• Эхлэл
  • Х.Тэмүүжин: МАН-аас тамга гуйдаг биш, Монгол улсын хувь заяаг шийдэх нам болох ёстой

Х.Тэмүүжин: МАН-аас тамга гуйдаг биш, Монгол улсын хувь заяаг шийдэх нам болох ёстой

2021/06/14

АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тэд АН-ын эргүүлэн нэгтгэх, нэгтдмэл нэг нам болгон зохион байгуулах зорилгоор намынхаа 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүлснээ зарлав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая болсон сонгуулиар 1990 оноос хойш хамгийн бага түвшинд санал авсан үзүүлэлт гаргалаа. Өнгөрсөн хугацаанд МАН манай намын дотоод хагарлыг ашиглаж, Ардчилсан намын дүрмийн эсрэг сонгуулийн хуулийг батлуулах ажлыг хийсэн. Гуравдугаар сард би энэ талаар мэдэгдэл хийж байсан. Тийм учраас АН-ын онц их хурлыг зарлаж, нэг удирдлагатай болох хүсэлтийг жирийн гишүүдээс маш их ирж байна. Намын 100 мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулах санаачлагыг эхлүүлж байна. Манай нам 180 мянган гишүүнтэй, түүнээс төлөөлөл болгон 100 мянган гишүүний гарын үсгийг авах замаар маргалдагч талуудыг цуглуулж, хуралдан нэг удирдлагатай болох санаачлагыг явуулж байна. Намын гишүүддээ, энэ аяныг дэмжиж өгөөрэй хэмээн хүсч байна. Үүний үр дүнд АН нэг удирдлагатай болж, сөрөг хүчнийхээ үүргийн биелүүлж чаднаа гэж үзэж байгаа юм" гэлээ. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Тамганы булан барьж хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүү босож зогсоод хоёр биендээ хамтдаа алхах цаг болсон байна. Ардчилсан намгүйгээр явагдаж байгаа сонгууль, ардчилсан хүчингүйгээр өрнөж буй үйл явдалд хохирогч нь иргэд байх болно.

АН улс орны хувь заяаг шийддэг нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ дэмжлэгийг авах санаачилгыг эхлүүлж байна. Намыг шинэчлэх, гайхамшигтай гоё болгох санаачилга биш. Нэг нам, нэг үзэл баримтлал дээрээ байгааг харуулахыг хүсэж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Өнөөдрийн энэ аян бол сөрөг хүчний чадамжийн тухай асуудал юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН эв нэгдэлгүй учраас амжилтгүй оролцлоо. Дотоод ардчиллаа сайжруулах нь маш чухал байна. АН нийгмээс дэмжлэг авахаа больсон улс төрийн хүчин биш гэдэг нь харагдаж байгаа.

АН-ын нэрийн дор нэр дэвшсэн хүн хэчнээн бага санал авсан ч гэлээ сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь бий. Эдгээр хүмүүс сонголтгүй байсан учраас сонгуульдаа оролцоогүй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан ардчилсан засагтай улс болж цаашид дутуу ардчиллаа төгөлдөржүүлэхэд АН сэргэн босох шаардлагатай. 

Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрахгүй. Мянга мянган гишүүдийнх нь ардчиллын төлөөх зүрх сэтгэл хэвээрээ байгаа. Хоёр талд хоёр намын бүтэц гаргаад, бие биендээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйд боломж олгоод намаа нэг удирдлагатай болгоход хичээл зүтгэл гаргаач гэж уриалмаар байна.

Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Улстөрийг хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН Ардчилсан намын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин