• Эхлэл
  • АНУ-аас хандивласан 188 мянган тун Файзер вакциныг хүлээн авлаа

АНУ-аас хандивласан 188 мянган тун Файзер вакциныг хүлээн авлаа

2021/09/09

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад 188,370 тун Файзер вакциныг хандивлалаа. Эдгээр тун нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм байна.

Монголын ард түмэн цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэгээхэн хэсэг гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Коронавируст халдварын (COVID-19) цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. Тэдгээр амьсгалын аппаратууд нь Монгол Улсад энэ онд тохиолдсон халдварын огцом өсөлтийг даван туулахад тусламж дэмжлэг болсон юм. Мөн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Мөн АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ.

 

АНУ нь КОВАКС хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивлагч орон билээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан COVID-19 вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь оруулсан. Мөн оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, КОВАКС хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй Файзер вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дунджаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна. Бид цаашид эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй болох бүрийд вакцины нэмэлт тунг дэлхий даяар хандивласаар байх болно. АНУ нь энэхүү цар тахлыг даван туулахын тулд дотоодын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсад түгээх вакцины үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, мөн түнш улсуудтайгаа хамтран дэлхий даяарх вакцин үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийн чадавхыг нь сайжруулахаар ажиллаж байна. 

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин