүүгчдийг өөрсдийг нь шүүх хэрэгтэй" гэчихэж. Ингээд л түүний тушаалыг биелүүлж, Москва хотын шүүхийн дарга Л.Громовыг албан тушаалаас нь огцруулж, харин ЗХУКН-ын Төв Хорооны аппарат Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтойг нотолсон бичгийг яаравчлан бэлтгэж, Улс төрийн товчоонд илгээсэн түүхтэй. Тэр бичигт «Их хэмжээний валютын болон үнэт цаасны арилжааг ашиг олох зорилгоор үйлдсэн, хууль бусаар наймаалсан, мөн өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байсан этгээдийг цаазаар авч болно» гэсэн үг өгүүлбэр дурайлгасан байдаг. Эцэст нь ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев 1961 оны долдугаар сарын 1-ний өдөр "Валютын гүйлгээний тухай журмыг зөрчсөний улмаас хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах тухай" зарлигт гарын үсэг зурж, дахиад л "онцгой тохиолдлын улмаас" түүнийг буцаан үйлчлэх хүчинтэй болгосон юм.

-Тухайн үед прокурор, шүүхээс хууль бус энэ тэр гэсэн шүүмжлэл, эсэргүүцэл гаргаж байсан юм болов уу?

-Цаг үе нь ямар билээ, хэчнээн эрүүл саруул зөв бодолтой байлаа ч сөрж босоход хэцүү л дээ. Ерөнхий прокурор Руденко Москва хотын шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай өргөдөл бичиж, түүний дагуу шүүхийн шийдвэрийг цуцалж, хэргийг ЗСБНХОУ-ын Дээд шүүхэд шилжүүлсэн байдаг.

Дээд Зөвлөлийн тэргүүн Анатолий Рубичевын удирдсан хурал хэргийг 1961 оны долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд буюу хоёр хоногийн дотор хэлэлцчихсэн. Рокотов, Файбишенко нарыг хорих ял эдэлж байсан шоронгоос нь шүүхийн танхим руу гурав дахь удаагаа авчирч дахин шүүгээд цаазаар авах ял оноосон түүх өнгөрсөнд бий. Давж заалдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах ямар ч эрхгүй байгаагүй.

-Нэг зүйлийг сонирхмоор санагдчихлаа. Тухайн үед Хрушеваас валют арилжаалагч залууст хэтэрхий зөөлөн шийтгэл оноосон гэх зэмлэл сонссон КГБ-ын даргыг зүгээр өнгөрөөсөн үү, эсвэл ялласан уу?

-КГБ-ын удирдлагыг бас шүүсэн. КГБ-ын удирдлага байсан, шүүгдэгч Яковлев хүчний байгууллагуудад маш их туслалцаа үзүүлснээс гадна уушгины сүрьеэ өвчтэй тул цаазаар авах ял оногдуулахгүй байхыг хүссэн өргөдлийг Ерөнхий прокурорт илгээсэн байдаг. Гэсэн ч түүнд өршөөл үзүүлээгүй. Мөн л цаазаар авах ял оноосон байдаг юм. "Прокурорын байгууллага бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Тэр үед ч, одоо ч цаазын шийтгэл нь хэтэрхий хатуу байсан гэж би боддог. Харамсалтай нь, “шударга шүүх” нь Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс гарах зүрхгүй байсан юм. Тэр үед тэднийг цаазалсан боловч 30 жилийн дараа тэдний хийж байсан үйлдлүүд нь хууль ёсны энгийн бизнес гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон" гэж КГБ-ын дарга С.Федосеев хожим дурдатгалдаа бичсэн байсныг уншсан л даа.

-Одоо үед бол санаанд багтамгүй хэрэг, цочиж гайхмаар ял. Валют арилжаалсныхаа төлөө цаазаар авах ял авсан гэвэл шинэ үеийнхэн бүр итгэхгүй…?

-Мэдээж энэ цагийнханд гайхмаар сонсогдоно л доо. Харамсалтай нь ийм явдал өнгөрсөн түүхэнд болсон. Гэхдээ хуучин социалист Орос улсад шүү.

-Гэтэл өнөөдөр ардчилсан Монголд яг тэр жишгийг давтаж байгаа нь бүр гайхмаар гэж үү?

-Яг тийм, гайхаад барахгүй үйл явдал бидний нүдэн дээр өрнөж байна.

-ЗСБНХОУ-ын Дээд шүүх өмнөх шатны шүүхийнхээ шийдвэрийг шууд хүлээгээд авчихсан уу?

-1961 оны долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд ЗСБНХОУ-ын Дээд шүүх нээлттэй шүүх хуралдаанаар Я.Т.Рокотов, В.П.Файбишенко нарт онц их хэмжээний валютаар хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгах эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Шүүхээс тогтоосны дагуу Рокотов үнэт эдлэл, валют худалдан авч, дамлан зарсан, харин Файбишенко нь валют худалдан авч, дамлан борлуулсан нь тогтоогдсон. Ингээд л Рокотов, Файбишенко нарыг төрийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд ЗСБНХОУ-ийн Дээд шүүх «Улсын эсрэг гэмт хэргийн тухай» хуулийн хоёрдугаар хэсгийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн Рокотов, Файбишенко нарт цаазаар авах (буудан алах), бүх үнэт зүйл, эд хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгох ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хэд хоногийн дараа Рокотов, Файбишенко нарыг Бутырка шоронгийн Пугачевын цамхагт буудаж цаазалсан. Зөвлөлт холбоот улсын коммунист дэглэмийн үед цаг үеэсээ түрүүлж алхаж хэнийг ч хохироохгүйгээр шударгаар валютын арилжаа хийж байсан сийрэг залуус “дамын наймаа” хийсэн гэх хэрэгт буруутгагдан эрх баригчдын захиалгаар найман жил, 15 жил, цаазын ял зэргээр хууль бусаар ял нэмж шийтгүүлэн цаазлагдсан түүх 1990 онд эргэн сөхөгдсөнөөр коммунист нийгмийн хууль тогтоох байгууллага болон улс төрийн шүүх нь дэлхийн шившиг болсон байдаг. Коммунизм задран унахад тэдгээр залуусын нэр чөлөөт зах зээлийн бэлгэ тэмдэг болж үлдсэн л дээ. Өнөө үед тэр хэрэгт холбогдсон хүмүүсийг Зөвлөлтийн системийг задалсан шилдэг бизнес эрхлэгчид байсан гэж үздэг. Бүр тэдний тухай ном, кино хийсэн нь ч бий. 2013 онд ЗХУ-аас цагаачлан гарсан иргэд Нью-Йоркт жинс үйлдвэрлэдэг "Rokotov&Fainberg" компанийг үүсгэн байгуулж, цаазлагдагсдын дурсгалыг хүндэтгэн, тэдний нэгнийх нь нэрээр гудамжаа нэрлэсэн түүх байдаг. Тэдгээр залуусыг коммунизмын үеийн эрх баригчдын хууль бус үйлдлийн золиос болсныг өнөөдөр дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн.

-Манай улсад ч гэсэн ерэн он хүртэл хувиараа бизнес хийхийг дамын наймаа, гэмт хэрэг гэж үздэг байсан байх аа?

-Зөвлөлтийн нөлөө л дөө. Тэр нөлөөгөөр Монгол Улсад 1993 он хүртэл дамын наймааг гэмт хэрэг гэж үздэг байсан.

-Хуучин Зөвлөлт Орост яг ямар үйл явдал болж, юу хийсэн хэн гэдэг хүмүүс яаж хэлмэгдсэнийг сонсмоор санагдаад тантай ярилцахыг хүссэн юм. Одоо Монголынхоо өнөөдөр рүү оръё. Эрүүгийн хуулийг иргэнд дордуулах замаар буцааж ашиглах жишиг яагаад эргэж сэргэв гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү. Монголын шүүх ҮАБЗ-ийн гарт орсныг бол бултаараа мэдэж байгаа...?

-Сая таны хэлсэнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шууд хамааралтай болгох, улмаар шүүхийн хараат бус байдалд халдаж эрхшээлдээ оруулах, мөн Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх зэрэг ардчилсан бус арга замууд Монголд эргээд амилчихсан. Хуучин Зөвлөлт Орост байсан ардчилсан бус аргууд ийм олноороо эргэж амилж байгаад хуульч хүнийхээ хувьд гайхаж байна. Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр ажлаас түдгэлзүүлэх хуулийг баталсан. Үр дүнд нь шүүгч, прокурор, тэр ч бүү хэл АТГ-ын удирдлагуудыг “хуулийн дагуу” үндэслэл хамаарахгүйгээр ажлаас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, нэг өдрийн дотор 17 шүүгчийг ажлаас түдгэлзүүлэн “шонд дүүжилж” бусдад нь үлгэр болгож харуулсныг та ч мэдэж байгаа. Эрх баригчдын үгэнд ороогүй ямар ч шүүгч наад зах нь ажилгүй болж, цаашлаад эрүүгийн гэмт хэрэгтэн боллоо. Ерөнхийлөгч өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалан хуралдаж зөвлөмж гарган, өөрийн томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн, өөрөө шүүгч нарыг түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурахад нэг өдөр л хангалттай байсан. НҮБ-ын Хүний эрхийн илтгэлд энэ талаар дурдаж сануулсан ч парламент авч хэлэлцээгүй. Үүний дараа эрх баригчдын хорхойтой араанд зуугдсан улстөрчид, өрсөлдөгчид ээлж дараалан улсын төрийн хоригдол болж хувирсныг та бас л сайн мэдэж байгаа. Тэднийг шийтгэхийн тулд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэргийг эргэн сэргээн шалгаж, нэхэн шийтгэж эхэлсэн.

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг дэлхий нийтээрээ яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бол?

-Хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хуулийн боломж үүсдэг гэж үздэг учраас хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй юм. Хэрэг хэзээ ч хуучрахгүйн зэрэгцээ “хүн нь олдвол хэрэг нь олдох” байдлаар хүссэн хүндээ эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой учраас дэлхий нийтээрээ үүний эсрэг зогсдог.Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар албан тушаалын хэргийг сэргээн шалга, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн нь шууд утгаараа дууссан эрүүгийн хэргийг сэргээж “нэхэн ял шийтгэл оногдуул” гэсэн үг л дээ. Энэ бол шүүхийн эрх мэдэлд бүдүүлгээр халдсан үйлдэл.

-Хуучин Зөвлөлт Оросын үед Н.Хрушевийн үгнээс зөрөх эрхгүй байсан шиг шүүх прокурор нь ҮАБЗ-ийн гарт орчихсон учраас УИХ захиалгын хууль батлаад эхэлчихжээ дээ...?

-Ерөөсөө л тэгсэн. СССР-ийн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс зөрөх эрхгүйн адил Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саварт шүүх, прокурорын байгууллага бүрэн орсон учраас хуулийн байгууллагаар далайлган барьцаалагдсан УИХ захиалгын хуулийг нь баталж эхэлсэн нь энэ. Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр байсан Цаазын ялгүй Монгол Улс гэсэн бичгийг хуу татан авч, албан тушаалын гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэх тухай санал гарч, эрх баригчдын хүслийг гүйцээхийн тулд барьцаанд орсон УДШ-ийн ерөнхий шүүгчид хүссэн бүрэлдэхүүнээ томилж хэрэг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслүүд ч өргөн баригдаж эхэлсэн. Улсын дээд шүүхийн 24 шүүгчийн олонхын дэмжлэг авсан ерөнхий шүүгч өөрийнх нь үгнээс гардаггүй, дуулгавартай таван шүүгчийг үзэмжээрээ сонгон авч хэргийг шийдвэрлэж болох “супер ерөнхий шүүгч”-ийн хуулийг хүртэл парламентад санал болгож үзсэн шүү дээ. Хэрэв цаазаар авах ялыг албан тушаалын гэмт хэрэгт хэрэглэхээр болж сэргээсэн бол хичнээн улс төрийн хоригдлууд нэн гомдолтойгоор нэхэн шийтгэгдэх байсныг төсөөлөхөд ч аймшигтай санагдаж байна.

-Сая та бид хоёрын дунд өрнөсөн ярианаас анзаарахад Монголд парламентат ёсны төлөвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний дархлаа дэндүү ихээр суларчихжээ гэсэн гутранги бодол төрж байна.

-Гутранги ч гэлээ яалт ч үгүй нүүр тулахаас аргагүй бодит үнэн. Хамгийн том нотолгоо нь шүүхийн хараат бус байдалд халдсан болон эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн хоёр хууль шүү дээ. Шүүх эрх баригчдаас “хууль ёсоор” хараат байгаа байдал, улс төрийн хоригдлуудыг нэхэн шийтгэж байгаа байдал, хамгийг гол нь үүнийг нь хууль тогтоох байгууллага хүлээн зөвшөөрч хууль ёсны болгож байгаа нь ардчилал нэгэнт үгүй болж, дарангуйлал аажмаар тогтож байгаагийн илрэл болж байна. СССР-ийн үеийн валютын ченжүүдтэй тэмцсэн хэлмэгдүүлэлт болон ардчилсан Монгол Улсын албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа гэх хэлмэгдүүлэлтийн аль аль нь өөрсдийн хэлмэгдүүлэлтээ хууль ёсны болгож харагдуулах гэж байгаагаараа усны дусал шиг адилхан байна.

-УИХ дархлаагаа алдчихлаа гэж бодъё. Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэц гэж байгууллага бий. Өнгөрсөн саруудад хэд хэдэн хүн дараалаад улс төрийн хоригдол болчихлоо. Цэц та бид хоёрын сая ярьсан гажуудлыг зүгээр хараад суугаад байна гэсэн үг үү?

-Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц ч“үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн, шүүхийн хараат бус байдалд халдсан хуулиудыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй хойргошиж өнөөг хүртэл гацаасаар байна. Үр дүнд нь улс төрийн хоригдлуудтай болж, улстөрчдийн тэмцлийн хөлд ажлаа шударгаар хийж яваад хэлмэгдсэн энгийн төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, эцэг эх, гэр бүл нь шар махтайгаа хатаж, нус нулимстайгаа хутгалдаад үлдлээ. Шүүхээр эрүүгийн хэрэг шийдэгдтэл тэд хамгийн багадаа цагаатгагдсан байсан ч зургаан сарын хорих ял эдэлнэ. Ардчилсан улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хязгаарласан хуулийг Үндсэн хуулийн шүүх нь өдөр хоног алдалгүй нэн даруй шийдвэрлэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын амыг хараад ажлаа хийхээ больчихож.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүх эрх мэдэлд халдсан хуулийг Үндсэн хуулийн Цэц өнөөдрийг хүртэл нэг жил зургаан сарын хугацаанд хэлэлцсэнгүй.

-Үндсэн хуулийн Цэц илт тодорхой ийм асуудал дээр яагаад дуугүй суугаад байгаа юм бол?

-“УИХ хуулиа засна гэсэн тул хүлээж байна” гэсэн тайлбар л хэлж байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн хууль баталснаа УИХ хүлээн зөвшөөрч байгаа бол харин ч бүр цаг алдалгүй шийдвэрээ гаргах шаардлагатай баймаар юм. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиосонд ҮАБЗ-өөс шууд хараат шүүхийн шийдвэрээр хичнээн хүний эрх зөрчигдөн хилсээр шоронд ял эдлэх нь Цэцэд падгүй бололтой. УИХ хуулиа өөрчлөхийг тэвчээртэй хүлээсээр байх болно гэсэн марзан тайлбар нь өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн эмгэнэлтэй нүүр царай гэж хэлмээр байна.

Үндсэн хуулийн манаачийн ажлаа хийхгүй цалгардуулж, бүлх залгисан мэт таг дуугүй байгаагаа тэд өөрсдөө тайлбарлана биз дээ. Магадгүй Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хуулиудаа улс төрийн өрсөлдөгчдөө намнаж дууссаны дараа, “уучлаарай муу хууль байсан байна” гэж УИХ өөрөө засах уу, эсвэл шүүхийн эцсийн шийдвэр гарч дууссаны дараа сая Цэц сэхээ орж хэлэлцэх үү, яг яахыг хэлж мэдэхгүй байна. Цэцийн шийдвэр гарснаараа хүчин төгөлдөр болдог нь одоогийн эрх баригчдад өөрсдийг нь эргэж хэрэгт ороогдохгүй байх талаас нь харвал яалт ч үгүй ашигтай.

-ҮАБЗ-д гурван хүн бий. Яг хэнийх нь дохио зангаагаар ийм үйл явдал өрнөж байгаа гэж та харж байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баг зүүн цаана нь нуугдах Монголын өнөөдрийн Хрушев хэн бэ, төрийн гурван өндөрлөг нэртэй гурван толгойтой хэлмэгдүүлэлтийн мангасын аль толгой хэнийг захиалж хэлмэгдүүлсэн асуудал эргэн сөхөгдөх цаг гарцаагүй ирнэ. Тэр үед л хамтын шийдвэр гарсан уу, эсхүл хэрэг наймаалцаж тохиролцсон уу, нэгээрээ юу, нийлж хийсэн үү, хэн нь хэн рүүгээ хэлмэгдүүлэлтээ чихэх вэ гэдэг нь тодорхой болно. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Улс төрд нөлөө бүхий этгээд шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь өөрөө хүнд гэмт хэрэг гэдгийг Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Нэг нэгээрээ шүүхэд нөлөөлж болохгүй нь үнэн юм бол нийлэхээрээ нөлөөлж болно гэдэг зүй тогтол ч байж болохгүй. Тэртээ 60 жилийн өмнөө СССР улсад коммунист намын удирдлагууд ажилчин ангийн нэрийг барьж, цаг үеэсээ түрүүлэн сэтгэж валют арилжаа, үнэт эдлэлийн бизнес шударгаар эрхэлсэн залуусаа төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган буудан хороож байсан бол өнөөдрийн ардчилсан Монгол Улсад томоохон мега төслүүдээ хөдөлгөх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлсэн үндэсний шилдэг сэхээтнүүдээ толгой дараалан олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар урьдчилан буруутгаж хэлмэгдүүлэх хөрсийг бүрдүүлсний дараа шүүхээр яллаж байна. Улс даяараа тэднийг хорвоогийн хамгийн муухай хүн, хулгайч, урвагч гэж цоллож яллачихаад шүүхээр түүнийгээ ёсчилдог жишиг тогтжээ. Угаас олон нийтийн хүлээлтэд нэг талаар хүлэгдсэн, нөгөө талаар эрх баригчдын дарамтад орсон хараат шүүхээс шударга ёс, хууль ёсыг хүлээх шаардлагагүй болжээ. Хууль тогтоох байгууллага, шүүхийн байгууллага нь эрх баригчдаас хууль ёсоор хараат болсон нь мөн л СССР-ийг санагдуулам байна. Шүүхээр ял шийтгүүлж байгаа улс төрийн хоригдлуудын хувьд хэрэв хулгай хийсэн, хувьдаа хөрөнгө завшсан бол ял шийтгэл гарцаагүй байх зарчмаар ялаа үүрэх нь зүйн хэрэг. Гэтэл тэд төрд зүтгэж, ажлаа хийж яваад буруудсан. Ихэнх нь ардчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх, хууль дээдлэх ёс үлдсэн гэж итгэсээр үнэн зөвийг ялгаж салгана гэж өдөр хоногийг аргацаан хүлээж суугаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Монголыг монголоор нь яллуулдаг уламжлалт хэлмэгдүүлэлт өнөө үед дээлээ солиод өнгө зүсээ хувиргаад ирчихсэнд маш их харамсаж байна. Эцэст нь СССР-ийн коммунист хэлмэгдүүлэлтийн технологийг хэний заавраар хэрэгжүүлж байгаагаа хэлж өгнө үү гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хүсмээр байна. Та бүхэн өөрсдийн хүслээрээ хэлмэгдүүлээд байна уу, эсвэл өрөөлийн хүчинд автаад байна уу гэдгээ хэлээд өгөөч. Эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн шинжтэй өчүүхэн хувийн явцуу сонирхлоороо элэг нэгтнүүдээ хэлмэгдүүлээгүй гэсэн найдлагатайгаа үлдмээр байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • хүчнийхэн өөрсдөө хуулиа зохиож толгойлогчоо сонгодог түүх бий
    2020 оны 09 сарын 24
Сонин хачин