• Эхлэл
  • Монголчууд ковидтой тэмцсэн түүх оршвой

Монголчууд ковидтой тэмцсэн түүх оршвой

2021/11/12

Бүгдийг дэс дарааллын хувьд мэдэхгүй тулд урд хойно нь орсон байж болохыг анхаарна уу. 

  • Уханьд халдвар гарахад бүх хилээ хаа гэж орилолдов. Гаднаас нэг ч хүн битгий авчир гэв. Уханьд байгаа оюутнуудаа аваад хэрэггүй дэлхийгээр нэг байгаа монголчуудаа авчирч чадахгүй, тэнд нь эмнэлэгтэй хэмээн өөдгүй царайлцгаав. 
  • АН гэж жижигхэн намын дарга гадаадаас өвчин импортлохоо боль хэмээн хэвлэлийн хурал хийв.
  • Хөл хорио зарлах болгонд урд өдөр нь дэлгүүр орж шуудай гурил, гулууз мах авцгаан дэлгүүр хоослож байв. Хүнсний дэлгүүрүүд бараг хориод байгаа мэт
  • Хөл хориогоор машиныг маш хатуу хорьж, автобусанд бол зүгээр хэмээн бүгдийг нийтийн тээвэрт чихэж байлаа. 
  • Хорионы үеэр явах машинд QR код өгч тэрийг авахын тулд жолооч нар хотын захиргааы гадаа урт очер үүсгэн авав
  • Ковидоос болж хөл хорьсон ч бид төв талбайнхаа урд усан оргилуур барьж байлаа
  • Ковидийн хэвлэлийн хурал хийдэг даргын зургыг ханан дээр томоор зурж, бүх ТВ шоугаар орж оны хамгийн алдартай хүн болов
  • Франц иргэн анхны эерэг хүн болоход түүнийг 60 хоног эмчлэв. Түүний тухай дуунд Францаас ирсэн аюулыг фракцаараа бид нам дарсан гэж оруулав
  • Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол гарч сайд дарга нар бүгдээрээ хариуг хүлээж Манайхаан Сонгдо сөрөг, ураа гэж зургаа авахуулж байв. 
  • Бид ковидтой хөл хориотой ч УИХ, Орон нутаг, ерөнхийлөгч гээд 3 том сонгууль амжилттай явуулж, наадам болон цагаан сараа хийгээгүй ажил хэрэгч өнгөрөөжээ.
  • Бид нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж Ерөнхий сайдаа огцруулсан ч 6 сарын дараа тэр хүнээ ерөнхийлөгч болгон дээрээ тахьжээ. 
  • Бид анх нэг хүн эмчлэхэд 86 сая төгрөг зарцуулж байна гэсэн ч удалгүй хүнд эмнэлэг олдохгүй гадаа үхэж яг одоогийн байдлаар хүмүүс гэртээ өөрсдийгөө эмчилдэг болжээ. Сүргийн дархлаа нь тэр байх
  • Монгол хүнд ковид тусахгүй Чингисийн удам гэсэн халуурал газар авч дэлхий дахин учрыг нь судалж байна гэсэн мэдээ сонинд гарч байжээ. 
  • Хүүхэддээ хийдэг вакциныг хаанахын ямар вакцин гэж асуудаггүй ч ковидийн вакцин дээр бүгд судлаач болж ямар вакцин тариулсанаараа улс төрийн чиг баримжаагаа харуулдаг болов. 
  • Одоо бол вакцин тариулаач гэж гуйгаад байдаг болж. Нөгөө талд өөрснөө тариулсан байж мэдэхээр нөхдүүд Монголын ихэнх нь тариулчихаад амьд байгаад байхад вакцин тариулвал үхнэ гэж баруун солгойгүй орилолдож байна. 
  • Бүгд гадагшаа явахыг хүсэж хилээ хурдан нээгээсээ гэцгээж байсан хил нээгдсэн ч тийм олон хүн гадагшаа явсангүй. 
  • Бид хил нээсэн ч гадаад улсууд манайхаас сэжиглэж хилээ хааж бид дотооддоо тарьдаг гэж итгэдэг хятад ногоог улдан эсэргүүцдэг байсан ч нарийн ногоонууд бүгд тасрахыг хараад мэл гайхав. Эрээн хаахад л бид дотроо алалцаад дуусах юм байна, юун танк оруулах. 
  • Өвчний эхэнд гадаад хилээ хаа, бид өвчингүй жаргана гэсэн нээрээ л одоо гадаадууд хилээ хааж тэдний хүслээр болсон ч бид зовж эхлэв. 
  • Коронагийн эсрэг хоёроос гурван дуу хийсэн ч тэр нь онц хэрэг болсонгүй. 
  • Чингисийн мүзейг барьж дуусгаж байхад түүний хажууд эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж байлаа.
  • Коронатой баар ресторан үйлчилгээ хааж хүүхэд оруулахгүй хатуу дүрмүүд тогтоож жижиг үйлчилгээний газруудаа нам дарж авсан ч тэд тэмцэл хийж нээлгэлээ. 
  • Цахим үндэстэн шоу хийж хэдэн арван мянган хүн цуглуулсан ч ресторанд 50 хувь л дүүргэх гэрээ байгуулж эхлэв. 
  • Хэнтийд Андлалын хөшөө бариад таалагдахгүй болохоор нурааж дахин нэгийг барив. Энэ коронатой хамаагүй ч зэрэгцээд болсон үйл явдал орууллаа шүү. 
  • Анх өвчлөгчдийг хаалган дээр шар тууз нааж, байр орцоор нь жигшүүлж байлаа, сэжигтэй нөхрийг эрвээхэйны тор шиг юмаар барьж явахыг сургуулилав. 
  • Вакцин тариулаад биед нь чип орсон, тагнуулууд тагнаж эхэлсэн гэх олон мянган домог сошлд бий болов. 
  • Сонсогч болон төрийн албан хаагчдыг байр болгоны үүдэнд өвлийн хүйтэнд зогсоов. Энэ үед архи хориотой байсан ч шагийн бизнес жинхэнэ цэцэглэв. 
  • Өрх бүр нэг шинжилгээ хийж өвчлөлөө барих гэсэн ч тэрнээс хойш бүүр ихсэв. 
  • Бөө сувиллууд вакцины хорны эсрэг үйлчилгээнүүд нэвтрүүлэв
  • Бүх эм шиг бэлдмэлүүд эсийн түвшинд коронаг эсэргүүцдэг болж эхлэв
  • Өмнөх ерөнхийлөгч бараг хоёр сар өдөрт хэдэн арван хүнд шагнал гардуулж тэр бүрд одон тэмдгийн найр хөвөрч байлаа.
  • Эхний 1 халдвар гарахад шуудайгаар нь гурил будаа авч байсан хүмүүс өдөрт 2 к халдвар хэдэн арав гаруи хүн үхэж байхад шоудаж одон тэмдгийн найраа хийсээр байлаа. 
  • Нэг удаагийн нэг маскийг 7, 10 хоногоор ариг гамтай зүүж сурцгаав.
  • Хавар цаг гайгүй болонгуут хотын иргэд бүгд машиндаа суун хөдөө орон нутгийг зорьж аялав. Хөдөө орон нутаг сарын дотор коронад баригдав. 

Өөр юу юунууд яалаа...?

 


Сэтгэгдэл байхгүй байна