• Эхлэл
  • Шүүгчдийг “шударга бай” гэж цалинг нь өсгөснөөс “цалингийнхаа төлөө хүн ал” гээгүй юм шүү

Шүүгчдийг “шударга бай” гэж цалинг нь өсгөснөөс “цалингийнхаа төлөө хүн ал” гээгүй юм шүү

2020/11/14

Өнгөрөгч лхагва гаригт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг хяналтын журмаар хэлэлцэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4,5 жилийн хорих ялаас зургаан сарын ялыг хасч шийдвэрлэжээ. Мөн өдрийн өглөө 07.00 цагт УОК-оос хийсэн "Ковид-19 цар тахлыг дотооддоо алдсан" тухай мэдээлэл, үүнээс үүдсэн айдас хүйдэс М.Энхсайханыг “улс төрийн хоригдол” болгосон УДШ-ийн шийдвэрийг дараад өнгөрөв. Одоо нийтээрээ бие биенээ буруутган шүүгээд юун М.Энхсайхантай мантай.

Яг үнэндээ цар тахал биднийг “хэрхэн амьд гарах вэ?” гэдэг барьцгүй бодолд шахаж, бачимдуулж, өөр зүйлд анхаарлаа хандуулах боломж өгөхгүй байгаа нь үнэн ч заримдаа бодол санаагаа өөр бусад зүйлд автуулах нь дархлаанд тань тустай байхыг бас ч үгүйсгэхгүй.

Сануулахад өнгөрөгч зургадугаар сард түүнийг ялласан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Монгол Улсын сайдаар ажиллаж, Тавантолгой төслийн нэгжийг удирдаж байхдаа албан хэрэгцээндээ ашиглаж байсан Лексус 570 маркийн автомашин байсан гэдгийг анзаарч, анхаарсан хүн хэд хичнээн байсныг мэдэхгүй юм.

ЭХЯ-наас түүнд албан хэрэгцээндээ унах автомашин авахад нь зориулж 160 сая төгрөг төсөвлөж өгсний 130 саяар нь уг машиныг худалдаж авсан /зөрүү 30 сая нь эргээд яамныхаа төсөвт орсон гэсэн үг/ тухай М.Энхсайхан сайд тайлбар хийсэн. Яг үнэндээ М.Энхсайхан энэ машиныг амин хувийнхаа хэрэгцээнд унасан ч юм биш. Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчдыг урих явцад тэднийг Тавантолгойн ордтой танилцуулахын шаардлага гаргдаг учраас төслийн нэгжийн хэрэгцээнд авсан машин л даа.

Гэтэл АТГ түүний боловсруулсан /уг гэрээг УИХ-аар батлаагүй гэдгийг ч бас энд хэлэх хэрэгтэй/ Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “Монгол Улсад ямар хэмжээний хохирол учруулсан” тухай судлах явцдаа М.Энхсайханы албан хэрэгцээндээ унаж байсан уг автомашиныг 75 сая төгрөгөөр үнэлж /таван жил ашигласны дараа тогтоосон үнэ/, зөрүү 55 сая төгрөгийг “улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн албан тушаалын гэмт хэрэг тохсон байдаг.

Прокурор мөн энэ үндэслэлээр түүнд яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял оногдуулсан билээ.

Харин түүнийг анх яллагдагчаар татаж, гурван жил шахуу хугацаанд шалгасан, гэрээний төслийг боловсруулахдаа “улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” буюу “терроризм үйлдсэн” гэх зүйл анги нь баримтаар тогтоогдоогүй учраас хэргийг тусгаарласан /үргэлжлүүлэн шалгуулахаар/ байдаг. Нэгэнт байгуулагдаагүй гэрээний "хорлон сүйтгэл" ч гэж юу байх билээ. 

Үүнээс хойш хоёр удаагийн шүүх хурал /давах болон хяналтын шатны/ болж М.Энхсайханд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг “үндэслэлтэй” хэмээн үзсэн юм байна. “Онц их хэмжээний хохирол” гэдэг нь Эрүүгийн хуульд зааснаар 50 мянган нэгжтэй тэнцэх /50 сая төгрөг/ буюу түүнээс давсан хохирлыг хэлдэг. Ийм арга замаар Монголын шүүх, прокурор, АТГ-ын мөрдөгчид хүч нийлэн М.Энсайхан гэдэг хүнийг “улс төрийн хоригдол” болгож чадлаа.

Хэрэв Монголын хууль ийм бол албан тушаалтны албан хэрэгцээндээ унаж байсан автомашины элэгдэл, хорогдол болгон “улсад учруулсан хохирол”, "хорлон сүйтгэл" болж таарах нь. Тэгээд Монголд албан хэрэгцээндээ автомашин унадаг төрийн албан тушаалтан, дарга цэрэггүй бүгдээрээ ирээдүйд “төрийн дайсан”, “улс төрийн хоригдол” болох юм байна.

Харамсалтай нь энэ хэрэг ингэж шийдэгдсэн нь шүүх, прокурор, эсвэл АТГ-ын мөрдөгчдийн дангаараа хийсэн үйлдэл биш гэдгийг үүнийг бичигчийн оронд хэн ч байсан нүдээ аниад хэлж чадна. Дээрээсээ улс төрийн захиалгатай явж буй хэрэг.

Гэвч “итгэл хамгийн сүүлд үхдэг” гэгчээр шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл арай ч ийм чинээндээ тулна гэж санасангүй. Анхан, давахын шүүхүүд нь алдаа гаргадаг /дарамтанд орох, худалдагдахыг ингэж хэлж болдог бол шүү дээ/ байлаа гэхэд Улсын дээд шүүх нь арай  ч ийм улай дуудаж, цагаандаа гарсан шийдвэр гаргана гэж итгэсэнгүй. Тиймдээ ч сүүлийн хоёр өдөр олон нийтийн сүлжээгээр “Энхсайханыг сулла” гэж сулхан дуугарч эхэллээ.

Хоёр парламентын өмнө УИХ-аар шүүхийн төсвийг батлахдаа шүүгчдийн цалинг урьд байгаагүй ихээр өсгөж, анхан шатны шүүгчээсээ Дээд шүүхийн шүүгч хүртэл 2,6 саяас тав, долоон сая хүртэл нэмэгдүүлсэн байдаг юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч санаачилж, тухайн үедээ нийгэмдээ нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байж бий болгосон шинэ жишиг. Гэхдээ тэр үед шүүгчдийн цалинг ингэж өсгөсөн нь "Хэнд ч битгий худалдагд, хэн нэгний халаасанд бүү ор. Зөвхөн шударга үнэний талд бай" гэсэн нэг талаас эдийн засгийн баталгаа, нөгөө талаас нийгмийн шаардлага, шахалт байв. Түүнээс биш “цалингийнхаа төлөө хүн ал” гээгүй юм шүү!

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин