• Эхлэл
  • Сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав...

Сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав...

2021/06/03

Хүрэлсүх ээ, зургаа дугаар сараас болгоомжлогтун!!!

Сонгогчдын яриа:

  • Сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа юм бэ?
  • Гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг дээ… хол явна аа.

Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа... Долоо хоногийн ар дээр, зургаан жилийн турш он солигдох мөч бүрд, зурагтын наана цаанаас хундага тулгах хүнээ бид өлгийдөж авах нь. Шинэ хүндээ ямар нэр хайрлах вэ, хэдүүлээ? “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай… Золбоо гэж нэр өгнө өө” гэдэг шиг, түүний маань нэр хүссэн хүсээгүй Хүрэлсүх байх бололтой. Тэр тийм л ид хавтай, бяр чадалтай, буугаараа тоглоод, бусдыг үл тоогоод… төрийн ордны гурван давхар уруу итгэл дүүрэн харайлгаж явна. Яг л, Рубикон голыг гаталж буй Юлий Цезарь шиг. Хүрэлээ, ирлээ, үзлээ, ..?. гэх маягтай. 

Ер нь, манай хүний замнал Юлий Цезарийнхтай их төстэй. Агуулгын хувьд ч, он цагийн дарааллын хувьд ч. Цезарь сурвалжит гэр бүлээс гаралтай, Ромын эртний түүхтэй ГАЙ удмаас. Мань хүн ч гэсэн хааны нутгаас гаралтай гэх юм билээ. Залуу Цезарь тайлгач байсан бол… Хүрэлсүх бага залуудаа улс төрийн орлогч хийж явжээ. 

Хоёулаа цэргийн хүмүүс. Нэг нь Ромын сенат болон ард түмэнд… нөгөө нь, би эх орондоо тангараг өргөсөн гэж ярих дуртай. Мөн эрсдэлээс айдаггүйгээрээ ижил. Нэг нь өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй франк, кельтүүдийг бут цохин Галл нутгийг эзлэн түрэмгийлсэн бол… манай “ирээдүйн Ерөнхийлөгч” маань Хадгаламж банкны хэдэн тэрбумаар казино тоглон Солонгосын хойгийг донсолгож явсан гэх түүхтэй. Эхнэрээс болж Цезарь тухайн үеийнхээ дарангуйлагч Суллагийн дургүйг хүргэн, адлагдан дутааж явсан бол… У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “та төр барьж байгаа юм уу, танай эхнэр барьж байгаа юм уу” гэж асуугаад, нэг муу фургоны хэргээр дээлээ нөмрөх шахсан ч гэдэг. 

За тэгээд… улс төрийн тэмцэл, иргэний дайны тухайд бас л адил. Цезарь нэгэн цагт хамт гарч ирсэн алдарт цэргийн жанжин, авьяаслаг улс төрч Помпейтэй үзэж тараад, эцэст нь ялан дийлж ганцаар дарангуйлагч болсон. Харин манай Хүүк… өөртэй нь хамтраад улс орон, нам засгаа аваад явна гэж намынх нь ахмадууд итгэл хүлээлгэж асан, мөр зэрэгцсэн журмын нөхөр М.Энхболдыг суудлаас нь морь бугуйлддаг шигээ татаж унагасан. Энэ нь Цезариас зугтааж яваад, Египетэд толгойгоо тастуулсан хөөрхий Помпей шиг өрөвдөлтэй дүр зураг мэт санагдаж билээ, тухайн үед. Ингээд эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд намаасаа 100 хувийн дэмжлэгтэйгээр, үнэмлэхүй эрх мэдлийн шатаар итгэл төгс өгсөж явна… манай хурандаа.

Харамсалтай нь, энэ шат Цезарийн хувьд их эмгэнэлтэйгээр төгссөн юм. Тэр шатны төгсгөлд түүнийг сенатын гишүүд хутга барин угтсан билээ. Хорин гурван удаа хутгалсан. Чулуун шалан дээр цусаа асгаруулан амь тавьж буй Цезарийн эцсийн үг нь: “Брут! Хүү минь, чи хүртэл үү?” хэмээн шивгэнэсэн гэдэг. Харин энэ хувь тавилан, У.Хүрэлсүхийг минь битгий л дайраасай билээ. Мэдээж ийм хэрцгий балмад байдлаар биш ч… хэрвээ тэр сонгуульд ялагдвал дээрхтэй ижил төстэй үйл явдал болох нь тодорхой. Өмнө нь ч манайд болж л байсан. Тэгэхээр тэрний ялагдал түүхийн ухааны хувьд онцын ач холбогдолгүй. Байдаг л нэг хоржоонтой давталт төдий зүйл болж хувирна.

Харин тэр Ерөнхийлөгч болбол… энэ нь түүхийн нэгэн шинэ хуудас болох юм. Учир нь, хэрвээ Цезарь эзэн хаан болсон бол түүх яаж эргэх байсан бол? гэх маш чухал ач холбогдолтой, туйлын сонирхол татсан асуултад хариулах боломж гарч ирж мэдэх юм. Хэдийгээр түүхэнд хэрвээ гэх асуулт байдаггүй гэж ярьдаг ч… хэрвээ гэх асуултыг тавьсан үедээ л түүх хамгийн шимтэм зүйл болж хувирдаг билээ. Тиймээс түүхийн цоо шинэ судлагдахуун бий болгохоор хичээж буй шинжлэх ухаан, техникийн манлай У.Хүрэлсүхийг би дэмжинэ. Нөгөөтээгүүр, ялагчийн талд зогсохыг хүсдэггүй хэн байх билээ дээ. Тэнэг л биш бол. 

Цезарьд нэгэн зөнч авгай “Цезарь аа, гурав дугаар сараас эмээгтүн!” гэж анхааруулсан гэдэг. Гэвч тэрээр үгийг нь хайхрахгүй байсаар, гурван сард хуйвалдагчдын гарт амиа алдсан. Юмыг яаж мэдэхэв, үүнтэй ижил үйл явдал У.Хүрэлсүхэд тохиолдох вий… гэж санаа минь зовних доо, өөрийн чадах ядахаар урдах чулууг нь зайлуулж өгөхийг хичээж буй маань энэ ээ. Мэдээж зөвхөн танин мэдэхүйн ач холбогдлын үүднээс, түүхийн ухааны хөгжил дэвшлийн л төлөө…

Жамьян /baabar.mn/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин