• Эхлэл
  • Ц.Оюунгэрэл: Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй

Ц.Оюунгэрэл: Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй

2021/06/21

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-"Стэнфорд төгсөгчдийн уулзалтаар өдрийг эхэлж байна" гэж та өглөөхөн жиргэсэн байна лээ. Стенфордынхон цахимаар уулзаад юу ярьдаг юм бол доо?

-Стэнфорд төгсөгчид дотроо янз бүрийн клубт байдаг юм. Тэр дунд нийгэмд нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт хийх, татах сонирхолтой клубүүд ч байдаг. Би тэр клубийн гишүүн байхгүй юу. Тэр клубийн сар тутмын уулзалт болдог. Өнөөдөр болсон уулзалтаараа иргэдийн оролцоотой хөрөнгө оруулалт босгох, нийгэмд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах тал дээр зохион байгуулалтыг яаж хийдэг талаар зөвлөлдсөн. Тэр зөвлөгөөнд би сонсогчийн хувиар оролцлоо.

Ялангуяа ковидын цаг үед төрийн санхүүжилт байхгүй болж байгаа. Бизнесүүд ч олноор хаагдаж байна. Уламжлалт буяны үйл ажиллагаанууд өөрчлөгдөж байгаа талаар нэлээд яригдлаа. Өмнө нь нэг, хоёрхон том санхүүжүүлэгч мөнгө гаргаад, түүнийг нь олон байгууллага хувааж хүртдэг байсан бол ковидын дараа амь амиа даацгаая гэдэг систем рүү дэлхий даяар орж байгаатай холбогдуулан цөөн цөөнөөрөө хорь гуч, арав хориулаа нийлж, “Өглөгийн тойрог” байгуулж тэр клубүүд нь нийлэн, төрийн бус байгууллагуудын төслийг сонсож байгаад, алийг нь санхүүжүүлэхээ шийддэг, иргэд өөрсдөө шийдвэр гаргадаг бүтэц болж ажилладаг болжээ. Ялангуяа сая ковидын үед ажилласан гурван клуб өнөөдөр тайлангаа тавьсан.

-Манайхан мөнгөтэй хэдэн бизнес эрхлэгчээсээ хандив гуйсаар байгаад цаадуул нь нуруугаа авахуулсан морь шиг л болсон байдаг. Иргэд өөрсдийгөө даадаг болж байгаа нь зүгээр юмаа?

 -Тийм уламжлалт загвар өөрчлөгдөж, ковидын үед хүмүүс Zoom ашиглаж, холбогдон, амь амиа даадаг болжээ. Эргэн тойронд бас бие биедээ туслах маш их хэрэгцээ шаардлага гарсантай холбогдуулаад, хүн болгон санхүүжилтэд оролцох болсон байна. Нийгмийн санхүүжилт гэдэг хүн болгоны оролцоогоор хэмжигддэг болж гэдгийг ярилцсан хурал боллоо. Нийгэмд нөлөөлөх өөрчлөлт хийж байгаа ажлуудыг урд нь дандаа том сангууд руу төсөл, хөтөлбөр бичдэг байсан бол иргэд бие биенийхээ төсөл хөтөлбөрийг хэлэлцдэг схем рүү орж байгаа юм байна шүү. Хятад, израилиуд, филиппинчүүд манайхаар бол нутгийн зөвлөл шиг байгууллагын хүрээнд нэгнээ дэмждэг уламжлалтай юм байна. Манай монголчууд шиг нэгнийхээ хурим дээр хандив өгдөг, уйтгар гунигийг нь хуваалцдаг уламжлалт өглөгийн системүүд байдаг юм байна. Нэг хүнд тусалъя, нэг хүний эмчилгээний зардлыг босгоё, нэг хүнийг сургуульд явуулъя, хуримыг нь хийлгэе гэхээс гадна нийгэмд өөрчлөлт хийх өглөг гэсэн ойлголт гарч иржээ.

Түүнийгээ “Нийгмийг өөрчлөх хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа юм. Ганц хүн 100 доллар өгөхөөр нийгмийн томоохон асуудлыг өөрчилж чадахгүй байна, арав, хориулаа нийлье гээд клуб маягийн байгууллага байгуулаад, “Өглөгийн тойрог” гэж нэрлэдэг юм билээ. “Манай тойргийнхон” гэж яриад байгаа юм л даа. Тойрог дотроо алиндаа мөнгө өгөх вэ гэдгээ ардчилсан аргаар гар өргөж, иргэдийнхээ оролцоотой шийддэг юм байна. Хорин хүнтэй нэг клуб гэхэд л олон улсад өөрчлөлт хийхэд зориулж, гадаадынханд хөрөнгө босгож өгдөг гэж ярьж байна лээ. Иймэрхүү зүйл сонслоо.

-Таныг сонгуулийн дараа юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа байх л даа?

-Сонгуулийн дараа хоёр л гол ажил хийж байна. Нэгдүгээрт, уламжлал ёсоороо “Жорлонгоо өөрчилье” ажилдаа нэмэр тус болох бүх л зүйлийг үргэлжлүүлж хийж байна. Хоёр дахь гол ажил нь Иргэний оролцооны нэгдэл гээд шинэ нам байгуулах ажлаа эхэлсэн. Зургаан ажлын хэсэг байгуулагдаад, мандатын ажлын хэсэг маань аймаг, дүүргүүд рүү холбогдож, намын их хуралд төлөөлөгч сонгох ажил явагдаж байна. Маргааш лайв хийж, төлөөлөгч сонгох процессын талаар тайлбарлах гэж байна. Нам байгуулах үйл явцыг ил тод хийж байгаа. Наймдугаар сарын 7-нд намын их хурлаа хийгээд, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл өгнө. Энэ зунжингаа л улс төрийн зохион байгуулалтын ажил хийж байна.

-Шинэ намд чинь танаас өөр олны танил хүн байгаа юу?

-Олон хүмүүс нэрээ бүртгүүлж байна. Олны танил хүн хэд орж ирэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 1400 гаруй хүн бүртгүүлсэн. Хүмүүс өөрсдийн апп-аар бүртгүүлж байгаа учраас тэр нь тэр, энэ нь энэ гэж оноосон юм алга. Надад өөрийгөө танилцуулсан олны танил хүн алга. Миний хувьд контент, дүрмийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх заавар бэлтгэхэд анхаарч сууна. Дүрмийг олон нийтэд танилцуулахад бэлтгэх, намын их хурлаар гаргах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсэгтээ туслах ажилтай байна.

-Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөөд ялагдахад гэр бүлийнхнээс чинь таныг тайвшруулах үг хэн хэлсэн бэ? Нөхөр чинь яаж хүлээж авав?

-Манай хүү хэлсэн л дээ. “Та угаасаа л одоо залуучуудын төлөө ажиллах ёстой шүү дээ. Танд хийх юм зөндөө байна шүү дээ, ээж” гэж хэлсэн. Хүүгийн хэлсэн тэр үг тайвшрал авчирсан. Манай нөхөр бол ямар ч реакц үзүүлээгүй. Тийшээ яваад буцаад ирлээ гэж байгаа юм шиг л сууж байсан. Сонгуульд орж л байдаг, ялж, ялагдаж л байдаг болохоор нэг их сүрхий хүлээж аваагүй.

-Ном бичихэд бас анхаарч байгаа гэсэн үү, хүмүүс танд үүх түүх өгүүлсэн номоо санал болгож байх шиг байсан?

-Тийм. Номынхоо судалгааг эрчимжүүлж байгаа. Судалгааны материалаа цуглуулж эхэлсэн. Тэр цаг үеийн судалгааг би хийж эхэлж байна шүү, туслаарай гэсэн. Хүмүүс тусалсан. Гурван ч ном ирсэн. Уншаад эхэлсэн. Намын анхдугаар их хурал хуралдаж, Дээд шүүхэд бүртгүүлээд, ажил хуваарилагдаад, эзэнтэй болохоор надад номынхоо судалгааг үргэлжлүүлэх зав гарах байх гэж бодоод судалгааны материалуудыг цуглуулж байгаа юм.

-Ардчилсан хүчнийг дэмжигчдийн хувьд сонгуулиар дараалсан ялагдал хүлээж байна л даа. Нэг хүн фэйсбүүкдээ "Сонгууль, сугалаа хоёрт ч би азгүй хүн дээ" гээд биччихсэн байна лээ. Сонгуулийн дүн гарсны дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сонгуульд удаа дараа ялагдана гэдэг бол систем чинь буруу байна, системээ сайжруул гэсэн дохио гэж бодож байгаа. Бид дараа дараагийнхаа азыг, аврагчийг хүлээгээд суугаад байвал азгүй явдал үргэлжлээд л байна. Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй. Бидний хийх ажил бол систем сайжруулах. Ардчилсан намын систем болохгүй байгаа учраас гараад би өөр систем босгоод сууж байна.

Ардчилсан нас дотроо системийг сайжруулах тал дээр хуралдаад, системээ сайжруулбал сайж байна. Тал талдаа системээ сайжруулах хэрэгтэй. Шударга, ил тод болгох хэрэгтэй. Мөнгөнөөс бага хараат болгох ёстой. Ер нь бол ардчилсан болох хэрэгтэй. Ардчилсан нам гэдэг гэртэй боловч дүрэм нь ардчилсан бус болчихоод байгаа шүү дээ. Суурь нь ганхсан учраас азгүй мэт харагдаад байгаа юм. Энэ бол азны асуудал бус. Бодитой системийн гажуудлыг үр дүн. Энэ гажуудлыг засахын тулд өдөр алгасахгүй ажиллах хэрэгтэй байна. 2024 он одоохон хажууд хүрээд ирнэ. Тэгэхэд эвдэрхий системтэйгээ байвал дахиад азгүйтэл үргэлжилнэ. 

Хүмүүс надад хэлдэг. “Чи нэг тугийн дор явах ёстой байж яагаад олон туг мандуулаад байна” гэдэг. Буруу систем, буруу тогтолцоон дор явж болохгүй. Тийм учраас тогтолцоо засах ажлыг хэн нэг нь хийх ёстой. Тэр засвар хажуугийн жижигхэн засварын цехэд болж байна уу, том намд болж байна уу гэдгээс үл хамаараад, бид зогсоо зайгүй системийн засвар хийж байх учиртай. Системийн засвар хийж байгаадаа би сэтгэл өег байгаа. Энэ засварыг би АН дотор хийж чадаагүй гэдэгтээ жаахан гунигтай байгаа. Гэхдээ гадна талд нь ч хамаагүй системийн ардчилсан хувилбарыг гаргаж ирэх ёстой учраас ажиллаж байна. Энэ хувилбар маань бусад намуудад таалагдвал энэ системийг аваад хуулаад, сайжруулаад явбал системийн сайжруулалтад том хувь нэмэр оруулна гэсэн үг. Суурь нь тэгширсний дараа бол нийлэх хамтрах гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг. Гэхдээ эвдэрхий, буруу, ардчилсан бус суурин дээр эв нэгдэл болж өгөхгүй байгаа юм. Олон намууд нэгдэж нэг хүч болох нь битгий хэл нэг нам дотроо учраа олж чадахгүйгээр эвдрэлцэж байна шүү дээ. Энэ бол системийн гажуудлын үр дагавар л даа.

-Цар тахлын халдвар маш их нэмэгдэж байна. Энэ бүхэн юунаас болж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Цэвэр зохион байгуулалтын алдаа гэж дүгнэж байна. Маш хатуу хөл хорио тавьж сүржигнэчихээд, дэлхийд магтуулах хэмжээнд вакцинаа хийчихээд, халдварын тоогоороо тэргүүлж байгаа нь сонгуулийн үеэр хоёр нүүртэй байсны үр дүн. Ард түмэндээ хатуу хандаад, эрх баригчдад зөөлөн хандаж халдвар тархах үүр уурхайг өөрсдөө бий болгосонтой л холбоотой. Анхнаасаа л бүх нэр дэвшчигчдээ адилхан хатуу шаардлага тавиад, бүх уулзалтан дээр зай бариулаад, хүн шавуулахгүй байсан бол ийм болохгүй байсан. Сонгууль эхлэхэд л замбараагүй холилдоод эхэлсэн. Энэ бүхэн нэг хүнийг сонгуулахын төлөө төлж байгаа төлбөр. Ганц л хүн энэ дэглэмийг зөрчсөн шүү дээ.

Нэг хүн дэглэм зөрчихөд цунами шиг том аюул цалгиж байгааг өнөөдрийн статистик харуулж байна. Вакцинжуулалтад зарцуулсан хөрөнгө, хүч чармайлтыг хэдхэн цалгисан уулзалтаар л цацаад тараагаад хаячихлаа л даа. Үүнийг У.Хүрэлсүхийн буруу манлайлал гэж гэж үзэж байгаа. Манай Монгол шиг буруу манлайллаасаа болж аюулаа цалгиулж байгаа газар дэлхийд байхгүй. Бүх хүч чармайлтаа тавиад нийлж байгаад дарж авч байгаа. Бүгд дарж авъя гэхээр нэг хүн дэвсээр байгаад тараагаад хаячихлаа шүү дээ.

-Наадам дөхлөөНаадмын өдрүүдийг яаж угтаж байна?

-Би наадмаар ажил хийсээр байгаад л таардаг. Наадмаа бэсрэгхэн, хяналттай, зайгаа бариад, зөв хийхээр төлөвлөж байгаа орон нутгийн засаг захиргааныхан бидэнтэй холбогдож, сумандаа жорлонгоо яаж өөрчлөх талаар сургалтыг онлайнаар авч байгаа. Гурван сумаас холбогдож, зөвлөгөө аваад байна. Саяхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумынхан зөвлөгөө авмаар байна гэсэн.

-Та ялагдал хүлээсэн ч шууд л жорлон, ном, нам гээд яриад явчих юм аа. Сэтглээр унаж, шархаа илж суух хэдэн өдөр байдаггүй юм уу?

-Байхгүй шүү дээ. Тэглээ гээд ажил урагшлах биш. Ямар нэг зүйлийг өөрчилье, урагшлуулъя гэж бодож байгаа бол хөдөлмөрлөх л хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин